Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэртэй,

НэхэмжлэгчГ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З ББСБд холбогдох

Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 52 068 399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

НэхэмжлэгчГ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГЗ100004051 тоот зээлийн гэрээгээр Голомт банкнаас 155 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БДГЗ100004051 тоот Батлан даалтын гэрээ буюу гурвалсан гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувь байна” гэж заасан байна. А ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 148 955 492 төгрөг, зээлийн хүүнд 17 649 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 583 390 төгрөг, нийт 167 143 820 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 тоот захирамжаар, А ХХК-иас 167 143 820 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд зээлдэгчийн барьцаалсан Ү-2201027777 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, 14 дүгээр байрны зоорийн хэсэгт байрлах, 201.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 85 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан болно.

Албадан дуудлага худалдааны орлогоос батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу зээлийн үндсэн хүү 17 649 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 583 390 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 496 835 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 4 275 000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн ажлын хөлс 160 000 төгрөг, 2 шатны дуудлага худалдааны зарын үнэ 40 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдлээс 62 174 827 төгрөгийг суутгаж, одоогийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 86 780 664 төгрөг байна. Банкны зүгээс шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээг авсан боловч зээлдэгч нь А ХХК нь барьцаа хөрөнгөөс бусад ямар нэг эд хөрөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын гаргуулан авсан лавлагаа, тодорхойлолтоор нотлогдож байна. Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. З ББСБгаас батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу үлдэгдэл зээлийн 60 хувьтай тэнцэх 52 068 399 төгрөгийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2, 460.4, З ББСБгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийг 1.4-т тус тус заасны дагуу хариуцагч З ББСБгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ББСБ ньГ ХХК  болон А ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээ байгуулан 155 000 000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Голомт банк нь зээлдэгч А ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татталзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Мөн Голомт банкны хувьд тухайн зээлийн эргэн төлөлтийн байдал, зээлдэгч хэрхэн үүргээ гүйцэтгэж байгаа талаар батлан даагчид мэдэгдэж байгаагүй байдаг. Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ББСБгаас 52 068 399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418 291 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З ББСБгаас 418 291 төгрөг гаргуулан нэхэмжлэгчГ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Голомт банк нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00101 дугаар шийдвэрийн үндсэн дээр "Ипотекийн гэрээ"-ний зүйлийг худалдан борлуулсан үнээс зээлийн зарим хэсэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардлыг барагдуулаад үндсэн зээлээс гэрээнд заасан хэмжээ хязгаарт багтаан нэхэмжилсэн нь буруу биш байна." гэж дүгнэсэн нь үүрэг гүйцэтгэх дараалал буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ." гэж заасныг зөрчсөн. МөнГ ХХК -ийн хувьд зээлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч энэ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээний /Батлан даалтын гэрээ/ шаардлагатай холбоотой нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгтэй нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

НэхэмжлэгчГ ХХК  нь хариуцагч З ББСБд холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу 52 068 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчГ ХХК  нь А ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГЗ100004051 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, А ХХК-тай №БГ3100004051 тоот ипотекийн гэрээ, мөн өдөрГ ХХК , З ББСБгийн хооронд №БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээ буюу талууд гурвалсан гэрээг байгуулсан байх ба зээлдэгч А ХХК зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаасГ ХХК  нь зээл 148 955 492 төгрөг, хүү 17 649 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 538 380 төгрөг, нийт 167 143 820 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 дугаартай шүүгчийн захирамж авагдсан байна. /хх 8-21/

Дээрх шүүгчийн захирамжийг А ХХК нь сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ипотекийн гэрээний зүйлийг 85 500 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Талуудын хоорондын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээний 3.1.3-т банк нь барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулан авахаар заажээ.

Голомт банк ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00101 дугаар шийдвэрийн үндсэн дээр ипотекийн гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнэ болох 85 500 000 төгрөгөөс, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээчийн ажлын хөлс дуудлага худалдааны зарын үнэ, зээлийн зарим хэсгийг тус тус төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 25,46-48/ .

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэх журамтай. Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заажээ.

Анхан шатны шүүх ипотекийн гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнээс зээлийн зарим хэсэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр тооцоог гүйцэтгэж, гэрээгээр тохирсон үндсэн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчГ ХХК  шаардах эрхтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасныг баримтлан хариуцагч З ББСБгаас 52 068 399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчГ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэгт нь хүүг төлүүлнэ гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж буруу дүгнэлт хийсэн гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь үндсэн зээлийн гэрээний үүргийн талууд буюу зээлдэгч, зээлдүүлэгч нарт хамаарах хуулийн заалт тул батлан даалтын гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааруулан хэрэглэх боломжгүй юм.

2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГЗ100004051 тоот зээлийн гэрээ нэг тал болох А ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Голомтбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З ББСБд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З ББСБгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН