| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2026/0030/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/23 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0030/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Э.У......
Шүүгдэгч С.От....... түүний өмгөөлөгч Ж.О..... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000711 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........), 1969 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай. Урьд:
Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109а-д зааснаар 2 жил хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар 26 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугааp зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өршөөл үзүүл тухай хуульд зааснаар өршөөгдсөн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2025 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.......нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С...... мэдүүлэхдээ: “Би удаа дараа алдсан. Энэ гэмт хэрэг сүүлийнх нь тул тэнсэж өгнө үү.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.......нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 831,890 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэв
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч С.О...... холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.О......... нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багт байрлах Шинэ орчин худалдааны төвийн худалдааны хэсгээс Н.О......цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 831,890 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч Н.О...... 2025 оны 10 дугаар сарын 02, 08, 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын Шинэ орчин худалдааны төвийн жимсний бөөний төвд 2025 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байна. Харин өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед ажил дээр жимс өрж байх үед агуулах дотор байсан хар өнгийн гар цүнх алга болчихсон байсан. Хяналтын камер шүүж үзэхэд хар өнгийн биеийн тамирын хувцастай цагаан өнгийн малгайтай, эрэгтэй хүн миний гар цүнхийг жимсний агуулахаас аваад гарч байсан. Миний гар цүнхэнд бор өнгийн түрийвч дотор ойролцоогоор 480,000 орчим төгрөг бэлнээр, миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, манай нөхөр Г........иргэний үнэмлэх, ...... виза карт, сормуусны будаг, нарны тос, крем, нүүрний тос, үнэртэй ус, туре С цэнэглэгч, уруулын будаг байсан. Би 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хэнээс ямар учиртай мөнгө байсан талаар ярьж чадаагүй, тухайн мөнгийг надад манай нөхөр болох Ц.Г...... 2025 оны 10 дугаар сарын 02-ны 11 цаг 30 минутын үед ажлынхаа хувцастайгаа манай лангуун дээр орж ирээд өөрийнхөө ажлаасаа цалингийн урьдчилгаа зээл 1.000.000 төгрөг бэлнээр авсан гээд надад 480.000 төгрөг тоолж өгөөд, өөрөө 520.000 төгрөг аваад явсан. Тухайн мөнгөөр нөхөр бид хоёр Монгол гэр худалдаж авна гээд орой би ажлаасаа буугаад картандаа хийх гэж байсан юм. Манай жимсний лангуу дотроо хяналтын камертай учраас нөхөр надад мөнгө тоолж өгч байгаа нь камерт бичигдсэн байна лээ би хяналтын камерын 02 минут 10 секунтын бичлэгийг хуулаад ирсэн цагдаагийн байгууллагад гаргаж өгч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 25, 27 дугаар тал),
Гэрч Ц.Г.... 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...эхнэр О...... над руу утсаар яриад цүнхтэй эд зүйл мөнгөө алдсан талаар хэлсэн. ...Монгол гэр худалдаж авах гээд ......н ХХК-иас цалингийн урьдчилгаа 1,000,000 төгрөг нягтлан ..... бэлнээр аваад ....... ажил дээр очиж эхнэртээ бэлнээр 480,000 өгөөд, өөрөө 520,000 төгрөг бэлнээр аваад Сэлэнгэ аймаг руу ажлаар хөдөө явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
Яллагдагч С.О...... 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дарханы хорих 445 дугаар ангиас суллагдаж гарсан юм. Тухайн өдөр манай дүү ......тосч гэрт нь очоод идчихээд манай дүү 20,000 төгрөг өгсөн. Би дүүгийн гэрээс урд дэлгүүрээс нэг шил архи авч уугаад тэгээд арбат зах хаа сайгүй ууж яваад нэг хоносон орцонд хоносон. Ингээд өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 02-ны Шинэ Дарханд орцонд хоноод өглөө босоод хог түүдэг...... гэдэг залуу дайралдаад тал шил архи өгсөн. Би тэр архиа ганцаараа уучихаад өдөр 13 цагийн үед Шинз орчин захын тэр хавиар архи хайж яваад жимсний лангуу руу ороод нэг хар цүнх аваад гараад явсан. Тэгээд ихэр могойн урд очиж байгаад онгойлгоод үзтэл дотор ягаан өнгийн түрүүвч байсан. Тэр дотор байсан ойролцоогоор 50.000 төгрөг байсан би мөнгийг нь аваад цүнх түрүүвчийг танихгүй хоёр хүнд өгсөн. Би тэр... залуусыг танихгүй. Тэгээд хулгайлсан мөнгөөрөө архи аваад 20/7 дугаар байрны орцонд ууж байгаад тэндээ тасарсан байсан. Орцонд унтаж байтал хоёр цагдаа ирээд сэрээгээд аваад явсан. Архины халуундаа ийм болчимгүй зүйл хийчихлээ. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Цүнх бусад эд зүйлийг нь хаячихсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар татагдсан зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 47 дугаар тал),
"Аш........ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ШД-525-913869 дугаартай: “...эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар 351,890 төгрөгөөр тогтоов.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-38 дугаар) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч С...... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч С........ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул С....... 831,890 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О......олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.........2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаах шатнаас гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч С.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч С.......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 14 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч С........ ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.......... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .......г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С...... 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....... шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С...... 831,890 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О........ олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.О..........нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хэлээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С......... цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР