| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02872/И |
| Дугаар | 102/ШШ2023/01695 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/01695
2023 оны 05 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2023/01695 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад ард улс, Жөжян муж, Хужоу хот, * хаягт байрлах, БНХАУ-ын ВШЭХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, * байрлах, МВ ХХК/РД: */,
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнийн үлдэгдэл төлбөр 230,739,351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын ВШЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ВЭ ХХК нь ВШЭХХК гэж нэрээ өөрчилсөн. Манай компани 2017 оны 4 дүгээр сард МВХХК-тай анх харилцаа холбоо тогтоосон. Энэ харилцаа холбоог тогтоосон гол хүн нь МВХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч *н Т. Л.Тнь шүүх хуралдаанд ирсэн байна. Тэрээр Хятад хэлтэй бөгөөд Монгол улсад лифт оруулах бизнесийн санаа гаргаж, Хятад улсаас түнш хайсан бөгөөд Волкслифт гэх Герман улсын чанартай урсдаг шат оруулдаг компани байдаг юм байна гэдгийг мэдэж компанитай холбоо тогтоож, 2 удаа томилолтоор Шанхай хотруу явсан. Эхний удаа явахдаа хэлэлцээрийн бэлтгэл буюу Монгол улсад ямар нөхцөлөөр лифт оруулах боломжтой талаарх судалгааны ажилд явсан. Улмаар судалгаа хийсний үндсэн дээр компанийн захирал С.С-тай ярьж байгаад тээвэр, зочид буудал, Шанхай хотод БНХАУ-ын ВЭ ХХК-тай уулзах бүхий л зардлуудыг компаниас гаргуулж, Л.Тд тамгыг өгч гэрээ байгуулахаар явуулсан. Ингээд компанийг төлөөлж 115,320 ам долларын үнэтэй, 7 ширхэг урсдаг шат оруулах гэрээг байгуулсан. Уг гэрээнд Л.Тгарын үсэг зурж тамга дарсан. Уг гэрээг байгуулсны дараа Л.Т, С.С нар нь Хүүхдийн 100-гийн Төрийн банк ХХК дахь салбарт очиж урьдчилгаа 30 хувь болох 34,200 ам долларыг ВЭ ХХК-ийн 1205240029814107601 гэх дансруу шилжүүлснээр уг 7 ширхэг урсдаг шат Монгол улсад орж ирсэн. Эдгээр урсдаг шатыг МВ ХХКхүлээж авсан. МВ ХХКнь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн нийт хувьцааны 60 хувийг С.С, Л35 хувийг.Т эзэмшдэг. Гэрээний дагуу 7 ширхэг урсдаг шатыг манайх үйлдвэрлэж Монгол улсруу явуулсан бөгөөд үлдэгдэл 81,120 ам долларыг яралтай шилжүүлээрэй гэсэн боловч МВ ХХКтөлбөрийг шилжүүлээгүй. Уг 7 ширхэг урсдаг цахилгаан шатыг хүлээж авсан. Энэ нь Өү Энд Би Эн ХХК, МВ ХХКнарын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шатны төлбөрт Ү* дугаар бүхий гэрчилгээтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүүнжавын гудамж, 52а байрны 43 тоот дахь 2 өрөө байрыг шилжүүлж авсан актаар нотлогдоно. Тус актыг манай зүгээс эх хувиар гаргаж өгсөн. Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн МВХХК-ийн * тоот данснаас 34,200 ам долларыг нэхэмжлэгчрүү шилжүүлсэн талаарх баримтыг Хятад дахь Бээжингийн Элчин сайдын яамаар батлуулан хэрэгт гаргаж өгсөн. Л.Тбидэнтэй анх уулзахдаа өөрийгөө МВХХК-ийг төлөөлөх эрхтэй гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн учраас бид Л.Т ыг МВХХК-ийг төлөөлдөг гэж ойлгон итгэж, урьдчилгаа мөнгийг аваад 7 ширхэг урсдаг шатыг явуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын 35 хувийн хувьцаа эзэмшигч Л.Т нь бидэнд өөрийгөө компанийг төлөөлөх эрхтэй тул гэрээ байгуулах боломжтой гэж ойлгохоор сэтгэгдлийг төрүүлсэн тул бид өөрсдийн итгэл үнэмшлээр гэрээг байгуулж, 7 ширхэг урсдаг шатыг нийлүүлсэн. Бидний түүнийг төлөөлөх эрхтэй гэж үзсэн итгэл үнэмшил хуулиар хамгаалагдана гэж үзэж байна. Л.Т2 удаа компанийн нэрийн өмнөөс гэж бидэнтэй уулзаж, гэрээнд гарын үсэг зурахаар компанийн тамгатай ирээгүй байсан бол бид ийм байдлаар гэрээг байгуулахгүй байх байсан. МВХХК-ийн А гэх хүн Л.Ттай гэрээнд гарын үсгээ зурж байгаа үйл явцаа МВХХК-ийн фейсбүүк хуудаст нийтэлсэн. МВХХК-ийн төлөөлөгч С.С компаниа байгуулаад Дэлхийн тэргүүлэгч В компанийг Монголдоо бид олон жилийн хэлэлцээрийн үр дүнд албан ёсоор оруулж ирж байгаа билээ. Манай компани нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Эрүүл, аюулгүй орчинд амьдраг эрхтэй гэснийг удирдлага болгож Монголдоо бид лифтний аюулгүй байдал, чанарыг тогтооно гэсэн уриатай та бүхэндээ хамгийн хямд үнээр дэлхийн брэндийг санал болгож байгаадаа туйлын их баяртай байна. Бидний зорилгыг дэмжиж хамтран ажиллаж байгаа Аж ахуйн нэгж, байгууллага, компани, барилгачид, нэгэн санаа бодолтой байгаа нийт Монголчууддаа баярлалаа. Монгол хүний амь нас эрүүл мэнд бүхнээс эрхэм дээд МВХХК-ийн ерөнхий захирал гээд өөрийн зурагтай мэндчилгээг нийтэлсэн. Энэ нь одоо ч фейсбүүк дээр нь байдаг. Улмаар лифтийг оруулж ирсний дараа мөнгөө төлнө гэж олон удаа амлалт өгсөн. И-мэйлүүдийг харвал МВХХК-ийн ерөнхий захирал С, тус компанийн нягтлан бодогч С гэх 2 хүн байгаа. И-мэйлээр нягтлан бодогч н.С нь бид нар мөнгийг өгнө, өнөө маргаашгүй өгнө, байрны гэрчилгээ гарахаар бид нар банкны зээлд хамрагдаж, зээлээ гаргаад таны мөнгийг өгнө, дараа нь яаралтай хагалгаанд орохоор боллоо, Герман улсруу хагалгаанд явахаар болсон гэдэг байсан. Удаа дараа и-мэйлээр бид нар мөнгийг чинь төлнө, бидэнд хугацаа өгөөч гээд тайлбар хүргүүлж байсан. Манай зүгээс үүнд нь итгэж, мөнгөө өгөх юм байна гээд тэвчээртэй хүлээж, 3 жил болсон. 2017 оны 10 дугаар сард манайхаас урсдаг шатаа авч, борлуулж, ашгаа хийсэн. Монгол ирээд Стай уулзах гэхээр бид нар одоохон мөнгийг чинь өгнө гэж амлаж байсан тул тэвчээртэй хүлээсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан тул надад хандсан. Улмаар би С.С гэх хүнийг олж, хаалганы цаанаас мэдэгдээд түүнээс хойш С.С гэх хүн алга болсон. Үүнээс хойш түүнийг эрэн сурвалжлуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас түүнийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, * тоотод байдаг гэх хариуг өгсөн дариу би Баянголын шүүхэд хандсан. Шүүхээс С.Сыг дуудаж ирүүлэх, албадан ирүүлэх маш олон арга хэмжээн авсан бөгөөд тус шүүхийн шүүгч М.М нь С.Сын ээжийнх нь хаягаар эрэн сурвалжилсан. Тэгтэл түүний ээж нь С.Сыг тус хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй гэх хариу өгсөн. Үүнээс хойш С.С олгосон. Миний зүгээс нэхэмжлэгч байгууллагыг хангалттай нотлох баримтаа бүрдүүлсэн гэж үзэж байгаа. С.С манай дансруу 34,200 ам доллар шилжүүлснийг нь гэрээг хүчин төгөлдөр, гэрээний дагуу урсдаг шатыг авсан тул үлдэх төлбөрөө төлнө гэдгээ нотолсон гэж үзэж байна. 10 дугаар хорооллын * Молл-д урсдаг шатыг тавьсан. Би өөрийн санаачилгаар зургийг нь авсан бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа. Урсдаг шатыг авсан ** ХХК нь үүргээ биелүүлж, МВХХК-д бартераар 2 өрөө байр өгсөн. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас хойш бидэнд мөнгийг төлөөгүй бөгөөд 5 жил болох гэж байна. Бид 3 жил цагдаа болон шүүхийн байгууллагатай хамтарч С.Сыг хайсан. Ковид-19 цар тахлын үед ч би шантралгүй Чингэлтэй дүүрэгт очиж, өөрийн зүгээс арга хэмжээ авсан. С.С нь Их Засаг сургуульд эрх зүйгээр багшилдаг, өмнө цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. Би түүнийг хуулийн цоорхойг ашиглаж төлөөлөх эрхгүй этгээдгүй бол хэрэг шийдэгдэхгүй гэх байдлаар хандаж, хэргийг шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа гэж хардаж байгаа. Компанийн тухай хуульд компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцох этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан. Мөн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь дээрх эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ гэж заасны дагуу МВХХК-ийг урсдаг шатны төлбөрийн үлдэгдэлд 81,120 ам доллар буюу 230,752,330 төгрөгийг гаргуулж, барааны төлбөрт шилжүүлсэн гэх Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүүнжавын гудамж, 52а байрны 43 тоот орон сууцын өмчлөгчөөр БНХАУ-ын ВШЭХХК-ийг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага бол худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 230,752,330 төгрөгийг хариуцагч МВХХК-иас гаргуулахаар шаардаж байна...гэв.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор ханшийн лавлагаа /хх-5/, Бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-16-23, 124-131/, Хур манд ХХК-иас МВХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-24/, урсдаг шатны фото зургууд /хх-27-28/, цахим шуудангаар харилцсан захидлууд /хх-29-32/, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-33/, МВХХК, гүйцэтгэх захирал С.Сыг эрэн сурвалжилсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн * дугаар шийдвэр /хх-34-36/, гэрээний дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлсэн баримт /хх-150-160/, Худалдааны төлөөлөгчийн гэрээ /хх-162-180/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
3. Хариуцагч МВХХК-ийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд дуудан ирүүлэхээр хангалттай ажиллагаа хийсэн бөгөөд тус компанид холбогдуулан БНХАУ-ын ВШЭХХК-иас ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хангалттай мэдсэн боловч шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэлийг гардаж авахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байна.
4. Улмаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж байх явцад буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хариуцагч МВХХК-ийн гүйцэтгэх захирал С.С хүрэлцэн ирсэн боловч шүүх хуралдаан эхэлсэн байсан учир шүүх хуралдаанд оролцоогүй болно. Иймд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүхэд тус компанид холбогдуулан ямар нэхэмжлэл гаргасныг хангалттай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар МВХХК-ийн төлөөлөгчийг шүүхэд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, тус компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авах зэргээр нотлох баримт бүрдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх БНХАУ-ын ВШЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч талаас хариуцагч талд 115,320 ам.долларын үнэ бүхий 7 ширхэг урсдаг шатыг нийлүүлэн, төлбөрөөс урьдчилгаа 30 хувь болох 34,200 ам.долларыг хариуцагч тал нэхэмжлэгчид төлж, үлдэх 81,120 ам.долларыг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 81,120 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон нь хуульд нийцсэн байх тул 230,752,330 төгрөгийг хариуцагч МВХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,452,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,311,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МВХХК-иас 230,752,330 /хоёр зуун гучин сая долоон зуун тавин хоёр мянга гурван зуун гучин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын ВШЭХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,452,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,311,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА