Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2026/0009/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Улсын яллагч Б.Д......

Шүүгдэгч М.Б...... түүний өмгөөлөгч Д.З...... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ..... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518007920884 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ....." ХХК-нд ашиглалтын инженер ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч М.Б......бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б......... нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Сансарын 3 дугаар гудамжны 22 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Б...... маргалдаж улмаар хуваарьт эд хөрөнгө болох гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас зэргийг үнсний нурам дээр хаях, хагалах, асгах зэргээр устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 411,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б...... мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2518007920884 дугаартай хэргээс:

Хохирогч Ө.Б..... 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед манай нөхөр Шарын гол сумаас ажлаасаа бууж ирсэн тэр үед нь Хонгор сумын 1 дүгээр баг Сансар 3 дугаар гудамжны 22 тоотод гэртээ ажлаасаа цайндаа ирсэн байсан тэгээд манай нөхөр Б... нь надаас миний машины түлхүүрийг асуусан тэгэхээр нь би машины 5 бул нь дугарсан байгаа тэгэхээр хоёулаа миний ажлыг тараад хамт Дархан явъя гэхэд намайг хэл амаар доромжлоод ажлын хаалга өшиглөөд уурлаад гараад явсан тэгээд би 18 цагийн үед ажлаа тараад гэртээ очсон чинь гэрийн хашааны гадна миний цүнхтэй хувцсыг гадаа тараагаад хаясан байсан тэгээд би гайхаад хашаа руугаа орсон чинь хашаан дотор байсан хогны хажуу талын үнсэн дээр миний хувцсыг тавьсан байсан, мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг хашаан дотор бүгдийг нь тараагаад хагалаад тавьсан байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон чинь манай нөхөр Б..... гэртээ хүүтэйгээ хоёулаа байсан манай хүү 7 настай тэгээд би ороод чи яаж байгаа юм хүний хамаг юм гаргаад хаясан байх юм гэхэд намайг хэл амаар доромжлоод чи манай гэрээс зайл гээд намайг хүүхдийн хажууд хэл амаар доромжилсон тэгээд би аавд нь гар утсаар хэлсэн чинь манай хүү тэгэхгүй дээ гээд тоохгүй байхаар би гэрээсээ гараад Дархан орж өргөдөл өгсөн. Би Бү..... гэр бүлийн баталгаатай байсан одоо бол би шүүхээр ороод гэр бүлийн баталгаагаа салгасан. Тухайн эд зүйлсийг би өөрийнхөө цалингаас худалдаж авч байсан манай нөхөр авч өгч байгаагүй. Сар бүр бид хоёр хамт яваад хоол хүнсний эд зүйлсээ авдаг байсан. Мөн 2022 оноос өмнө надад сар бүр 200,000 төгрөг өгдөг байсан тэгээд би хэсэг маргалдаад жил тустай амьдарсан тэрнээс хойш мөнгө өгөөгүй, хааяа хүүдээ юм авч өг гээд 20,000, 30,000 төгрөг өгдөг байсан. 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр 200,000 төгрөг шилжүүлсэн, тэр мөнгөөр нь би гэртээ юм авч дэлгүүрийн өр өгөөд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч Г.О.... 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “... Би 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад гаднаас Б..... нөхөр .......орж ирээд эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ нэг удаа цохиод ажлын хаалгыг хүчтэй хаагаад гаднаас нь цохичхоод гадаа байсан эхнэрийнхээ машины хаалга руу цохичхоод яваад өгсөн. Тэгээд би ажлаа тараад гэр лүүгээ явж байхад *******ай гэрийнхээ хашааны гадна Б....... хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнийг нь хашааны гадна гаргаад хаясан байхаар нь би хувцсыг нь хашаа руу нь давуулаад шидчихээд гэр лүүгээ явсан тэгээд маргааш өглөө нь ажилдаа явж байхад нөгөө хувцаснуудыг нь дахиад гаргаад шидсэн байсан тэгээд тэр хувцас нь байгаад байхаар нь би ...... хэлсэн чинь хувцас чинь гадаа байгаад байхаар нь эгч нь гутал, пүүз хоёрыг чинь гэртээ оруулсан байгаа эгчээсээ аваарай гэсэн тэгээд Б..... манай гэрээс ирж гутлаа авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

"......" ХХК-ийн шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-725-912937 дугаартай: “... Нийт 411,200 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-32 дугаар тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Б...... үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М....... бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б........ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б....... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч .......г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б........ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б......... оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР