Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0349

 

 

 

 

2023            04           11                                    128/ШШ2023/0349

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Т*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Г.Н

Хариуцагч:  ******* дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б, Б.Л

Нэхэмжлэлийн шаардлага:  ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.******* дүүргийн Засаг даргын 2008 оны 252 дугаар захирамжаар “Т*******” ХХК-д малын тэжээлийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлж, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан.

2.2.******* дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгаж, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгож, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.

2.3.”Т*******” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр "Манай фермерийн аж ахуй байрлаж буй Ар социализмын үеийн 25 га атаршсан газар байгаа тул талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан.

2.4.Дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн хоёр дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дугаар захирамжийн “Т*******” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосугай гэж, гуравдугаар хавсралтаар талбайн хэмжээг өөрчлөн 250000 м.кв болгож захирамж гаргаж, нэгж талбарын 18******* дугаар бүхий 250000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /Н ар тарвагатай ам/-д малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 00 дугаар гэрчилгээ олгож, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан.

2.5.”Т*******” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 албан бичгээр “2014 оны А/1 дугаар захирамжаар хүчингүй болсон 50000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа тул эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү.” гэж хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/608 тоот захирамжаар нэгж талбарын 18 дугаар бүхий 50000 м.кв газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, 0000019 тоот гэрчилгээгээр 49960 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 011 дугаартай гэрээ байгуулсан байна.

2.6.”Т*******” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 албан тоотоор ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд "Тус дүүргийн 21 дүгээр хороо Н Ар Т 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1 тоот шийдвэрийг үндэслэн 18******* дугаар бүхий 250000 м.кв газрын малын тэжээлийн тариалалтын зориулалтаар эзэмшдэг юм.

Гэтэл иргэн Б, Б нарын 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 505 тоот захирамжийн дагуу олгосон 60000 м.кв /тус тусдаа 30000 м.кв/ газрын зураг манай компанийн эзэмшиж байсан газартай давхцан үүнтэй холбоотойгоор үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд кадастрын зурагтаа өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Иргэн Б, Б нар нь барьсан хашаагаа татах боломжгүй гэсэн учраас манай компанийн талбайн хуучин хэмжээ /250000 м.кв/-дээ тохируулан шинээр зураг хийлгэлээ. Иймд манай хийлгүүлсэн зургийг хянаж мэдээллийн сангийн одоо байгаа зурагт өөрчлөн шинэчилж оруулж өгнө үү” гэх хүсэл гаргажээ.

2.7.Уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар "Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтын 6 дэс дугаарт малын тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 250000 м.кв газрыг нэгж талбарын 18******* дугаар гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээг 00******* дугаартай нэгж талбарын 18 дугаараар 2497 м.кв хэмжээтэй 15 жилийн хугацаатай Э-22******* эрхийн улсын бүртгэлийн дугаарт гэрчилгээ олгож, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг №011 дугаартай байгуулсан байна.

2.8.******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17/ дүгээр албан бичгээр “21 дүгээр хороо, н ар таврагтай аманд 2012 оны 4 дүгээр захирамжаар тариалангийн зориулалтаар 5 га газар эзэмших эрхтэй байсан бөгөөд 2014 оны А/1 дугаар захирамжаар 25 га газар нэмж талбайг 30 га газар болгож нэмэгдүүлэхдээ 8.7 га атар газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлсэн нь дараах хуулиудыг зөрчиж байна. ... Иймд танай компанийн малын тэжээлийн зориулалтаар ашиглаж байгаа талбайн хэмжээгээр буюу 21.3 га болгон талбай хасаж шийдвэрлэх болсныг үгээр мэдэгдэж байна” гэж мэдэгджээ.

2.9.Дээрх мэдэгдлийг “Т*******” ХХК эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9958 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, мэдэгдэх сонсох зарчмын  хүрээнд “Т*******” ХХК-д хүргүүлсэн акт гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.

2.10.Улмаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн Жаргалант тосгоны Засаг дарга, тус хорооны 6, 7 дугаар хэсгийн иргэдээс ирүүлсэн гомдлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалж, “Т*******” ХХК-ийн эзэмшлийн 250000 м.кв газар нь зун намрын бэлчээрийн бүс нутаг атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэж заасан заалтыг зөрчсөн 2014 оны шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж, 21 дүгээр хорооны мал бүхий иргэд буюу ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/1 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжийн 1 дэх заалтаар 2497 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар Т******* ХХК-д эзэмшүүлснийг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т*******” ХХК-ийн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 18 нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227  м.кв болгож өөрчилсөн.

2.11.Дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамжид засвар оруулах тухай” А/254 дүгээр захирамжаар ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт бичилтийн илэрхий алдаа гаргасан байх тул талбайн хэмжээг "16227 м2” гэсэн илэрхий алдааг “162227 м2” гэж засвар оруулж захирамж гаргасан байна.

2.12.Тус шүүхэд “Т*******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4414 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.

2.13.Улмаар тус шүүх “Т*******” ХХК-ийн  “дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Т*******” ХХК нь ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/1 тоот захирамжаар 25 га газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшиж байгаад улмаар 2019 оны 02 сарын 28-ны өдрийн А/91 тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулж 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон юм. Манай компани 2013 онд хүсэлт гаргасан бөгөөд манай “Ар социализмын үед 25 га атаршсан газар байгаа тул талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийж, тухайн байршилд газар нэмж эзэмшүүлэх боломжтой гэсэн саналыг дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байдаг. Гэтэл “Т*******” ХХК-д албан ёсоор мэдэгдэхгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын А/1 дугаартай “Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамж гаргасан байх ба энэхүү захирамжийн 1 дэх заалтаар “Тус дүүргийн 21 дүгээр хороо Нарийн Т байрлах Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай, 2497 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гээд манай компанид газар эзэмших эрх олгож, хугацаа сунгасан захирамжийн заалтыг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна.

 Дээрх захирамж гарсан талаар манай компанид огт мэдэгдээгүй, бид өөрсдөө 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газрын албан дээр цахим бүртгэлээ шалгах гэж очоод мэдсэн бөгөөд тухайн өдрөө захирамжийн хуулбарыг шаардаж авсан. Манай компани захиргааны байгууллага, албан тушаалтнаас олгогдсон газар эзэмших гэрчилгээ, гэрээг үндэслэн газраа эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсээр одоог хүрсэн атал хууль бусаар, наад зах нь мэдэгдэх, сонсгох ажиллагаа ч хийхгүйгээр манай компанид газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хүнд байдалд оруулж байна.

Захирамжийн 2 дахь заалтаар “Дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т*******” ХХК-ийн Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 18 нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгож өөрчилсүгэй” гэжээ. Эхний заалтаараа “Т*******” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгочхоод яаж газрын талбайн хэмжээг өөрчлөөд байгаа нь ойлгомжгүй, манай эзэмшдэг 2497 га талбайн яг аль хэсгийг нь хассан нь мөн тодорхойгүй байна. ******* дүүргийн Газрын алба, Засаг дарга нар анхнаасаа манай компанийн газраас авах, хасах сонирхолтой байсныг сайн мэдэж байгаа ч арай ийм байдлаар үндэслэлгүй шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжийн нэг дэх заалтаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 тоот захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж, хоёр дахь заалтаар газрын хэмжээ өөрчилснийг хавсралтаар баталсугай гэсэн байна.

Уг захирамжийг хүчингүй болгохоор “Т*******” ХХК эзэмшилд ямар ч газар байхгүй, мэдээллийн нэгдсэн санд харагдахгүй болно. Гэтэл хоосон болсон газарт юуг 16.2 га газар болгож өөрчлөөд шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хоорондоо ямар ч логик, уялдаагүй. гэв

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн 21 дүгээр хороо Н Ар дүүргийн Засаг даргын 2008 оны 252 дугаар захирамжаар “Т*******” ХХК-д малын тэжээлийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлж, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байна. “Т*******” ХХК нь 2013 оны 08 сарын 05-ны өдрийн 60 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлт гаргаж захирал Д.С гэжээ, дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, нэгж талбарын 18 дугаар бүхий 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /Н Ар тарвагатай ам/-д малын тэжээл зориулалтаар 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгож, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан байна.

“Т*******” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр “Манай фермерийн аж ахуй байрлаж буй Ар социализмын үеийн 25 га атаршсан газар байгаа тул талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийж, тухайн байршлын 20 га газар нь атаршсан газар тул газар эзэмшүүлэх боломжтой гэсэн саналыг ******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “******* дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” хуралдааны тогтоолын Зургаа. Фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих хэсгийн 19 дэс дугаарт Тэжээлийн ургамал 20 га гэж баталсан байна. Дүүргийн Засаг даргын 2014 оны 05 сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн хоёр дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан ... дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дугаар захирамжийн “Т*******” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосугай гэж, гуравдугаар хавсралтаар талбайн хэмжээг өөрчлөн 300000 м.кв болгож захирамж гаргасан байх бөгөөд нэгж талбарын 18******* дугаар бүхий 250000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /Н Ар тарвагатай ам/-д Малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2014 оны 11 сарын 15-ны өдөр 00 дугаар гэрчилгээ олгож, 2014 оны 11 сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан байна. “Т*******” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 албан бичгээрээ 2014 оны А/1 дугаар захирамжаар хүчингүй болсон 50000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа тул эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү. гэж хүсэлт гаргаж, захиргааны байгууллагад хүчингүй болсон баримт бичиг гарган өгч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/608 тоот захирамж гаргуулж, нэгж талбарын дугаар 18******* дугаар бүхий 49960 м.кв газрыг Тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар 0000019 тоот гэрчилгээг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 05 сарын 22-ны өдөр олгож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 011 дугаартай гэрээ байгуулсан байна.

Дээрх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдийн А/608 дугаар захирамж нь 2013 оны хүчингүй болсон 4 дүгээр захирамжийг үндэслэж гарсан байна. Тус ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 албан тоотоор ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд "Тус дүүргийн 21 дүгээр хороо Н Ар Т 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1 тоот шийдвэрийг үндэслэн 18******* дугаар бүхий 250000 м.кв газрын малын тэжээлийн тариалалтын зориулалтаар эзэмшдэг юм. Гэтэл иргэн Б, Б нарын 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 505 тоот захирамжийн дагуу олгосон 60000 м.кв /тус тусдаа 30000 м.кв/ газрын зураг манай компанийн эзэмшиж байсан газартай давхцан үүнтэй холбоотойгоор үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд кадастрын зурагтаа өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Иргэн Б, Б нар нь барьсан хашаагаа татах боломжгүй гэсэн учраас манай компанийн талбайн хуучин хэмжээ /250000 м.кв/-дээ тохируулан шинээр зураг хийлгэлээ. Иймд манай хийлгүүлсэн зургийг хянаж мэдээллийн сангийн одоо байгаа зурагт өөрчлөн шинэчилж оруулж өгнө үү. Гэх хүсэл ирүүлж байжээ. Энэ хүсэлтийн дагуу тухайн үеийн газар зохион байгуулагч Б.Л газар дээр нь очиж үзэхэд иргэн Б, Б нар нь газар дээрээ чацаргана мод 2015 оноос хойш ургуулсан мод нь 2-3 настай болсон байсан тул хоёр талтай уулзалт хийж давхцалыг арилгах ажлыг зохион байгуулсан байдаг.

Дүүргийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар "Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтын 6 дэс дугаарт малын тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 250000 м.кв газрыг нэгж талбарын 18******* дугаар гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээг 00******* дугаартай нэгж талбарын 18 дугаараар 2497 м.кв хэмжээтэй 15 жилийн хугацаатай Э-22******* эрхийн улсын бүртгэлийн дугаарт гэрчилгээ олгож, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг №011 дугаартай байгуулсан байна. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн ******* дүүргийн Жаргалант тосгоны Засаг дарга бөгөөд тосгоны захирагч Б.Мгээс “Тус хорооны 6 дугаар хэсгийн Ар “Т*******” ХХК-нд 2019 онд олгосон тариалангийн талбайн эзэмшил газрын хугацааг сунгаж 5 га атар газар нэмж олгосон нь мал бүхий иргэдийн малын бэлчээр болон машины зам хаасан учраас 6, 7 дугаар хэсгийн иргэдийн малын бэлчээр хомсдох, бэлчээрийн болон машины зам хааж хашаа барьж 120 гаруй өрхийн 500 гаруй иргэдийн эсэргүүцэл үүсэж тухайн газар хашаа бариулахгүй хэмээн хэрүүл тэмцэл хийж байгаа тул нэмж олгосон 5 га атар газрыг цуцалж өгнө үү” гэж 123 дугаар албан бичгийн хавсралтаар тус хэсгийн 61 иргэн гарын үсэг зурж гомдол гаргасан уламжилсан байна. Тус хорооны 6, 7 дугаар хэсгийн иргэдийн гомдлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалж, дүүргийн Засаг даргын 2014 оны А/1 дугаар захирамжаар талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийг шийдвэрлүүлэхдээ 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу 21 дүгээр хороо Ар 20 га газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр санал тусгасан боловч 25 га газрыг эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Тариалалтын тухай хуулийн 5.1-т "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг Даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.”, 5.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.”, 5.3-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.”, 5.4-т “Энэ хуулийн 5.1, 5.2 дахь хэсэг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй.”, 5.5-т “Энэ хуулийн 5.3-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.”, Дахь заалтуудыг зөрчиж олгосон байсан. Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.”, гэж заасны дагуу 8.7 га газар нь тариалан эрхэлж байгаагүй бэлчээрийн газар байсан бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн ашиглалтгүй атар газар байгааг тухайн хорооны Засаг дарга хэсгийн ахлагч, нутгийн малчдын эрх ашиг зөрчигдөж байгаа бөгөөд үүнийг “Т*******” ХХК-ний 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/47 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн хавсралт дахь Геодези, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн хяналтын хэмжилт хийлгэж ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Мөн Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газраас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/2431 албан тоотоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/9062 тоот албан бичгийн хариуд “Газрын нэгдмэл сангийн тайлангийн мэдээлэлтэй газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн архивын мэдээлэлд бүртгэлтэй нэгж талбарын 18 дугаар бүхий 50000 м.кв нэгж талбарын 18******* дугаар бүхий 250000 м.кв талбай газруудыг давхцуулан үзэхэд хөдөө аж ахуйн ангиллын зун намрын бэлчээрийн газартай давхцалтай байна.” гэж хариуг ирүүлсэн байдаг. Иймд: Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зорчсон бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу нутгийн иргэд болон “Т*******” ХХК-ийн аль алины эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэхээр судалгаа хийсэн болно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд харин ч “Т*******” ХХК-ийн маргаад байгаа газрын 250000 м.кв газар нь зун намрын бэлчээрийн бүс нутаг атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэж заасан заалтыг зөрчсөн 2014 оны шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж, 21 дүгээр хорооны мал бүхий иргэд буюу ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа талаар олж тогтоосон бөгөөд хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргах үүрэгтэй байхаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан байна. Улмаар дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдөр А/1 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар талбайн хэмжээг 16227 м.кв гэсэн илэрхий алдааг 162227 м.кв гэж 2022 оны 05 сарын 09-ний өдрийн А/254 дүгээр засвар оруулах тухай” захирамж гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Т*******” ХХК-аас ******* дүүргийн Засаг даргад холбогдуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17/ мэдэгдлийг манай компанид ирүүлсэн гэж тайлбарлаж уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9958 дугаар шүүгчийн захирамжаар тайлбарлаж маргаж байсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа тул сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэх боломжгүй юм. гэв.

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 онд “Т*******” ХХК өөрийн эзэмшиж буй 5 га газартаа 20 га газар нэмж авах хүсэлт гаргаж, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 га газрыг малын тэжээлийн зориулалтаар ашиглахыг тусгаж баталсан боловч 25 га газрыг ******* дүүргийн Засаг даргаас олгосон. Өөрөөр хэлбэл 5 га газрын зөрчил энд үүсэж байгаа юм. Тиймээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу буруутай шийдвэр гаргаж буй этгээд болон түүний дээд шатны байгууллага уг алдааг засаж болно гэсэн үндэслэлийн дагуу 25 га газраас 5 га газрыг хасаж захирамж гаргасан байдаг. гэв. 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч “манай компани Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсээр одоог хүрсэн атал хууль бусаар, мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийхгүйгээр газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, маргаан бүхий захирамжийн 2 дахь заалтаар “Дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т*******” ХХК-ийн Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 18 нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгож өөрчилсүгэй” гэжээ. Эхний заалтаараа “Т*******” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгочхоод яаж газрын талбайн хэмжээг өөрчлөөд байгаа нь ойлгомжгүй, манай эзэмшдэг 2497 га талбайн яг аль хэсгийг хассан нь мөн тодорхойгүй” гэж, хариуцагчаас “******* дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамж нь зун намрын бэлчээрийн бүс нутаг атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэж заасан заалтыг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 29 дугаар зүйлийн 29.1, 2, 3 дахь заалтад заасныг зөрчиж газар эзэмших эрх олгосон учраас мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж тус тус маргасан.

3.******* дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 252 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-д ******* дүүргийн 21 дүгээр хорооны “Т” 5 га газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

4.Дээрх захирамжийг үндэслэн ******* дүүргийн газрын албанаас 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0172 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгож, тус өдрөө газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

5.Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” 4 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн 5 га газрын газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 00 дугаартай гэрчилгээг олгож, мөн тус өдрөө газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулжээ.

6.******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “******* дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 6/5 дугаар тогтоолоор ******* дүүргийн зохион байгуулалтын 2014 оны газар төлөвлөгөөг баталсан байна.

7.Дээрх тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих” хэсгийн 19-д 21 дүгээр хороо Ар тарвагатайд Тэжээлийн ургамлын чиглэлээр 20 га газар эзэмшүүлэх гэжээ.

8.Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/1 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг нэхэмжлэгч нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн эзэмшиж байсан 5 га газрын хэмжээг 30 га болгон талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлсэн байх бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтаар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

9.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл.“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”, 21.5.“Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заажээ.

10.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, дүүргийн Засаг дарга нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар байна.

11.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 20 га хүртэл хэмжээгээр эзэмшүүлэхээр газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байхад дүүгийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг 25 га талбайгаар нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

12.Дүүргийн Засаг даргын дээрх 2014 оны А/1 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн газрын албанаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг бичиж олгож, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

13.Дүүргийн газрын албанаас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр захирамжийг үндэслэн 50000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.

14.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хоёр тусдаа газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нийт 300000 м.кв буюу 30 га газрыг эзэмшиж байсан байна.

15.Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн 250000 м.кв газрын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

16.Мөн дээрх захирамжийг үндэслэн дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр усалгаатай тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 2497 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн 00******* дугаартай гэрчилгээг бичиж олгож, тус өдрөө газар эзэмшүүлэх №011 дугаартай гэрээг байгуулсан байна.

17.Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/608 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 50000 м.кв газрын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

16.Дээрх захирамжийг үндэслэн дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр усалгаагүй тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 49960 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн 0000019 дугаартай гэрчилгээг бичиж олгож, тус өдрөө газар эзэмшүүлэх №011 дугаартай гэрээг байгуулсан байна.

17.Маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч “Т*******” ХХК нь дээрх байдлаар 300000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг хэрэгжүүлж байсан байна.

18.Харин маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/1 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар ******* дүүргийн 21 дүгээр хороо Нарийн Т байрлах Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай,  2497 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т*******” ХХК-ийн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгон өөрчилжээ.

19.Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамжид засвар оруулах тухай” А/254 дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт бичилтийн илэрхий алдаа гарсан байх тул “16227 м.кв” гэснийг “162227 м.кв” гэж засвар оруулсан байна.

20.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаан бүхий актын зорилго нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл.“Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох”, 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан заалтын хүрээнд дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг зөвтгөж, залруулах үүднээс гарсан. Тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 га хүртэл хэмжээгээр эзэмшүүлэхээр тусгасан байхад дүүргийн Засаг дарга 2014 оны А/1 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 25 га газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй үүнийг зөвтгөх үүднээс маргаан бүхий захиргааны акт гарсан гэж тайлбарлан маргажээ.

21.Маргаан бүхий маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3.“энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 33 дугаар зүйлийн 33.1.2.“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан хуулийн заалтуудыг үндэслэл болгон гарсан байх бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгоогүй байна.

22.Мөн хариуцагч ******* дүүргийн Засаг дарга 2014 оны А/1 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 5 га буюу 50000 м.кв талбай бүхий газрыг үндэслэлгүйгээр нэмж олгосон гэж тайлбарлаж байгаа атлаа маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 250000 м.кв талбай бүхий газраас 87773 м.кв бүхий талбайг хасаж, 162227 м.кв талбай бүхий газрыг үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

23. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу өмнөх дүүргийн Засаг даргын шийдвэрийг зөвтгөх үүднээс гарсан байна гэж шууд үзэх боломжгүй байх бөгөөд мөн маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 250000 м.кв талбай бүхий газраас 87773 м.кв бүхий талбайн хэмжээгээр хасаж шийдвэрлэсэн ойлгомжгүй байх бөгөөд дээрх асуудлууд нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/1 дугаар захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

24.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/1 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ГАНБАТ