Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч П.Б /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Н.Н нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор П.Б-т холбогдох 2016001430122 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, халх, 1966 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч машинч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Найрамдалын .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, тус сумын Оргил багийн 30-р байр .... тоотод оршин суудаг гэх, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЭ............ регистрийн дугаартай Ж овогт П.Б.

 

 Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-өөс 2020 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө 24 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр 15- ... тоот хашааны гадна зүүн хойд буланд байрлах цэнхэр амбаарт Ж.А-ийг агсам тавилаа гэж гараараа олон удаа цохиж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл үүсгэн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогтой П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-ын цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч П.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогч Ж.А-ын нэхэмжилсэн 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Б-ын саарал өнгийн куртик 1 ширхэг, амь хохирогч Ж.А-ийн шоотой саарал өнгийн цамц 1 ширхгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие П овогтой Б нь анхан шатны шүүхийн шийдвэрээр найман жилийн хорих ялаар шийтгэгдсэндээ гомдолтой байна. Надад энэ ял нь хүнд тусаж байна. Талийгаач аймагт ирээд манайд олон өдөр архи хэтрүүлэн уусан байдалтай ирж хонодог байсан. Би хамт байсан нь үнэн боловч аминд нь хүрсэн зүйлгүй. Миний хувьд тодруулах зүйл их байна. Тэр өдөр манайд ирэхдээ тал шил архитай нүүрэн хэсэгтэй шархтай зулгарсан байдалтай их согтуу ирсэн. Би хэнтэй хаана архи уусан нүүр амаа яасан гэхэд тодорхой зүйл хэлээгүй. Үүнийг сайн асууж лавлаагүй нь алдаа болсон байна. Авчирсан архиа ууж чадалгүй над руу агсам тавихад нь аргалж унтуулчхаад тал архийг нь би уучхаад унтсан. Энэ талаар байцаалт өгөхдөө сандраад хэлээгүй байна лээ. Би тухайн үед хүнд хохирол учруулах хэмжээний үйлдэл гаргахаар согтуу байгаагүй. Өөрийгөө хянах чадвартай байсан гэж үзэж  байна. Миний тухайд өндөр настай 80 гарсан ээж өөрийн насны болон биеийн байдал талийгаачтай дотно найз явсан болсон үйл явдлын талаар үнэн мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг нягталж, нөхцөл байдлыг үнэн зөвөөр тодруулж ялаас хөнгөрүүлж өгнө үү. Ийм явдал болсонд гэмшиж байна гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. П.Б-ын тухайд анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч хэргээ хүлээн мэдүүлж байсан хэдий ч өмгөөлөгчийн зүгээс П.Б-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байна. Учир нь амь хохирогч болон шүүгдэгч нар хэн аль нь архины хамааралтайн дээр тухай гэмт хэрэг гарсан гэх 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хамт Анагаах ухааны сургуулийн хашаанд архи уусан гэж П.Б удаа дараа мэдүүлдэг. Амь хохирогч нь өөрөө хүнсний дэлгүүрүүдээс архи болон бусад зүйл худалдан авч байгаа нь бичлэгт болон хэргийн материалаас тодорхой харагддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй” гэж дүгнэлт гарсан нь эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн П.Б-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрхээр нь хангалгүйгээр түүний эрх зүйн байдлыг дордуулж анхны мэдүүлгийг авч хэргийг нь хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. П.Б нь талийгаач нүүр ам нь нил цустай байсан гэж мэдүүлсээр байхад харгалзаж үзээгүй. Хэргийг шалгахдаа хэтэрхий яллах талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг Прокурорт буцаалгах саналтай байна. Учир нь: П.Б нь талийгаач Ж.А-тэй 2020 оны 08 дугаар сарын 29-нөөс 2020 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө архи хамт уусан өдрөө П.Б-т агсам согтуу тавьсан зэрэг шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл байдаг. /Цаг хугацааны тухайд зөрүүтэй мэдүүлгүүд/

2. Хэргийг хянан шийдвэрлэх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөн байцаагч П.Б-ыг хууль, эрх зүйн туслалцаа авах боломжоор нь хангаагүй, та хэргээ хүлээчих, наад хэрэг чинь яавал гэж та гадуур байгаа юм чинь өмгөөлөгч хэрэггүй гэдэг байдлаар байцаан шийтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

3. Мөн энэхүү хэрэг маргаантай холбогдуулаад шинжээчийн дүгнэлт анхны болон нэмэлт дүгнэлтүүд гарсан боловч хэргийн оролцогч нарыг оролцуулаагүй, улсын яллагч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үүднээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас түүнийг батлуулахын тулд шинжээч эмчийг өөрийг нь шүүх хуралдаанд биеэр оролцуулсан. Нөгөө талаар нэгэнт шинжилгээ хийсэн эмч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг батлах нь тодорхой нөхцөл байдалд орсон.

4. Шинжээчийн дүгнэлтийн тухайд: Шинжээчийн дүгнэлтэд дурдахдаа: Талийгаач тархиндаа цус харвалт өгсний улмаас нас барсан гээд яг ямар үйлчлэлийн нөлөөгөөр гадны биет үйлчилсэн юм уу үгүй юм уу гэдэг байдлаар тогтоогоогүй. Талийгаач цаг хугацааны тухайд урьд өдөр нь П.Б-тай архи ууж тэднийд хоноод өглөө нь архи уугаагүй нь гэрч Ж.С гэрчилсэн байдаг. Хэрэгт авагдсан фото зургаас харахад талийгаачийн ар дагз хагарсан байдаг. Үүнийг П.Б мэдүүлэхдээ манайд урьд орой нь ирэхдээ нил цус нөж болсон ирсэн гэдэг. Үүнээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 заасны дагуу хэргийн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 24 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр 15- ... тоот хашааны гадна зүүн хойд буланд байрлах цэнхэр амбаарт Ж.А-ийг агсам тавилаа гэж гараараа олон удаа цохиж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл үүсгэн санаатай алсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэрч Р.О-ийн мэдүүлэгт  /1-р х/х 67-69/

“Бүл ах П.Д утасдаад Ж.А хүнд зодуулсан ухаангүй байна гэхээр нь очсон. Есөнбулаг сум Оргил баг Замын тэнгэр зочид буудлын доод талын амбаарын хойд талд Ж.А ахыг түшүүлээд суулгасан, Д ах, нэг ахтай хамт зогсож байсан. Ж.А ахын зүүн талын хөмсөгнөөс цус гарсан, баруун нүд хөхөрч хавдсан, нүүр нь энд тэндээ шарх сорвитой цус болсон байдалтай гуталгүй, оймстой, цамц өмдтэй бороонд норсон байдалтай байсан. П.Д ах эмнэлэг, цагдаа дуудсан гээд байж байсан. Яараад миний машинаар Ж.А ахыг эмнэлэг рүү аваачсан. Эмнэлэг дээр яаралтай тусламжийн тасагт хэвтүүлээд, эмч нар тархиндаа хүнд гэмтэлтэй байна. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай, ар гэр нь байна уу гэж байтал 15 цагийн үед нас барсан. Газар нойтон болохоор хажуугийн амбаараас чирч гаргасан мөр байсан. П.Д ах хэлэхдээ энэ амбаараас чирч гаргаж ирсэн байна, сая П.Б гэх хүн 2 гутлыг нь гаргаж шидчихээд орчихлоо гэж хэлсэн.

Гэрч А.М-ын мэдүүлэгт  /1-р х/х 70-72/

“Дэлгүүр орохоор амбаарын хажуугаар явж байхад Б гэж дууддаг ах танихгүй эрэгтэй хүнийг цамцнаас нь татаж гаргаж ирээд нүүрэн хэсгээр нь газар луу харуулж хэвтүүлээд энэ ингэдэг юм гэж байсан. Ээж Н-д хэлэхэд согтуу хүмүүс нэгнээ зодсон юм шиг байна гэсэн. Эрэгтэй хүн ухаангүй бололтой, нүүрний зүүн тал нь цус болсон, чирээд гарч ирсэн. Цамцны захнаас нь татаад, бие нь чирэгдээд гараад ирсэн” гэжээ.

Гэрч М.Н-ийн мэдүүлэгт  /1-р х/х 73-75/

Охин А.М дэлгүүр явахаар гарсан чинь Б ах нэг хүнийг чирээд гаргаад хаячихлаа, би айгаад дэлгүүр явж чадсангүй гээд ороод ирсэн. 5-10 минутын дараа гараад харахад Б өөрийн амьдардаг цэнхэр амбаарын хажууд өчигдрөөс хойш хамт байсан эрэгтэйг газарт хэвтүүлчихсэн байсан. Гутлаа өмс гээд, нөгөө хүн нь саарал оймстой, хар өнгийн өмдтэй байсан санагдаж байна. Танихгүй эрэгтэй хүний нүүр ам цус болсон, хөдөлгөөнгүй харагдсан.

Гэрч Б.Б-ын мэдүүлэгт  /1-р х/х 77-79/

...29-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 17 цаг 50 минутын орчим Ж.А орж ирээд танай хүү Б-ийн данс руу мөнгө хийлгэсэн. Тэр мөнгөө авъя гэсэн. Хараа архи, улаан шонхор тамхи, кола ундаа аваад хариулт аваад явсан. Хар хөх өнгийн саравчтай малгайтай, хар хөх өнгийн куртиктай, түрүүтэй ажлын гуталтай явж байсан. Ямар нэг шархи соривгүй явж байсан. Би маш сайн харсан.

Гэрч П.Д-ийн мэдүүлэгт  /1-р х/х 83-85/

Ж.А хөдөөнөөс орж ирээд манай урд талын амбаарт амьдардаг П.Б гэдэг хүнтэй архи уугаад байсан. Манайх ойрхон учир ажиглаад байсан. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 29-ны  өглөө 7 цаг 30 минутын орчим өглөөний гүйлт хийгээд шүтээний өндөрлөг дээр гарахад П.Б талийгаач Ж.А нар хамт явж байсан. 2020 оны 8 дугаар сарын 30-ны  өглөө гүйлтийн дасгалаа хийгээд овоон дээр гарахад П.Б, Ж.А нар ирээгүй байхаар нь харих замдаа П.Б-ын амбаарын хаалга онгорхой байхаар нь орсон. Ж.С П.Б хоёр Хамаг Монгол нэртэй архи уугаад дуусах гэж байсан. Ж.А падушкин дээр хэвтэж байсан. Наадахаа босгооч гэхэд энэ архи уугаагүй бид 2 ууж байна гэсэн. Би хөөе гээд чанга дуугаар 2 дуудахад сэрэхгүй унтаад байсан. Нүүрийн хараагүй, хөл нь хөдөлж байсан. Царайг хараагүй. 11 цагийн үед бороо орж байсан. Эмийн сан явахаар гарахад П.Б-ын амбаарын хойд талд нэг хүн доошоо хараад хэвтэж байсан. Очоод хартал Ж.А байсан. Гуталгүй, оймстой, дээгүүрээ ноосон цамц, өмдтэй хэвтэж байсан. Хамт явж байсан Ц гэж залуутай өргөөд босгоод иртэл нүүр ам нь цус болсон байдалтай ухаангүй хурхираад байсан. Амбаар түшүүлж суулгаад Ц борооны цуваар хучаад эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Мөр харахад П.Б-ын амбаараас чирсэн мөр байсан. Амбаарын хаалгыг цохитол нээхгүй байж байгаад, П.Б согтуу гарч ирээд, Ж.А-ийн хромон гутлыг май энэ гутлыг ав гээд шидчихээд амбаараа цоожилсон. Бид өөрсдөө машинаар эмнэлэг хүргэж очоод 15 цагт нас барсан. Талийгаачийн дүүгийн эхнэр О луу утсаар ярьж дуудсан. Нойтон салфетикаар Ж.А-ийн нүүрийг нь арчихад зүүн хөмсөг язарсан шархтай, цус гарч байсан, баруун нүд хөхрөөд хавдсан, нүүрэндээ энд тэндээ шалбархай шархтай байсан. О гар утсан дээрээ зургийг нь дарж авсан.

Гэрч Ж.С-ын мэдүүлэгт  /1-р х/х 89-93/

2020 оны 8 дугаар сарын 30-ны  өглөө 09 цагийн үед П.Б-ын амьдардаг амбаарт очсон. Ж.А унтаж байсан, П.Б боссон байсан. П.Б бид 2 явж Баянговь дэлгүүрээс Хамаг Монгол нэртэй архи худалдан авч тэднийд уусан. Ж.А П.Б-ын амбаарт матраасан дээр хувцастайгаа унтаж байсан. Ж.А сэрэхгүй байхаар нь татаж сэрээх гэхэд сэрэхгүй байсан. За за унтаж байг гээд архиа хувааж уусан. Ж.А-ийн нүүр энэ тэндээ шалбарсан, халцарсан байсан. Энэ яасан юм гэхэд П.Б шургаад унасан юм байлгүй гэсэн. Энэ манайд хэдэн өдөр хонож байгаа юм гэсэн. Бид хоёр шөнөжин архи уусан, энэ маань агсам тавиад, орилоод унтуулдаггүй, зовж байж унтууллаа гэж яриан дундаа П.Б хэлсэн. Матраасан дээрээ цаашаа хараад биеийн баруун талаараа хэвтэж байсан. Хурхирах чимээ гараад байсан.

Яллагдагч П.Б-ын мэдүүлэгт /1-р х/х 240-242/

Би хоёр удаа нүүрэн тус газар нь алгадаж, түлхэж падушкин ор луу унагаасан, бид хоёр дээр доороо ороод ноцолдсон, тэр үед гараа атгаж байгаад Ж.А-ийг цохиод байсан. Харанхуй байсан болохоор яг хаана нь цохисноо мэдэхгүй. Арай хийж дээрээс нь хөнжил, биеээрээ дарж байгаад унтах шиг болохоор нь босоод өөрийн орон дээр унтсан. Эхлээд талийгаач намайг үсдээд дарсан. Манай амбаар гэрэлгүй, цонхгүй, таг харанхуй байсан болохоор энэ тэндээс нь барьж аваад ноцолдсон. Тэр шөнө талийгаач би өнгөрсөн хүн, ална шүү гээд агсам тавиад байсан. Ойролцоогоор 23-24 цагийн орчим байх. Бид хоёр тэр өдөр 2 шил архи хувааж уусан. Тэр шөнө талийгаач манай амбаараас гараагүй, миний хажууд хоносон. 2020 оны 8 сарын 30-ны өглөө 07-08 цагийн үед босоод амбаарын хаалгыг нээсэн, талийгаач унтаж байсан, ямар нэг үг хэлээгүй, үйлдэл хийгээгүй. Удалгүй Ж.С манайд ирсэн. Бид 2 явж Баянговь дэлгүүрээс Хамаг Монгол нэртэй архи худалдан авч амбаарт ирээд хувааж уусан. Тэр үед талийгаач хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нүүр нь улаан цоохор болсон байсан. Нүүр амаа яасан юм гэхэд талийгаач үг хэлж хариулаагүй. Ж.С удалгүй явсан. Хэсэг байж байгаад Ж.А-ийг сэрээж босгох гээд татахад босохгүй байсан.  Жавьжаар нь цустай цэр гарсан байсан. Бороо орж байхаар нь Ж.А-ийг сэрээх санаатай чирч гудчаад, гаргаж амбаарын хойд талд суулгасан. Хамаагүй  хүмүүстэй нийлж, архи хэтрүүлэн хэрэглэснээс ийм явдал боллоо гэж өөрийгөө буруутгаж байна гэжээ.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд №51  /1-р х/х 152-153/

1.Талийгаачийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цус хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дух баруун хөмсөг, баруун дээд зовхи, баруун нүдний тал, баруун шанаа, хацрын, хамрын нуруу, зүүн хацар, зүүн шанаа, зүүн нүдний зүүн тал, зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэн, эрүү, зүүн чихний ар хэсэг, баруун мөр, баруун ташаан толгой, баруун гарын сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, баруун өвдөг, зүүн гуя, баруун өгзөг, зүүн мөр, зүүн шуунд зулгаралт, зүүн хөмсөгөнд шарх, баруун дээд зовхи, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлүүдийн улмаас талийгаач нас барсан учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин хөмсөгөнд байх шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад цус хуралт, зулгаралт  гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх  гэмтэл талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсэх боломжтой.

7. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж,  хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон байна.

Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хамаарах тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна.

Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах гомдолд дурдсан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл “Шүүгдэгчийн гэм буруутайг урьдчилан тогтоосон”, Яллагдагчийг хууран мэхэлж өөрийн эсрэг мэдүүлэг өгүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Н.Н нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б-ын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс  хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.Э

 

                                 ШҮҮГЧИД                              Т.Ж

 

                                                                        Ш.Б