Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Шүүгдэгч Б.Б /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Б.Н /онлайнаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Б.Н нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б-т холбогдох 1816003050040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум ... -р баг, Суваргын 4- ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, УУ............. регистрийн дугаартай, З овогт Б.Б.

 

 Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй цайны газрын сэндэвчин барилгын таамбарт хохирогч Э.Г-ыг “нүүр лүү өшиглөж зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлий, дал орчим хутгалж, хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол, хоёр далны хооронд үүссэн, цээжний хөндий рүү нэвтрээгүй арьсны давхаргыг гэмтээсэн өнгөц шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогтой Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн цамц 1 ширхэг, шар цоохор иштэй хутга 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхгийг устгаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Э.Г, Б.Б нар хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн энэ хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Б.Б нь цагдан хоригдож, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 06-нд үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч Б.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гэх Э.Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг.

Хувийн зан байдал төлөв даруу, бусдад тусархаг, ажилсаг, аав ээж дүү нараа тэжээж амьдралаа авч явж байсан гэдэг. Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн хувийн байдал гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл, хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутай хэмээн анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Өмгөөлөгч миний бие эрүүгийн хавтаст хэргийн материалтай танилцаад Б.Б-ын хүсэлтээр дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч нь шүүхийн аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч болно. Иймд Б.Б-ын хувьд шүүхийн давж заалдах шатанд үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нэхэмжлэлээс татгалзсан учраас хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй болсон.

2. Б.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн.

3. Хэрэг учралаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Б.Б-ын хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ыг журамлан хорих ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй цайны газрын сэндэвчин барилгын таамбарт хохирогч Э.Г-ыг “нүүр лүү өшиглөж зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлий, дал орчимд нь хутгалж, хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол, хоёр далных нь  хооронд цээжний хөндий рүү нэвтрээгүй арьсны давхаргыг гэмтээсэн өнгөц шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ үйл баримт нь: Хохирогч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай Оюут байгаль ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн ажил дуусаад буцаад хот руу явж байхад Говь-Алтай аймгийн цагаан хаалга дээр нэг автомашин эвдэрсэн. Тэгээд тэндээс эвдэрсэн машинаа чирч яваад Дэлгэр сумын замын хажуу талын гэр цайны газар дээр ирээд тэнд хонохоор болоод орой хоолны үед Б ах, Б ах, Э, Э, М, Б, Ж, Ф бид нар эхлээд 0,5 гр 2 шил Ерөөл архи уусан. Үүний дараа Б.Б 0,75 гр Алтан чингис архи гаргаж уусан…Ингээд бид нар хоол идээд сууж байсан чинь Б би эд нарыг хариуцаж яваа дарга нь байна гээд цайны газрын ахтай юм яриад бид нарын дунд томроод байхаар нь би очоод Б.Б-ын нүүрэн тус газар нь нэг удаа цохиод хоёр удаа өшиглөсөн чинь Б ах намайг гэрээс авч гарсан... Гаднаас Б.Б орж ирээд намайг гараад ир хоёулаа үзье гэхээр нь би ганцаараа гарсан. Ингээд бид хоёр нөгөө сендэвчин цайны газрын таамбар дотор зууралдаад байж байхад Б нэг зүйлээр миний хэвлий болон нуруу хэсэг рүү дүрчхээд зугтаасан. Тэгээд би нөгөө сендэвчин цайны газрын ордог хаалга татахад урдаас Э намайг тосч аваад би ороод нуруугаараа ширээ налаад зогсож байхад Э миний хэвлийний шархыг үзээд хутгалуулсан байна гэж хэлээд шархан дээр гараараа дарж байсныг мөн машинд сууж байснаа санаж байна. Хэсэг ухаангүй байж байгаад ухаан орсон чинь Дэлгэр сумын төвийн эмнэлэг дээр ирсэн байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай дүү Э.Г Б-г сууж байхад нүүрэнд нь 1 өшиглөөд тонгойхоор нь гар руу нь бас 1 удаа өшиглөсөн, хажууд байсан хэдэн жолооч салгаж болиулсан. Би залгаа хойд гэрээс араас нь гарч ирсэн. Тэгээд яасан гэхэд Б та намайг Г-тай эр хүн шиг зодолдвол өмөөрөхгүй биз дээ гэхээр нь боль та 2 гээд дүү Г-ыг аваад гараад явсан. Тэгээд урд талын сендэвчин байранд ороод Б, Э, Э, Г бид нар 1 шил архи задлаад уугаад сууж байтал гаднаас Б орж ирээд Г гараад ир хоёулаа эр хүн шиг нэг үзье гэж дуудсан. Г босоод Б-ийн хажууд байрны хаалган дээр очоод заамдалцаж авсан. Тэгсэн Б цаашаа гүйгээд гараад яваад өгсөн. Э салгах гээд наанаас нь очсоноо хутгалчихсан байна гэхээр нь би шууд гараад Б-ийн араас гүйсэн чинь Б зүүн тийшээ зам руу гүйж байсан, би Хайсе маркийн машин асаалттай байж байхаар нь гүйж очоод жолоон дээр сууж байсан Б-ийг буулгаад Б-ийн араас явсан. Машинд манай дүү Г байсан. Б-г барьж аваад би уурандаа хэд хэдэн удаа цохиж авсан. Буцаад ирэхэд Г-ыг Э сугадаад гарч ирсэн. Хэвлий хэсгээс нь цус гараад Э гараараа дарсан байсан. Маш их айсан эмнэлэгт ороод дүүгээ харахад хэвлийнээс сэмж нь гоожсон, цус их алдаж байсан тул шоконд орсон байсан” гэсэн мэдүүлэг /

 

Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Орой 21 цагийн үед бөөнөөрөө хоол унд идэж дуусаад амрах гээд байж байсан чинь Г хүрч ирээд Б-гийн араас хөлөөрөө өшиглөөд мөн гараараа цохиод баруун хөмсөгний дээд талаас нь цус гаргахаар нь бид нар Г-ыг эхлээд салгаад авч гарсан. Дараа нь Б-ийн цусыг угааж өгөөд байж байсан чинь Б гараад явсан байсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь Г-ын ах Б урдаас гарч ирээд "Б хаашаа явсан бэ? Т-г хутгалаад зугтаачихлаа" гэсэн. Ингээд Б араас нь хөөгөөд Б-г барьж авчираад бид нар Т, Б хоёрыг сумын төвийн эмнэлэг рүү авч явсан”  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би хөнжил пүүгээ авах гээд суудлын Хайсе маркийн машин дээр очтол жолооч Б сендэвчин байрнаас гараад зүүн зүгт зам руу гүйж байсан. Удалгүй араас нь Б гарч ирээд Хайсе машинд сууж байсан Б-ийг буулгаад машиныг унаж Б-ийн араас явсан. Сэндвичэн байрнаас Э, Э 2 Г-ыг түшчихсэн гарч ирсэн. Яасан гэж асуухад хутгалуулчихсан байна гэж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Гаднаас нэг залуу орж ирээд зүгээр хоол идээд сууж байсан нэг залууг ямар ч үг хэлэлгүй шууд шанаа руу нь хоёроос гурван удаа өшиглөөд шанаанаас нь цус гаргасан. Тэгэхээр нь би уурлаад та нар юу болоод байгаа юм гар, та нарыг хонуулах алба байхгүй гэсэн чинь хоёр гурван залуу ирээд нөгөө өшгилсөн залууг аваад гэрээс гарсан. Тэгээд байж байтал манай эхнэр наад хүн чинь хутга авчихлаа гэхээр нь харсан чинь нөгөө залуу бор иштэй хутга бариад хаалга руу ирэхээр нь би гар луу нь цохисон чинь устай сав руу хутгаа унагаасан. Ингээд буцаж очоод сандал дээр суугаад нөгөө халзан хөгшинтэй маргалдаж байгаад гараад явсан. Тэгээд нэлээн хугацааны дараа нэг залуу гүйж орж ирээд Б ах машин унаад сум явчихлаа гэхээр нь би юу болсон юм бэ гэхэд нөгөө хоёр чинь нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлэхээр нь би урд айлд яваад орсон чинь хүмүүс нь бүгд байхгүй айлын охин Ү нөгөө хүмүүс чинь нэгнийгээ хутгалсан гэнэ. Тэгээд сум явсан гэж хэлсэн”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цусаа угааж байсан залуу нөгөө халзан ах руу уурлаад халзан банди минь гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгсэн нөгөө залуу гэнэт босоод манай гэрийн шкаф дээр байсан хутганы гэрээс бор иштэй хутга авахаар нь би нөхөртөө наадах чинь хутга авчихлаа гэсэн чинь манай нөхөр очоод нөгөө залуугийн гар руу цохисон чинь хутга алдаад устай сав руу унагаачихаад тэр чигээрээ гараад явсан... манай нөхөр урд талын айл руу ороод юу болсон талаар асуухад манайхаас гарсан залуу хүн хутгалсан байна гэж хэлсэн. Дараа нь нөгөө үлдсэн хүмүүсээс нь юу болсон талаар асуусан чинь нөгөө хутгалуулсан залуу нь хутгалсан залууг зүгээр сууж байхад нь нүүрэнд нь өшиглөөд асуудал болсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нар бөөндөө гэрт орж хоол идэж байхдаа 1 шил архи задалж тойруулж уусан. Б-г Г нь шууд үгийн солиогүй нүүрэнд нь өшиглөсөн. Дахиад цохиод өшиглөх гэхээр нь салгаад Г-ыг гэрээс гаргасан. Би Б-г салгаад хамраас нь цус гарсан байхаар нь ус хийж өгөөд угаалгачихаад гараад явсан. Тэгээд сендэвчин байранд орсон чинь Б, Г, Э нар байсан. Тэнд Б унтах гээд хэвтэж байсан, З унтаж байсан. Бид нар нийлээд 1 шил архи хувааж уух гээд байж байтал гаднаас Б орж ирээд Г гараад ир, зоригтой юм бол хоёулаа нэг халзагная гээд байсан. Тэгээд Г гараад явсан. Бид нар наад 2 чинь зодолдох гээд байна гэж ярилцаад удалгүй Э араас нь гарах гэхэд Г буцаад орж ирээд нуруу татаад байна, энд бас эвгүй болоод байна гээд хэвлий орчмоо дараад байхаар нь харсан чинь нуруу, хэвлийнээс нь цус гарч байсан. Б гүйгээд гараад явсан. Э бид хоёр Г-ыг хоёр талаас нь түшээд авч гарсан. Хэвлийнээс нь гарсан цусыг нь Э гараараа дараад байж байтал Б машинтай ирээд Дэлгэр сумын эмнэлэг рүү явсан.”  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Сендэвчин байранд З-тай хамт амарсан. Унтаж байтал шөнө Б, Э, Э, Г нар орж ирсэн. Тэд нар 1 шил архи задлаад надад аяганд хийж өгөхөөр нь би нэг татчихаад унтаад өгсөн. Тэд нар тэнд суугаад архи ууж байсан ... Хүмүүс шуугиад нэгнийгээ хутгалсан гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь гадаа хүмүүс байхгүй явсан байсан. Хойд гэр рүү орж юу болсон талаар асуухад Б нь Г-ыг хутгалсан. Тэгээд Дэлгэр сумын эмнэлэг рүү аваад явсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...жолооч Б согтуу ирээд Г хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь яваад өгсөн. Удалгүй Б сендэвчин гуанзнаас гарч ирээд зүүн тийшээ засмал замын чигтээ гүйгээд явсан. Б ах бид нар дээр ирээд Б-ийг машинаас буулгаад Б-ийн араас яваад очтол Б зам хөндлөн гараад гүйж байсан. Б ах Б-г бариад ав Г-ыг хутгалсан байна гэхээр нь манай дүү Д бид хоёр машинаас бууж явган хөөж Б-г барьж аваад машинд суулгаад буцаад очтол манай ах Г-ыг Э гэдэг жолооч гэдэсний орчим шархыг нь гараараа дарсан урдаас гарч ирсэн. Тэгээд Г ахыг суулгаад Дэлгэр сум руу явж эмнэлэг дээр ирсэн. Эмч үзээд гэдэс, арын далны орчим хутгалсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Г Б-г ширээний хажууд сууж байхад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөж авсан. Би Г-ыг араас нь татаж аваад гэрээс гаргасан. Т, айлын эхнэр хоёр Б-ийн хамар, аманд ус хийж угааж цэвэрлэж өгч байсан. Б намайг зүгээр байж байхад өшиглөж зодлоо та нар харсан шүү. яахаараа зүгээр байгаа хүнийг зодож байгаа юм гээд байсан. Тэгээд удалгүй Б ганцаараа гараад яваад өгсөн. Би гар утсаараа оролдоод сууж байтал Б орж ирээд нярав Б-ийг сэрээгээд Б Г-ыг хутгалчихсан байна. Сумын төвийн эмнэлэг рүү авч явъя гээд дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг

Гэрч Э.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Б ах гэрээс нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай бид 3 дээр ирээд Г хаана явна бандийг ална гэхээр нь бид 3 одоо унтаж амар гэж хэлсэн. Тэгсэн цаашаа явсан бөгөөд удалгүй Б ах машины урдуур гүйж гарч ирсэн бөгөөд араас нь Б ах гүйж ирээд Б ахыг машинаас татаж буулгаад бариад аваарай гэх шиг болсон. Энэ үед би машин ард нойрмог хэвтэж байгаад босож ирсэн чинь Г ах машинаас буусан байсан ... Би юу болсон талаар асуухад Б Г-ыг хутгалчихлаа гэж Б ах хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Э-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Тэр өдөр сендэвчин цайны газар Э, Б, Г бид нар амрах гээд байж байхад гаднаас Б.Б орж ирээд Э.Г хоёулаа гараад уулзъя гэж хэлээд Г-ыг аваад гарсан. Тэгсэн удаагүй сендэвчний таамбар дотор дуу чимээ гарахаар нь би гарах гэсэн чинь урдаас Г орж ирээд Э ахаа намайг Б.Б хутгалчих шиг боллоо нуруу рүү эвгүй болоод байна гэхээр нь би куртикийг нь дээш сөхөөд үзсэн чинь нуруу болон хэвлийнээс нь цус гарч байхаар нь сандраад болохоо байлаа хурдан эмнэлэг явъя, хутгалуулсан байна гэж тэнд байсан хүмүүст хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Б.Б орж ирээд Г-аа гараад ир гэж дуудаад зууралдаад хоёулаа гарахаар нь Э араас нь гарах гэхэд урдаас нь Э.Г орж ирээд нуруу татаад байна гээд хэвлийгээ бариад байхаар нь өмсөж явсан хувцсыг нь Э дээш нь шуугаад харсан чинь хэвлийнээс нь цус гарч байсан. Тэгээд л эмнэлэг энэ тэр болсон. Ер нь бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Тэр хоёр гараад удаагүй Г орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Д.Д-ийн:  “...Э.Г-ын хэвлийд үүссэн нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т "...Дотор эрхтнийг гэмтээсэн эсэхээс үл хамааран хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэж заасан байдаг тул энэ журмыг үндэслэн дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Б.Т-ий 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6345 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хуванцар бариултай хутган дээр цус илэрч байна.

1. Илэрсэн цус нь хүний цус байна.

2. Илэрсэн цус нь Э.Г-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт,

Шинжээч Г.Г, Г.Г, Ч.Э нарын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 547/1882 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Э.Г-ын өмсөж явсан юүдэнтэй саарал өнгийн цамцны халаасанд ханзралт, ар талд зүсэгдэлт шинээр гарсан байна.

Ханзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр, зүсэгдэлт ир, мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.

Юүдэнтэй саарал цамцны ар талд гарсан 200мм хэмжээтэй зүсэгдэлт нь Яаралтай тусламжийн хуудасны “5-6 дугаар хавирганы орчим нурууны ар хэсэгт 2см орчим хутганы шархтай" гэсэн үзлэгт дурдсан шархтай хэмжээ, байрлалаар тохирч байна.

Харин цамцны урд талд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралтаас үндэслэхэд бие дээр гарсан 6-7 см урттай зүсэгдсэн шарх болон цамцанд гарсан зүсэгдэлтүүд нь ноцолдох, цамц татагдах үед хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хоёр өөр хэмжээтэй гарсан байж болно.” гэсэн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шинжээч Т.А, Ч.Э, Н.Т нарын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 546 дугаартай “1.. Э.Г-ын биед хэвлийн зүүн хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн, нуруунд хоёр далны хооронд 5-6-р хавирганы орчимд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

2. Э.Г-ын биед учирсан гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018-12-06-ны өдөр үүссэн байх боломжтой.

3. Яаралтай тусламжийн хуудас болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6059 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн үзлэгээр нурууны хоёр далны хоорондох хатгагдаж зүсэгдсэн шархны гүнийг тодорхойлох боломжгүй байна. Уг эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд цээжний хөндий рүү нэвтрээгүй байна.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэвлийн зүүн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, нурууны хоёр далны хоорондох хатгагдаж зүсэгдсэн шарх нь 2.4. 1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

5. Нурууны хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шархыг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй.

6. Урьд гаргасан 2, 51 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдэж хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн гэмт хэргээ шүүхийн шатанд бус мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа сайн дураараа хөндлөнгийн хэн нэгний шахалт дарамтгүйгээр сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрч хэрэг мөрдөн шалгах ажиллагааг хөнгөвчилж тусалсан байхыг ойлгодог. Б.Б анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдсан нь Б.Б-аас шалтгаалаагүй хэдий боловч энэ хугацаанд Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилж эрүүгийн хуулийн энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжтой байсан байна. Гэвч Б.Б нь давж заалдах шатнаас өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдээгүй нөхцөл байдалд тулгуурлаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.   

 

Харин давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шүүгдэгч Б.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан хаалттай хорих байгууллагад 5 жилийн хугацаагаар хорих ялыг, нээлтэй хорих байгууллагад 5 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “5 жилийн хугацаагаар хорих ялыг” гэсний дараа “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Б.Н нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг хорих ял эдлэх хугацаанаас нь хассугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

 

                  ШҮҮГЧИД                              Ш.Б

 

                                                                 Ч.Э