Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01819

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01819

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: *** ХХК-ийн байр хаягтай, рд: ***,***ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, З,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Ц,

 

хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, А нарт холбогдох,

 

*** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээнүүдээр тус тус барьцаалсан үл хөрөнгүүдээр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээнүүдийн дагуу Д.Ц, Т.А нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү, Г.М

хариуцагч Т.А, Д.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

хариуцагч Т.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г өмгөөлөгч Ш.Б

хариуцагч Т.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч

хариуцагч Д.Ц өмгөөлөгч Б.Бнар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзий хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч Т.З, Д.Ц, Д.Г, Т.А нарт холбогдуулан *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээнүүдээр тус тус барьцаалсан үл хөрөнгүүдээр хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээнүүдийн дагуу Д.Ц, Т.А нарын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** болон Голомт банкны хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. *** дугаартай гэрээ байгаа. Уг зээлийн гэрээгээр 1 468 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 22,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож барьцаа болон батлан даалтын гэрээнүүдийг холбогдох этгээд нартай байгуулсан. ЗГ3305113073 тоот зээлийн гэрээг иргэн Т.З байгуулаад түүний өмчлөлийн *** дугаартай эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн *** м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дэвсгэр газар болох газрын нэгж талбарын *** дугаартай Сонгинохайрхан дүүргийн *** талбайтай аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг дээр нь байгаа үл хөдлөхийн хамт барьцаалсан. Мөн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Т.З өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *** тоот хаягтай 49 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 297 м.кв дээрх хаягтай 6 автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгө нийт эдгээр 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Иргэн Д.Ц байгуулсан *** 2 тоот ипотекийн гэрээгээр Д.Ц өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Сонгинохайрхан дүүргийн *** тоот хаягт байршилтай 64,69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн Д.Ц өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Сонгинохайрхан дүүргийн *** тоот хаягт байршилтай 66,77 мкв талбаа бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Улмаар *** 1 тоот батлан даалтын гэрээгээр Д.Ц, *** тоот батлан даалтын гэрээгээр Т.А нар өөрийн эд хөрөнгө дансан дахь мөнгөн хөрөнгөөр баталгаа гаргаж хариуцахаар гэрээ байгуулсан. *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн дуусах хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон хэдий ч үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгээгүй тул банкны зүгээс нэхэмжлэл гарган үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 1 894 671 697 төгрөг 17 мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Энэхүү хэргийг 2020 оны 09 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлээд *** дугаартай шийдвэр гарсан уг шийдвэрт өөрчлөлт ороогүй. Үндсэн зээлийн маргаан шийдвэрлэх хүрээнд өнөөдрийн хэргийн хариуцагч нарыг гуравдагч этгээдээр татсан байсан. Хариуцагчаар татаагүйтэй холбоотой барьцааны асуудлыг шийдвэрлээгүй орхин шийдвэрлэсэн. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174 дүгээр зүйлийн 174.1, Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу бид эрхээ хэрэгжүүлэн шүүхэд хандсан. *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *** 1, *** 2, *** 3 дугаартай ипотекийн гэрээгээр *** дугаартай барьцааны гэрээгээр улмаар *** 1, *** 2 дугаартай батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцааны гэрээгээр барьцаалагдсан хөрөнгө хүрэхгүй тохиолдолд үлдэгдэл дүнг батлан даалтын гэрээгээр хангуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Манай байгуулсан батлан даалтын гэрээ бол хариуцлагын гэрээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

3. Хариуцагч Т.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Т.З барьцаалуулсан байгаа хөрөнгө болох оффисын зориулалттай үл хөдлөхийг ***-д түрээслүүлдэг байсан.Түрээсийн төлбөрөө төлөхгүй удаан хугацаанд төлөхгүй хуримтлуулсан төлбөр үүссэн байсан. Уг төлбөрөө нэхэмжлэхэд манайх боломжгүй байгаа зээл хөөцөлдөж байгаа зээлд тавих барьцаа хөрөнгө хэрэгтэй байгаа. Хөрөнгүүдээсээ барьцаалуулаад зээл бүтвэл түрээсийн төлбөрөө төлөх боломжтой гэдэг зүйлийг ярьж хөрөнгүүдийг нь барьцаалуулсан. Нэхэмжлэгч талаас ах дүүгийн хамааралтай гээд байгааг тодруулахад овог нэгтэй төрсөн ээж өөр гэсэн . Төрсөн ах дүүс байлаа гээд ***-д хамааралтай гэсэн үг биш, хөрөнгө нэг гэсэн үг биш юм. Тиймээс Т.З холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч Т.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой байгаа. Дампуурлын хэрэг дээр үндсэн нэхэмжлэл явж байгаа. Шүүхэд нотлох баримтаар өгсөн нэхэмжлэгчээр оролцох хэрэг дээр Голомт банк ийм барьцаа хөрөнгүүдээр хангуулна гэсэн шаардлага гаргаад явж байгаа. Энэ 2 хэрэг тусдаа. Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 2,3 газар зэрэг гаргаад яваад байгаа. *** нэхэмжилж байгаа барьцааны хөрөнгө хангуулах, батлан даалтын гэрээний шаардлагууд нь зээлийн гэрээний үндсэн шаардлага хангагдахгүй тохиолдолд хамаарах ойлголт байгаа юм. Үндсэн зээлийн асуудлыг шийдээгүй байж эндээс барьцаа хөрөнгөөр хангуулаад шүүхийн шийдвэр дээр очих асуудал байхгүй. Яг ижилхэн нэхэмжлэл Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр байгаад байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухаай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 зохигчдын маргаж байгаа зүйл түүний үндэслэлийн талаар өөр хэргийн шүүх шийдвэрлэж байгаа бол гэж заасан. Яг энэ нэхэмжлэлтэй нэхэмжлэл гаргасан байгаа. Өмгөөлөгч хэлж байгаагаар дампуурлын хэрэг энэ хэрэг өөр гэж байгаа. Үндсэн шаардлагыг төлөх ёстой хүн нь *** ХХК төлж чадахгүй бол хуулийн заалтаараа эдгээр хүмүүс төлнө .Дампуурлын хэргийг шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдэх хууль зүйн үндэс байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 117 дугаар зүйлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэмдэгтийн хураамжийг 2 шаардлага байгаа гэж 2 удаа 70200 төгрөг төлсөн байсан. Үүнийг анхааран биз. Нотлох баримт дээр зээлийн гэрээ батлан даалтын гэрээ тоонууд дээр зөрүүтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага хангахгүйгээр зээлийн гэрээ авчраад байгаа. Батлан даалтын гэрээний нөхцөл дээр заасан 18,38 дугаар хуудас дээр байгаа шаардлага тодорхой харагддаггүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага олон шүүх хурал дээр гарсан. Нотариатаар батлуулаад байгаа анхан шатны баримтууд огт харагдахгүй байгааг засдаггүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. хариуцагч Д.Ц өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ш.Б өмгөөлөгчийг дэмжиж санал нэг байна. Тухайн зээлийн гэрээ анх *** хийгдсэн байдаг. Зээлийг Т , Т.А , Д.Ц нар хувьдаа аваагүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад *** гэх компанид итгээд хөрөнгөө барьцаалуулснаараа энд хариуцагч болоод ирснээрээ үндэслэлгүй байна. *** Голомт банк хоёрын хоорондох харилцаа болохоос өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулсан хувь хүний асуудал биш гэж үзэж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/

Голомт банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/

2021.08.04-ний өдрийн 735 дугаар Эрх олгох тухай захирлын тушаал /хэргийн 7 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 8 дугаар тал/

2018.09.28-ны өдрийн *** дугаар Зээлийн гэрээ /хэргийн 9-14 дүгээр тал/

Эргэн төлөлтийн график /хэргийн 15-16 дугаар тал/

2018.09.28-ны өдрийн *** дугаар Барьцааны гэрээ /хэргийн 34-36 дугаар тал/

2018.09.28-ны өдрийн ***-1 дугаар Ипотекийн гэрээ /хэргийн 20-24 дүгээр тал/

2018.09.28-ны өдрийн ***-2 дугаар Ипотекийн гэрээ /хэргийн 25-28 дугаар тал/

2018.09.28-ны өдрийн ***-3 дугаар Ипотекийн гэрээ /хэргийн 29-32 дугаар тал/

2018.09.28-ны өдрийн ***-1 дугаар Батлан даалтын гэрээ /хэргийн 33-34 дүгээр тал/

2018.09.28-ны өдрийн ***-2 дугаар Батлан даалтын гэрээ /хэргийн 35-36 дугаар тал/

Т.З Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 37 дугаар тал/

Т.З Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмши эрхийн гэрчилгээ /хэргийн 38-39 дүгээр тал/

Т.З Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 40 дүгээр тал/

Т.З Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 41 дүгээр тал/

Д.Ц Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 42 дугаар тал/

Д.Ц Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 43 дугаар тал/

Д.Г Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 44 дүгээр тал/

Хүү тооцооллын хүснэгт /хэргийн 45 дугаар тал/

2020.09.25-ны өдрийн *** дугаар Шүүхийн шийдвэр /хэргийн 46-51 дүгээр тал/

2021.01.15-ны өдрийн 163 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 52-60 дугаар тал/

2022.02.23-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 61-63 дугаар тал/

2022.05.10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 64-66 дугаар тал/

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Голомт банк ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хэргийн 67 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 94 дүгээр тал/

2021.08.04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай захирлын тушаал /хэргийн 110 дугаар тал/

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /хэргийн 111 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 113 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 127 дугаар тал/

 

7. Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн

Т.З итгэмжлэл /хэргийн 70 дугаар тал/

Т.А итгэмжлэл /хэргийн 72 дугаар тал/

Д.Ц итгэмжлэл /хэргийн 74 дүгээр тал/

П.О итгэмжлэл /хэргийн 83 дугаар тал/

2022.10.18-ны өдрийн 102/2022/17235 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 84-85 дугаар тал/

2020.09.25-ны өдрийн 102/ШШ2020/02773 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 86-88 дугаар тал/

2021.01.15-ны өдрийн 163 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 89-93 дугаар тал/

Д.Ц хүсэлт /хэргийн 124 дүгээр тал/

Д.Г хүсэлт /хэргийн 137 дугаар тал/

хариуцагч Т.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч хүсэлт /хэргийн 136 дугаар тал/

2021.01.13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 141-142 дугаар тал/

2023.01.29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 143-144 дүгээр тал/

 

Гуравдагч этгээдээс

Хариу тайлбар /хэргийн 103-105 дугаар тал/

2018.06.29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 106 дугаар тал/

2018.08.20-ны өдрийн ***-д гаргасан өргөдөл /хэргийн 108 дугаар тал/

2018.08.24-ний өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт /хэргийн 109 дүгээр тал/

2023.03.06-ны өдрийн хүсэлт /хэргийн 116 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...*** ХХК зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцаа болон батлан даалтын гэрээний үүрэг шаардаж байна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч нар эс зөвшөөрч ... Сонгинохайрхан дүүргийн шүүхэд дампуурлын хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 2,3 газар зэрэг гаргаад яваад байгаа. Үндсэн зээлийн асуудлыг шийдээгүй байж эндээс барьцаа хөрөнгөөр хангуулаад шүүхийн шийдвэр дээр очих асуудал байхгүй. Дампуурлын хэргийг шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдэх хууль зүйн үндэс байхгүй... гэж тайлбарлав.

 

 Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*** ХХК Голомт банкнаас 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар ЗГ3305113073 тоот зээлийн гэрээ байгуулан 1 468 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар,

 

1. 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар З*** гэрээг хариуцагч Т.З байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, түүний өмчлөлийн

 

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

Сонгинохайрхан дүүрэг, ***гэрчилгээтэй, *** талбай бүхий аж ахуйн зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө,

 

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 49м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий, гаражийн зориулалттай 6 машины зогсоол үл хөдлөх хөрөнгийг,

 

2. 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар *** Ипотекийн гэрээг хариуцагч Д.Ц байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн, түүний өмчлөлийн

 

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан.

 

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар БДГ3305113073-1 Батлан даалтын гэрээг нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Д.Ц байгуулан, 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар *** Батлан даалтын гэрээг нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Т.А байгуулан, тус тус 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар *** тоот зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар харилцан тохиролцсон нь зээлийн болон ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9-45 дугаар тал/

 

Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан барьцаа болон батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээнүүд байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Хууль болон гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

*** ХХК Голомт банк ХХК-тай байгуулсан 2018 оны 09 сарын 28-ны өдөр дугаар *** тоот зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор бүрэн биелүүлээгүй 1 894 671,19 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд гэрээний үүрэгт мөнгөн төлбөрийн үүрэг ногдуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан байна. /хэргийн 46-60, 86-93 дугаар тал/

 

Зохигчид энэ талаар маргаагүй.

 

Ийнхүү үүрэг гүйцэтгэгч болох *** барьцаа болон батлан даалтын гэрээгээр хангагдсан зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч барьцаа болон батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд бичгээр байгуулсан ипотекийн гэрээний 1.2, 4.1.4, 5.1, Батлан даалтын гэрээний 2.1, 2.2, 2.3, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.4, 165.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4-д заасан үндэслэлтэй тул хариуцагч нарын барьцаалсан барьцаа хөрөнгийг худалдсан үнээс зээлийн гэрээ мөнгөн төлбөрийн үүргийг хангуулах, хүрэлцээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу хариуцагч батлан даагч нарын эд хөрөнгө, дансан дах мөнгөн хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх нөхөх хариуцлага хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч нар Ипотек болон батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн шаардах эрх, талуудын гэрээний үүрэг хариуцлагын талаар үндэслэл бүхий тайлбар баримт гаргаж маргаагүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарлаж маргасан.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд *** ХХК дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан ба тухайн хэрэгт Голомт банк ХХК, Т.З нар нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн дугаар *** Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэгчээр оролцуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 сарын 29-ний өдрийн дугаар *** Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэгчээр оролцуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 05 сарын 14-ний өдрийн дугаар *** Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж баримтаар тогтоогдож байна.

 

*** ХХК дампуурсанд тооцох, татан буулгах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх хуулийн үндэслэлд хамааралгүй, Баянгол дүүргийн иргэний хэрэг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэл өөр тул хариуцагч нарын тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2022 оны 10 сарын 20-ны өдрийн *** нэхэмжлэгчээс Г.М олгосон итгэмжлэлээр, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн *** нэхэмжлэгчээс П.Ү олгосон итгэмжлэлээр, 2022 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар 2029 хариуцагч Т.З Ш.Ч олгосон итгэмжлэлээр, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн дугаар ** хариуцагч Т.А Д.Г олгосон итгэмжлэлээр, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн дугаар *** хариуцагч Д.Ц Д.Г олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 7-8, 70, 72, 74, 94, 110 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.4, 165.6, 175 дугаар зүйлийн 175.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Т.З зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** хороо хаягтай, дугаар *** гэрчилгээтэй, 2300м2 талбай бүхий аж ахуйн зориулалттай газар үл хөдлөх хөрөнгө,Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 49м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 297м2 талбай бүхий, гаражийн зориулалттай 6 машины зогсоол үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Д.Ц зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 64.69м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 66.77м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, худалдсан үнээс зээлийн гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг хангуулах, хүрэлцээгүй тохиолдолд хариуцагч батлан даагч Д.Ц, Т.А нарын хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх нөхөх хариуцлагыг батлан даагч нарт хүлээлгэж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ