Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01720

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/01720

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Ш.Б нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-д холбогдох,

 

орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Алтаннаран хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Иргэн Ч.Б нь *** ХХК-ийн барьж буй *** байр, 7 давхар, ** тоот хаягт байрлах *** м.кв байрыг 1 м.кв, 1 700 000 төгрөгөөр тооцож нийт 74 800 000 (далан дөрвөн сая найман зуун мянган ) төгрөгөөр захиалж "Орон сууц захиалан байгуулах гэрээ-г *** ХХК-тай байгуулсан. Нийт урьдчилгааны үлдэгдэл төлбөрөө ажлын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож, гэрээний хавсралт 2-оор баталгаажуулсан. Гэрээний урьдчилгаа буюу хавсралтад заасан төлбөрийг нэхэмжлэгч тал бүрэн төлж барагдуулсан. Давагдашгүй хүчин зүйлээс болж төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал нэхэмжлэгчид байдаг. Тодруулбал, 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахал тархсан боловч энэ хугацаанд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн. Тодруулбал, 2019 оны 03 сарын 07-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.6-т заасан нийт төлбөрөос гэрээ байгуулагдсан даруй урьдчилгаанд 33 297 500 төгрөгийг төлж, үлдэгдэл 41 502 500 төгрөг дээр төлбөрийг график тогтоон төлүүлэхээр харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөр дээр хариуцагч тал маргадаггүй. 41 502 500 төгрөгийг төлөөгүй гэх асуудлыг яригддаг. Үүнтэй холбоотойгоор анх үндсэн төлбөрөөс хүүтэй нь нийлүүлж төлсөн талаарх баримтыг ирүүлсэн учраас үүрэг биелэгдсэн. Гэрээнд заасан үүрэг биелэгдсэнтэй холбоотойгоор Иргэний эрх зүйн зохицуулалтаар өмчлөгч болох нь тогтоогдох ёстой. Өмчлөгч болохтой холбоотой улсын бүртгэлд шаардлагатай баримт бичиг зүй ёсны шаардлагад нийцсэн байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...Иргэн Ч.Б хариуцагч *** ХХК 2019 оны 03 сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсанд маргаан байхгүй. Энэхүү гэрээний зүйл нь *** тоот хаягт байрлах, 2 өрөө, 44 м.кв талбайтай орон сууцыг Ч.Б 2019 оны 11 сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Орон сууц хүлээлгэж өгсөн акт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 2 сараас эхлэн *** ХХК-тай холбогдож эхэлсэн бөгөөд *** ХХК дээр дурдсан хаягт орон сууцны барилгыг барьж байсан. Ч.Б захиалгын гэрээ байгуулагдахаар хөөцөлдөх үед энэ байр ашиглалтад ороогүй байсан. 2 өрөө ороны сууцны 1 метр квадратыг 1 700 000 төгрөгөөр тооцож, нийт 74 800 0000 төгрөгийн үнэтэй байрыг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаанд нь ** хувь буюу 25 000 000 төгрөгийг 2019 оны 03 сарын 07-ны өдөр гэрээ байгуулахад бэлнээр төлсөн. Энэхүү үйл баримтын талаар хариуцагч тал маргахгүй байгаа. Гэрээ 2 хавсралттай. Учир нь 2019 оны 03 сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл эхний хавсралтын дагуу Ч.Б сар бүр 1 037 500 төгрөгийг 8 удаа төлсөн. Нийт 8 295 500 төгрөг төлсөн. Энэхүү мөнгийг төлөх үед байр ашиглалтад ороогүй, орон сууцыг Ч.Б хүлээлгэж өгөөгүй байсан учраас хүү тооцоогүй. Үүнийг үндсэн дүнгээс нь хасаж тооцоод энэхүү гэрээний 2 дахь хавсралт байгуулагдсан. Эхний хавсралтаар үлдэгдэл төлбөр 49 800 000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс 8 295 500 төгрөгийг тооцож 33 297 500 төгрөгийг урьдчилгаанд төлсөн гэж үзэж, үлдэгдэл 41 502 500 төгрөгийг зээлээр төлөхөөр тохиролцсон. Зээл 48 сар буюу 4 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, сарын 0,83 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож, 2019 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн хүү тооцож төлөлтүүдийг төлөхөөр тохирсон. 2019 оны 11 сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний хавсралт графикийн дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 41 502 500 төгрөг, хүү 8 473 427 төгрөг, нийт 49 975 887 төгрөгийг 2 дахь хавсралтын дагуу төлөх үүргийг Ч.Б *** ХХК-ийн өмнө хүлээсэн. Энэхүү үнийн дүн дээр төлсөн урьдчилгаа төлбөрийг нь оруулан тооцвол нийт гэрээний дагуу төлөх ёстой дүн 83 478 387 төгрөгийн тооцоо гарч байгаа. Давагдашгүй хүчин зүйлээс болж гэрээний үүргээс чөлөөлж буй асуудал биш юм. Ковидын хугацаанд хүү төлөлтийг хойшлуулсан албан бичгүүд байгаа. Ковидын хугацаа дууссанаас хойш хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлж, ямар нэгэн байдлаар төлөлт хийхгүй байсан учраас гэрээгээ цуцлах агуулгатай мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэл хүргүүлсэнтэй холбогдуулан Ч.Б хувьд 13 000 000 төгрөгөөр 2 удаа буюу 26 000 000 төгрөгийг 2022 оны 03 сарын 19-ний өдөр, 2022 оны 03 сарын 21-ний өдөр тус бүр төлсөн. Ч.*** 26 000 000 төгрөг төлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 8 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. 26 000 000 төгрөг төлснөө гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцвол үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр 7 639 952 төгрөг, хүү 375 296 төгрөг, алданги 1 166 097 төгрөг, нийт 9 181 345 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Өнөөдөр өглөөний байдлаар Ч.*** 4 716 000 төгрөгийг *** ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэхүү 4 716 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасагдах ёстой гэж үзэж байгаа. Нийт 4 481 385 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргах буюу шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх нь үүсээгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд бид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Шаардах эрх нь үүсээгүй учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. Өмчлөгчөөр тогтоох боломжгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар даалгах үндэслэл байхгүй...гэв.

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

Ч.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5 дугаар тал/

2019.03.07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, хавсралт /хэргийн 6-8 дугаар тал/

Б.Б Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-32 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хэргийн 113 дугаар тал/

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 126 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 135 дугаар тал/ нотлох баримтууд

5. Хариуцагчийн ирүүлсэн

*** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 34 дүгээр тал/

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 35 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 39-40 дүгээр тал/

Тооцоо үлдэгдлийн баталгаа /хэргийн 41 дүгээр тал/

Ч.Б төлөөгүй төлбөрийн тооцоолол /хэргийн 42 дугаар тал/

Тооцоо үлдэгдлийн баталгаа /хэргийн 43 дугаар тал/

*** ХХК 30а байр 62 тоот иргэн Ч.Б *** өдөр төлсөн 26 000 000 төгрөгийн суутган тооцсон тооцоолол /хэргийн 44 дүгээр тал/

*** ХХК-ийн и-баримт /хэргийн 45 дугаар тал/

Үндсэн зээл төлбөрийн аргачлал /хэргийн 46-47 дугаар тал/

2019.03.07-ны өдрийн Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээ /хэргийн 48-51 дугаар тал/

2019.03.07-ны өдрийн Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээний хавсралт-1 /хэргийн 52 дугаар тал/

2019.03.07-ны өдрийн Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээний хавсралт-2/хэргийн 53-56 дугаар тал/

Орон сууц хүлээлцэх акт /хэргийн 57 дугаар тал/

Зээл хүсэгчийн өргөдөл /хэргийн 58-59 дүгээр тал/

Зээлдэгчийн анкет /хэргийн 60-61 дүгээр тал/

Нарантуул олон улсын худалдааны төвийн тодорхойлолт /хэргийн 62 дугаар тал/

2021.03.10-ны өдрийн ***-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 63 дугаар тал/

2021.05.02-ны өдрийн ***-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 64 дүгээр тал/

2022.02.23-ны өдрийн *** ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 65 дугаар тал/

2022.03.14-ний өдрийн *** ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 66 дугаар тал/

*** ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 67-97 дугаар тал/

*** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 60 дугаар тал/

*** ХХК-ийн дүрэм /хэргийн 99-102 дугаар тал/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хэргийн 103-107 дугаар тал/

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 108 дугаар тал/

*** ХХК-ийн итгэмжлэл /хэргийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцыг өмчлөх эрхтэй... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... орон сууцны үнийг графикийн дагуу хүүгийн хамт төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн, зохих ёсоор бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.*** 2019 оны 03 сарын 07-ны өдөр Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээг хариуцагч *** ХХК-тай бичгээр байгуулж, *** талбай бүхий 62 тоот орон сууцыг зээлээр захиалан бариулахаар тохиролцсон нь гэрээ баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-8, 48-53 дугаар тал/.

 

Хариуцагч орон сууцыг 2019 оны 3-р улиралд барьж орон сууцыг байр хүлээлцэх акт үйлдэн шилжүүлж өгөх, нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөг төлөх үлдэх 49 800 000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй хавсралтад заасан график хуваарийн дагуу төлж дуусгахаар гэрээгээр тохиролцсон нь гэрээ, гэрээний хавсралт-2, зээл төлөх хуваар, зээл хүсэгчийн өргөдөл анкет баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 53-54, 58-62 дугаар тал/.

 

2019 оны 11 сарын 09-ны өдөр хариуцагч орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгчид акт үйлдэн хүлээлгэн өгсөн, орон сууц хөрөнгө нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад байгаа болох нь орон сууц хүлээлцсэн акт, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 57 дугаар тал/

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.3, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д заасан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигч талууд маргаагүй.

 

Хариуцагчийн ... нэхэмжлэгч орон сууцны үнийг графикийн дагуу хүүгийн хамт төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн, төлбөрийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэх тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний 3.2, 3.3-т зааснаар орон сууцны урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч 25 000 000 төгрөг төлөх, үлдэх 49 800 000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй зээлийн графикийн дагуу төлж барагдуулахаар анх тохиролцжээ.

 

2019 оны 03 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөг төлсөн нь хариуцагчийн ирүүлсэн и баримтаар тогтоогдож байна. /хэргийн 45 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч 2019.03.31-ны өдрөөс 2019.10.31-ны өдрийн хооронд нийт 8 295 500 төгрөг төлснийг хариуцагч орон сууц ашиглалтад ороогүй байсан гэх үндэслэлээр урьдчилгаа төлбөрт нэмж тооцон урьдчилгаа төлбөрийг 33 297 500 төгрөг төлснөөр тооцон, орон сууцны үнийн үлдэгдэл 41 502 500 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 0.83 хувийн хүүтэй 2019.11.25-ны өдрөөс 2023.11.25-ны өдөр хүртэл хугацаанд хүүгийн хамт нийт 49 975 887 төгрөг буюу урьдчилгаа төлбөрийн хамт нийт 83 478 387 төгрөг төлж барагдуулах график байгуулсан нь хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, Хавсралт-2 баримтаар тогтоогдож байна. /хэргийн 39-40, 55-56 дугаар тал/

 

Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч 2019 оны 11 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл орон сууцны үнэ зээлийн үлдэгдэл төлбөрийг графикт заасан хугацаанд тохирсон хүүгийн хамт төлж байсан боловч 2020.11.25-аас 2021.04.25-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, 2021.06.03-ны өдрөөс 2022.03.10-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг зохих ёсоор бүрэн төлөөгүй дутуу төлж гэрээний үүрэг зөрчигдсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн орон сууцны үнийг төлөх тухай мэдэгдлүүд, Хаан банкны дансны хуулга, тооцооны баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-32, 43, 63-97 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэгчийг орон сууцны үнийг хүүгийн хамт төлөх үүргийг хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн зөрчилд гэрээний хариуцлага буюу алданги тооцож нийт 9 181 345 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөртэй гэж тайлбарлаж тооцоолол баримтаа шүүхэд ирүүлсэн. /хэргийн 41-42 дугаар тал/

 

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тооцоолол баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй, өөрийн тайлбараа нотлоогүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 4 716 000 төгрөг төлсөн шилжүүлгийн мэдээлэл баримт ирүүлсэн боловч энэ үнийг ямар тооцоолол баримтыг үндэслэж төлсөн талаар ямар нэг тооцоолол баримтыг ирүүлээгүй.

 

Нэхэмжлэгч орон сууцны үнийг талуудын тохиролцсон графикийн дагуу хүүгийн хамт төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь дээр авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4, 5.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасан алданги тооцох эрхтэй.

 

Хариуцагчийн хариу тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хүү алдангийн тооцоолол баримтаар нэхэмжлэгч 9 181 345 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс нэхэмжлэгчийн 2023.05.02-ны өдрийн шилжүүлгийн баримтаар төлсөн 4 716 000 төгрөгийг хасаж үзэхэд 4 465 345 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарч байна.

 

Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээний 2.3-т захиалагч орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагч талын нэр дээр гаргахтай холбогдох баримт бичгийг захиалагч талд гаргаж өгнө, гэрээний 2.4-т захиалагч төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл гэрээнд заагдсан орон сууц нь гүйцэтгэгчийн өмчлөлд байна гэж талууд тохиролцсон байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд зохих ёсоор бүрэн биелүүлээгүй зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, татгалзал түүнтэй холбоотой тооцоолол баримтуудаар тогтоогдож байгаа, тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд зохигч талуудын хооронд бичгээр байгуулсан Орон сууц зээлээр захиалан бариулах гэрээний 2.3, 2.4, 5.4, 5.5, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 262 дугаар зүйлийн 262.1-д хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүй үгүйсгэгдэж байх тул хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602 200 төгрөгөөс 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 461 800 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан *** тоот хаягт байрлах, 44м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602 200 төгрөгөөс 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 461 800 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ