Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/01991

 



 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/01991

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** хаягтай, *** /цаашид СӨХ гэх/ -ны нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** давхар хаягтай, рд:***, Ж холбогдох,

 

923 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***-оос хариуцагч Б.Ж холбогдуулан хуримтлалын зардал 923 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, НЗОСБДӨЭХ тухай хуулийн 13.1, 16.4 дахь заалт, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг үндэслэн Дундын өмчлөлийн хуримтлалыг удаа дараа төлөх шаардлагыг биелүүлээгүй тул 2022 оны 7 сараас эхлэн 9 сарын хугацааны 923 400 төгрөгийг төлөөгүй тул Б-д гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа тайлбартаа: ...Тус СӨХ нь 2022 оны 7-р сараас эхлэн 9 сарын хугацааны 1923000
төгрөгийг төлөхийг шаардсан боловч ССӨХ-нд сар бүр 20 000 төгрөг төлдөг
байсан аж ахуй нэгж яагаад гэнэт 200 000 төгрөг төлөх болсон үндэслэлийг
заагаагүй байна
. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар *** СӨХ-өөс эмийн санд холбогдолтой үнэ нэмсэн ямар мэдэгдлийг хэзээ хэнд хүлээлгэн өгсөн талаарх бичгийн нотлох баримтуудыг гаргуулах, мөн нэхэмжлэлд бүх гишүүдийн хурлын тогтоол гэсэн баримтуудыг хавсаргаж шүүхэд өгчээ. Энэ бүх гишүүдийн хурлыг хэзээ хаана хийсэн, тухайн СӨХ-д хамааралтай гэх Эмийн санд бүх гишүүдийн хурлын товыг хэзээ яаж хүргүүлсэн талаарх нотлох баримтуудыг гаргуулах, Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс аж ахуйн нэгжид холбогдох жишиг үнийг хэзээ, юуг үндэслэж өөрчилсөн, энэ талаар аж ахуйн нэгжүүдэд яаж мэдэгдсэн талаарх нотлох баримтуудыг тус тус гаргуулж өгнө үү. Мөн Эмийн сангийн барилгын засварт аж ахуйн нэгжийн зүгээс 17 сая төгрөг гарган гадаад орчныг тохижуулсан. Энэ байрны гадаад өнгө үзэмж муу, шавар нурсан байдлыг бүгдийг засч янзалсан байхад СӨХ-өөс аж ахуйн нэгжид мэдэгдээгүй, холбогдох хууль тогтоомжийн актуудыг танилцуулаагүй байж шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Сар бүр төлдөг 20 000 төгрөгийг төлдөг байсан, цаашдаа ч энэ хэмжээгээр төлнө. Харьцдаг аж ахуйн нэгжийг бүх гишүүдийн хуралд оролцуулаагүй, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулахгүй шууд шүүхэд өгч аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдаж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байх, энэ тал дээр *** СӨХ анхаарч ажиллах хэрэгтэй байна. 2022 оны 7сараас 2023 оны 4 сарыг дуустал СӨХ-ийн төлбөрийг хийж баримтыг хавсаргав...гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус хаягт үйл ажиллагаа эрхэлдэг эмийн сан нь СӨХ-ны хуримтлалын зардлыг төлөөгүй... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...тус хаягт *** ХХК гэсэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ...эмийн сангийн эзэн Ж... гэсэн ба ямар нэг хуулийн этгээд нэр зааж тодорхойлоогүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Б.Ж холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон ...Баянгол дүүрэг, ... хаягт *** ХХК эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 18, 20-23, 30 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар Б.Ж хариуцагч биш болох нь тогтоогдож байгаа, нэхэмжлэгч хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих талаар шүүхэд ямар нэг хүсэлт тайлбар гаргаагүй.

 

Иймд хариуцагч Б.Ж нэхэмжлэгч *** СӨХ-ны харъяалах нутаг дэвсгэрт ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг, амьдардаг үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 610 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Жаргалд холбогдуулан гаргасан 923 400 төгрөг гаргуулах тухай *** СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 610 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ