Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03652

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03652

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин байрлах, регистр ..., Х.Ф ББСБ ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Орхоны ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б овогт П-ийн Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 34 435 672 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь П.Б-д холбогдуулан 34 435 672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Х.Ф ББСБ ХХК нь П.Б-тэй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... болон 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. ... тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг П.Б-ийн хувийн хэрэгцээнд 10 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон. Зээлийн эргэн төлөлтийг сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр энэхүү гэрээг байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.Б-ийн өмчлөлийн дугаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч хуульд заасан шаардлага хангаагүй, барьцааны гэрээг бичгээр хийсэн боловч барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээнд заасны дагуу П.Б-ийн Хаан банкны данс руу 10 000 000 төгрөг, П.Б-ийн хүсэлтээр Эрдэнэпүрэвийн данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний хугацаанд П.Б 2 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний өөрчлөлтөөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 6 538 346 төгрөг дээр нэмж 15 000 000 төгрөгийг зээлэн П.Б-ийн Хаан банкны дугаар дансанд шилжүүлсэн. Ийнхүү нийт 21 538 336 төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлбөр 4 522 433 төгрөг буюу нийт 26 060 769 төгрөгийг сар бүр тэнцүү хэмжээгээр 2021 оны 03 дугаар сарын 25-нд төлөхөөр тохиролцсон. Хоёрдахь нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн үлдэгдэл 11 773 006 төгрөгийг нэмж 19 000 000 төгрөгийг П.Б-ийн дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацааг 7 сараар сунгаж үндсэн төлбөрт 30 763 600 төгрөг, түүний хүү 6 415 588 төгрөг нийт 37 178 594 төгрөгийг сар бүр тэнцүү хэмжээгээр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцсон. П.Б нь зээл 37 178 594 төгрөгийг хуваарийн дагуу төлөх ёстой байснаас 25 806 649 төгрөг, хүүний төлөлт 7 396 864 төгрөг нийт 33 203 512 төгрөгийг төлсөн. Ингээд үлдэгдэл 3 975 082 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Эхний зээлийн гэрээний төлбөр 3 975 082 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 2 381 065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 476 213 төгрөг, нийт 6 832 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хоёрдугаар зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан. Ингээд П.Б-ийн хүсэлтээр н.А-ын дансанд 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн төлбөрт 20 000 000 төгрөг, хүүний төлбөрт 6 155 000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, хүүний төлбөр 180 000 төгрөг нийт 15 180 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ийнхүү зээлийн гэрээний үлдэгдэл 15 180 000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү 10 352 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 070 052 төгрөг нийт 27 603 312 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд П.Бэс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаар гэрээний үүрэгт 6 832 360 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээний үүрэгт 27 603 312 төгрөг нийт 34 435 672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 16 000 000 төгрөгийг төлсөн. Тиймээс хариуцагчаас 18 435 672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний 15 000 000 төгрөгийн зээлийг бараа материал авах зорилгоор авсан. Дараагийн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг байсныг мэдэж байсан. Төлөхөө хойшлуулаад 2,3 жил болсон. Хүү нь явсаар байгаад 44 000 000 төгрөг болсон юм. Энэ хугацаанд бас миний бие өвдөөд төлж чадахгүй яваад байсан. Манай найзууд төлнө гээд төлөхгүй яваад байсан. Одоо 18 000 000 төгрөгийг төлж барагдуулахад одоогоор төлөхөд хэцүү байна. Тиймээс 9 000 000 төгрөгийг л төлмөөр байна. 2024 оны 02 дугаар сарын дотор төлж барагдуулмаар байна гэв.

3.Нэхэмжлэгч: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, ... дугаар зээлийн болон барьцааны гэрээ /хх 7-11/, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх 12-14/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 15-16/, 2020 оны 3-р сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 17-19/, 2020 оны 10-р сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 20-22/, Х.Ф ББСБ ХХК дансны хуулга /хх 23-51, 61-62, 81/, 2021 оны 01-р сарын 20-ны өдрийн ЛМ2021004 дугаар зээлийн болон фидуцийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 52-56/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 57/, мөнгөн гилжүүлгийн баримт /хх 58/, Авто тээврийн үндэсний төвд албан бичиг /хх 59-60 зэрэг баримтуудыг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 18 435 672 төгрөгийг гаргуулахаар хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

2.1. Х.Ф ББСБ ХХК нь П.Б-тэй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаар зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирчээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан боловч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2.2. Талууд ... дугаар зээлийн гэрээнд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 15 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 19 000 000 төгрөгийг тус тус зээлүүлсэн, хариуцагч П.Б нь энэ зээлээс 6 832 360 төгрөгийг төлөөгүй байжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

2.3. Х.Ф ББСБ ХХК нь зэлдэгчтэй 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ЛМ2021004 дугаар зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлжээ.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Мерседес бенз маркийн машиныг фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан боловч хариуцагчид буцаан шилжүүлж дуусгавар болгосон, энэ талаар талууд маргаагүй байна.

Зээлдэгч П.Б үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүү 6 155 000 төгрөг төлсөн байх ба зээлийн үлдэгдэл 15 000 000, төлөөгүй хүү 180 000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 10 352 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 070 052 төгрөг нийт 27 603 312 төгрөгийн төлбөр тооцооны талаар хариуцагч маргаагүй байна.

 

2.4. П.Б нэхэмжлэлийн шаардлага 34 435 672 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 16 000 000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

2.5. Хариуцагч нь санхүүгийн хүндрэлтэй байдал, ажил эрхлээгүй байгаа, эрүүл мэндийн шалтгаантай байсан үндэслэлээр үлдэх 18 435 672 төгрөгний 50 хувийг 2024 оны 2 дугаар сард багтаан төлөх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Нөгөө талаас, энэ тайлбар, татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах үндэслэл болохгүй.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 330 128 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 459 846 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 250 128 төгрөг гаргуулж Сүлд финанс байнк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан П-ийн Б-ээс 18 435 372 /арван найман сая дөрвөн зуун гучин таван мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулж Х.Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 128 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ээс 250 128 төгрөг гаргуулж Х.Ф ББСБ ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА