| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/01396/И |
| Дугаар | 102/ШШ2023/01886 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/01886
2023 оны 05 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2023/01886 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, * хаягт оршин байх, ГД сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, * тоот хаягт оршин суух, Б* овогт Ё.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 356,618 /гурван зуун тавин зургаан мянга зургаан зуун арван найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш ,
Хариуцагч Ё.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ГД СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Оршин суугч Ё.Э нь 30 гаруй жил энэ байранд амьдарч байгаа бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 147.1, 147.4 дэх заалтуудыг сүүлийн 15 жил биелүүлэлгүй жил болгон заавал шүүхээр нэхэмжлүүлж байж төлбөрөө төлдөг. Ингэж 15 жил шүүх болон СӨХ-ны ажлыг хүндрүүлж, чирэгдэл учруулдаг. Иргэний үүргээ санаатай биелүүлдэггүй заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрээр төлбөр төлдөг гажиг үзэгдлийг бүрэн зогсоох талаар арга хэмжээг авч өгнө үү. Ё.Э ын санаатай төлөхгүй байгаа 2021, 2022 онуудын СӨХ-ны төлбөр ба төлбөртэй холбоотой нийт 356,618 төгрөгийг төлүүлж СӨХ-ны хэвийн ажиллагааг хангаж өгч туслана уу. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 342,600 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөг, нийт 356,618 төгрөг шаардаж байгаа. Хариуцагч нь дээврээс ус гоождог гээд төлбөр төлөхгүй байгаа. Хэрвээ ус алдсан бол тухай бүрт нь бидэн дхэлээд янзлуулах боломжтой. Бид хэсэгчилсэн засвар хийдэг. Автомашины хаалтын хувьд тэр оршин суугч маш их бухимдаж шаардаж байж бид хаалтыг хийлгэсэн. Оршин суугчаар хийлгээгүй. Сар бүрийн засвар, үйлчилгээний тогтмол хураадаг зардлын хэмжээ 22,840 төгрөг бөгөөд энэ хэмжээ өөрчлөгдөөгүй...гэв.
2. Хариуцагч Ё.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие СӨХ-ны төлбөр төлдөггүйн учир нь СӨХ-ны дарга Г.С дарга нь хувийн компанийн эзэн болчихсон юм шиг аашилж, дуртай зүйлээ хийж, дургүйгээ үл гүйцэтгэдэгт оршиж байна. СӨХ надаас төлбөрөө авангуутаа зөвхөн өөрийн подъездын дээд талын дээврийг янзлуулж эхэлсэн билээ. Та бүгд ирж хийсэн зүйлийг нь хараарай. Түүнээс гадна СӨХ-ны дарга манай байрны зам дээрх автомашины хаалтыг манай орцны хүмүүс мөнгөө нийлүүлж байж гүйцэтгэсэн билээ. Гэтэл Г.С нь би гүйцэтгэлээ, 20,000 төгрөг төлж чип аваарай гээд зарсан байгаа юм. Нэг сарын засварын зардал 5,900 төгрөгийг хасаж тооцож өгөхгүй бол дараагийн шатны шүүхэд хандана. ГД СӨХ-ноос манай дээд талын дээврийг засварлаагүйгээс бороо орохоор өрөөний дотор талын хана дагаад борооны ус урсчихдаг. Уржнан жил тэр чигээр нь дээврийн ажил хийж өгнө гээд дээврийг хуулаад, янзалж чадаагүй. Бороо ороод хэцүүдсэн. Тэр хавьд газрын зөвшөөрөл авах гэж байсан компанийн хүмүүс л хийгээд байсан. Энэ байдлаас болоод гэртээ засвар ч хийж чадахгүй байна. Труба 5-9 давхар хүртэл сольж, ажлын хөлс нь гээд 40,000 төгрөг хураасан боловч манай дээр л ганцхан 71,000 төгрөг гэж тавьсан байсан. Машины зогсоолын хаалтыг манай хажуу айлын залуу н.М 2,500,000 төгрөг төлж хийлгэсэн гэсэн. Үзлэг хийхэд яг манай дээд талын дээврийг засварлаагүй байсан. Манайх 9 давхарт байдаг, би лифтээр явдаг, хогоо бункерт хаядаг нь үнэн. Гэвч бороо орохоор дээрээс ус алдаад гэртээ тухтай байж чадахгүй, СӨХ-нд мэдэгдэхээр тоохгүй байгаа учир төлбөр төлмөөргүй байдаг...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: СӨХ-ны гэрчилгээ болон гүйцэтгэх захирал томилсон тухай удирдах зөвлөлийн тогтоол /хх-3-4/, нотариатын төлбөр төлсөн баримт /хх-5/, 106 тоотын оршин суугч Ё.Э ын 2021, 2022 онуудад төлөгдөөгүй төлбөрийн жагсаалт бүхий хүснэгт /хх-6/, Төрийн банк ХХК дахь ГД СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэхийн жагсаалт /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нотлохоор 2 хуудас фото зураг /хх-47-48/ баримтаар гаргасан.
5. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08446 дугаар захирамжаар ГД СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг 13 дугаар байрны дээвэр, хариуцагч Ё.Э ын өмчлөлийн орон сууцны таазснаас ус алдсан эсэх зэрэг бодит байдлыг үзлэг хийж бэхжүүлэхээр шийдвэрлэж /хх-22/, үзлэгийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохигчдыг байлцуулан хийж гүйцэтгэн, фото зургаар бэхжүүлэв. /хх-24-45/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ГД СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний сар бүрийн тогтмол зардал 22,840 төгрөгийг хариуцагч Ё.Э 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй учир хуримтлагдсан төлбөр 342,600 төгрөг, нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 3000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөг, нийт 356,618 төгрөгийг шаардаж байна гэж тодорхойлон шаардаж байна.
3. Хариуцагч Ё.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ГД СӨХ-ны захирал дур зоргоороо авирладаг, бороо орох үеэр дээврээс ус алддаг, энэ талаар мэдэгдэхээр шийдвэрлэж өгдөггүй, дээвэрт засвар хийсэн боловч яг манай дээд хэсгийг засварлахгүйгээр бусад хэсгийг засварласанд гомдолтой байдаг, энэ шалтгаанаар СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэж тайлбарлан маргасан.
4. Нэхэмжлэгч ГД СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн, иргэн Г.Сосор тус СӨХ-ны гүйцэтгэх захирал мөн болох нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас олгогдсон № тоот Гэрчилгээ болон тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №* тоот тогтоол зэргээр тогтоогдож байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Хариуцагч Ё.Э нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 3 дугаар орц, 9 давхрын 106 тоот орон сууцны өмчлөгч мөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба тэрээр ГД СӨХ-ны гишүүн, оршин суугч мөн байна.
6. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан бөгөөд Төрийн банк ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагч Ё.Э ын төлөгдөөгүй төлбөрийн тооцоолол тогтоогдож байх тул нэхэмжлэгч ГД СӨХ нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 342,600 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу ГД СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг 13 дугаар байрны дээвэр, Ё.Э ын өмчлөлийн орон сууцны хана, тааз зэрэгт шүүхийн журмаар үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр тус байрны дээврийн зарим хэсэгт нэмэлт засвар хийсэн байх боловч хариуцагч Ё.Э ын орон сууцны дээд хэсэгт нэмэлтээр завсар хийгдээгүй байсан бөгөөд хариуцагчийн орон сууцны дотор талд орж өрөөнүүдийн хана, таазны байдлыг тус тус фото зургаар бэхжүүлсэн.
8. Хариуцагч нь ГД СӨХ-ны удирдлагын оршин суугчидтай зүй бус харьцдаг, оршин суугчаар автомашины хаалт хийлгээд хаалтны чипний мөнгө хураадаг, дээвэрт засвар хийхдээ зөвхөн өөрийнх нь орон сууцны дээд хэсгийг засварлуулаагүй гэх зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч эдгээр үндэслэл нь түүний хуульд зааснаар СӨХ-нд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал төлөх үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ё.Э оос 342,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГД СӨХ-нд олгохоор шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын зардал 3000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсаныг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь нотариатын зардлыг ямар үндэслэлээр шаардаж буй нь ойлгомжгүй, хэрэв Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирол гэж шаардаж байгаа тохиолдолд хариуцагчтай гэрээний харилцаанд орсон байхыг шаардах ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг шаардах боломжтой. Иймд нэхэмжлэгч нотариатын зардлыг шаардах эрхгүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон нь үндэслэлгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлүүдэд зааснаар тэмдэгтийн хураамж буюу шүүхийн зардлыг хуваарилан шийдвэрлэдэг учир уг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Хариуцагч Ё.Э нь нэхэмжлэгч ГД СӨХ-ны буруугаас дээврээс ус алдсаны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Харин энэ шалтгаан нь түүний дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд цаашид дээврээс ус алдсан тохиолдолд ГД СӨХ-нд мэдээлэх, улмаар СӨХ-ны зүгээс зохих арга хэмжээ авах боломжтой талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
12. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хангагдсан нэхэмжлэлийн шаардлага 342,600 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 10,928 төгрөгийг хариуцагч Ё.Э оос гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Э оос дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 342,600 /гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГД СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 14,018 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,018 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Э оос 10,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГД СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА