| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02251/И |
| Дугаар | 102/ШШ2023/02289 |
| Огноо | 2023-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/02289
| 2023 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2023/02289 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, эмэгтэй, ******** овогт Б.М ,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, эрэгтэй, ****** байгелди овогт Ж.Е,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,660,000 /нэг сая зургаан зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв..
Шүүх хуралдаанд оролцогчид:
НэхэмжлэгчБ .М-,
Хариуцагч Ж.Е-,
Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд авто засварын газар ажиллуулж байхад 2021 оны 11 дүгээр сард Ж.Е- манайд ирээд Зарчихаар машин байна уу? таны унаж байгаа **** УНД улсын дугаартай Тоёота Эстима маркийн машиныг чинь бэлэн мөнгөөр авъя гэсэн. Би чамд 3,000,000 төгрөгт өгнө. Дээр нь юм хийх учраас 1,000,000 төгрөг нэмээд 4,000,000 төгрөгөөр зарна гэхэд болно гээд зөвшөөрсөн. Гэтэл Ж.Е- Би мөнгөө шууд төлж чадахгүй, энэ машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад эгчийнхээ машинтай нийлүүлээд ломбарданд барьцаалж зээл аваад мөнгийг нь өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд мөнгөө төлөөгүй явсаар байсан. 2022 оны 1 дүгээр сард миний төрсөн өдрөөр манай нөхөр Ж.Е- руу залгаад Манай эхнэрийн төрсөн өдөр болж байхад мөнгө байхгүй байна гэж хэлж байж хамгийн эхний мөнгөө авсан. Дараа нь нөхрийн дансанд 300,000, 500,000 төгрөгөөр гэх мэт мөнгө өгч байгаад жил гаран мөнгө өгөөгүй. Нийт 1,900,000 төгрөг л өгсөн. Тэрнээс хойш мөнгө огт өгөөгүй. Эхлээд утсаа авдаг, ярьдаг, бид ойлгоод хүлээдэг байсан. Сүүлдээ манай нөхрийн утсыг блоклоод, ярихаа ч байсан. Уг нь 2,100,000 төгрөгийн үлдэгдэл байгаа ч одоо үлдэгдэлд 1,600,000 төгрөг болгож, мөн манайд зун ирж машин үзүүлэхдээ 2 крило авсан ч мөнгөө өгөөгүй учир крилоны үнэ 60,000 төгрөгийг нэмээд, нийт 1,660,000 төгрөгийг шаардаж байна...гэв.
2. Хариуцагч Ж.Е- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.М-гаас машин худалдаж авахаар болсон. Өөрөө хувааж төлж болно гэсэн. 3,000,000 төгрөгөөр тохирч аваад 3 хонож байтал машин нь асахгүй байсан. Тэгээд чирж аваачаад янзалж, засварын 1,000,000 төгрөгийг төлбөрт нэмсэн. Тэгээд би Миний нэр дээр шилжүүлээд өг, даатгалгүй, бичиг баримтгүй машин яаж унах вэ гээд бараг 14 хонож байж нэр дээрээ шилжүүлж авсан. Тэгээд Баян-Өлгий рүү ажил явдал гараад явахад миний араас надад юу ч хэлэхгүйгээр цахим сүлжээнд тавьсан байсан. Манай гэр бүл, хамаатан садан бүгд намайг машин хулгайлсан гэж буруугаар ойлгосон. Тэрэнд хариуцлага тооцох ёстой. Би юм хэлээгүй. Дараа ньБ.М-гийн нөхөр нь намайг үг хэлээр доромжилсон. Миний тооцоогоор багаж болон өөр зүйлс өгсөнтэй нийлээд 2,600,000 төгрөг төлсөн. Анх ярьснаараа 3,000,000 төгрөг гэвэл би мөнгө төлөх ёсгүй гэж бодож байна. Сүүлд нэмснээрээ нэхэж байгаа бол төлнө. Мөн би машин аваад өмнөх бүх татвар, торгуулийн өр гэж 250,000 гаруй төгрөг төлсөн. Бүр 4 дугуй ч байхгүй байсныг би дугуй авч тавьсан. Би ажил хийгээд төлнө л гэж байгаа. Би энэ оны 1 дүгээр сараас хойш олон удаа хагалгаанд орж, 3 сар гаруй хүний гарт асруулж, одоо л ажил хийх боломжтой болж байна. Ажилд ороод 10 гаруй хонож байтал Өвөрхангайд ажил явдал гараад очсон. Одоо миний зүгээс 1,200,000 төгрөг төлөөд болно гэж бодож байна...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн ******* тоот депозит дансны хуулга /хх-57, 131-245/, нөхөр Б.Б-н эзэмшлийн Хаан банк ХХК дахь ********* тоот депозит дансны хуулга /хх-58-130/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 50821126873 тоот депозит дансны хуулга /хх-9-46/-ыг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: хариуцагчид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, шилжүүлсэн ба хариуцагч төлбөрөөс 1,900,000 төгрөгийг төлж, 2,100,000 төгрөг төлөөгүй боловч 1,600,000 төгрөгийг 2 ширхэг криланы үнэ 60,000 төгрөгийн хамт нийт 1,660,000 төгрөгийг Ж.Е-аас гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр авахаар тохирсон болохыг, мөн 2 ширхэг криланы мөнгө 60,000 төгрөгийг төлөөгүй ба нэхэмжлэлээс 1,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаалдлагыг эс зөвшөөрөн, татгалзлын үндэслэлээ гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 2,600,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт нотлох баримтаар цугларсан зохигчдын болон нэхэмжлэгчийн нөхөр Б.Б-н банк дахь харилцах дансны хуулгууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1.Б.М- нь Ж.Е-тай харилцан тохиролцсоноор 2021 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн 85-97 УНД улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг 4,000,000 төгрөгөөр Ж.Е-д худалдахаар аман хэлцэл хийснээр тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлсэн байна.
4.2. Худалдан авагч Ж.Е- нь гэрээний дагуу 4,000,000 төгрөг төлөхөөс 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 700,000 төгрөг, 2 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг төлж, 2,100,000 төгрөг төлөгдөөгүй болох нь зохигчдын дансны хуулгаар тогтоогдсон.
4.3. Хариуцагч худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлөөгүй байх хугацаандаа нэхэмжлэгчээс тус бүр 30,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг крило авсан бөгөөд төлбөр 60,000 төгрөгийг төлөөгүй болохыг зохигчид тайлбарлаж байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зохигчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийж, гэрээний гол зүйлийг тохирч, тээврийн хэрэгслийн үнийг 4,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.
6. Талуудын байгуулсан гэрээ хуульд нийцсэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн бол хариуцагч гэрээний дагуу 4,000,000 төгрөг төлөхөөс 1,900,000 төгрөгийг дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.
7. Хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчид 2,600,000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн нотлох үүргээ биелүүлээгүй байх тул баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу 1,900,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.
8. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 60,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг крило худалдан авсан боловч үнийг төлөөгүй болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах нь зүйтэй.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Е-аас 1,660,000 /нэг сая зургаан зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА