Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Л.Б, Д.Р, Н.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Шүүгдэгч Л.Б, Д.Р нарын өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Н.Д-ийн өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/57 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Л.Б, Д.Р, Н.Д нарт холбогдох 2016001720117 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн, 39 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багт оршин суух хаягтай, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ДМ................. регистрийн дугаартай, Б овогтой Л.Б.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багт оршин суух хаягтай, ДМ................. регистрийн дугаартай, Б овогтой Н.Д.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багт оршин суух хаягтай, ДМ.............. регистрийн дугаартай, Ш овогтой Д.Р.

 

Шүүгдэгч Д.Р, Л.Б, Н.Д нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-аас 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг дэвсгэр Цахиуртай гэх газар шаргал өнгөтэй, ... - ... УНЛ улсын дугаартай, Тоёота Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан гол төмрийн Н1955, замагны 10279 дугаартай, ТОЗ 8 маркийн галт зэвсгээр ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнан, махыг хадгалж амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л.Б, Ш овогт Д.Р, Б овогт Н.Д нарт холбогдох 2016001720117 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Б, Д.Р, Н.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар сүүлтийн эрүүний яс 2 ширхэг, гол төмрийн Н1955, замагны 10279 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1 ширхэг, ... - ... УНЛ улсын дугаартай Тоёота Лексус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хэргийн газрын нөхөн үзлэгийн бичлэгтэй компакт диск 1 ширхгийн хэргийн хамт прокурорт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.О би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/57 дугаартай захирамжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч Д.Р, Н.Д, Л.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-аас 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг дэвсгэр Цахиуртай гэх газар шаргал өнгөтэй, ... - ... УНЛ улсын дугаартай, Тоёота Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан гол төмрийн Н1955, замагны 10279 дугаартай, ТОЗ 8 маркийн галт зэвсгээр ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнан, түүх эдийн зүйл болох махыг хадгалж амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Р, Н.Д, Л.Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Л.Б, Д.Р, Н.Д нар нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө өөрсдийгөө боловсролгүй, уншиж бичиж чадахгүй, нэрээ бичиж чадахгүй, мөн тухайн үед ан агнахдаа 2 мотоциклоор явсан, нэгийг нь Н.Д, нэгийг нь Д.Р, Л.Б нар унаж явсан, Д.Р, Л.Б нар хар сүүлтийг агнасан, харин Н.Д ангахыг мэдээгүй, харин махнаас авсан талаар мэдүүлэг өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.М, Ш.Д, Г.О нараас Үндсэн хууль болон Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг авахад хэсгийн төлөөлөгч Ч.Б дээрх нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахдаа “Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг сануулаагүй, мэдүүлгийг хуульд заасан журмаар аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч нь “танай хүнийг аврах" гэж байна гэж хэлээд мэдүүлэгт гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д заасан “Нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсхүл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Р, Л.Б, Н.Д нараас гэрчээр мэдүүлэг авахдаа болон хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал: Н.Д-аас мэдүүлэг авахдаа түүний бичиг үсэг мэдэхгүй тул эхнэр Б-г байлцуулж мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна. Гэтэл шүүгдэгч Н.Д-ийн эхнэр Б нь боловсролгүй уншиж бичиж чадахгүй, 3 дугаар анги төгссөн гэдгийг түүний ээж гэрч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Мөн Б-г боловсролгүй талаарх тодорхойлолтыг өмгөөлөгч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгч шинжлэн судлуулсан байна.

Шүүгдэгч Д.Р мөн боловсролгүй, бичиг мэдэхгүй тул түүнийг гэрчээр байцаахдаа Цогт сумын нийгмийн ажилтан А-г байлцуулж гарын үсэг зуруулсан мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа боловч шүүгдэгч Д.Р шүүхэд мэдүүлэхдээ нийгмийн ажилтан мэдүүлэг авахад байгаагүй дараа гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгчээ. Мөн шүүгдэгч Л.Б яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө боловсролгүй гэсэн тул өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан байдаг. Мөн ял шалгах хуудас нь дээр боловсролгүй талаар тусгагдсан боловч гэрчээр авсан мэдүүлэгт бүрэн дунд боловсролтой гэсэн байна. Улмаар бичиг үсэг мэдэхгүй гэрч Н.Д-аар газарчлуулан хэргийн газрын нөхөн үзлэг хийж тэмдэглэлд гарыг үсэг зуруулж бичлэг хийсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт Н.Д нь би тэр газрыг мэдэхгүй тул зааж өгөөгүй би тэр газрыг мэдэхгүй гэж мэдүүлж байна.

Шүүх харилцан нэгдмэл сонирхолтой байж гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож болох боловч яллах дүгнэлтэд дурдсан гол нотлох баримтууд буюу гэрч Н.М, Г.О, Б.Б, Ц.Д нарын мэдүүлэг дээр дурдсанаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дүгнэлтдээ: ...мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчиж мэдүүлэг авсан, Н.Д зээр агнахад оролцоогүй, мэдээгүй байсан, мөн Д.Р, Л.Б нар зээр агнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тухайн үед зээр агнахдаа машинаар яваагүй мотоциклоор явсан, шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Нотлох баримтыг шинжлэн судлуулах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заажээ.

Гэтэл хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шүүхээс үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээгүйгээр, хангалттай байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулаагүй байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нар нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-т мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан талаарх гомдол хүсэлтийг гаргахад “Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хүсэлтээ шүүхэд гарга” гэж амаар хэлж хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Прокурор нь 115 дугаартай яллах дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 18-нд үйлдсэн боловч хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-нд буюу 35 хоногийн дараа шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүгдэгч нарын уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлаа тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах захирамж гаргажээ.

Хавтас хэрэгт шүүгдэгч Д.Р, Н.Д, Л.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-аас 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг дэвсгэр Цахиуртай гэх газар шаргал өнгөтэй, ... - ... УНЛ улсын дугаартай, Тоёота Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан гол төмрийн Н1955, замагны 10279 дугаартай, ТОЗ 8 маркийн галт зэвсгээр ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнан, түүх эдийн зүйл болох махыг хадгалж амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч Б.Б-ийн “...Цогт суманд гэртээ байсан. Н.Д миний нөхөр байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр Н.Д хөдөөнөөс зээрийн нэг хөл мах авчирсан. Тэр нь гуя байсан, түүгээр нь би бууз хийж хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ идсэн, гадны хүн байгаагүй. Малын махнаас арай бараан өнгөтэй, хэлбэр нь бог малын гуяны хэлбэрээс өөр бас амтаар нь таньсан. Нөхөр маань “зээрийн хөл” гэж хэлсэн. “Д.Р, Л.Б хоёртой орой нь зээрэнд яваад ирлээ” гэж байсан. “Зээр алах хориотой шдээ” гэж нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр “зээрэнд явна энэ тэр гэж Л.Б, Д.Р хоёр надад хэлээгүй, намайг машинд суучих гэхээр нь суучихсан чинь зээр таараад Д.Р түүнийг буудчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/, гэрч М.Б-ийн “...Би Н.Д-аас “зээр алж баригдсан юм уу” гэж асуухад Н.Д хэлэхдээ “...Л.Б, Д.Р хоёртой Үрэлтийн хөтөл дээр таараад зээрэнд явчихаад ирсэн” гэж байсан. Тэгээд “нэг Ооно алсан” юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/, гэрч Н.М /хх-ийн 53-54 дүгээр тал/, Г.О /хх-ийн 58 дугаар тал/ Ц.Д /хх-ийн 57 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Н /хх-ийн 40-41 дүгээр тал/, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч Г.О-ын гаргасан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-93 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4597 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 100-103 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 1000614, 820/122 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84, 110-112 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг /хх-ийн 4-5 дугаар тал/ зэргээр хангалттай нотлогдсон байна.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх бөгөөд эдгээрийг шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд хэм хэмжээ тогтоож, үүнийг зөрчсөн нь тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилжээ.

Шүүх “...Яллах дүгнэлтэд дурдсан гол нотлох баримтууд буюу гэрч Н.М, Г.О, Б.Б, Ц.Д нарын мэдүүлэг дээр дурдсанаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх дүгнэв...” гэсэн, мөн гэрч Н.М, Ш.Д, Г.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэхдээ зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрсдийн мэдүүлгийг үндэслэсэн өөр нотлох баримтуудаар үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, бусад нотлох баримт болох гэрч М.Б, Б.Б нарын мэдүүлгийг үнэлж дүгнэлт өгөөгүй байна.

Шүүгдэгч Н.Д нь эхнэр Б-гаа “албан бусаар сургуульд сурч байсан, муу уншиж чадна” гэх, Б.Б-ийн ээж гэрчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн Ш.Д нь “Цогт суманд сургуульд сурч байсан, 3 дугаар анги төгссөн, муу уншиж, бичиж чадна” талаар мэдүүлэг өгч байхад шүүгдэгч Н.Д-ийн өмгөөлөгч Цогт сумын Ерөнхий боловсролын сургуулиас Б-г “боловсролгүй” талаарх тодорхойлолтыг гарган өгч шинжлэн судлуулсанд шүүх хэрхэн ямар дүгнэлт хийж, Б.Б-гийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. Нөгөөтэйгүүр хуулийн дагуу авагдаагүй албан тодорхойлолтыг шүүх үнэлж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч нараас гэрчээр авсан гэх мэдүүлэг нь яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлэгдэх үндэслэлгүй байхад шүүх дүгнэлтдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Р, Л.Б, Н.Д нараас гэрчээр мэдүүлэг авахдаа ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал: Н.Д-аас мэдүүлэг авахдаа түүний бичиг үсэг мэдэхгүй тул эхнэр Б-г байлцуулж мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна. Гэтэл шүүгдэгч Н.Д-ийн эхнэр Б нь боловсролгүй уншиж бичиж чадахгүй, 3 дугаар анги төгссөн гэдгийг түүний ээж гэрч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Мөн Б-г боловсролгүй талаарх тодорхойлолтыг өмгөөлөгч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгч шинжлэн судлуулсан байна.

Шүүгдэгч Д.Р мөн боловсролгүй, бичиг мэдэхгүй тул түүнийг гэрчээр байцаахдаа Цогт сумын нийгмийн ажилтан А-г байцуулж гарын үсэг зуруулсан мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа боловч шүүгдэгч Д.Р шүүхэд мэдүүлэхдээ нийгмийн ажилтан мэдүүлэг авахад байгаагүй дараа гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгчээ.Мөн шүүгдэгч Л.Б яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө боловсролгүй гэсэн тул өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан байдаг. Мөн ял шалгах хуудас нь дээр боловсролгүй талаар тусгагдсан боловч гэрчээр авсан мэдүүлэгт бүрэн дунд боловсролтой гэсэн байна...” гэсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нар нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Прокурорын газарт ирэхдээ яллах дүгнэлт сайн дурын үндсэн дээр гардан авч, албан ёсоор хүсэлтээ өгөхөөсөө өөрсдөө татгалзсан байдаг. Прокурор нь 115 дугаартай яллах дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 18-нд үйлдэн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-нд буюу 35 хоногийн дараа шүүхэд шилжүүлсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эд мөрийн баримт болох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буу ирээгүй байсантай холбоотой. Энэ нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй гэж үзэхгүй юм. Шүүгдэгч нар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тогтоол танилцуулах үеэс өмгөөлөгчтэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд яллагдагч Д.Р, Л.Б , Н.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Р, Л.Б, Н.Д нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалтгах ажиллагааны явцад хангалттай тогтоогоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх бөгөөд мөн зүйлийн 7 дахь заалтад зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэж түүнд оролцсон хүнд эрх үүргийг танилцуулсан тухай бичиж тусгахаар заасан байна.

Гэтэл мөрдөгч хуулийн эдгээр зохицуулалтуудыг зөрчиж, Н.Д-д тухайн ажиллагаанд ямар эрх үүрэгтэйгээр оролцохыг тайлбарлалгүйгээр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх боломжоор хангалгүйгээр хэрэг гарсан байж болох газрыг заалгаж, хэргийн газрын үзлэгт оролцуулан, тухайн газраас амьтны эрүүний яс хураан авч өөрийнх нь эсрэг нотлох баримтууд гаргуулсан байна.

Тодруулбал мөрдөгч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд Н.Д нь Д.Р, Л.Б нарын хамт зээр агнасан гэх газарт Н.Д-аар газарчлуулан очиж үзлэг хийсэн талаар тусгасан байх бөгөөд Н.Д-г уг ажиллагаанд оролцуулахдаа эрх, үүрэг тайлбарлаж өгөлгүйгээр оролцуулсан байх ба Н.Д нь тухайн ажиллагаанд би оролцоогүй гэж мэдүүлсэн байна.

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Р, Л.Б нарын зээр агнахдаа ашигласан байж болзошгүй галт зэвсгийг Н.Д-аар ямар нэгэн эрх үүрэг тайлбарлаж өгөлгүйгээр таниулах ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн байна.

Эдгээр нь мөрдөгч нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.

Түүнчлэн Д.Р, Л.Б, Н.Д нар нь тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэх хангалттай үндэслэл байсаар байхад тэдгээрээс хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй болохыг сануулж гэрчийн мэдүүлэг авсан байна.

Энэ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг болон өөрийгөө буруутай гэж тулгахыг хориглох” заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтад тусгагдсан хүний эрхийн язгуур зарчим, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй, яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэснийг зөрчсөн, сэжигтэн, яллагдагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан ноцтой зөрчил юм.

Шүүх прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид нэн тэргүүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг болон гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь сануулсны дараа гэрч мэдүүлэг өгөхийг зөвшөөрвөл эдгээр эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн болохыг нь тусгайлан баталгаажуулж гарын үсэг зуруулсны дараа худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулж мэдүүлэг авах шаардлагатай.

Гэтэл хэрэг бүртгэлтийн шатанд Д.Р, Л.Б, Н.Д нараас хууль зөрчиж авсан мэдүүлэгт тулгуурлан Н.М, Ш.Д, Г.О нараас гэрчийн мэдүүлэг авахдаа тэдэнд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, өөрөөр хэлбэл өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, цаашлаад гэрч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан мэдүүлэг гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх хууль бус арга хэрэглэхийг хориглох заалтыг зөрчсөн байж болохоор байна.

Тухайн хэрэгт хамааралгүй, хувийн сонирхолгүй гэрч боловсролгүй, монгол хэл бичиг мэдэхгүй байх нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үндэслэл болохгүйгээс гадна тухайн ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь уг мэдүүлгийг үнэн зөв эсэхэд эргэлзэх үндэслэл болохгүй. Харин тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдээс худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан гэрчийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж цуглуулсан, нотлох чадваргүй, үнэлэх боломжгүй нотлох баримтад тооцогдох магадлалтай.

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл зэргийг зөв тогтоох нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг бодитой тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой бөгөөд нотолбол зохих байдлууд тухайлбал гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь нотлогдсон эсэхийг хянах, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх, нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Л.Б, Д.Р, Н.Д нарт холбогдох 2016001720117 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай 57 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.Б

 

                         ШҮҮГЧИД                                  Т.Ж

 

                                                              Ч.Э