Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/01785

 

2023 оны 05 сарын 08 өдөр                     Дугаар 102/ШШ2023/01785                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, 10-р хороолол, * тоот хаягт оршин суух, * овогт Б.М,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, * тоот хаягт байрлах И.УХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,129,447 /дөрвөн сая нэг зуун хорин есөн мянга дөрвөн зуун дөчин долоон/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            1.Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            Би өөрөө нисэхэд ажилладаг агаарын хүлгийн инженер хүн. Нигер улсад томилолтоор ажиллаж ирээд цуглуулсан мөнгөөрөө гадаадад мастерт сурахаар төлөвлөн өөрөө Англи улсын сургуулиуд руу хүсэлтээ явуулсан. Нэг хүн ганцаараа мэдүүлэхэд өндөр зардалтай тул зуучлалын байгууллагад хандах олон хүүхэд зэрэг хандвал төлбөрөө хэмнэх боломжтой байсан тул энэ газар хандсан. Тиймээс уг газарт хандан 2021 оны 12 сарын 23-нд гэрээ байгуулж зуучлалын хөлс 1,200,000 төгрөг төлсөн. Гэрээнд зуучлалын хөлс төлж гэрээ байгуулснаас 10-14 хоногийн дотор сургуулиас урилга ирнэ гэсэн. Тэгээд цагаа товлоод 2022 оны 2,3 сараас сургуульдаа хамрагдаад явна гэсэн. Сүрьеэгийн шинжилгээ өгнө, эрүүл мэндийн даатгал 669 доллар, элчингийн хураамж 330 доллар гэж өгсөн.Уг хураамжуудыг төлөөд хүлээсэн. Матералаа бүрдүүлэн өгсний дараа байнга утасдаж лавладаг байсан. Хариу өгөхгүй байсан тул Английн албан ёсны виз мэдүүлэг хүлээн авах төв дээр 4 дүгээр сарын 13-нд материалаа аваачиж өгсөн. Тэгэхэд хэрэгт холбогдож байсан эсэх, хурууны хээ, зураг аваагүй байсан уг нь авах ёстой юм байналээ. Тэгж аваагүй тул 2022 оны 04 дүгээр сарын 13-аас 10 дугаар сарын дунд хүртэл визний хариу ирээгүй. Би нисэхэд ажилладаг тул онгоцтойгоо гадагшаа явах хэрэг гараад паспортоо авах хэрэгтэй байна гэсэн. Энэ хугацаанд ажил сургалт зэргийг гадагшаа сурах гэж байгаа гэсэн төлөвлөгөөнөөс болоод цуцалж байсан. Энэ хугацаанд цаг хугацааны хувьд хэцүү болж эхэлсэн. Мөнгөө гадна өөр зүйлүүдээр хохирсон . Гэрээ нь анх байгуулахад маш итгэл төрүүлэхээр байсан. Дараа нь бодоход залилсан байсан. Материал цааш явсан эсэх нь тодорхойгүй. Паспартоо аваад хариу ирээгүй хүлээсэн. 11 дүгээр сарын 28-нд паспорт ирсэн. Паспортоо буцааж аваад эрүүл мэндийн даатгалын мөнгөө авах гэж 2 сар хүлээгээд мөнгө нь орж ирэхгүй болохоор залилан хийсэн газар байна гэж үзэн шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-нд нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн зөвлөгөө шаардлагатай юм байна гэж үзээд өмгөөлөгч авсан. Гэрээнээс хэрэгжсэн зүйл ганц байхгүй. Мөнгийг нь аваад ийм нөхцөл байдал оруулдаг. Нэхэмжлэл гаргасан 2022 оны 12 дугаар сарын 20-ны ханшаар 3,429,447 төгрөг. Үүн дээр нэмээд өмгөөлөгчийн 500,000 төгрөг, гэрээ хуурамч байсан тул 1,200,000 төгрөг дээр нэмээд 1,700,000 төгрөг. Сүүлд хүүхэд өвдөөд байна над руу жоохон ч гэсэн мөнгө буцаагаад өгөөч гээд тухайн үед 1,000,000 төгрөг буцааж авсан тул 1,700,000-аас хасаад 700,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийт 4,129,447 төгрөг нэхэмжилж байгаа.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Манай үйлчлүүлэгч Б.М-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэл бүхий хуульд нийцсэн байгаа. Монгол улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь шударгаар гүйцэтгэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу хоорондоо зохицож эвлэрлийн журмаар хэлэлцэхийг хичээсэн боловч хариуцагч талаас шалтгаалан үр дүн гараагүй . Ийм учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Гэрээний хувьд нэгэнт иргэний эрх зүйн харилцааг үүсгэж зуучлалын гэрээг байгуулсныг хуульд нийцсэн гэж үзэж болохоор байна. Гэрээг баталсан компанийн тэмдэг дарагдсан тул үндэслэл бүхий гэрээ гэж үзэж болохоор байна. Гэрээний 3.3.2-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заасан байсан. Мөн гэрээний 3.1.3-д зуучлагч үүргээ бүрэн биелүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Харамсалтай нь гэрээнд заасан үүргүүдээ биелүүлээгүй. Энэ компани тухайн үед аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Энэ хүрээнд гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэстэй гэж үзнэ. Мөн гэрээний 3.3.3-д зааснаар аль нэг тал буруутай үйл ажиллагааныхаа хүрээнд нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөхөөр заасан. Энэ байдлаар Монгол улсын иргэний хуулийн зохих заалтууд, иргэн Б.Мтэй байгуулсан зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлүүлж өгөхийг хүсэж байна...гэв.

            2. Хариуцагч И.УХХК-ийн төлөөлөгч Э.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлага зэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирж гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцүүлэн: хариуцагч байгууллагаас өгсөн бүрдүүлэх материалын жагсаалт /хх-4/, зуучлалын хөлс төлсөн төлбөрийн баримт /хх-5/, өөрийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-6/, Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-7-8/, төлбөрийн баримтууд /хх-9-11/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1.Шүүх Б.Мнэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2. Талуудын хооронд зуучлалын гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээнд зуучлагч И.У ХХК-ийг төлөөлөн Э.У гэрээг байгуулсан гэх боловч гэрээнд гарын үсэг зураагүй байна.

            3. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ. Гэтэл зуучлагч компанийн захирал Э.С гэрээг баталж, гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлж хэн болох нь тодорхойгүй хүн гарын үсэг зурсан, компанийн тамга тэмдэг дарагсан байна.

            4. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба мөн зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх хуулиар буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Маргаан бүхий гэрээг нэхэмжлэгчтэй хэн байгуулж буй, түүнд компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгосон эсэх нь тодорхойгүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийж буй гуравдагч этгээдтэй энэ тухай амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэжээ.

            5. Хариуцагчийн төлөөлөгч Э.С нь тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн учир хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

            6. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зуучлах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй ба уг гэрээний дагуу хариуцагчид төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болгож буй маргаан бүхий гэрээний 3.3.2 дахь хэсэг нь зуучлагч талд бус харин зуучлуулагчид хамаарах зохицуулалт байх бөгөөд визний төлбөр, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчид бус өөр компанид төлсөн байна. Тиймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлоо арилгуулах эрхтэй тул эрүүл мэндийн даатгалд төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ам.долларын ханшаар тооцсон гэх боловч 39,747 төгрөгийг илүү шаардсан байх тул нэхэмжлэлээс энэ хэмжээгээр хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 4,089,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            9. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 92,671 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.У ХХК-иас 4,089,700 /дөрвөн сая наян есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,747 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 92,671 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА