Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 490

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Д.Д-д холбогдох 1830000520033 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Д-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр гаргасан гомдолдоо “...Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Д.Д “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнийг өшиглөсөн, үүнээс болж түүний амь нас хохирсон” талаар удаа дараа үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ын нэхэмжилсэн бодит хохирол болон оршуулгын зардлыг нөхөн төлсөн нөхцөл байдал байсаар атал шүүх хэт нэг талыг барьж, хохирогчийн буруутай байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг дурдсан боловч эдгээрээс аль гэмтэл нь үхэлд хүргэсэн болохыг нарийн тогтоогоогүй. Энэ нөхцөл байдлыг шалган тогтоосны дараа Д.Д-д холбогдох хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн хохирогч А.Н зүрхний өвчтэй гэж удаа дараа эмнэлэгт хандаж байсан нь тогтоогддог ба энэ байдлыг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь учир дутагдалтай болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дээрх нөхцөл байдлуудыг тодруулан шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон. Д.Д нь талийгаачийг өшиглөснөөс болж талийгаач тэр дороо унаж нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач хууч өвчингүй байсан гэдэг нь тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, Зүүн булагийн 1-7 тоотод оршин суух А.Н-ийн гэрийн гадаа түүнтэй маргалдан харилцан зодолдох явцдаа цээжинд нь өшиглөж “цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүүний дотор хананы цус хуралт, зүрхний доргилт, зүрхний булчингийн жирвэлзэл, чичирхийлэл” гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д-ийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Д-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жил хорих ялыг тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялын доод хэмжээ буюу 8 жил болгон хөнгөрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гаргасан “хэрэгт зарим зүйлийг шалгаж тогтоогоогүй” талаарх гомдол нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгуулах, тогтоох тухай асуудал байх бөгөөд энэ нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дээр дурдсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН