Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/02134

 

 

 

 

 

 2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/02134

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк-2 хотхон, ********** тоот хаягт оршин суух, эрэгтэй, *********** овогт Н.Т,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк-2 хотхон, ******** тоот хаягт оршин суух, ********** овогт Э.Г,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ************ тоот хаягт оршин суух, ******** овогт О.А,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Т , Э.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.Т  миний бие 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр О.А-тай зарын дагуу холбогдож түүний Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28 дугаар байрны 1 давхрын өргөтгөлийн 40 м.кв талбайг түрээслэх сонирхолтой байгаа болохоо хэлж, уулзаж ярилцсан. О.А- нь уг түрээсийн талбайг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сулрах тул 3 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээгээ хийе, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн. Ингээд би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Э.Г-ийн Хаан банкны данснаас 2,000,000 төгрөгийг О.А-ын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр О.А-тай утсаар холбогдож түрээслэх боломжгүй болсон тухай мэдэгдээд, шилжүүлсэн 2,000,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл О.А- нь барьцааны мөнгийг буцааж олгодоггүй гэх шалтгаанаар бидний шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй өдийг хүрч байна. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тухайн байрыг анх үзэж чадаагүй ч дараа нь үзэхэд анх ярьж байснаасаа арай жижиг,үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, мөн засвар хийх шаардлагатай байна түрээсийн мөнгөнөөс хасах уу гэхэд хасахгүй гэсэн тул түрээслэх боломжгүй болж гэрээ байгуулахаас өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 24-нд түрээслэхгүй гэдгээ мэдэгдэж барьцаа мөнгөө буцааж авахыг хүссэн боловч түрээслүүлэгч О.А- барьцаа мөнгийг өгөхгүй гэсэн. Иймд барьцаа гэх 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч хариу тайлбартаа хоосон талбай үзүүлсэн гэж хэлж байна. Өргөтгөл дотроо хэд хэд хуваасан талбайнууд байсан. Доторх талбайг сонирхохгүй байна, гаднаасаа ордог хаалгатай талбайг түрээслэх сонирхолтой байна гэсэн боловч тухайн үед тэр байранд түрээслэгч байгаад цоожтой байсан тул үзэж чадаагүй. Маргааш нь орж үзэхэд засвар хийх шаардлагатай, засварын хугацааны мөнгийг хасах уу гэхэд хасахгүй гэсэн. Анх мөн 40 мкв гэж ярьсан хэдий ч яг үзэхэд бага хэмжээтэй байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй тул барьцаа мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

 

2. Хариуцагч ЦКХХК-ийн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 3 дугаар сарын 19-нд ажлын байр түрээслэх зар гаднаа хадсан. Энэ ажлын байр нь 3 дугаар сарын 26-нд сулрах байсан. Манайд түрээслэх 2 талбай байсан. 3 дугаар сарын 20-ны өглөө Солонгос хуучин хувцас зарах хүүхэнтэй ярьж тохироод, барьцаа 2,000,000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ өдрийн орой 17 цагийн үед хүүхэн залуу хоёр 2 охины хамт орж ирсэн. Хоосон байсан талбайгаа үзүүлж тайлбарлан ярилцах явцад нөгөө талбайг сонирхож, түрээслэгчээ олсон, барьцаагаа авсан, өөр хүнд түрээслүүлэх боломжгүйгээ тайлбарлахад хүүхэн нь манайх И-мартын дээр онлайн дэлгүүртэй, маш их үйлчлүүлэгчтэй, салбар нээх гээд энүүхэнд нэг байр алдчихсан, одоо энийг алдмааргүй байна, яг энэ байрыг авмаар байна, сарын түрээс 2,500,000 төгрөгийг 300,000 нэмээд 2,800,000 болгоё, барьцаа 2,000,000 төгрөгийг одоо өгье, тэр хүн чинь өглөө хийсэн бол өдөртөө юм чинь буцааж болно шүү дээ, энэ гудамжинд л энэ байранд л салбартай болмоор байна гээд дахин дахин гуйж ярьж гарсан. Би бодож хонохыг, сайн судла гэж зөвлөөд гаргасан ч эргэж залгаад дахин дахин гуйсан. Би 20 цагт өглөөний хүүхэн рүү түрээслэх боломжгүй болсноо тайлбарлахад зөвшөөрч, барьцаагаа буцааж авахаар болсон.

Миний хувьд залуу хүмүүс үйл ажиллагаа тогтворжсон, үйлчлүүлэгч ихтэй, олон төрлийн шинэ бараатай, түрээсээ ч арай их нь дээр гэж тооцоод 88******** дугаар луу залгаж дахин сайн тайлбарлаж ярилцаад Г гэх данснаас барьцаа 2,000,000 төгрөгийг буцаалт болгон шилжүүлсэн. Барьцаа мөнгө орж ирснээс хойш зараа зогсоож, дараагийн түрээслэгч хайхаа больдог. Үүнийг залуу хүүхэн хоёр маш сайн мэдэж байсан. Ерөнхий зарчим болон ашиглалтын зардал хэд болох, хэзээ төлөх цагийн хуваарь, засвар, гэрээгээ 25-нд хийж түлхүүрээ 26-ны орой өгч авалцах гээд бусад зүйлсийг ярьж тохироод зөвшөөрч байгаа учраас түрээслэн авагч барьцаа мөнгөө өгч байгаа. 3 дугаар сарын 21, 22-нд түрээслэгч тал залгаад засвараа эхлэе, гэрээгээ хийе, одоо байгаа дэлгүүр өнөөдөр гарч болох уу гэх мэтээр яриад л байсан. 3 дугаар сарын 24-нд аав нь гэх хүн залгаад энэ хоёр түрээслэж ажиллахгүй болохыг нь хэлэхэд би маргааш гэрээ хийх гэж байхад 20-нд өөр түрээслэгчээ болиулаад түрээслэхээр тохироод байхад ажил баллаад хаялаа, одоо яаралтай дараагийн түрээслэгч олъё гээд тайлбарлан ярилцаад өнгөрсөн. Хэд хоногоос аав нь залгаж барьцаа мөнгөө нэхэж шаардан, зүй бус зан авир гаргаж, хэл амаар доромжилж хараан, лам бөө, цагдаа өмгөөлөгч гэх мэтээр айлган сүрдүүлж эхэлсэн. Түрээслүүлэгч миний зүгээс дараагийн түрээслэгч ороогүйг хэлж, удаа дараа утсаар ярьж тайлбарласан ба уулзах хүсэлт гаргахад залуу ирсэн. Маш сайн ярьж тохироод шийдсэн байсан, одоо ч танайх ажиллаж болно, нэг өдрийн түрээс 90,000 төгрөг, манай талаас тохирсондоо байгааг хэлж дараагийн түрээслэгч оронгуут барьцаа буцаалт орох болон дараагийн түрээслэгчээ хоёр талаасаа бушуу олж оруулахаар ярилцаад л салсан. Түрээслэх зараа тавьсан дороо хоёр талаасаа тохироод барьцаа мөнгөө өгч аваад, зар зогсоод нэг нь гарч, нөгөө нь ордог. Энэ бол итгэл, нэр хүнд байдаг. Түрээслэх зар аваад, тавиад байх, эсвэл удаан байх тусам түрээслэн авагч хүнд үл итгэл төрж, түрээслүүлэгчийн нэр хүнд унаж, бизнес харьцаанд сэв сууж байдаг. 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус түрээслэх байр маань хоосон байсан ба 4 дүгээр сарын 18-нд дараагийн түрээслэгчтэй гэрээ хийсэн. 3 дугаар сарын 20-нд анх тохирсон хүн маань хэвээрээ байсан бол ийм хохирол учрахгүй. Хүүхэн залуу хоёр тохирсондоо ажилласан бол ийм байдал үүсэхгүй байсан. Насанд хүрсэн хоёр хүн онлайн дэлгүүр, суурин дэлгүүр ажиллуулдаг гэж хэлээд, интернэт дэлгүүр бичлэг үзүүлэн итгэл төрүүлээд ярьж тохироод барьцаа хийсэн байснаа өөрсдөө больж хариуцлага, ёс зүй алдсан. Дараагийн түрээслэгч удсанаас болж барьцаа буцаалт хийх боломжгүй байсан. Надад ч хоосон 22 хоног байсан зардал алдагдал байгааг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу. Энэ хугацааны дулааны төлбөр 74,000 төгрөг, дохиолол хамгаалалтын төлбөр 22,000 төгрөг, 22 хоногийн төлбөр 1,835,000 төгрөг, нийт 1,931,000 төгрөгийн алдагдалд оруулсан. Иймд 2,000,000 төгрөгөөс үлдэгдэл 70,000 төгрөг төлөх боломжтой. 1,931,000 төгрөгийг төлөх боломжгүй...гэжээ.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: Н.Т , Э.Г нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3-4/, Хаан банкны Шилжүүлгийн баримт /хх-5/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

6. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бусадтай байгуулсан Түрээсийн гэрээний хуулбар /хх-12-13/, гар утасны дуудлага харуулсан фото зургууд /хх-14-17/, О.А-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18/, О.А-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-19/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

7. Хариуцагч О.А- шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Э.Г-ийн нэхэмжлэлийг хангаж, Н.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ хариуцагчтай ажлын байр түрээслэх гэрээ байгуулахаар ярилцаж, гэрээ байгуулалгүйгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд түрээслэхээ больж гэрээ байгуулахаар тохирсон байсан хугацаанаас өмнө мөнгөө буцааж авахыг хүссэн. Гэрээ байгуулагдаагүй учир шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг Э.Г-ээс хүлээн авсан. Энэ нэхэмжлэлээс 70,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө. Түрээсийн гэрээ байгуулахаар тохирсон хугацаанаас өмнө түрээслэхээ болилоо гэснээр тухайн гэрээний зүйлийг бусдад түрээслүүлэх боломжгүй болж 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түрээслүүлж чадаагүй, энэ хугацаанд дулааны төлбөр 74,000 төгрөг, дохиолол хамгаалалт 22,000 төгрөг, 22 хоногийн төлбөр 1,835,000 төгрөгөөр хохирсон учир буцаан төлөх боломжгүй гэж тайлбарлан маргасан байна.

4. Зохигчид ажлын байрны түрээсийн гэрээг бичгээр байгуулагдаагүй, барьцаа болгож 2,000,000 төгрөгийг Э.Г-ээс О.А-д шилжүүлсэн, ярилцсан өдрөө түрээсийн гэрээ байгуулаагүй ба энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулах саналаас татгалзсан тухай мэдэгдсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргаж байна.

5. Нэхэмжлэгч Н.Т  нь хариуцагчтай зарын дагуу холбогдож, ажлын байр түрээслэх талаар ярилцаж тохиролцсон гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, түүнтэй утсаар болон биечлэн уулзаж байсан талаар хариуцагч О.А- тайлбарлах боловч тэрээр бие даан өөрийн нэрийн өмнөөс хариуцагчтай аливаа гэрээ хэлцэл хийгээгүй, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2,000,000 төгрөгийг шилжүүлээгүй учир хариуцагч О.А- түүний ямар эрхийг зөрчсөн болох нь тодорхойгүй байх тул Н.Т ыг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, О.А-ын бусадтай байгуулсан түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1. Талууд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр холбогдож, нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч О.А-ын өмчлөлийн, аж ахуйн зориулалттай 40 м.кв талбайг түрээслэх, түрээсийн гэрээг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулахаар ярилцаж, нэхэмжлэгч Э.Г нь барьцаа болгож 2,000,000 төгрөгийг хариуцагч О.А-д шилжүүлсэн байна.

6.2. Э.Г-ээс 2,000,000 төгрөгийг хүлээн аваад, тухайн талбайг түрээслүүлэхээр тохиролцсон байсан иргэнд төлсөн байсан 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.

6.3. Түрээсийн гэрээ бичгээр болон аман хэлбэрээр байгуулагдаагүй байхад буюу гэрээ байгуулахаар тохирсон 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн өмнөх өдөр нэхэмжлэгч нь гэрээ байгуулах саналаас татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан авахыг хүссэн байх бөгөөд хариуцагч уг мөнгийг буцааж өгөөгүй байна.

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу энэ төрлийн гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаарддаг.

8. Зохигч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчээс хүлээн авсан 2,000,000 төгрөгөөс 1,931,000 төгрөгийг суутгаж авах эрх хариуцагчид үүсэхгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй байхдаа хүлээн авсан мөнгийг буцаан төлөхөөс татгалзаж байгаа нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

9. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч О.А-д шилжүүлсэн 2,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Шүүх Э.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А-аас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгож, Н.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-аас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА