Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК -д холбогдох

 

Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК  нь манай компанитай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд тус бүр 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх GR-0318 тоот гэрээ байгуулан, дээрх 2 дүүрэгт Эрүүл мэндийн төвийн 2 давхар барилгын угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК -ийн инженер н.Баттулга хийлгэх ажлын талаар санал тавьж, барилгын зургийг манай и-мэйлээр явуулсан. 2 дүүрэгт баригдах барилга нь нэг зургаар яг адилхан хийгдэнэ гэсэн. Энэ зурагт гадна тохижилтын ажил байхгүй, зөвхөн барилга угсрахтай холбоотой ажлууд байсан. Бид энэ зургийн дагуу нэг барилга угсралтын ажлын тооцоог хийж, төсвийг гаргаж, үнийн саналаа 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18/24 тоот албан бичгийг үнийн задаргаа бүхий хавсралтын хамт хариуцагч руу явуулсан.

Бид үнийн саналаа боломжит бага өртгөөр тооцсон ба нэг барилга дээр гарах зардлын тооцоо 472 272 958 төгрөг болсон. Ингээд үнийн саналаа явуулснаас хойш 10 хоногийн дараа хариуцагчийн ажлын байран дээр уулзалт болсон ба хариуцагч талаас үнийг буулгах санал тавьж, харилцан ярилцсаны үндсэн дээр нэг барилгын тооцоог 449 000 000 төгрөг болгон бууруулсан. Ингэж ярилцсан хэдий ч гэрээ байгуулж ажлаа эхлэхгүй явсаар 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин уулзалдаж, үнэ төлбөрийг дахин багасгах тухай ярилцаж, нэг барилгыг 420 000 000 төгрөг, нийлээд 840 000 000 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр болж, 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан.

Э ХХК  нь барилгын ажил гүйцэтгэхэд бэлэн талбай хүлээлгэн өгөх, ажил хийх бололцоогоор хангаж, цахилгаанаар хангах ба бид уг талбай дээр хашаа барьж ажлаа эхлэхээр тохиролцсон. Гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж заасан ч барилга барих талбайг бидэнд хугацаандаа өгөөгүйгээс 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн, 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг тус тус эхлүүлсэн. Ажил гүйцэтгэлээ цаг тухай бүрд танилцуулж байх, мэдээ мэдээллээ солилцож байх үүднээс Beaver Chingeltei, Sukhbaatar Saglik Merkezi нэртэй фэйсбүүк групп нээн, ажлаа тухай бүр бичиж зургийг нь тавьдаг байсан.

Сүхбаатар дүүргийн барилгын талбай ажил эхлэхэд бэлэн биш, газар шорооны ажил эхлэхэд 2 талбай дээр тог цахилгаан байхгүйгээс ажил хийх боломжгүй болсон ба 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн талбайд генератор тавьж, 6 дугаар сарын 11-ний өдөр тогтой болох хүртэл манай байгууллага генераторын түлшийг өөрөөсөө гаргаж ажиллуулж байсан. 2 барилгын талбай дээр цахилгаан татах, тогтой болох асуудлыг захиалагч талд удаа дараа ярьж хэлж байсан боловч шийдэж өгөөгүй тул гэрээний хугацаандаа амжиж ажлаа дуусгахын тулд бид өөрсдөө хөөцөлдөж зардал мөнгийг нь гаргаж цахилгаантай болсон. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр санхүүжилт хийгдэхгүй байнаас болж ажил зогссон. Энэ хүртэлх хугацаанд эхний урьдчилгаа 80 000 000 төгрөг, дараагийн санхүүжилт 100 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, нийт 230 000 000 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал авсан.

Захиалагч талаас өөрсдөө боломжоороо материалаа аваад ажлаа явуулж бай гэсэн болохоор цалин бараа материал, машин, механизм, шатахууны зардал гээд 130 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн байдаг. Ажил зогсоход Чингэлтэй дүүргийн 2 давхар барилгын карказ бүтэн хийгдсэн, гаднах ханын өрлөг 24м3 өрөгдсөн, 1 дүгээр давхрын бохирын шугам сүлжээ хийгдсэн, түүний гаргалгаа, мөн цахилгааны ерөнхий самбар /ЕС/ хийгдсэн. Сүхбаатар дүүргийн барилгын карказ 1 дүгээр давхар бүрэн дуусаж, 2 дугаар давхрын баганын арматурчлал хийгдэж, 2 давхрын хучилтын хэв хашмал бүрэн хийгдсэн, мөн цахилгааны тэжээл татаж цахилгаанаар хангаж байна. 2 барилгын ажил нийтдээ 42,86 хувийн гүйцэтгэлтэй болсон байна.

...Манай компани гэрээнд заасан ажлыг үе шаттайгаар гүйцэтгэсээр байхад захиалагч талаас санхүүжилт хийхгүй, харин ч гэрээнд ороогүй, төсөвлөгдөөгүй ажлыг хийх талаар шаардлага тавьж эхэлсэн. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хуваарийн дагуу санхүүжилт хүссэн 18/30 тоот албан бичгийг захиалагч талд өгсөн. Энэ үед 2 барилгын гүйцэтгэл 22 хувьд хүрсэн байсан. Манайх нөхцөл байдлыг тайлбарлаж 170 000 000 төгрөгийн санхүүжилт хүссэн ч 100 000 000 төгрөг өгсөн.

Дутуу санхүүжилттэй ч ажлаа гүйцэтгээд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18/31 тоот бичгээр ажлын гүйцэтгэлээ дэлгэрэнгүй бичээд санхүүжилтээ хүссэн. Гэтэл захиалагч компанийн захирал О.Озтурк 2 барилгын гадна талын тохижилтын ажлыг хийх шаардлага сөргүүлж тавьсан. Гадна тохижилтын ажил бидний хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажилд ороогүй талаарх тайлбарыг хийхэд тэгвэл гэрээгээ цуцална, та нар гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж хэлсэн.

2 барилгад гаргасан нийт зарцуулалтын байдал: Бараа материал 194 337 590 төгрөг, цалин механизм 19 880 000 төгрөг, түрээс 32 556 000 төгрөг, харуул хамгаалалт 2 550 000 төгрөг, нийт 359 718 590 төгрөг болсон байна. Үүнээс 230 000 000 төгрөгийг санхүүжилтээр авсан. Тухайн ажлыг 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцсэн. Маргаан үүсэх болсон шалтгаан нь ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгоно гэж заасан байдаг. Иймд Э ХХК -иар бараа материал, машин механизм, түлш шатахууны зардал болон ажилтнуудын цалин хөлс нийт 130 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тус тус 2 давхар эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх СЯ-03-18 дугаартай гэрээ байгуулан хамтран ажилласан.

Уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохирч эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг, материалын хамтаар ажлын зураг төсөл, техникийн шаардлага, техникийн нэмэлт нөхцөлийн дагуу ашиглах боломжтой байдлаар хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ 1 барилгыг нь 420 000 000 төгрөг, 2 барилга нийлээд 840 000 000 төгрөг байхаар тохиролцсон. 

...Гэрээнд гарын үсэг зурахаас өмнө нэхэмжлэгч Б ХХК нь хийгдэх ажлууд болон түүний дотор барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажил байгааг анхнаасаа сайтар мэдэж байсан ба бидний зүгээс өгсөн үнийн санал нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэж заасан ба үүнд гадна тохижилтын ажил орсон тул гэрээнд ороогүй ажил хийлгэхийг хүссэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ. 

...Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт: ...Энэхүү гэрээний хүрээнд хийгдэх ажилд үнийн зөрүү эсвэл валютын ханшийн зөрүү бодож төлөхгүй болно. Гүйцэтгэгч энэхүү гэрээний хүрээнд хийгдэх бүх ажлыг болон хүлээлгэж өгөхийг болон энэ гэрээний 3.1-д зүйлд заасан үнийн дунгээс гадна ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бараа материал, машин механизм, түлш шатахууны зардал болон ажилтнуудын цалин хөлс гэрээний үнийн дүнд багтаж байгаа тул шаардах эрхгүй гэж үзнэ.

Нөгөө талаар Б ХХК нь ажлыг гэрээнд заасан хугацаа, зураг төсөл, техникийн шаардлага нөхцөлөөр, холбогдох стандартын дагуу, өөрийн хөрөнгө, багаж, техник хэрэгсэл, материал, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ зохих ёсоор шударгаар, хугацаанд нь биелүүлээгүй. 

Б ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан тул 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дуусаагүй барилгын ажлыг хүлээлцсэн акт үйлдэж 2 дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгыг гүйцэтгэлээр хүлээн авсан ба хүлээн авах үед нэхэмжлэлд дурьдсан 42.86 хувьтай байгаагүй юм. Гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу манайд гарган өгөх ёстой байсан Баталгааг манай компанид хүлээлгэн өгөөгүй ба бид нэхэмжлэгч Б ХХК-д ямар нэгэн урьдчилгаа төлбөр тооцоо хийх үүрэг, хариуцлага хүлээгээгүй боловч гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс амлалт өгч, авсан ажлаа хурдан гүйцэтгэж дуусгах зорилтоор нэхэмжлэгчид эхний байдлаар 80 000 000 төгрөг, ажил үргэлжлэх явцад нийтдээ 230 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн. 

Бидний өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд гарах шаардлагатай бүх зардал /тээвэр, байр, хоол хүнс, материал, холбоо, цахилгаан гэх мэт/-уудыг гүйцэтгэгч бие даан бүрэн хариуцана... гэж заасан байх тул өөрийн гаргасан зардалыг хохиролд тооцон нэхэмжлэх, цаашлаад шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ шударгаар биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн мөртлөө ажил хийж гүйцэтгэхтэй холбогдуулан гарсан зардлуудыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-дзаасныг баримтлан хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх “Барилга угсралтыг гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ажлын хэмжээ, хүрээг тодорхойлж, дүгнэлт өгөөгүйгээ.

...Э ХХК  нь манай компаниар ажил гүйцэтгүүлэх санал тавьсан бөгөөд үнийн санал авахаар 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн цахим хаягаар барилга угсралтын зураг явуулсан. Бид энэ барилгын зураг дээр ажиллаж, тухайн барилга дээр манай зүгээс хийх ажлын хэмжээ болон хийгдэх ажил бүрээр гаргасан үнийн саналыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18/24 тоот албан бичгээр үнийн задаргаа бүхий хавсралтын хамт хариуцагч руу явуулсан.

2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус бүр 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх GR-0318 тоот гэрээ байгуулан, дээрх 2 дүүрэгт Эрүүл мэндийн төвийн 2 давхар барилгыг угсрах ажлыг нийт 840 000 000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Харин энэ үнийн саналд уг 2 барилгын гадна тохижилтын ямар ч ажил ороогүй, анхнаасаа гадна тохижилтын ажил хийх талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй байсан. Захиалагчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнийн санал авахаар бидэнд илгээсэн барилгын зурагт гадна тохижилтын ажил байхгүй, гадна тохижилтын ажлын тоо хэмжээ, ажлын хөлс гаргах боломжгүй зураг байсан тул бид энэ талаар үнийн санал өгөөгүй.

...Ажил хүлээлцсэн актууд бол ийм ажлууд хийсэн, ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн гэдгийг нотолж байгаа ба энэ хийгдсэн ажил дээр гаргасан төсвөөр гүйцэтгэл гарах ёстой, санхүүгийн баримтуудаар гүйцэтгэл давхар батлагдаж байх ёстой юм. Шүүх "Бээвэр" ХХК-ийн гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд болон мэргэжлийн төсөвчний дээрх 2 барилгын гүйцэтгэл дээр хийсэн гүйцэтгэлийн төсвийг "нийт хийсэн ажлын хувь хэмжээг тодорхойлох баримтууд гэж үзэхгүй" гэсэн бөгөөд яагаад төсөвчний гаргасан төсвийг "гүйцэтгэл гаргасан баримт" гэж үзэхгүй байгаагаа үндэслэлтэй тайлбарлаагүй.

Мөн 2 барилгад орсон нийт зардлын санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн ч үнэлж үзээгүй. ...Төсөвчин бол бидний зардлын баримтыг авч үздэггүй, хийсэн ажлын тоо хэмжээ, обьёомоор зориулалтын барилгын төсөв зохиох программд байгаа үнээр төсвийг гаргадаг учраас хараат бус байдлаар гаргасан, мэргэшсэн төсөвчний үнэлэгдэх ёстой баримт гэж үзэн бид гаргаж өгсөн. Энэ гүйцэтгэлийн төсөвийг хариуцагч тал зөв буруу байна гэж маргадаггүй, хүлээн зөвшөөрөхгүй, дахин гүйцэтгэлийн төсөв гаргуулна гэж хүсэлт тавьж байгаагүй.

Төсөвчний хийсэн үнэлгээгээр бидний хийсэн ажил Сүхбаатар дүүргийн барилгад 153 985 452 төгрөг, Чингэлтэй дүүргийн барилгад 229 0261 414 төгрөг, нийт 383 046 866 төгрөгийи гүйцэтгэл байна гэж үзсэн нь гэрээгээр тохиролцсон 840 000 000 төгрөг бүхий ажлын хөлсний 45.5 хувийг хийсэн байна гэдэг нь батлагдаж байгаа бөгөөд энэхүү гүйцэтгэлийн төсөв нь үгүйсгэгдээгүй, нотлох баримтаас хасагдаагүй, хүчин төгөлдөр үнэлэгдэх хууль ёсны нотлох баримт юм.

...Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадсангүй. Шүүх талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талууд гэрээгээ цуцалсан болохыг дүгнэсэн ч харин гэрээ цуцлагдсаны үр дагаврыг арилгасангүй.

...Манай компани захиалагчийн зүгээс санхүүжилт олгохгүй ажил зогсоох хүртэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3-т заасан үүргээ биелүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т заасан "барилга угсралтыг ажлыг ... ажлын зураг төсөл, техникийн шаардлага, нөхцөлүүд, норм стандартад заасны дагуу чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлуудаа захиалагч талд барилгын ажлын актаар хүлээлгэн өгсөн билээ. ...Гэрээ цуцлагдсан тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг баримтлахгүй бөгөөд ийнхүү гэрээ цуцлагдахаас өмнө хийсэн ажлын хөлс буюу барилгад оруулсан хөрөнгөө авах тухай шаардлага гаргасан.

Иймд дээрх үндэслэлүүдийг нягтлан үзэж, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, барилга угсралтыг гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөгийг "Эйч Эн Си Констракшн" ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч “Эйч Эй Си контракшн” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр GR-03-18 дугаартай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу Б ХХК нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх ажил ба эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг материалын хамтаар ажлын зураг төсөл, техникийн шаардлага, техникийн нэмэлт шаардлага, нөхцөлүүд, хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан бусад нөхцлийн дагуу чанарын өндөр түвшинд, зориулалтын дагуу ашиглах боломжтой байхаар хийж гүйцэтгэхээр, нийт ажлын хөлс нь 840 000 000 төгрөг буюу тус тусдаа 420 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх 10-15/

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх гэрээний 3.2-т төлбөрийн нөхцлийг тохирсон байх ба гэрээний хүрээнд хийгдэх ажлын төлбөрийг гүйцэтгэгчид бэлэн мөнгөөр төлөхөөр, гүйцэтгэгч ажлын төлөвлөлтийн дагуу газар шорооны ажил эхэлсний дараа 80 000 000 төгрөгийг төлөх, үүнээс хойшхи төлөлтүүд нь гүйцэтгэгчийн нийт хийсэн ажлын дагуу хяналт тавих компани баталгаажуулснаар Туркийн хамтын ажиллагааны хөрөнгө зохицуулалтын газрын шалгалтын баг Туркээс урих ба ажлын хийгдсэн эсэхийг баталсны дараа 3 өдрийн дотор санхүүжилтийг хийхээр тус тус заажээ.

Ийнхүү хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эхний санхүүжилтэд 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгчээс ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор санхүүжилт хүссэн албан бичгийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100 000 000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөгийн, нийт 230 000 000 төгрөгийг дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлсөн байна.

            Гэрээний дагуу Б ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажил гүйцэтгэсэн ба 2 барилга дээр хийсэн ажлын гүйцэтгэл нь нийтдээ 42,86 хувь, энэ хугацааг хүртэл нийтдээ 360 000 000 төгрөгийн зардлыг гаргасан тул үүний зөрүү болох гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Хэрэгт авагдсан дээрх баримт, талуудын тайлбараас үзэхэд гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн дуусгаагүй байхад гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байна. Гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусаагүй талаар талууд маргаагүй, харин гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээний талаар маргаантай байна.

            Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотой хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч хэдийд ч гэрээг цуцлах, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээ цуцлахыг хүлээлгүйгээр гэрээг цуцлах мөн эрхтэй тул талууд хэн алины хүсэлтээр гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт “гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

          Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор мэргэшсэн төсөвчнөөр Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын угсралтын ажлын төсвийг 153 985 452 төгрөг, Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын угсралтын ажлын төсвийг 229 061 414 төгрөг гаргасан талаарх төсвийн тооцооллын болон санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргасан байна /III-хх 12-21, 22-33/ Энэхүү барилгын угсралтын ажлын төсвийн талаарх баримтыг хариуцагч тал маргаагүй, няцаасан баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт гэж үзэж үнэлэх боломжтой.

            Тодруулбал, нэхэмжлэгч компанийн гаргасан ажлын хөлсний талаарх нотлох баримтуудыг мэргэжлийн төсөвчний хийсэн дээрх төсвийн тооцоотой харьцуулан үзвэл Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхэд 127 046 545 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг гүйцэгэхэд 188 683 013 төгрөгийн зардал тус тус гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч компанийн хүлээн авсан гэх ажлын хөлс 230 000 000 төгрөгийг дээрх гарсан зардал болох нийт 315 726 558 төгрөгөөс хасч тооцвол 85 729 558 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч Эйч Эй Си констракшн ХХК төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчооноос үзвэл нэмэгдэл зардал 6 644 592 төгрөг, НӨАТ-ын 13 369 114, нормчлолын сан 240 644 төгрөг, захиалагчийн албан зардал 2 673 823 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналт зардал 1 336 911 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчооноос нэмэгдэл зардал 10 189 546 төгрөг, НӨАТ-ын 19 887 256 төгрөг, нормчлолын сан 357 971 төгрөг, захиалагчийн албан зардал 3 977 451 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналт зардал 1 988 726 төгрөг зэргийг нэхэмжлэгч талаас гарсан бодит зардал буюу нэхэмжлэгчид төлбөл зохих ажлын хөлсөнд хамруулан үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эйч Эй Си” ХХК-иас 85 729 558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 270 442 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...808 000 төгрөгийг” гэснийг “85 729 558 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН