Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01921

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01921

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод бүртгэлтэй хаягтай, *** тоот хаягтай, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  П холбогдох

   түрээсийн төлбөр, хохирол нийт 2 099 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

хариуцагч Д.П нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзий хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.П холбогдуулан түрээсийн төлбөр хохирол 2 099 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХХК нь  П 2022 оны 10 сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Бараа материалын тооцоо тооцоогоор 2022 оны 10 сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 сарын 15-ны өдөр хүртэлх нийт 536 ширхэг бараа материалыг 3 хоногийн хугацаанд 1 хоногийн 40-660 төгрөгөөр түрээслүүлж нийт 393 060 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр барьцаа 800 000 төгрөгийг нэмж нийт 1 224 980 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг  Пүрэв нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж 1 224 980 төгрөгийг төлсөн. Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо тооцоогоор 2022 оны 10 сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор 536 ширхэг бараа материалыг 3 хоногийн хугацаанд 1 хоногийн 40-660 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 393 060 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 76 ширхэг барааны үнэ 31 920 төгрөгийг нэмж нийт 424 980 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг Дагва овогтой Пүрэв нь тухайн өдрөө төлсөн. Барьцааны үлдэгдэл 800 000 төгрөг, Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо тооцоогоор 2022 оны 10 сарын 15-аас 2022 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 886 ширхэг бараа материалыг 26-27 хоногийн хугацаанд 1 хоногийн 20-310 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 1 812 440 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаанд төлсөн 800 000 төгрөгийг хасаж 1 012 440 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн алданги тооцоог 2022 оны 10 сарын 12-ны өдрөөс 2023 оны 02 сарын 14-ны өдөр хүртэлх 125 хоногоор 1 хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 632 775 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1 012 440 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 506 220 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд *** ХХК нь  П түрээсийн үлдэгдэл төлбөр 1 012 440 төгрөг дээр дутаасан 846 ширхэг барааны үнэ 518 890 төгрөг, эвдэрсэн 6 ширхэг барааны үнэ 62 000 төгрөгийг тус тус нэмж нийт 1 593 330 төгрөг дээр алданги 506 220 төгрөгийг тус тус нэмж нийт 2,099,550 /хоёр сая эрин есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргав...гэжээ

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...миний бие *** ХХК-аас 536 ширхэг бараа авсан нь үнэн болно. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой хоног хугацаа сунасан тал байгаа. Тус компанид учир явдлаа хэлж илүү төлбөрийг нь барьцаа мөнгөнөөс гаргуулж өгөхөөр тохирсон. Үүн дээр дутсан барааны төлбөр болох 518 880 төгрөгийг төлөх эсвэл барааг нь авч ирж өгөөд тооцоо хаах тухай тохирсон. Уг дутсан зүйл нь цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой бетон цутгамалтайгаа хөлдөж барьцалдсан байгаа. Тус ажлаа дуусгаж чадахгүй үлдээсэн. Иймд дутсан 5 ширхэг барааг цаг агаар дулаарахад 15-20 хоногт багтаан тус газарт авч ирж өгч тооцоо дуусгах хүсэлтэй байна. Барилгын улирал эхлээгүй болохоор тооцоог мөнгөөр төлөх боломжгүй байгааг минь хүндэтгэн үзнэ үү... гэжээ

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2022.10.12-ны өдрийн Түрээсийн гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/

Бараа материалын тооцоо /хэргийн 6 дугаар тал/

2022.10.12-2022.10.15-ны өдөр хүртэлх Авлага, өглөгийн товчоо /хэргийн 7 дугаар тал/

2022.10.15-2022.11.10-ны өдөр хүртэлх Авлага, өглөгийн товчоо /хэргийн 8 дугаар тал/

2022.10.12-2022.11.10-ны өдөр хүртэлх Авлага, өглөгийн товчоо /хэргийн 9 дүгээр тал/

Шилжин ирсэн тухай тодорхойлолт /хэргийн 10 дугаар тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 11 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 12 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 13 дугаар тал/

Орлого зарлагын баримтууд /хэргийн 28-32 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 16 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ....түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, түрээслэсэн хөрөнгийг буцааж бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй, бас эвдэрсэн байсан... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...ажил эхлэх цаг хугацаагаа буруу тооцсон байсан ба энэ тухай нэхэмжлэгч талд мэдэгдэж тохиролцсон байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

  Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 2022 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *** ХХК өөрийн өмчлөлийн барилгын хэв хашмал, гадна булан, дотор булан, сапуд, труба, шат, богино дэгээ, урт дэгээ, түгжээ, хавчаар, эргэдэг эргэдэггүй хомут зэрэг гэрээний хавсралтад заасан хөрөнгүүдийг хариуцагч Д.П 6 сарын хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт хариуцагч гэрээний хавсралтад заасан үнийг төлөхөөр харилцан тохирч, бичгээр Түрээсийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд буюу 2022.10.15-ны өдрөөс 2022.11.10-ны өдөр хүртэл хугацаанд 1 812 440 төгрөгийн үнэ төлбөр бүхий нийт 846 ширхэг буюу хэв хашмал6001200-152ш, гадар булан1200-2ш, дотор булан100100-2ш, труба6м-38ш, түгжээ-654ш, дэгээ богино-38ш хөрөнгийг түрээслэж авсан атал 573 ш буюу гадар булан1200-1ш, богино дэгээ-29ш, түгжээ-396ш, хэв хашмал6001200-147 хүлээлгэн өгч, үлдэх 273ш хөрөнгө буюу гадар булан1200-1ш, дэгээ богино-9ш, түгжээ-258ш, хэв хашмал6001200-5ш эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөөгүй, үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөрийн 1 012 440 төгрөгийг, гэрээний хариуцлага буюу алданги 506 220 төгрөг, дутаасан хөрөнгийн үнэ 518 890 төгрөг, эвдэлсэн хөрөнгийн үнэ 62 000 төгрөг нийт 2 099 550 төгрөгийг хариуцагчаас шаардсан. /хэргийн 8-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч зарлагын баримтаар гадар булан1200-2ш, богино дэгээ-38ш, түгжээ-654ш, хэв хашмал6001200-152ш хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан авлаг өглөгийн товчоо, орлого зарлагын баримт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9, 28-32 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5, 4.2-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө, 3.7-д гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслүүлэгчид хугацаанд нь чанарын доголдолгүй бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Баримт үйлдэж хүлээлцэнэ, 3.8-д түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд түрээслүүлэгчид үнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлж хохирлыг барагдуулна гэж тохиролцсон байна.

 

Хариуцагч ...ажил эхлэх цаг хугацаагаа буруу тооцоолж эд хөрөнгө түрээслэсэн байсан бөгөөд энэ тухай нэхэмжлэгч талд мэдэгдсэн, ашигласан хугацаанаасаа тооцоогоо хийхээр тохиролцсон... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэг баримт хүсэлт гаргаагүй.

 

Тодруулбал хариуцагч гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх, түрээслэсэн эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж баримтаар нотлоогүй тул гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 2.1, 2.2, 2.3, 3.5, 3.7, 3.8, 4.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлд заасан үндэслэлтэй тул хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 012 440 төгрөг алданги 506 220 төгрөг, дутаасан түрээсийн хөрөнгийн үнэ 472 450 төгрөг нийт 1 991 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108 440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч 396 ш түгжээ буцаан авсан нь баримтаар тогтоогдож байгаа, мөн эвдэрсэн хөрөнгийн талаар баримтгүй тул 46 440, 62000 төгрөг нийт 108 440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 453 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 807 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2023 оны 02 сарын 19-4-ний өдрийн 95/23 дугаар нэхэмжлэгчээс Г.Э олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 12 дугаар тал/

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Птүрээсийн төлбөр хохиролд нийт 1 991 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108 440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 453 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 807 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ