Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00643

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/007785 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 558 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Натур өргөө” ХХК, “Өргөө майнинг” ХХК, Х.Отгонхүү, Ө.Хишигсүх нарт  холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 367.836,39 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 355.000 ам.долларын зээлийн эргэн төлөлтийг эхний үүрэг үүсэх үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцохыг Хас банкинд даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, Э.Мөнх-Эрдэнэ, Э.Гантөгс, хариуцагчийн төлөөлөгч Ө.Хишигсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч “Натур өргөө” ХХК, Х.Отгонхүү, Ө.Хишигсүх, Г.Төмөр-Очир, “Өргөө майнинг” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн 1440000480 дугаар гэрээ байгуулж, 355.000 ам.долларын зээлийг 72 сарын хугацаатай, жилийн 5.11 хувийн “Жайкагийн нөхцөл”-өөр хувьсах хүүтэй, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2013 оны 08 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2014 оны 08 дугаар сараас хойш төлбөрийг огт төлөөгүй. Энэ үеэс зээлдэгч нарт үүргээ хэрэгжүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй ба гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах нөхцөл байдалд хүрсэн.Зээлдэгч “Натур өргөө” ХХК, Х.Отгонхүү, Ө.Хишигсүх, “Өргөө майнинг” ХХК нь гэрээний 1.4, 3.4-т заасан үүргээ хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, барьцаат зээлийн гэрээг зэргийг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Зээлийн үлдэгдэл 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 350 580,71 ам.доллар, үндсэн хүү 16 940,44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 315,24 ам.доллар, нийт 367 836,39 ам.доллар болсон тул зээлдэгч “Натур өргөө” ХХК, батлан даагч Х.Отгонхүү, Ө.Хишигсүх, “Өргөө майнинг” ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид анх 2012 онд Хас банкаар дамжуулан Жайкагийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 2 дахь шатны зээлд хамруулах хүсэлт гаргаж 600 000 ам.долларын хэмжээнд 10 жилийн хугацаатай 3 жил нь үндсэн зээл төлөхөөс чөлөөлөгдөх, 7 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх график гаргаж хүсэлт, төсөл бичиж өгсөн.Жайкагийн хурлаар орж зээлийг 600 000 ам.доллар гэснийг хэмжээ их гэсэн учир санхүүжилтийн эх үүсвэрийн төслөө 2013 оны 03 дугаар сарын 26-нд 500 524 710 төгрөгийн дүнгээр дахин боловсруулж, Хас банкинд хүргүүлсэн нь Жайкагийн хурлаар орж батлагдсан.Анхны төслийг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр боловсруулсан учир үүний дагуу БНХАУ-ийн “Yun He” гэдэг компанитай тоног төхөөрөмж авах арга хэмжээ тусгагдсан байсан. Хас банкны салбарын захирал Баяраагийн мэдэгдсэнээр төслийн дагуу зээл өгөх боломжтой болсон учир БНХАУ-ын компанитай гэрээгээ хийгээд урьдчилгаа төлбөрийг хийсэн байсан. Гэтэл 2013 оны 04 дүгээр сард тус банкны 2 дугаар төвөөс төсөл батлагдсан, гэрээгээ хий гэсний дагуу очсон боловч төгрөгөөр хүссэн зээл маань өөрчлөгдөж, 355 000 ам.доллар олгох болсон байсан. Учрыг лавлахад Хас банкны  ажилтны буруугаас болж, Жайкагаас ам.доллар шилжин ирсэн гэж хариу өгсөн.Бид анх төслөө төгрөгөөр хийсэн учир төгрөгөөр авмаар байна гэдэг хүсэлт тавьсан ч шийдэгдэхгүй хүлээгдээд cap гаруй болсон. Энэ хугацаанд Жайка дээр очиж уулзахад Хас банкнаас ам.доллараар зээл авна гэсний дагуу бид ам.доллар шилжүүлсэн, бидэнд хамаагүй зуучлагч компаниараа дамжуулан харьцаж байх, мөн энэ асуудлаар Хас банкинд хандах талаар хариу өгсөн.Гэтэл энэ хугацаанд Хятадаас авах тоног төхөөрөмж ирж, төлбөр төлөх хугацаа болоод ажиллах хүчээ бэлдсэн байсан учир мөнгөний хэрэгцээний улмаас арга буюу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Бид энэ асуудлыг шийдэж өгөхийг Хас банкны ерөнхий болон гүйцэтгэх захирлуудад албан тоот явуулж, Жайкад ч удаа дараа мэдэгдэж байсан. Банк зээлээ төлөхийг удаа дараа шаардсан гэж байгаа боловч 2014 оны 06 дугаар сард нэг удаа зээл төлөх мэдэгдэх хуудас ирсэн. Албан ёсны хүсэлт явуулсан ч хүсэлтийн хариу ирээгүй учраас зээлийн хүү төлөхөө 2014 оны 08 дугаар сараас зогсоосон.Зээлийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдөн, түүнийг шийдвэрлэж өгөөгүй нь банкны буруутай үйл ажиллагаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй. Банкны санаачилгаар гэрээг цуцалж байна гэж албан ёсоор мэдэгдээгүй тул гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй. Бид зээл болон хүүг төлөхгүй гэж маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага тодруулаач гэхэд тодруулахгүй 367 000 ам.доллар гээд байна. Өөрөөр хэлбэл хэдий үеийн ямар ханшаар хэдэн төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй, банкны буруутай үйл ажиллагаанаас болсон энэхүү нөхцөлөөр зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Натур өргөө” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Хас банкинд хүргүүлсэн төгрөгөөр хийсэн зээлийн төсөл, зээл хүссэн хүсэлтийн мөнгөний нэгжийг банк дур мэдэн өөрчилж бидэнд мэдэгдэлгүй 355 000 ам.доллар болгосноор ханшийн зөрүүгийн улмаас ихээхэн алдагдалд орж байна.Зээлийн гэрээг анх байгуулах үед л энэ алдааг залруулж өгөхийг хүсч банкинд 5 удаагийн албан тоот явуулсан ч шийдэж өгөөгүй. Хас банк дамжуулан зээлдүүлэгчийн хувьд төслийг дамжуулахаас биш өөрчлөх эрхгүй. Бид 500 сая төгрөгийн төсөл бичиж төгрөгийн зээл хүсэхэд тухайн үеийн ханшаар хөрвүүлээд 355 000 ам.доллар болгож зээл олгосон нь банкны буруугаас шалтгаалсан. Үүнийгээ ч банк ажилтны буруу гэж хэлж ажилтнаа халсан байдаг.Хас банк алдаагаа засна гэж хугацаа авсан. 355 000 ам.долларын зээлийн эргэн төлөлтийг тооцохдоо гэрээ байгуулсан үеийн буюу эхний үүрэг үүсэх үеийн ам.долларын албан ёсны ханшаар зээлийн гэрээний нийт хугацаанд зээлийн төлбөр тооцоонд мөрдөж ажиллахыг банкинд даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу тооцоо хийгээд явбал хариуцагчаас гомдох зүйл байхгүй. Хуримтлагдсан үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь банкийг үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж үзэж байна. Жайкад төлөх 2013 оны 4-12 сарын хүүг Хас банк төлж явсан байгаа. Үүгээрээ банк өөрийгөө буруутай гэдгээ мэдэж байсан гэж үзнэ.Иймд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 000 ам.долларын зээлийн эргэн төлөлтийг эхний үүрэг үүсэх үеийн Монгол банкны зарласан ханшаар гэрээний нийт хугацаанд мөрдөж ажиллахыг Хас банкинд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Талуудын хооронд гэрээгээ байгуулснаар зээлийн харилцаанд орсон. Нэгэнт үүссэн харилцаагаа өөрсдөө зөрчиж гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн хувьд сонгох эрх нээлттэй байсан. Бид дамжуулан зээлдүүлэгчийн хувьд доллар эсвэл төгрөгийн санхүүжилт авч төсөл хэрэгжих боломжтой эсэхийг судалж үүнээс гарах эрсдлийг банк хүлээж байдаг. Судалгаа хийсний дагуу Жайкагаас 355 000 ам.долларын зээлийн эх үүсвэр орж ирснийг тайлбарласан, зээлдэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан.Үүнээс хойш гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа анхны үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөр төлөх ёстой гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн харилцаа нь өөрөө уг гэрээний дагуу зээлдүүлэгчийн зээлдэгчид шилжүүлсэн төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг гэрээнд заасан хугацаанд төлөх, төлүүлэхийг зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч үүрэг ам.доллараар үүсч эргэн төлөлтийн хуваарь ам.доллараар төлөгдөх байсан, гэрээ байгуулж мөнгөө авч ашиглачихаад одоо мөнгөний нэгжийн хувьд маргаантай гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.Эхний үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн талуудын тохиролцоо байхгүй. Иргэний хуулийн аль заалтыг юу гэж тайлбарлах гэж оролдоод байгааг ойлгохгүй байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар арилжааны банкууд гадаад валютаар зээл олгох, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулах эрхтэй байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/007785 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Натур өргөө” ХХК-иас 367 836,39 ам.доллар буюу 690 763 635,14 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, “Өргөө майнинг” ХХК, Ө.Хишигсүх, Х.Отгонхүү нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 355 000 ам.долларын зээлийн эргэн төлөлтийг эхний үүрэг үүсэх үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцохыг Хас банкинд даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Натур өргөө” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 367 836,39 ам.доллар буюу 690 763 635,14 төгрөгийн шаардлагыг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.611.768,18 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Натур өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.611.768,18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 558 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/07785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 988.650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Зохигчдын шүүхэд хандаж гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүний татгалзал, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг маргааныг шийдвэрлэж чадаагүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна.Шүүхүүд хэргийн үйл баримтыг нарийн тогтоож, түүнд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн Зээлийн гэрээ, хариуцагч түүнийг төлөх учиртай гэж нэн хялбараар ойлгож дүгнэж, шийдвэрлэсний улмаас хариуцагчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй болно. Хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар товч дурдахад хариуцагч “Натур Өргөө” ХХК нь Японы Жайка олон Улсын байгууллагаас байгальд ээлтэй модон эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авах зээл хүсэж 500 сая төгрөгийн төсөл бичиж, дамжуулан зээлдүүлэгч Хас банканд хүргүүлснийг банкны эрх бүхий албан тушаалтан төгрөгийн зээлийг ам.доллар болгож, мөнгөний нэгжийг өөрчилснөөр валютын ханшийн зөрөөний улмаас хариуцагч ихээхэн хэмжээгээр хохирох нөхцөл байдалд орсон байдаг.Энэ үүссэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, өөрсдийн зүгээс тодорхой алхам, үйл ажиллагаа хийсэн, зарим тохиолдолд идэвхгүй үйлдэл гаргасан болох нь хэргийн материалд авагдсан болно.Хариуцагчийн зүгээс зарим нэг нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүйн улмаас хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг бүрэн тодруулах боломж алдагдсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг хангалттай бүрдүүлж чадаагүй байдаг. Нөхцөл байдал ийм тодорхой байхад зээлийн гэрээний үүргийн гуйцэтгэлийг хангуулах, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж хэргийг бүхэлд нь хянаж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Нэгэнт шүүхүүд дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг маргааныг буруу шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд банкнаас олгох зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэж, уг харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч “Натур өргөө” ХХК, “Өргөө майнинг” ХХК, Х.Отгонхүү, Ө.Хишигсүх нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүсчээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох талаар сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчид 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “Натур өргөө” ХХК нь “Хас” банкнаас 355 000 ам.долларыг 72 сарын хугацаатай, 360 хоногт 5.11 %-ийн Жайкагийн нөхцлөөр хувьсах хүүтэй зээлж, зээл болон хүү төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар талууд тохиролцжээ. Зээлийн гэрээний үүрэгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, батлан даалтын гэрээ байгуулагдсан байна \хх-ийн 10-32 дугаар тал\. Дээрх гэрээнд талууд гарын үсэг зурж, баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкны зээлийн гэрээний харилцаа, зээлдүүлэгчид Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар  барьцааны эрх үүссэн байна.  

Нэхэмжлэгч “Хас” банк нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 85 925 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үлдсэн 269 075 ам.долларыг хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлснээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгосон байна.

Хариуцагч “Натур өргөө” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үндсэн зээлд 4 419.29 ам.доллар, хүүд 17 866.73 ам.доллар төлсөнөөс хойш төлбөр хийгээгүйгээр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч “Хас” банк гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1., 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахыг шаардах нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 174 дүгээр зүйлийн 174.1.-д заасан шаардлагад нийцнэ.

Хариуцагч “Натур өргөө” ХХК нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулж, зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан бөгөөд төлбөрийн зарим хэсгийг төлж байсан тул зээлийн гэрээний гол нөхцлийг буюу зээлэх мөнгөний нэгжийг өөрчилсөн гэх шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох тухай хариуцагчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах,  шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулдаг байна. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/007785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 558 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Натур өргөө” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 988 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН