Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0444

 

Ж.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3288414 /гурван сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан давж заалдах гомдолдоо: “...Сургуулийн захирлууд аймгийн Засаг даргатай төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэл биелэлтийг нь хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэдэг. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үнэлж дүгнэн албан тушаалыг бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэсэн тус журмын 7 дахь хэсэгт заасан заалтаас Ж.Оюунчимэгт тохирох заалтыг нь үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авч, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын ахлах сургуулийн захиралд даалгасан.

Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх тухайд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг анхан шатны үнэлгээг хийж, 2 дахь шатны үнэлгээг аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/751 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хангалтгүй буюу F гэсэн үнэлгээ өгч, анхан шатны үнэлгээг хэвээр үлдээсэн дүгнэлтийг танилцуулсан. Тус дүгнэлттэй танилцаад аймгийн Засаг дарга миний зүгээс D буюу дутагдалтай гэсэн үнэлгээг өөрийн эрх хэмжээний хүрээнд өгөн ажил албан тушаалаас нь чөлөөлж, ажлаас халахгүйгээр мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангахаар шийдвэрлэсэн.

Тухайн шийдвэрийг шинээр томилогдсон сургуулийн захирал хэрэгжүүлж ажиллах ёстой, хэрэгжүүлж ч ажилласан. Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс асуух ёстой “Мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байр” гэж шатрын багшийн орон тоог үзэж болох уу” гэсэн асуултыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Намсрайгаас асууж процесс ажиллагааг зөрчсөн.

Мөн гэрчээр асуух ажиллагааг дутуу хийсэн бөгөөд ийнхүү авахдаа хэргийн оролцогчдыг байлцуулаагүй, гэрчээр асуусан зарим асуултаа хөтөлсөн шинжтэй асуусан байсан нь хэрэгт авагдсан бөгөөд талуудын тайлбар, гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Тэс сумын ахлах сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчтай байгуулах 2016 оны үр дүнгийн гэрээг П.Пагма-Орломтой байгуулан ажилласан байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сард захирал Ж.Оюунчимэг ажилдаа ороход үр дүнгийн гэрээг үргэлжлүүлэн мөрдөх эсэх талаар тохиролцоогүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна” гэсэн нь нийтийн албанд төрийн ажил шуурхай, тасралтгүй байх, залгамж чанар гэдэг зарчмын асуудлыг энэхүү шийдвэрээр хөндлөө.

Аймгийн Засаг даргын зүгээс 2016 оны гэрээний хэрэгжилтийн явцтай танилцаагүй, хяналтыг тавьж ажиллаагүй гэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг авч үзээгүй, сонгуулийн жил, төсөв хөрөнгийн боломж хүрэлцээгүйгээс сумдад дээрх заалтын хэрэгжилт тасарсан бөгөөд сумдаар явж ажиллахад машин тэрэгний шатахуун, томилолт, бичиг цаасны гээд зардлын асуудал ихээр гардаг. Тэгээд ч гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй гэдэг үндэслэл тавьж байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх хэмжээний заалт мөн эсэхэд тайлбар хийгээгүй.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь 2 настай хүүхэдтэй гэдгийг анхаарахгүйгээр шийдвэрлэсэн асуудал огт байхгүй, харин халж болохгүй тухай холбогдох хуулийн заалтыг харгалзан үзэж албан тушаал бууруулах шийдвэр гаргасан.

Мөн гуравдагч этгээдээс түр хугацаанд шатрын багшаар ажиллаж байгаад Англи хэлний багшийн орон тоо гарахад томилж ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар хэргийн материалд авагдсан байхад харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн нэр, нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, Тэс сумын ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх актаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг “Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ дутагдалтай биелүүлэн “D” үнэлгээ авсан” гэж буруутган мөн өдрөөр тасалбар болгон Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан үүргээс чөлөөлж, албан тушаал бууруулж, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын ахлах сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу Ж.Оюунчимэгийн Үр дүнгийн гэрээг үнэлж, тус журмын 7.1-д заасныг үндэслэн албан тушаал бууруулж, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг даалгасан” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Тэс сумын ахлах сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сараас жирэмсний амралтаа авч, 2016 оны 04 дүгээр сард ажилдаа эргэн орсон байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар захиргааны байгууллага хуулиар тогтоосон хугацаанд ажилтантай Үр дүнгийн гэрээг байгуулах төдийгүй талуудын аль нэг нь үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинээр томилогдсон талууд гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцох, улмаар хийвэл зохих ажлыг тодорхой болгож, үйл ажиллагааны үр дүнг харилцан тохирсны эцэст хариуцлага тооцох ёстой.

Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг ажилдаа эргэн орох үед түүнтэй Үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Пагма-Орломтой байгуулсан гэх Үр дүнгийн гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсхүл гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар харилцан тохиролцоогүй атлаа түүнийг “гэрээгээр хүлээсэн үүргээ дутагдалтай биелүүлсэн” гэж буруутган албан үүргээс нь чөлөөлж, улмаар албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Иймээс хариуцагчийн “нийтийн албанд төрийн ажил шуурхай, тасралтгүй байх зарчмыг хангах үүднээс гэрээ байгуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Харин шүүх “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн” гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасан “... ажлаас халах” гэдэгт хөдөлмөрийн харилцааг ямар нэгэн шалтгаанаар дуусгавар болгохыг ойлгохоор байна.

Хариуцагчаас “Ж.Оюунчимэгийг ажлаас халаагүй, харин Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд албан тушаал бууруулж, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг даалгасан” гэж тайлбарлаж байхаас гадна түүнийг Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Ж.Оюунчимэгийг шатрын багшаар түр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагчийг хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Мөн шүүх нэхэмжлэгчийн “Увс аймгийн Засаг даргын 2017 оны Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичин маргаан бүхий актыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасантай нийцээгүй байна.

Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “Төрийн албан тухай хуулийн...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН