| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00824/И |
| Дугаар | 102/ШШ2023/01700 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/01700
2023 оны 05 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2023/01700 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, * байрлах НТХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, * хаягт оршин суух, Лувсанжамц овогт П.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,234,134 /нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч П.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч НТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Г нь манай компанитай 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр * дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулан нийт 3,170,005 төгрөгийн үнэ бүхий үс арчилгааны бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Хариуцагч нь барааг хүлээн авснаас хойш 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 1,935,870.89 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлбөр төлөхгүй холбоо таслан алга болсон. Тус гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 1,234,134 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү. Бичгээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнд зурагдсан гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан боловч хариуцагч тухайн үед гэрээ байгуулахаар тохирсон, 3 удаагийн үйлдлээр төлбөр төлсөн байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан учир төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Өөрөө ч хүлээн зөвшөөрч 4 удаа төлбөр төлсөн гэж тайлбарлаж байна. Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлбараар нотлогдож байна. Бараа материал хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Ажлаас гарах эсэх нь тухайн хүний асуудал юм...гэв.
2. Хариуцагч П.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие НТХХК-тай 2019 оны 5 дугаар сард үс арчилгааны бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах аман гэрээ байгуулсан төлбөрийг сарын сүүлээр төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо * Salon-д үсчний суудал түрээслэн ажиллаж байсан бөгөөд хамтран ажиллагч үсчин Я.О болон НТХХК-ийн борлуулагчид ажлаас гарах тухайгаа биеэр мэдэгдэж ямар нэгэн төлбөр тооцооны маргаангүй ажлаа хүлээлгэн гэрээг дуусгавар болгосон. Гэвч НТХХК-ийн борлуулагч намайг ажлаас гарсныг мэдсээр байж тус салонд үс арчилгааны бүтээгдэхүүнийг нийлүүлж иргэн Я.О төлбөр аваагүй байсныг миний бие шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн өдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн. Ажлаас гарсан өдрөөс хойш НТХХК-иас аливаа ямар нэгэн үс арчилгааны бүтээгдэхүүнийг аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан Худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэгдсэн гарын үсэг ашигласан тул шинжилгээ хийлгэж хянуулж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Анх бараа бүтээгдэхүүн авсан гэдэгтэй маргахгүй. Төлбөрийг дансаар болон бэлнээр төлж байсан. Ажлаас гарахдаа бараа бүтээгдэхүүн үлдээсэн. Я.О намайг гарснаас хойш дахин нэг удаа бүтээгдэхүүн захиалсан байсан. Үлдэгдэл төлбөргүй байж байж ажлаа өгдөг. Надад төлбөр байхгүй. Борлуулалтын менежер нь эмэгтэй хүн байсан. Өөрийн хэрэглэсэн бүтээгдэхүүний төлбөрөө төлчихсөн байгаа. Надгүйгээр өөр хүний авсан барааны үнийг надаас нэхээд байна. Тиймээс би хариуцахгүй...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-5-8/, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-9/, ;
4. Хариуцагч П.Г шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
5. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05318 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж /хх-16/, захирамжийн дагуу шинжээчийн 2512 тоот дүгнэлт гарсан байна. /хх-27-44/
6. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19702 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б, Э.Б нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзан, гэрч Г.Банзрагчийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад асууж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх НТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,234,134 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ нийт 3,170,005 төгрөгийн бараа нийлүүлснээс буцаан төлсөн 1,935,870.89 төгрөгийг хасаж, үлдэх 1,234,134.11 төгрөгийг шаардана. Хариуцагч бараа материал авсан, үлдсэнийг нь салондоо үлдээсэн, 4 удаа төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа учир үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдоно гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ бичгээр гэрээ хийгээгүй, нэг удаа л 2018 онд 2,000,000 орчим төгрөгийн бараа захиалж авсан, төлбөрөө 4 хувааж төлсөн, дахиад бараа аваагүй, падаанаар бараа хүлээн аваагүй, өөр хүний авсан барааны төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлан маргаж байна.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд аман хэлбэрээр 2018 онд үүссэн гэж үзэхээр байна. Учир нь бичгээр байгуулагдсан гэрээнээс өмнө хариуцагчид бараа олгогдсон байх бөгөөд уг гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч П.Гийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг худалдан авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан байна. Харин нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримт нь нэг талын баримт байх бөгөөд уг баримтаар хариуцагчид ямар хэмжээтэй, хичнээн барааг хүлээлгэн өгсөн нь тодорхой тогтоогдохгүй, хариуцагчид өгсөн гэх байдал тогтоогдохгүй, нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар хангалттай нотлоогүй, гэрч мөн уг үйл баримтыг нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Гээс 1,234,134 /нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч НТХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА