Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

иргэдийн төлөөлөгч М.Осорханд,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч С.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Д.Доржпүрэв,

иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг,

иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

Хохирогч Ц.Эрдэнэбулган, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

шүүгдэгч Г.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хотгойд овогт Гантөмөрийн Төгөлдөрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525011931 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Хотгойд овогт Гантөмөрийн Төгөлдөр, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхний лавлагаагаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 15/1 байр 28 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол М-5-3-5 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФА85082713/,

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 06-н хүртэлх хугацаанд давтан үйлдлээр буюу хохирогч Д.Доржпүрэв, Ж.Нямдорж, Ц.Эрдэнэбулган, Э.Мөнхтулга, Л.Бат-Эрдэнэ, С.Энхбат нарын 6 хохирогчоос нийт 198.480.000 төгрөгийн автомашин, холбоо дохиоллын болон цахилгааны материал, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн Г.Төгөлдөр нь мөрдөн байцаалтад сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч С.Энхбатын хувьд би 2011 оны 11 дүгээр сараас хойш “Эс деволопмент” ХХК-тай гэрээ хийж ажилласан. Ажиллах хугацаандаа С.Энхбатаас хэрэгцээтэй мөнгийг авдаг байсан. “Ривер стоун-2” төслийн хүрээнд ажил гүйцэтгэж байгаад тал санхүүжилт нь “Наран лист” ХХК руу орсон тул би ажлаа дуусгана гээд дуусгасан ба бага, багаар авсаар нийт 42.000.000 төгрөгийг С.Энхбатаас авсан. Нилээн их хэмжээний мөнгийг буцааж төлсөн ба 24.000.000 төгрөг төлөх дутуу байгаа. Би С.Энхбатаас авсан мөнгийг түүнтэй хамт явж хүмүүсийн цалинг өгч, бараа материал авч зарцуулсан. Би “Эс деволопмент” ХХК-иас мөнгөө авч чадахгүй байдалд хүрсэн тул оронд нь С.Энхбат байр авахаар болсон. 86 мкв байрыг 168.000.000 төгрөгөнд тооцож өгсөн. Би 140.000.000 төгрөгийг авах ёстой байсан тул илүү 28.000.000 төгрөгийг С.Энхбат төлөөд байраа авчих гэж би хэлснээс болж С.Энхбаттай муудалцсан. Хохирогч Л.Бат-Эрдэнийн хувьд 2015 онд би “Ривер стоун” барилгын ажлын хажуугаар “Ноёд” компанийн констракшны холбоо, цахилгааны ажлыг давхар гүйцэтгэж байсан. 2015 оны 02 дугаар сард улсын комисс ажиллах ёстой байсан. Би барилгын ажлын материал зээлэхээр Л.Бат-Эрдэнэ рүү очиход надад чамд хэрэгтэй материал байхгүй гээд Х.Эрдэнэчимэг гэх хүн рүү намайг явуулсан. Би бараа материал зээлээд барилгаа улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд мөнгөө авч чадаагүй тул мөнгө олмогц бага, багаар өгдөг байсан. Анх 28.000.000 төгрөгийн бараа авснаас 500.000 төгрөгийг төлж одоо нийт 10.800.000 төгрөг төлөх дутуу. Ланд круйзер-80 маркийн автомашины хувьд гэвэл надтай хамт ажиллаж байсан Мөнхтулга надад өөрөө санал тавьснаар машиныг авсан. Анх машин ломбарданд байхад нь би өөрөө очиж сольж өгсөн. Би 10.000.000 төгрөгийг ББСБ-д төлж машин өгсөн боловч хэрэгт тусгаагүй байна. Би Мөнхтулгад төлөх төлбөргүй. С.Энхбат Ц.Эрдэнэбулганы байрыг аваад би 24.000.000 төгрөгийг Ц.Эрдэнэбулганд өгөх ёстой болсон. Би байрнаас мөнгөө авч чадаагүй тул бага хэмжээгээр өгсөөр байгаад нилээд хэмжээний мөнгө өгсөн. Тухайн үед манай ахаар дамжуулж ажил хөөцөлдөхөд нь би зуучилж өгөөд хариуд нь мөрийтэй тоглоомын төхөөрөмж авахаар болсон. Энэ ярианаас үүдэн Ц.Эрдэнэбулганы машины эзэмшигчийн нэрийг шилжүүлж авсан. Тэр үед би Тоёота тундра машиныг бас авсан байсан. С.Энхбат, Ц.Эрдэнэбулган бид 3 хамт 7-8 ломбард орсон боловч үнэ хүрэхгүй байсан тул Ц.Эрдэнэбулган миний машиныг аваад өөрийн машиныг ломбарданд тавьчих гэсэн. Хавтаст хэрэгт гэрээ хэлэлцээр хийгдсэн нь баримтаар авагдсан. Би 3 барилгаас 507.000.000 төгрөгийн ажил хийж байсан боловч дарамт их байсан тул машиныг ажлаа дуусгаад зарсан. Д.Доржпүрэвийн нөхрөөс 2 дахь машинаа авчихсан байсан тул би шахалтанд орсноор машинаа зарсан. Би Ц.Эрдэнэбулганд хугацаа нь удна, машин зарж чадаагүй гэдгээ хэлсэн. Ц.Эрдэнэбулганд 38.500.000 төгрөгөөр машиныг нь зарсан ч мөнгийг нь өгөөгүй байгаа. Би хохирогч нарын хохирлыг барагдуулна гэдгээ хэлсэн. “Ноёд” констракшны С блокын барилгыг дуусгах шатанд явж байхад Лувсанчүлтэм машин авах 16.000.000 төгрөг зээлээч, машин хэрэгтэй гэсэн тул би Д.Доржпүрэвтэй уулзсан. 26.000.000 төгрөгийн машины 2.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 24.000.000 төгрөгийг төлөөгүй. Тоёота Тундра маркийн автомашины хувьд тэр үед миний ажиллаж байсан хотхон нийт 9 барилгатай байсан бөгөөд нийт талбайг томсгох шаардлагатай болсон ба 2.000.000 төгрөг авч чадахгүй болсон тэр үед ахаараа дамжуулж Ж.Нямдоржтой танилсан байсан. Манай ах миний машиныг ломбарданд тавиад асуудлаа шийд гэснийг Ж.Нямдорж сонссон бололтой над руу залгаад уулзсан ба миний машиныг ломбарданд тавиад, дараа нь аваад өг гэсэн. 2015 оны 12 дугаар сард гэрээ хийсэн ба Хятад хүмүүсээс компьютер ирж байсан. Таны машин үнэ хүрэхгүй юм байна, та буцаагаад ав гээд 2 хоногийн дараа би хэлсэн. Энэ 2 өдрийн хугацаанд би 4 ломбард орсон бөгөөд “Сайн ломбард” 12.000.000 төгрөг гэх үнэ хэлсэн. Гэтэл Ж.Нямдорж “12.000.000 төгрөгөнд тавьчих” гээд намайг БНХАУ руу явуулсан. Энэ үед Доржпүрэвийн машины асуудлаар цагдаад өргөдөл өгсөн байсан. Ж.Нямдорж 2.000.000 төгрөгөөр Д.Доржпүрэвийг зохицуулна гээд өөрөө бас мөнгө нэмж авсан. Би барилгаа дуусгаад мөнгөө авах ёстой байсныг хэлж компани руу олон удаа очиж уулзсан байсан. Тэр компани энэ байдлыг далимдуулаад одоо хүртэл мөнгө өгөөгүй. “Шинэ гарц” компанийн барилгын ажлын Е болк дээр нь 146.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан ба С блок дээр гэрээ байгуулаагүй байсан бөгөөд энэ асуудлаас болоод би огт мөнгө авч чадаагүй. Энэ бүх хугацаанд би хохирогч нарын дарамтанд байсан тул асуудлаа дуусгаад мөнгийг нь өгье гэж байсан. Би нийт 4 өөр мөрдөн байцаагчид шалгагдсан. “Эс деволопмент” ХХК-с Буян гэх захирлын гарын үсэгтэй албан бичиг “Наран лист” компани руу очсон бөгөөд бичгээ өгч мөнгөө авъя гээд очсон. Мөнгөө авах гэж байхад “Наран лист” ХХК-г авсан гэх хүн “манай инженер бөгөөд мөнгийг энэ хүн авахгүй” гэсэн байр сууринаас хандсан тул мөнгө “Наран лист” ХХК руу шилжиж орсон. Би анх “Эс деволопмент” ХХК-н холболтын ажлыг хувиараа хийж өгсөн бөгөөд тэр үед “Наран лист” ХХК-н тусгай зөвшөөрөл цуцлагдах гээд байна, ажлыг нь хийгээд өгөөч гэсэн тул би нийт 4 гэрээ байгуулсан. Би 58 хүний бүрэлдэхүүнтэй хийж дуусгасан бөгөөд гэрч Аззаяа одоо нягтлан болсон ба тухайн үед “Наран лист” ХХК-с нэг ч хүн төлөөлж ирж байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд 58 хүний бүрэлдэхүүнтэй 300 айлын дотор монтаж хийж дуусгасан боловч мөнгөө авч чадаагүй. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тухайд би Д.Доржпүрэвийн Тоёота Хариер маркийн машины асуудлаар шалгагдаж байсан. Ж.Нямдорж бид 2 хамт мөрдөн байцаагч руу ярьсан. Ж.Нямдорж гэх хүн Д.Доржпүрэвтэй тохиролцсон тул хэрэг цагдаа дээр хэрэгсэхгүй болсон гэж надад мэдэгдсэн. Энэ хугацаанд би БНХАУ-руу 4 хоног яваад ирсэн ба амьдарч байсан газар болон утасны дугаараа огт солиогүй. 2 газар хэрэг ирсэн байсан талаар надад юу ч мэдэгдээгүй бөгөөд 03 дугаар сарын 22-нд С.Энхбат, Мөнхтулга нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт намайг барьж аваачсан” гэв,

Хохирогч Д.Доржпүрэв шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г.Төгөлдөр надаас машин зээлээр авъя, эхнэртээ машин авч өгнө гэсэн. 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд мөнгийг нь өгнө гэсэн тул би нэр дээр нь шилжүүлсэн. Хугацаа болоход Чүлтэмдорж гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ хугацаанд миний мөнгийг удахгүй өгнө гэх зэргээр 2 жил худлаа ярьсан. Намайг цагдаагийн байгууллагад өргөдөл өгснөөс хойш Г.Төгөлдөр байнга зугтаасан бөгөөд би ээжид нь хэлсэн. Машин 24.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд би одоо мөнгөө эсхүл машинаа авна” гэв.

Хохирогч Ц.Эрдэнэбулган шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 2 дугаар сард Г.Төгөлдөртэй танилцсан бөгөөд С.Энхбат гэх манай найз Г.Төгөлдөрөөс байр авах ёстой гэвч авч чадахгүй байна гээд машинаа зарахаар шийдэж Г.Төгөлдөртэй ярихад Хятад хүмүүс машин авъя гэж байна гэсэн тул шилжүүлэхээр болоход Хятадууд итгэхгүй байна гээд машиныг миний нэр дээр шилжүүл гэсэн. Би Өмнөговь аймагт ажилтай байсан тул би явахад мөнгө өгөөгүй. 2015 оны 08 дугаар сарын 06-ны үеэр манай найз Г.Төгөлдөртэй уулзахад Завхан аймгийн Ургамал суманд Хятадууд унаж байгаа гэсэн тул шалгахад Б.Бямбажаргал гэх хүн машиныг унаж байсан бөгөөд юу болсныг лавлахад худалдаж авсан гэсэн. Би энэ талаар Г.Төгөлдөрөөс асуусан бөгөөд миний мөнгийг өгчих байх гээд Өмнөговь руу ажилдаа явсан. Би машинаа 65.000.000 төгрөгөнд тооцож зарсан ба одоо машинаа л авмаар байна” гэв.

Хохирогч С.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анх Г.Төгөлдөрөөс байр авахаар хүнээс зээл авч 36.000.000 төгрөг өгсөн. 21.000.000 төгрөгийг надад буцааж төлсөн ба 15.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр болсон. Г.Төгөлдөр намайг мөнгөө гүйцээгээд өгчих гэсэн тул би мөнгөө өгсөн. “Тэргэл тех” ХХК мөнгөө нэхээд байсан тул мөнгө өгсөн. Нийт 39.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. “Тэргэл тех” компани Г.Төгөлдөрийн аавынх нь дүүгийн компани бөгөөд манай эхнэр уг компанид нягтлан бодогчоор ажилладаг тул хүсэлт бичсэн гэдгийг Г.Төгөлдөр мэдэж байгаа” гэв.

Хохирогч Х.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бат-Эрдэнэ над руу ярьсан тул би Г.Төгөлдөрт зээл өгсөн бөгөөд барьцаалах зүйл өг гэхэд машин барьцаалсан. Эхний сардаа тохирсон мөнгөө өгсөн ч сүүлд машинаа Орос хүнд зараад мөнгө өгнө гэхээр нь би оронд нь машин барьцаал гэсэн. Эхлээд цайвар өнгийн машин, сүүлд саарал өнгийн машин тавьсан. Цагдаа дуудахад нь би очиход Л.Бат-Эрдэнэ тохирсон гэсэн. Би Л.Бат-Эрдэнээс асуухад “Мөнхтулга гэх хүүхэд машинаа авах гээд байгаа юм байна. Чи машиныг нь өгчих” гэсэн тул машиныг нь өгсөн. 8.800.000 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийг би авсан. Одоо үлдсэн 4.800.000 төгрөгийг график байгуулсан тул Л.Бат-Эрдэнээс авна гэж бодож байна” гэв.

Хохирогч Л.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Г.Төгөлдөрт 2.120.000 төгрөг өгсөн. Би Х.Эрдэнэчимэгт зуучилж өгч, тохиролцоод Х.Эрдэнэчимэгийн 8.000.000 төгрөгийг төлөөд явж байгаа ба график гаргаад одоогийн байдлаар 4.000.000 төгрөгийг төлсөн. Би одоо 10.980.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг хасч 10.480.000 төгрөгийг Г.Төгөлдөрөөс нэхэмжилнэ” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Г.Төгөлдөрөөс Ланд круйзер-76 маркийн автомашиныг авахаар тохирсон ба мөнгийг нь бэлнээр өгсөн. Машин битүүмжлэгдсэн байгаа тул битүүмжилснийг цуцалж, машиныг надад буцааж өгнө үү. Би гэмт хэргийн улмаас авсан машин гэж огт мэдээгүй. Надад мэдэх ч боломж байгаагүй тул машиныг би буцаан авмаар байна” гэв.

Хохирогч Д.Доржпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны  07 дугаар сарын 10-ны өдөр Төгөлдөр гэх манай дүүгийн найз ирээд Тоеота Хариер маркийн автомашиныг 26 сая төгрөгөөр зээлээр авна гээд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 6 сая төгрөг өгнө үлдсэн мөнгийг нь 2015 оны 07 дугаар сарын 20-нд эхнэрийн зээл бүтэхээр өгнө гээд авсан. Уг машин хүрэн улаан өнгөтэй, 2005 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, Японд 130.000 км явсан, Монголд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн автомашин байсан юм. Машиныг Төгөлдөрийн нэр дээр шилжүүлээд явуулсан. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр утсаар яриад "мөнгөө авмаар байна" гэхэд миний ажил бүтэж байгаа, таны мөнгийг удаахгүй өгнө гэж байсан. Төгөлдөр 2015 оны 07 дугаар сарын 20-нд мөн мөнгөө өгөөгүй юм. Таравлин хотхонд ажлын гүйцэтгэлийн мөнгө авахаар таны мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн, сүүлдээ Төгөлдөр бүр зугтаагаад утасаа авахгүй байсан, надаас авсан машинаа өөр хүнд шилжүүлсэн байсан. Миний машиныг Чүлтэмдорж гэх залууд шилжүүлсэн байсан. Төгөлдөр надаас урьд нь машин зээлээр аваад мөнгийг нь цувуулаад өгч байсан, Төгөлдөрийг сайн танихгүй. Төгөлдөртэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, гомдолтой байна. Машинаа авмаар байна...”  гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас,  хх12-13/,

Хохирогч Д Доржпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...миний машин Монгол Улсад яваагүй дөнгөж орж ирээд 4 хонож байсан, одоо номер аваад хуучраад зарим хэсгээрээ шүргэлцчихсэн байсан. Г.Төгөлдөр 2015 оны 11 сараас хойш оргоод алга болсон. Би Г.Төгөлдөрийг хайж байгаад зүүн замын "Вен Зөөв" гэдэг зочид буудлаас олж авахад 2-3 хоног намайг дагаж явж байгаад мөнгөө ав гэж хэлээд 3 хоногийн дараа мөнгөө өгөхгүй болохоор нь Лувсанчүлтэм рүү ярьхад 12 дугаар сард тэр хоёр машинаа надад авчирч өгсөн. 7 хоногийн дараа Төгөлдөр нэг тундра уначихсан, нэр дээрээ шилжүүлчихсэн байсан ба би энэ машиныг ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө, та наад машинаа Лувсанчүлтэмд өгчихөө эхнэр нь бөөн юм болоод мессеж бичээд байна гээд буцаагаад авч яваад нөгөөдөр нь Ж.Нямдорж гэдэг хүнээр 2 сая төгрөг надад өгүүлээд ор сураггүй алга болсон. Тэгээд одоо баригдаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх85-86/,

“...Би одоо өөрөө энэ хэрэгт хохирогчоор байцаагдана. Г.Төгөлдөр нь надаас машин аваад одоо 24.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. “...Ш.Төгөлдөр нь 2015 онд мөрдөн байцаалтанд шалгагдаж байх хугацаадаа оргон зугтаж 13 дугаар хороололд Хятадын зочид буудалд орогнож байхад нь миний таньдаг хүн зургаар нь таниад надад хэлж, би Г.Төгөлдөрийг байцаагчид мэдэгдэж олж өгч байсан. Үүндээ Г.Төгөлдөр нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зугтсан нь тогтоогдож цагдан хоригдсон...шүүх хуралд өөрийн биеэр сууна...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, хх-183/,

Гэрч Э.Чүлтэмдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хуучин машинаа зараад Тоёота хариер маркийн автомашин авах гэхэд мөнгө хүрээгүй. 2015 оны 05 дугаар сард өөрийн хамаатны ах Лувсанчүлтэмд 13 сая төгрөг бэлнээр зээлсэн. Тэгээд уг мөнгийг буцааж авах гээд асуухад Лувсанчүлтэм ах надад нэг он залуу Хариер маркийн автомашин байгаа мөнгө нэмээд авах уу гэхээр нь би 2015 оны 07 дугаар сард үзээд таалагдсан. Тэгэхэд ахын найз Төгөлдөр ирсэн юм. Би ах Лувсанчүлтэмд 6 сая төгрөг зээлээд, өөрийн сая төгрөгийг нэмээд 11 сая төгрөг Төгөлдөрт өгөөд нэрээ шилжүүлж авсан. Би ахаас авах ёстой байсан 13 сая төгрөгийг оролцуулаад авсан. Би Төгөлдөрийг ах Лувсанчүлтэмийн найз гэдгээр нь таньдаг. Мөн ажлын щугамаар мэддэг юм. “...Лувсанчүлтэм ах Төгөлдөр хоёр хоорондоо ямар наймаа хийсэн талаар мэдэхгүй. Би Лувсанчүлтэм ахаас мөнгөө авах хэрэг боллоо гэхэд "чи ийм машин авах уу" гэхээр нь би үзээд авсан юмаа. Миний авсан машин Тоёота Хариер маркийн, хосолсон Хайбрид хөдөлгүүртэй, улаан хүрэн өнгөтэй, 32-20 УНЭ улсын дугаартай, 2005 оны автомашин байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-14/,

Хохирогч Ж.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөр гэгчид найз Б.Болдбаатараасаа авсан Тоёота тундра маркийн автомашиныг өөрийн нэрээс Г.Төгөлдөрийн нэр рүү шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ хийгээд өгсөн юмаа. Өөрөөр хэлбэл 45 сая төгрөгөөр надаас худалдаж аваад мөнгийг нь 2016 оны 1 дүгээр сард багтааж 20.000.000 төгрөгөө өгөөд, үлдэгдэл 25.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард багтаан төлж дуусгахаар болсон юм. Тэгээд одоо ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, сүүлдээ миний утсыг авахгүй сураггүй алга болсон. Төгөлдөр энэ машиныг надаас худалдаж аваад төлбөр барагдуулах гэрээ хийгээд авсан ба тухайн үед бид нар хамт очиж ломбарданд тавьсан юмаа. Би найз Болдбаатараас шилжүүлж авсан миний нэр дээр байсан миний машин байсан юм. 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2013 онд Монголд орж ирсэн 93-31 УНЯ улсын дугаартай Тоёота тундра маркийн автомашин байсан ба би энэ машинаа 45 сая төгрөгөөр үнэлнэ. хохирлын мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-84/,

Хохирогч Ц.Эрдэнэбулган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 03 дугаар сарын үеэр өөрийн найз Энхбатаар дамжуулан Төгөлдөртэй танилцсан юм. Энхбат тэр найз нь гээд байгаа Төгөлдөрөөс мөнгө авах ёстой байсан юм, тэгээд цугтаа уулзаж байгаад танилцсан юм. Тэгж байгаад би өөрийн унаж байсан Ланд круйзер 76 маркийн 2011 оны загварын 81-18 ӨМӨ гэсэн улсын дугаартай машинаа зарах санаатай гэдгээ хэлж байсан чинь 2015 оны 06 дугаар сард Төгөлдөр надтай уулзаад "би хятадуудтай нэг ажил хийж байгаа юм, тэр хятадууд машин авах гээд байна, би чиний машиныг зараад өгье гэхээр нь би тэг тэг мөнгөө шилжүүлчих гэсэн Төгөлдөр харин энэ хятадууд итгэхгүй байна чи машинаа над руу шилжүүлээд өгчих, би тэгээд нотриатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээгээ үзүүлж байгаад мөнгөө аваад чамд өгье гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа 65 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгтэл мөнгө нь ирэхгүй байсан, машин надад байсан чинь хятадууд нь бэлнээр мөнгө авч ирэх гээд байна би машиныг чинь Эрээн хот руу унаад явчихаад ирье гээд аваад явсан, би шууд Өмнөговь аймаг руу яваад өгсөн юм. Тэрнээс хойш "мөнгө аваад Эрээн хотоос гарч байна" гэж яриад байснаа сүүлдээ дундын дансанд хийж байгаад мөнгөө өгнө гээд байна гэсэн тэгж байгаад алга болчихсон. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад наадмын үеэр над руу өөрөө холбогдоод "машин чинь надад миний нэр дээр байгаа асуудалгүй" гэхээр нь одоо машин хаана байна гэхэд Завхан аймгийн Ургамал суманд хятадууд унаад явж байгаа гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө яасан гэхэд "чи түр хүлээж бай, би бүтээж өгнө асуудалгүй" гэж хэлээд дахин алга болоод 2015 оны 08 дугаар сарын 05-наас 06-ны үеэр манай найз Энхбат Төгөлдөрийг хайсаар байгаад олоод над руу ярьсан. Тэгэхэд Төгөлдөр машин өнөөдөр Ургамал сумаас ирж байгаа гээд хүлээлгээд байсан. Орой болоод машин ирэхгүй байхаар нь манай найз Энхбат машин яасан байна гээд сураглаад байсан чинь миний машин аль хэдийн өөр хүнд зарагдаад, өөр улсын дугаартай болсоныг мэдсэн. Тэгээд Төгөлдөр өөрөө би чиний машиныг хүнд өгчихсөн юмаа асуудалгүй зохицуулаад өгнө гээд л дахин сураггүй алга болсон. Би машинаа 65 сая төгрөгөөр үнэлнэ. Би 2011 оны 11 дүгээр сард өөрийн машинаа "Бодь автоматив" ХХК-аас шинээр нь 93.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Машинаа л авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-153 дугаар хуудас/,

“...Би урьд олон удаа хохирогчоор байцаалт өгсөн, болсон асуудлыг дэлгэрэнгүйгээр ярьсан байгаа. “...Ланд круйзер-76 маркийн автомашиныг би 93.000.000 төгрөгөөр Бодь автомативаас худалдан авч байсан. Эдгээр материалууд хэрэгт хавсаргагдсан байгаа. Албан ёсны үнэлгээний комиссоор оруулж үнэлүүлээгүй байгаа, одоо тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэе. Би уг машинаа Төгөлдөрт 65.000.000 төгрөгөөр зарахаар гэрээ хийж нотриатаар батлуулсан, одоо би машинаа буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Зулзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Өмнө нь манай нөхөр Бямбажаргал Ланд круйзер 105 маркийн машинтай байж байгаад зарчихсан юм. Тэгээд худалдаа эрхэлж байгаад өвс хадлангийн тоног төхөөрөмжтэй байсан болохоор тариалангийн ажил хийхэд хөдөө гадаа явна гэж төлөвлөөд Ланд круйзер Прадо маркийн машин худалдаж авья гэж ярьж байгаад интернетээс зар хараад хайж байсан. 2015 оны 06 дугаар сарын сүүлчээр захын нэг ченж машин зарна гэж байна лээ гэхээр нь тэр утас руу залгаад нөхөртэйгээ 3, 4 дүгээр хороололд машиныг нь очиж үзэхэд нөхөр Бямбажаргалд таалагдаад авья гэсэн Тэр үед машины эзэн нь Төгөлдөр гэж 20 гаран насны туранхай залуу байсан. “...гайгүй машин байна гээд шууд авахаар тохирч 38.5 сая төгрөгөөр авсан санагдаж байна. Маргааш нь нотариатын газар худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө өгчихөөд шууд Авто тээврийн газар очоод шилжүүлэг хийлгэсэн. “...Төгөлдөр гэж залуу өөрийнхөө машин л гэж байсан, мэдээж өөрийнх нь нэр дээр байсан болохоор асуулт байхгүй байсан. Төгөлдөр уг машиныг анх хэлэхдээ 41 сая төгрөг гэж байсан боловч наймаа учраас ярилцаж байгаад 38.5 сая төгрөгөнд авсан...” гэсэн мэдүүлэг. 1 дүгээр хавтас, хх-154-155/,

Гэрч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Ц.Эрдэнэбулгантай 2011 оноос 2013 он хүртэл Удирдлагын академи сургуулийн магистрийн нэг ангид сурч байсан найзууд байгаа юмаа. 2011 оноос хойш бие биеэ мэднэ. Г.Төгөлдөрийг 2008 оноос эхэлж танина. “...2014 оны 11 дүгээр сард Төгөлдөр надад нэг ажил хийж байгаа түүнийхээ оронд байр авч байгаа намайг авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үед байраа томруулах гэж байсан болохоор Төгөлдөрөөс 3 өрөө байр авахаар яриад 42 сая төгрөг өгсөн. Гэтэл Г.Төгөлдөр нь надад худлаа ярьсан болж таараад миний мөнгийг буцааж өгөхгүй байсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард найз Эрдэнэбулган төмөр замд байдаг 3 өрөө байраа зарна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Г.Төгөлдөртэй яриад би төмөр замд байр авахаар боллоо мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Тэр үед Төгөлдөр за мөнгийг чинь буцааж өгье түр хүлээж бай гэж хэлсэн. Би 2015 оны 4 сард Эрдэнэбулганаас байрыг нь 90 сая төгрөгт авахаар тохироод урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд Эрдэнэбулганы байрыг аваад 2015 оны 6 сард би амралтаараа Дорнод аймаг руу явахаар болоод Эрдэнэбулган, Төгөлдөр хоёрыг хооронд нь танилцуулаад Төгөлдөрийг надаас авсан мөнгөө Эрдэнэбулганд өгчихөөрэй гэж хэлээд явсан. 2015 оны 6 сарын эхээр намайг Дорнодод байхад Эрдэнэбулган над руу яриад "миний Ланд круйзер 76 маркийн автомашиныг Төгөлдөр зараад өгье гээд нэр дээрээ шилжүүлж авч яваад утсаа авахгүй болчихлоо гэж надад хэлсэн. “...2015 оны 7 сард Төгөлдөр, Эрдэнэбулган бид гурав хотод уулзаад Төгөлдөрөөс Эрдэнэбулганы машиныг яасан талаар асуухад "Завхан аймаг руу ажилд явуулчихсан" гээд худлаа яриад байсан. Эрдэнэбулган бид хоёр автомашиных нь арлын дугаараар Авто тээврийн газраар шүүлгүүлэхэд 14-88 гэсэн дугаартай болчихсон эзэмшигч нь 8800**** гэсэн дугаарын утастай хүн байна гэж хэлсэн. Уг дугаар руу утасдаж асуухад нэг ах би зар дээрээс уг машиныг олж 38.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Энэ явдлын дараа Төгөлдөр алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-175/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байнаа би машин авах гээд "Да хүрээ" зах дээр явж байтал "Ланд круйзер 76" маркийн хар саарал өнгийн машин зарна гэсэн нэг утасны дугаар байхаар нь тэр дугаар руу /дугаарыг нь санахгүй байна/ залгахад ...45 сая төгрөгт зарна хэрэв үзвэл хороололд 3, 4-т ирээд үз гэхээр нь би хороолол 3, 4-ийн модны 2-т байрладаг нэг байрны гадна очиход Төгөлдөр гэж өөрийгөө танилцуулсан залуу Ланд круйзер 76 маркийн хар саарал өнгийн автомашин үзүүлсэн. “...45 сая төгрөгт зарна гэхээр нь 38.7 сая төгрөгт авъя хэрвээ өгөхөөр бол яриарай гээд утасны дугаараа орхиод явсан. Маргааш нь тэр Төгөлдөр гэдэг залуу над руу яриад та 39 сая төгрөгт авчих гэхээр нь наймаа дундаа хийгээд 38.5 сая төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд Модны 2-ын хажуу талын нотриатаар орж гэрээ хийгээд банк орж мөнгө аваад 38.5 сая төгрөг өгч уг автомашиныг авсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-177/,  

Хохирогч Э Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөр гэх залууг анх 2007 онд байх Шинжлэх ухаан технологийн сургуульд сурдаг байхад нь найз нараараа дамжуулж анх танилцаж байсан. Үүнээс хойш би ерөнхийдөө Төгөлдөртэй холбоотой байж байгаад 2014 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер стоун хотхоны барилга дээр цахилгаан монтажийн ажил хийж байхад нь би ажилтнаар хамт ажиллаж байсан. 2015 оны 05 дугаар сарын эхээр байх Төгөлдөр нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадаа ирж уулзаад "Би хятадаас хэдэн хүн авчирсан байгаа юм, 7 хоног хөдөөгүүр авч явах хэрэгтэй байна чи надад өөрийн машинаа 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч" гэж гуйсан. Ингээд гуйгаад байхаар нь маргааш нь би Яармагийн гүүрний орчим Төгөлдөртэй уулзаад өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн саарал өнгөтэй 88-54 УБГ улсын дугаартай машинаа өгөөд явуулсан. Тэгээд 7 хоногийн хугацаа дууссан боловч Төгөлдөр нь миний машиныг авчирч өгөөгүй. Араас нь хүмүүсээс сураглаж байгаад “...100 айлын нэг хүнд 12 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж сонсоод Төгөлдөрийг олж уулзаад миний машиныг авч өг гэсэн шаардлага тавихад удахгүй цахилгааны ажил дуусах гэж байгаа санхүүжилт ороод ирэхээр чиний машиныг авч өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай уулзахгүй зугтаагаад яваад байсан. “...Энэ машиныг манай аав Эрдэнэбат надад анх бэлгэнд өгч байсан юм. Уг машин нь 1993 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2007 онд орж ирсэн машин юм. Миний машины зах зээлийн үнэлгээ нь 15 сая төгрөгийн үнэтэй миний нэр дээр байдаг машин юм. Одоо бол банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа, гэхдээ би тухайн зээлийн барьцаанд тавиад зээлээ төлж барагдуулсан одоохондоо нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас хх233-234/,

“...Төгөлдөр нь надад 10.980.000 төгрөгийг төлөх дутуу ба үүнийгээ Төгөлдөр өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаагч хохирлын нэгдсэн тооцоо гаргахад Төгөлдөр нь надтай хамт байлцаж байж дээрх хохирлыг миний хар дэвтрээс үзэж гаргасан, одоо дээрх мөнгөн дүнд ямар нэгэн маргаан зөрүү байхгүй. Эрдэнэчимэг нь надтай хамт нэг дэлгүүрт лангуу түрээслэдэг. Эрдэнэчимэг нь Төгөлдөрийг танихгүй. Төгөлдөр нь надаас өмнө нь 2-3 удаа бараа зээлээр болон бэлнээр аваад буцаагаад өгчихдөг байсан. Тэгээд дараа нь 2015 оны 2 дугаар сард зээлээр бараа авах гээд ирсэн. Би холбоо дохиоллын материал зардаг, Эрдэнэчимэг цахилгааны материал зардаг. Тэгээд Төгөлдөр тэр өдөр цахилгааны материал илүү ихээр авах байсан болохоор би Эрдэнэчимэгт энэ залуу найдвартай гэж хэлээд Эрдэнэчимэгээс 26.000.000 төгрөгийн бараа зээлээр авч өгсөн, надаас тэр өдөр 2.180.000 төгрөгийн бараа зээлээр аваад барьцаанд нь Ланд-80 маркийн машин тавиад явсан. Тэрнээс хойш Төгөлдөр нь Эрдэнэчимэгээс авсан барааны үнээс 17.200.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 8.800.000 төгрөгийг миний 2.180.000 төгрөгтэй хамт одоо болтол өгөөгүй, энэ хооронд барьцаанд тавьсан байсан Ланд-80 машиныг нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эзэнд нь буцааж өг гэсэн тогтоолыг гаргаж 2016 оны 05 дугаар сард уг машины эзэн гэх Э.Мөнхтулгад хүлээлгэж өгсөн. Эрдэнэчимэг энэ хэрэгт хэдий хохирогч ч гэсэн уг зээлсэн барааг нь би авч өгсөн болохоор би хариуцна. 2016 оноос хойш би Эрдэнэчимэгээс авсан 8.800.000 төгрөгөөс 4.400.000 төгрөгийг нь өгчихөөд байгаа. Дээрхи мөнгийг би бага багаар өгөөд байгаа, цаашид Эрдэнэчимэгийн мөнгийг би өөрөө төлж бүрэн барагдуулна тийм болохоор би Эрдэнэчимэгээс авсан 8.800.000 төгрөгийг би нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын Бумбат дэлгүүрийн 33 тоот лангууг ажиллуулдаг. Манай лангуу нь цахилгааны багаж төхөөрөмж зарж борлуулдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надтай адилхан цахилгааны бараа зардаг Бат-Эрдэнэ над руу яриад "би хүн явууллаа цахилгааны бараа зээлээр өгөөд явуулчих" гэсэн. Ингээд би нөгөө хүнтэй уулзаад ямар нэгэн барьцаагүй бараа өгч явуулахгүй, барьцаа өгсөн тохиолдолд бараа зээлээр өгч явуулж болно гэсэн. Ингээд Төгөлдөр гэх залуу надад Ланд 80 маркийн цагаан өнгөтэй машин авчирч өгөөд надаас 22 сая төгрөгийн цахилгааны тоног гөхөөрөмж аваад явсан, 7 хоногийн дараа надад 4 сая төгрөг авчирч өгсөн. Тэгээд дараа нь хуучин Ланд круйзер 80 маркийн машинаа зарах гэж байна та өгч байгаач гэсэн. Би Төгөлдөрт машинаа авах гэж байгаа бол оронд нь барьцаанд тавих юм авчирч өг гэсэн шаардлага тавьсан. Төгөлдөр нь ахиад өөр нэг Ланд 80 машин оронд нь тавиад нөгөө машинаа авъя гэж надтай утсаар ярьсан. Тухайн өдрөө Төгөлдөр...манай нөхрөөс өмнөх барьцаанд тавьсан байсан машинаа аваад, оронд нь өөр машин үлдээгээд явсан байсан. Төгөлдөр надад өгөх ёстой 22 сая төгрөгөөс цувуулж өгөөд одоо улдэгдэл нь 8 сая төгрөг болсон байгаа...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-71/,

Хохирогч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөр урд нь намайг таньдаг. Бид 2 ажил хэргийн шугамаар 2013 онд танилцаж байсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сараас эхэлж Төгөлдөр нь барилга дээр ажиллаж байгаа гээд барилгын ажлын гүйцэтгэл хийхэд мөнгө дутаад байна гээд надад байраа ашиглалтанд орохоор 3 өрөө байр өгье гэж хэлээд эхлээд 26.000.000 төгрөг, дараа нь манай эхнэрийн ажилладаг байсан "Тэргэл тэх ХХК"-наас 36.000.000 төгрөгийг манай эхнэр Мөнхцэцэг, бид хоёрын нэр дээр сарын 2%-ийн хүүтэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлүүлж авсан. “...Ингээд Төгөлдөр нь надаас нийт 62.000.000 төгрөгийг зээлж аваад оронд нь барьж байгаа барилгаасаа 3 өрөө байрыг 110.000.000 төгрөгөнд бодож өгнө гэж хэлээд байр нь бүтэхгүй болохоор надаас зугтаагаад Тэргэл тэх ХХК-д 21.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 41.000.000 төгрөгийг өгөх дутуу байгаа. Үүнийгээ Г.Төгөлдөрөөс авмаар байна гэсэн мэдүүлэг. /3 дутаар хавтас, хх-186/,

Хохирогч Д.Доржпүрэвийн мэдүүлэг /хх-13/, гэрч Э.Чүлтэмдоржийн мэдүүлэг /хх-14/, сэжигтэн Г.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-20/, ял шалгах хуудас /хх-22/, ажил гүйцэтгэх гэрээ /хх23-45/, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа /хх-53/, хамтран ажиллах гэрээ /хх54-56/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-70/, хохирогч Ж.Нямдоржийн мэдүүлэг /хх-84/, гэрч Л.Мөнхбаярын мэдүүлэг /хх-87/, яллагдагч Г.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-96/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-147/, хохирогч Ц.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-153/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх-182/, хохирогч Э.Мөнхтулгын мэдүүлэг /хх-233/, иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-69/, иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-71/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-92/, хохирогч С.Энхбатын мэдүүлэг /хх128-129/, гэрч Г.Эрдэнэболдын мэдүүлэг /хх-130/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Төгөлдөрийг мөрдөн байцаалтанд сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 06-н хүртэлх хугацаанд давтан үйлдлээр буюу хохирогч Д.Доржпүрэв, Ж.Нямдорж, Ц.Эрдэнэбулган, Э.Мөнхтулга, Л.Бат-Эрдэнэ, С.Энхбат нарын 6 хохирогчоос нийт 198.480.000 төгрөгийн автомашин, холбоо дохиоллын болон цахилгааны материал, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч зарим үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Энхбатад барьж байгаа барилгаас байр авч өгнө гэж хуурч мэхлэх аргаар 62 сая төгрөгийг авч хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбат барилгын материалийн дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг Л.Бат-эрдэнээс холбоо дохиолол, барилгын цахилгааны материал зээлээр авна гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авч 10.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сард Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний орчим хохирогч Э.Мөнхтулгын эзэмшлийн Ланд круйзэр-80 маркийн 88-54 УБГ улсын дугаартай автомашиныг 7 хоног унаад өгье гэж хуурч мэхлэн авч, бусдад барьцаанд тавьж 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Нямдоржийн Тоёота Тундра маркийн 93-31 улсын дугаартай автомашиныг 45 сая төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн өөрийн нэр дээр шилжүүлж аваад, ломбарданд тавьж 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл иргэн С.Энхбат нь шүүгдэгч Г.Төгөлдөрийг барилгын ажил хийж байх явцад нь түүнтэй хамт явж барилгын материал болон ажилчдын цалин хөлс өгөх үед нь хамт байж барилгын ажил гүйцэтгэж байгааг мэдэж өөрөө хүсч мөнгө шүүгдэгч Г.Төгөлдөрт өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон,

Мөн иргэн Л.Бат-эрдэнэ нь шүүгдэгч Г.Төгөлдөрийг барилгын ажил хийж байх явцад нь түүнд барилгын материал болон бусад шаардлагатай зүйлсийг зээлээр өгөхөөр тохиролцон түүнд өгсөн болох нь өөрийнх нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,

Мөн иргэн Э.Мөнхтулга, Ж.Нямдорж нар нь өөрсдийн эзэмшлийн автомашиныг өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалан зээлдүүлэх газар буюу авто ломбардад тавьж, барьцааны мөнгөнөөс өөрсдөө авч ашиглаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул дээрх үйлдлүүдийг тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Г.Төгөлдөр нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эрдэнэбулганы эзэмшлийн 81-18 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-76 маркийн автомашиныг Хядадуудад зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилж аваад, бусдад зарч 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Да хүрээ зах дээр хохирогч Д.Доржпүрэвээс барилга бариулж байгаа, мөнгө орж ирэхээр нь өгнө гэж хуурч мэхлэх аргаар түүний зарж байсан Тоёота Хариер маркийн автомашиныг залилан мэхлэж авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөрийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн хэргийн ангилалд багтах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Г.Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй байдал нь ял хүнрүүлэх нөхцөл байдал болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ланд Круйзер 76 маркийн 14-88 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, Toyota Harier маркийн 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн гэм буруутай этгээд Г.Төгөлдөрөөс хохирогч нарт учирсан хохирол болох нийт 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эрдэнэбулганд 66.000.000 төгрөг, хохирогч Д.Доржпүрэвт 24.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Төгөлдөрт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Төгөлдөрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Хотгойд овогт Гантөмөрийн Төгөлдөрийн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар Г.Төгөлдөрийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Төгөлдөрийн урьд цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ланд Круйзер 76 маркийн 14-88 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, Toyota Harier маркийн 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж  хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгосугай.

  1. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Төгөлдөрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эрдэнэбулганд 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг, хохирогч Д.Доржпүрэвт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Төгөлдөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                Б.АРИУНХИШИГ