Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000474 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,******* овогт *******ын ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/246 дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.10 хувийн промильтой үедээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр, 140 дүгээр байрны гаднаас баруун талын хатуу хучилттай авто зам хүртэл ******* БНН улсын дугаартай Тоёота Приус-20/Тоуоta Prius-20/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг уншиж танилцаад  гаргах санал, хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3.  Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт "Шинэ хүн" гэх эмнэлэгтэй 2 давхар тоосгон байрны баруун талын засмал зам дээр хөдөлгөөнт эргүүл хийж яваад ******* БНН улсын дугаартай "тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгаад жолоочийн бичиг баримтыг асуухад байхгүй байсан тул Патрол багажаар шалгаж үзэхэд тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын жолоодох эрх хасагдсан төлөвтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа нь илт мэдэгдэж байсан тул АПНМ-0006 серийн дугаартай согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 2.10 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж иргэн *******ыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 22-25 /, согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл /хх-ийн 05-06/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 246 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-30/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.  

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 246 дугаартай шийтгэврээр 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.10 хувийн промиль согтолттой үедээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр, 140 дүгээр байрны гаднаас баруун талын хатуу хучилттай авто зам хүртэл ******* БНН улсын дугаартай Тоёота Приус-20/Тоуоta Prius-20/  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.   

Уг үйл баримт болсон нь уг үйлдлийг илрүүлсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч  Ч.Азжаргалын илтгэх хуудас, гэрэл зургийг үзүүлэлт зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь  2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 08 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр, 140 дүгээр байрны гаднаас баруун талын хатуу хучилттай авто зам хүртэл ******* БНН улсын дугаартай Тоёота Приус-20/Тоуоta Prius-20/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2.10 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг буюу тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ жолоодож шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж баривчлах шийтгэл эдэлсний дараа дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгслийг 2.10 буюу хүнд согтолттой үедээ жолоодсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа шинээр дахин тоолох нь зүйтэй байна.

Уг хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ын зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр/ 02 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭНГЭЛ