Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02103

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр                 Дугаар 102/ШШ2023/02103                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын 3 дугаар гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн Прокурорын газар,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ********** тоот хаягт байрлах, БК ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн үлдэгдэл 3,658,571 /гурван сая зургаан зуун тавин найман мянга таван зуун далан нэгэн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.М, Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.О  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

БК ХХК нь Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 270 дугаар Улсын байцаагчийн актаар тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл 13,658,571 төгрөгийг төлөхөөс удаа дараа зайлсхийж, төлөхгүй байгаа нь даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байна.

Дээрх улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шимтгэл 8,389,103 төгрөг, алданги 4,442,610 төгрөг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын дутуу тооцсон 826,858 төгрөгийг хамруулан тооцож, нийт 13,658,571 төгрөгийн акт тавьсан байна. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус компанийн орлогоос 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг суутгаж нийгмийн даатгалын санд шилжүүлэн авсан байх бөгөөд үлдэгдэл 3,658,571 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь улсын байцаагчийн акт, актын хавсралт, заавал даатгах даатгуулагчийн авлагын дэлгэрэнгүй хуулга, татварын зөрүүтэй аж ахуй нэгжийн жагсаалт, БК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйлгээний жагсаалт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр ... иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор ... оролцоно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд БК ХХК-иас Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн үлдэгдэл төлбөр 3,658,571 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. БК ХХК-иас 3,658,571 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн банк дахь 105100004490 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцсэн дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Баянгол дүүргийн Прокурорын газарт тус байгууллагыг төлөөлөх тухай хүсэлт бүхий 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1304 тоот албан бичиг /хх-4/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5/00270 тоот Нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэх тухай актын хуулбар, холбогдох баримтуудын хамт /хх-5-8/, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн хяналт шалгалтын зөвлөмж /хх-9-19/, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын хяналт шалгалт хийх томилолт, шалгалтын журам /хх-20-27/, Татварын зөрүүтэй аж ахуйн нэгжийн жагсаалт /хх-28-29/, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /хх-30-31/, Гүйлгээний жагсаалт /хх-35/ зэрэг болно. Харин нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан Г.Гэрэлбатын мэдээлэл болон БК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-32-33/

3. Хариуцагч БК ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, гүйцэтгэх захирал Г.Гэрэлбат нь нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүхэд БК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас өөр баримт гаргаагүй байна. /хх-37/

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч БК ХХК-иас нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн үлдэгдэл 3,685,571 төгрөгийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгуулах тухай нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч БК ХХК нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 13,658,571 төгрөгийг сайн дураар төлөөгүйн улмаас тус компанийн орлогоос 10,000,000 төгрөгийг суутгаж нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд үлдэгдэл 3,658,571 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч БК ХХК-ийн төлөөлөгч Г.Г 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Шүүгчийн туслах түүний 99******* дугаарын утсаар холбогдоход хариу тайлбараа шүүх хурал дээрээ гаргана. Манай талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, тэгэхдээ шүүх хурлаар орж шийдүүлнэ. Би хариу тайлбараа аваачиж өгч амжихгүй байна. Шүүх хуралдаа өөрөө оролцоод тайлбараа гаргана гэсэн ч шүүх хуралд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын хяналт шалгалт хийх томилолт, шалгалтын ажлын удирдамж, татварын зөрүүтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, Улсын байцаагчийн хяналт шалгалтын зөвлөмж, нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. БК ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1 гишүүнтэй, барилгын материалын худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг ба Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй байна.

4.2. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг БК ХХК-д татварын зөрүүтэй холбоотой хяналт шалгалт хийхээр томилжээ.

4.3. Шалгалтын ажил хийгдэж, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаар Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар БК ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацааны санхүүгийн баримт материал болон бусад баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд шалгаж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

4.4. Улсын байцаагчийн актаар илэрсэн зөрчлүүд: БК ХХК 41,342,923 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 2 хувийн шимтгэл дутуу тооцсон, 36,874,362 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон, дутуу төлсөн төлөлт илэрсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнээд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3 дахь хэсгүүдэд зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн 36,874,362 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 8,389,103 төгрөг, 41,342,923 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 826,858 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнд 4,442,610 төгрөгийн алданги ногдуулж, нийт 13,658,571 төгрөгийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн банк дахь 105100004490 тоот дансанд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, актад дурдсан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.

4.5. Улсын байцаагчийн актыг БК ХХК-ийн захирал Д.Г, нягтлан бодогч Ж.О нар танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тэдэнд улсын байцаагчийн хяналт шалгалтын зөвлөмжийг мөн танилцуулсан байна.

4.6. Хариуцагч БК ХХК нь улсын байцаагчийн актын дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 онд хийх хяналт шалгалтын ажлын удирдамж гарч, уг удирдамжийн 4.5-д зааснаар өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдал, актын биелэлт-ийг шалгаж, БК ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 11118126 дугаар баримтаар Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр заавал гүйлгээний төрлөөр 5,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 90524721 дугаар баримтаар Актын төлбөр төлөгдөх үед гүйлгээний төрлөөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг суутгаж нийгмийн даатгалын санд шилжүүлэн авчээ.

4.7. Ийнхүү Улсын байцаагчийн актаар тогтоогдсон 13,658,571 төгрөгөөс 10,000,000 төгрөг төлөгдөж, үлдэх 3,658,571 төгрөг төлөгдөөгүйг БК ХХК-иас гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэлт олгуулахаар төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахыг тус хэлтсээс Баянгол дүүргийн Прокурорын газарт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1304 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлж, уг хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг тус шүүхэд Баянгол дүүргийн Прокурорын газар гаргасан байна.

5. БК ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.20 дахь хэсгүүдэд заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, 2015-2018 оныг дуусах хүртэл хугацааны нийт 41,3342,923 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 2 хувийн шимтгэл дутуу тооцсон, мөн 36,874,362 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцож, дутуу төлсөн зэрэг зөрчлүүд илэрснээр Улсын байцаагч дутуу төлсөн шимтгэл болон алдангид нийт 13,658,571 төгрөг төлөхийг актаар үүрэг болгосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3 дахь хэсгүүдэд нийцсэн, уг акт хүчин төгөлдөр болсон байна.

6. Улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөрөөс 10,000,000 төгрөгийг БК ХХК-ийн данснаас суутган авч, хариуцагч үлдэх 3,658,571 төгрөгийг төлөөгүй ба төрийн байгууллагын хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Прокурорын газар уг үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч БК ХХК нь Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн актыг заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон ба Улсын байцаагчийн актын үргэлжлэлд тусгаснаар төлбөр барагдуулаагүйгээс Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар хариуцлага хүлээлгэсэн эсэх талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн зардлыг хуваарилна. Харин нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учир 3,658,571 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 73,487 төгрөгийг хариуцагч БК ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч БК ХХК-иас Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн үлдэгдэл 3,658,571 /гурван сая зургаан зуун тавин найман мянга таван зуун далан нэгэн/ төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БК ХХК-иас 73,487 төгрөгийг гаргуулан төсвийн орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэст/-д оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА