| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00569/И |
| Дугаар | 102/ШШ2023/01887 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/01887
2023 оны 05 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2023/01887 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар дараах хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, * хаягт оршин суух, эрэгтэй, * овогт Б.М
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, * хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, * тоот оршин суудаг, эрэгтэй, * овогт С.Ш
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 225,037,500 /хоёр зуун хорин таван сая гучин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулах
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
С.Ш нь 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж 150,000,000 төгрөг зээлж, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр орон сууцны 2 байрыг барьцаалж, зээлээ 202 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эргүүлж төлөх, 2 сарын хугацаатай байхаар талууд тохирсон. Би 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөгийг зээлдэгч С.Ш-н Хаан банк ХХК-ийн *** дугаартай дансанд шилжүүлэхдээ эхний сарын хүү 7,500,000 төгрөгийг үндсэн зээлээс суутгуулахаар санал тавьсан тул эхний сарын хүүг суутган авч 142,500,000 төгрөгийг С.Ш-н дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эхний сарын хүүг үндсэн зээлээс суутгуулсан тул хүү төлөхгүй, 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 26-ны хүүг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 7,500,000 төгрөг, 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны хүүг 2022 оны 5 дугаар сарын 13-нд 7,500,000 төгрөг зээлийн хүүд төлсөн байна. Зээлийн хүү төлөх хугацаанд 2022 оны 5 дугаар сарын төлбөл зохих 7,500,000 төгрөгийг төлөөгүй тул алданги тооцож 9,187,500 төгрөг болсон.
Ингээд 5 дугаар сарын зээлийн хүү төлөгдөөгүй байхад зээлдэгч С.Ш надад дахин хандаж зээлийн гэрээний хугацааг сунгах, барьцаанд байгаа орон сууцны 2 байрын нэгийг чөлөөлүүлж, оронд нь өөр орон сууц барьцаалъя гээд зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Талууд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дээр дурдсан нөхцлүүдийг гэрээнд тусгаж, 6 сарын хугацаатай, зээлийн хүүг 4 хувь болгон бууруулж шинэчилсэн гэрээг бичгээр байгуулсан. Барьцаанд тавигдсан 2 байрны нэгийг чөлөөлж, оронд нь С.Ш-н өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, **** тоот дахь 48 м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалж, барьцааны гэрээ хийсэн. Гэвч зээлдэгч С.Ш нь хоёр дахь гэрээг хийснээс хойш зээлийн хүүг 6 сар төлөлгүй явж байгаад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь хоёр гэрээний зээлийн төлөөгүй хүү 42,000,000 төгрөг, алданги 23,850,000 төгрөг болсноос сүүлд төлсөн 7,500,000 төгрөгийг хасаад нийт төлөгдөөгүй хүү 49,500,000 төгрөг, алданги 25,537,500 төгрөг, үндсэн зээл 150,000,000 төгрөг нийлээд нийт 225,037,500 төгрөг төлөхөөр байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчтай байгуулсан хоёр гэрээ нийлээд төлвөл зохих төлбөр 253,455,000 төгрөг болоод байгаа. Үүнд үндсэн зээл 150,000,000 төгрөг төлөөгүй, зээлийн хүүд 49,500,000 төгрөг, дараа нь 7,500,000 төгрөг төлсөн байсан. Алданги 25,537,500 төгрөг гэж байсан ч бодит байдал дээр 67,000,000 төгрөг болохоор байгаа. Б.М өөрөө тооцоо гаргаж хариуцагчийн татгалзлыг няцаасан. Нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хохирлыг хариуцах ёстой. Иймд зээл, зээлийн хүү болон анзыг шаардах эрхтэй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна уу...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Б.М аас 150,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Хүү болон зээлээ төлөөгүй удсан шалтгаан нь байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч миний эрхэлдэг уурхайн ажил буюу ухаш усанд автан 8, 9 дүгээр саруудад ажил зогссон. 10 дугаар сард цэвэрлэгээний ажил хийгдэж дууссанаар ажил эхэлсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түлшний хомсдлоос шалтгаалж он дуустал уурхайн ажил зогсолт хийсэн. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс л үйл ажиллагаа эхэлж байна. Үндсэн үйл ажиллагаа доголдож борлуулалтын орлого саатсан тул зээлийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч хойшлуулсан. Миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү болон алдангийг бууруулж, төлбөр төлөх хугацааг хойшлуулан тогтоож эвлэрэн хэлэлцэхийг нэхэмжлэгчээс хүсэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Анх зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон 150,000,000 төгрөгийг бүрэн олгоогүй ба эхний сарын хүү 7,500,000 төгрөгийг суутгаж, энэ дүнгээс хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүүг 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны хоорнд 7,500,000 төгрөг, 3 дугаар сарын 26-нд 7,500,000 төгрөг, 5 дугаар сарын 13-нд 7,500,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөгийн хүүг зээлдүүлэгч талд төлсөн. Гэрээг 5 дугаар сард сунгаж, зээлийн хүүг багасгасан. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүг буруу тооцсон байна. Тодруулбал: зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 142,500,000 төгрөг олгогдсон учир энэ хэмжээнээс гэрээнд заасан 5 хувийн хүүг төлөх үүрэг хүлээнэ. Мөн 5 дугаар сард гэрээг сунгахдаа зээлийн хүүг 7,500,000 төгрөгөөр 2 удаа буюу 30,000,000 төгрөг төлсөн байгаа нь хасагдахаар байна. Ингээд зээлийн хүү 19,000,000 төгрөг болно. Алдангийг шаардах эрх үүссэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 52 хоногоор тооцвол 19,968,000 төгрөг болж байна. Ингээд нийт 38,968,000 төгрөгийн хүү, алданги, үндсэн зээл 142,500,000 төгрөг, нийт 181,468,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар бус, харин зээлийн гэрээний хугацаагаар тооцно...гэв.
3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:
- 2022 1 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-8/, мөн өдрийн Барьцааны гэрээ /хх-9/, гэрээний талуудын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-5/, мөн өдрийн Барьцааны гэрээ /хх-6-7/, БНХАУ-ын иргэн *****-с С.Ш-д олгосон 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл /хх-11/ зэрэг болно.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор шүүхэд аливаа нотлох баримт гаргаагүй байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05820 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Н.Ц-с 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-21/, захирамжийн дагуу шүүхээс шаардсан баримтыг нотариатч Н.Ц 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн байна. /хх-23-30/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Б.М ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 49,500,000 төгрөг, алданги 25,537,500 төгрөгийг шаардана. Эхний сарын зээлийн хүүг хариуцагч үндсэн зээлээс хасуулж тооцохыг хүссэний дагуу 7,500,000 төгрөгийн хүүг хасаад зээлийг олгосон учир үндсэн зээл 150,000,000 төгрөгөөс тооцно. Алдангийг гэрээгээр тохирсон сар тутмын зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй учраас тухай бүрт нь тооцсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 142,500,000 төгрөг, зээлийн хүү, алдангид 38,968,000 төгрөг, нийт 181,468,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзалын үндэслэлээ: нэхэмжлэгч гэрээгээр тохирсон 150,000,000 төгрөгийг олгоогүй учир бодитоор шилжүүлсэн 142,500,000 төгрөгийг буцаан төлнө. Мөн энэ үнийн дүнгээс зээлийн хүү, алдангийг тооцно. Зээлийн гэрээг эхлээд 2 сарын хугацаатай байгуулсан учир энэ 2 сарын хугацааны зээлийн хүү төлөх ёстой учир 4 дүгээр сарын зээлийн хүү гэж шаардах эрхгүй. 5 дугаар сард гэрээний хугацааг 6 сараар сунгасан учир энэ хугацаагаар л зээлийн хүүг тооцох ёстой. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Б.М , С.Ш нар харилцан тохиролцсоноор 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдүүлэгч Б.М нь зээлдэгч С.Ш-д 150,000,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх болон бусад нөхцлийг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тусгаж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-8/
4.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдөр талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Нарс Тэнхээ /Tenhe/ гэх иргэний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29 дүгээр байрны 29 тоот дахь 65,9 м.кв талбайтай орон сууцыг тухайн иргэнээс С.Ш-д олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалан, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-9-11/
4.3. Бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр олгогдох 150,000,000 төгрөгөөс эхний сарын зээлийн хүү 7,500,000 төгрөгийг тооцож суутгахаар гэрээний талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож, үүний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 142,500,000 төгрөгийг шилжүүлэн, зээлийн гэрээний эхний сарын хүүг талууд төлсөнд тооцсон, улмаар хариуцагч зээлийн 2 дахь сарын хүүгийн төлбөр 7,500,000 төгрөгийг 4 дүгээр сарын 01-ний өдөр төлж, дахин 4 дүгээр сарын гэх зээлийн хүүнд 7,500,000 төгрөгийг 5 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлсөн ба энэ хугацаанд үндсэн зээлээс төлөөгүй талаар зохигчид тайлбарлаж байна.
4.4. Гэрээний талууд дахин 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, өмнө байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 6 сараар сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг 4 хувь, алдангийг 0,2 хувь болгон багасгаж, мөн өдрөө Барьцааны гэрээг дахин байгуулж, барьцааны зүйлийг С.Ш-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ****** тоот дахь 48 м.кв орон сууцаар сольж, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-5-7/
4.5. Зээлийн гэрээг сунгаснаас хойш хариуцагч С.Ш тухайн сунгасан 6 сарын хугацаа дуусах хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөр огт төлөөгүй ба 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөг төлсөн талаар зохигчид тайлбарлаж байна.
5. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээний дагуу мөнгө олгогдсон, зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин үндсэн зээлийн төлбөр 150,000,000 төгрөг, эсхүл бодитоор хариуцагчид шилжүүлсэн 142,500,000 төгрөгөөр тооцох эсэх, зээлийн хүү болон алдангийг гэрээний хугацаанаас хэтрүүлэн нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
7. Талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн буюу хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 150,000,000 төгрөг зээлдүүлж, гэрээний хугацаа дуусахад талууд дахин нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг сунган, зээлийн хүүгийн хэмжээг болон алдангийн хэмжээг багасгаж өмнөх зээлийн гэрээний үүргээ дүгнэн өөр үүргээр солихоор тохирсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт нийцжээ.
8. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг гэрээнд заасан 150,000,000 төгрөгийг зээлдэгчид бүрэн шилжүүлээгүй, 7,500,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж тайлбарлан, үндсэн зээлд 142,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж маргах боловч уг гэрээний дагуу эхний сарын зээлийн хүүгийн төлбөр 7,500,000 төгрөгийг зээлдүүлэгчийн зөвшөөрлөөр суутгуулан төлсөнд тооцсон гэж тайлбарлаж байгаа нь татгалзлын дээрх үндэслэлээ үгүйсгэж байх тул зээлийн гэрээгээр тохирсон 150,000,000 төгрөгийг Б.М нь С.Шижирболдод шилжүүлсэн, улмаар гэрээ байгуулах үед зээлдэгч нь эхний сарын зээлийн хүүг төлсөнд тооцохоор талууд харилцан тохиролцсон байна гэж дүгнэлээ.
9. 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 150,000,000 төгрөг, 2 сарын хугацааны зээлийн хүү 15,000,000 төгрөг, нийт 165,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс эхний сарын хүү 7,500,000 төгрөгийг үндсэн зээлээс суутгуулан төлж, хоёр дахь сарын буюу 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлөх зээлийн хүүгийн төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлж, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй байна.
10. Ийнхүү бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлэгчид 7,500,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлж, улмаар талууд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин Зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн гэрээг дүгнэж, уг гэрээний хугацааг сунгасан. Ийнхүү зээлийн гэрээний хугацааг сунгахаар нэмэлт гэрээ байгуулах хүртэл хугацаанд хариуцагчаас төлсөн 7,500,000 төгрөгийг шүүх зээлийн хүүгийн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч тухайн төлбөрийг зээлийн хүүгийн төлбөрт төлж байгаа болохоо хүлээн зөвшөөрч төлсөн тул зээлийн хүү гэж үзэх үндэслэлтэй.
11. Шинэчлэн байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 150,000,000 төгрөг, 6 сарын хугацааны зээлийн хүү 36,000,000 төгрөг, нийт 186,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн ба зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөг төлснийг нийт гүйцэтгэвэл зохих 186,000,000 төгрөгөөс хасч 178,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М т төлөх үүрэг хүлээнэ.
12. Маргаан бүхий зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасанд нийцжээ.
13. Нэхэмжлэгч 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зээлийн гэрээний хугацаа дуусаж, гэрээний үүрэг шаардах эрх үүссэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 52 хоногийн алдангийг тооцвол нэг хоногийн алданги 357,000 төгрөг байх бөгөөд хугацаа хэтэрсэн 52 хоногт нийт 18,564,000 төгрөгийн алданги тооцохоор байгааг нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Ш-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 28,500,000 төгрөг, алданги 18,564,000 төгрөг, нийт 197,064,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож, нэхэмжлэлээс илүү шаардсан 27,973,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дэмжиж тайлбарлахдаа хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа тухай тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгч Б.М нь хариуцагч С.Ш-д холбогдуулан барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир түүний тайлбарыг үндэслэн барьцааны гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй. Харин хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу хариуцагчид холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.
16. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,283,138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 197,064,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 1,143,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ш-с 197,064,000 /нэг зуун ерэн долоон сая жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,973,500 /хорин долоон сая есөн зуун далан гурван мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,283,138 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,143,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА