Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Г.Бадарч, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хошууд овогт Ганбаатарын Бадарчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014451 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хошууд овогт Ганбаатарын Бадарч, 1989 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх,

-Урьд 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан,

-2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан,

-2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ПБ 89040575 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Бадарч нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-651 тоотод нийтийн байрны 9 тоот цоожтой өрөөнөөс хохирогч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “Ай фоне 5 эс” маркийн гар утас, нөүтбүүк, зөөврийн компьютер, флаш диск, интернет модем, Ай фоне 5 эс голд гар утас, флаш диск, интернет модем, хохирогч Т.Анхболдын эзэмшлийн Самсунг Эс-4 маркийн гар утас, бэлнээр 40.000 төгрөг, хохирогч П.Цэндсүрэнгийн эзэмшлийн Лж-ж-3 маркийн гар утас зэргийг хулгайлан нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Бадарч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч П.Цэндсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хаягийг нь мэдэхгүй нийтийн байрны 01 тоотод 03 цагийн үед өөрийн өрөөндөө хоолоо хийх хоорондоо дээшээ 2 дугаар давхарт найз Мягмарсүрэнгиии 09 тоот өрөөнд орж утсаа цэнэглэж орхиод буцаж буугаад өрөөндөө орж хоолоо идээд байж байтал дээрээс Анхболд, Цэнджав, Мягмарсүрэн нар манай өрөөнд орж ирээд хоол идэцгээгээд Анхболд нийтийн байрны эзэн Халтар ахынд орж хөзөр тоглох гээд гараад явсан. Тэгээд удалгүй гаднаас Бадарч /хулгай хийдэг хүн/ манай өрөөнд орж ирээд бид нартай хамт юм ярьж сууж байгаад гараад явсан. Тэгээд Бадарч өрөөнөөс гарч яваад Халтарын ахын гэрт орж Анхболдоос Мягмарсүрэн өрөөний түлхүүр өгч бай гэнээ гэж хэлээд түлхүүрийг авч явсан гэж хэлсэн. Тэгтэл би Мягмарсүрэнгийн өрөөнд утсаа цэнэглээд орхисоноо санаад дээшээ өрөөнд нь Мягмарсүрэнтэй хамт ортол хаалга нь онгорхой орон дээр байсан нөүтбүүк, 3 ширхэг утас зэрэг зүйлс байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хаягийг нь мэдэхгүй нийтийн байрны 09 тоотод өөрийн өрөөндөө Анхболд, Цэндсүрэн, Төрболд, Жоохноо нарын хамтаар хөзөр тоглож байхад Бадарч гаднаас орж ирээд хамт байж байгаад гарсан. Тэгээд бид нар доошоо нэг давхар луу Цэндсүрэнгийн 01 тоот өрөөнд орж хоол идэх гээд байж байтал Бадарч дахин орж ирээд юм ярьж байгаад гараад явсан. Удалгүй 10 минутын дараа хаалга дуугархаар нь би ганцаараа дээшээ өрөөрүүгээ ортол хаалга нь онгорхой, орон дээр байсан самсунгийн нөүтбүүк, ай фоне-5с, самсунг эс-4, скай вега 810 утас, бэлэн 40 000 төгрөг, флаш диск, интернет модем зэрэг зүйл хулгайд алдагдсан байсан.Тэгээд доошоо буугаад Анхболдод болсон хэргийн хэлж асуухад Бадарч Анхболдоос "Мягмарсүрэн гэрийн түлхүүр аваад ир гэнээ' гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

Хохирогч Т.Анхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд баирлах нийтийн байрны 9 тоот өрөөнөөс самсунг эс-4, ай фоне-5, вега гэх 3 утас болон нөүтбүүк, интернет модем, миний өмдний халаасанд байсан бэлэн 40.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хяналтын камерийг үзэхэд манай өрөөрүү орж гартаа юм бариад гарч байхыг харсан. Тэр залуу хэрэг болохын урьд өдөр манай өрөөнд утасны цэнэглэгч асууж өөрийгөө танилцуулж байсан залуу байна лээ...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

Гэрч Г.Халтар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нийтийн байранд 25-30 орчим насны эрэгтэй хүн ирээд орох гэхээр нь манайх төлбөрөө бэлэн аваад оруулдаг гэж тайлбарлан хэлтэл. Тэр залуу манай эхнэр маргааш хоол унд аваад ирнэ, тэр үед нь мөнгийг чинь өгъе гэж хэлэхээр нь би итгээд 11 дугаарын 2 давхрын өрөөнд оруулсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн үед манай нийтийн байранд оршин суугч Мягаа, Уугаа, эхнэр Мядагаа бид 4 манай гэрт хөзөр тогпож байсан. Тэгээд хөзөр тоглоод байж байгаад Мягаа 22 цагийн үед манайхаас гарч яваад алга болсон. Бид нарыг хөзөр тоглоод байж байхад гаднаас 22 цаг өнгөрч байхад төлбөрийн мөнгө өгөөгүи залуу орж ирээд Уугаагаас “чамайг цуг байдаг залуу чинь түлхүүр аваад ир гэнээ” гэж хэлээд хаалганых нь түлхүүр нь аваад гарсан. Тэгэхээр нь би Уугаад би чи ингээд танихгүй хүнд түлхүүр өгч болж байгаа юм уу гэж асуухад Уугаа аваад ир гэсэн юм байлгүй гэж хэлээд өөр юм яриагүй…” гэсэн мэдүүлэг. /хх-22/,

Хохирогч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх15/, насанд хүрээгүй хохирогч Т.Анхболдын мэдүүлэг /хх-19/, хохирогч Д.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-21/, гэрч Г.Халтарын мэдүүлэг /хх-22/, сэжигтэн Г.Бадарчийн мэдүүлэг /хх-27/,яллагдагч Г.Бадарчийн мэдүүлэг /хх-30/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх34-45/, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 дугаартай шийтгэх тогтоол /хх67-68/,  Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол /хх69-73/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Бадарч нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-651 тоотод нийтийн байрны 9 тоот цоожтой өрөөнөөс хохирогч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “Ай фоне 5 эс” маркийн гар утас, нөүтбүүк, зөөврийн компьютер, флаш диск, интернет модем, Ай фоне 5 эс голд гар утас, флаш диск, интернет модем, хохирогч Т.Анхболдын эзэмшлийн Самсунг Эс-4 маркийн гар утас, бэлнээр 40.000 төгрөг, хохирогч П.Цэндсүрэнгийн эзэмшлийн Лж-ж-3 маркийн гар утас зэргийг хулгайлан нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Бадарчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-н 2.1 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Бадарчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бадарчийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Мягмарсүрэн, Т.Анхболд, П.Цэндсүрэн нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бадарч нь учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Бадарчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хошууд овогт Ганбаатарын Бадарчийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Бадарчийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Бадарчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Бадарч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Бадарчид оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
  4. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бадарчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР