Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02390

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 16 өдөр                 Дугаар 102/ШШ2023/02390                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* хаягт байрлах ДФ ББСБ ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ********** тоот хаягт байрлах ЗЧУ ХХК,

Нэхэмжлэл, хүсэлтийн шаардлага: ЗЧУ ХХК-ийн гаргасан төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт,

ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхон, Их Монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хуваарилагдах эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагчид даалгах тухай ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д  /0835/, Т.Дэ /0158/,

Хүсэлт гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э,

Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ЗЧУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан хүсэлтэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Манай компани нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр байгуулагдсан ба одоогийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.С- би үүсгэн байгуулсан. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай компани нь өөрийн өрөндөө иргэн З.Баяржаргалын бусдаас 87,000 ам.долларын өр шилжүүлэн авч, төлөхөөр өр шилжүүлэх гэрээ байгуулсан боловч ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 3 дахин нэмэгдэж 525,084,099 төгрөгийн өртэй болсон. Түүнчлэн манай компанийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, ***********тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/0000 дугаартай шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн. Манай компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь санхүүгийн хямралд автсан ба ам.долларын ханш өссөн, улмаар үндсэн үйл ажиллагаанд заасан барилгын засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон. Учир нь цар тахлын үед барилгын засвар хийлгэх үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд Монгол улсын хил хааснаас шалтгаалан барилгын материал хилээр орж ирэх боломжгүй болж, дотооддоо материалын бүрэн хомсдолд орсон. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар бусдад төлөх буюу ДФ ББСБ ХХК-д 525,084,099 төгрөгийн өртэй, санхүүгийн тайланд тусгагдсан байна. Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу компани өөрийн хөрөнгө байхгүй учир мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүй болсон. Иймд ЗЧУ ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцон, татан буулгаж өгөхийг хүсэж байна.

1.2. Манай байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дүгээр зүйлийн 1551.1 дэх хэсэг, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус байгууллага бусдад төлөх төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй. Г.А- гэдэг хүний зээлийн барьцаалуулагчаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаанд оролцож байна гэж би ойлгосон. Тэгээд энэ төлбөрөө талах чадваргүй болсон байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Тухайн компани нь нэг хүний эзэмшлийнх бөгөөд хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа 2018 оноос хойш явуулж чадахгүй болсон. Эдгээр хүчин зүйлүүдээс болж ямар ч орлогогүй мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх этгээд нь эрүүл мэндийн хувьд асуудалтай, согтууруулах ундааны хамааралтай, эрх зүйн чадамж нь сул болсон учраас компанийг цаашид авч явах боломжгүй гэж үзэж байгаа учраас, шүүхэд хүсэлтээ гаргасан байгаа. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ хүчинтэй байгаа...гэв.

2. Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд болон, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нь өмгөөлөгч Т.Д , Т.Дэ нарын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00268 дугаар шийдвэрээр хариуцагч Г.А-ээс 525,084,099 төгрөг гаргуулж ДФ ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, ***********тоотын 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Г.А- нь төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул барьцаа хөрөнгө болох ЗЧУ ХХК-ийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаагаар оруулах байсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗЧУ ХХК болон ДФ ББСБ ХХК, төлбөр төлөгч Г.А- нарын хооронд өр шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү үйл баримт нь шүүхээр нэгэнт хянагдаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.А-ээс 525,084,099 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн болохоос ЗЧУ ХХК нь манайд төлбөртэй биш юм. Иймд манай байгуулага хүсэлт гаргагч ЗЧУ ХХК-иас 525,084,099 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй. Харин барьцааны үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж, энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00268 дугаар шийдвэртэй, ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн уг 4 өрөө орон сууцыг Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөд хамруулах үндэслэлгүй болох тул 00268 дугаар шийдвэрт заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хариуцагч ЗЧУ ХХК-д даалгаж, уг хөрөнгийг хуваарилагдах хөрөнгөөс хасаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

2.2. Хариуцагч ЗЧУ ХХК нь нэхэмжлэлд хариу тайлбараа бичгээр гаргаагүй. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан тайлбарыг сонсоход Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03289 тоот шийдвэрийг үндэслэж, ...нэгэнт уг орон сууц С.С-гийн өмчлөлд шилжсэн учир нэхэмжлэгч энэ үл хөдлөх хөрөнгөөс шаардах эрхгүй гэж ярьж байна. С.С-н нэр дээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийн агуулга нь бэлэглэлийн гэрээг л хүчингүй болгосон. Гэтэл тухайн өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ хүчинтэй хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт энэ барьцааны гэрээ хүчинтэй, бүртгэлтэй байгаа, үл хөдлөх хөрөнгө нь ЗЧУ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгааг тодорхойлсон эрх бүхий байгууллагын албан тоот байна. Тийм учраас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэсэн хүчин төгөлдөр хуулийн заалт байгаа. Тэгэхээр С.С-н өмчлөлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байх явцад ДФ ББСБ ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон. Гурван шатны шүүхээр буюу хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим энэ хэргийг хэлэлцэхдээ Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй юм байна. Нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны тухай хуульд заагаад өгсөн хуулийн хамгаалалт нь байна. Тийм учраас С.С-н өмчлөлд бүртгэхийг даалгасан энэ шаардлага хэрэгжсэн ч гэсэн өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг С.С хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар дүгнэсэн. Тийм учраас хариуцагчийн яриад байгаа Одоо нэгэнт С.С-н өмчлөлд шилжсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Нэгэнт барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, хүчинтэй байгаа тул барьцааны гэрээний дагуу энэ үүрэг хангагдах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгахад улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрийн олох ашиг орлогыг хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. Яг энэ дампуурлын хэргийн тухайд нэхэмжлэгчээр ДФ  ББСБ ХХК л оролцож байгаа. Хүсэлт гаргагчийн нэр дээр ганц л үл хөдлөх хөрөнгө байгаа. Тэр үл хөдлөх хөрөнгө нь барьцааны гэрээнд бүртгэгдсэн байгаа учраас жагсаалтаас хасах гэдэг шаардлага ач холбогдолтой биш гэж үзэж байна. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг шаардлагаа дэмжиж байна...гэв.

3. Хариуцагч ЗЧУ ХХК-иас нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

3.1. Өр шилжих гэрээ 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байна. Г.А-ийн өрийг шилжүүлж авахдаа компанийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулан шилжүүлсэн байна. Гэтэл тэрхүү барьцаа хөрөнгө нь бэлэглэлийн гэрээгээр С.С-гийн нэр дээр шилжсэн байна. Тухайн бэлэглэгчийг гомдоосны улмаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмчлөлийг буцаан шилжүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болоод гарсан байна. Түүний дараа Улсын бүртгэл дээр бүртгэхгүй буюу бүртгэхээс татгалзсан асуудлыг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр эцэслэгдээд шийдэгдсэн байгаа байдал нь тухайн нэхэмжлэгчийн шаардаад байгаа эд хөрөнгийг шүүх шударга өмчлөгч гэж тогтоосон С.С-гийн нэр лүү буцаан шилжсэн байгаа учраас өнөөдөр нэхэмжлэгч хөрөнгийг хуваарилах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Мөн нэхэмжлэгчийн яриад байгаа 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гарахаас өмнө 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өмчлөл, бэлэглэлийн гэрээ хүчингүй болж шийдэгдсэн байгаа. Мөн энэ үйл баримтыг хөдөлшгүйгээр тогтоосон Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн тохиолдолд 3 жилийн хугацаанд нөгөө бэлэглэлийг буцаах боломж хуулиар олгогдсон гэдгийг нягталсны дараа барьцаа хөрөнгийг сонгох байж гэж миний хувьд харж байгаа. Нэгэнтээ зээлээд авчихсан Г.А- гэж хүн байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зээлдэгч Г.А-ийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулаад явах боломж нь хуулиар нээлттэй байгаа. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан дээр Захиргааны хэргийн шүүх болон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхээр баталгаажсан хөрөнгөөр буюу энэ маргаанд оролцоогүй гуравдагч этгээд С.С-гийн өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

4. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг дүгнэлтээ тайлбарлахдаа:

4.1. ЗЧУ ХХК нь улсын бүртгэлийн 0000000 дугаартай, 0000000 регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 000000 тоотод байрлаж ажиллахаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 гишүүнтэйгээр барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 10,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь *-*****/, улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллээр 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа хийх, мөн гадаад худалдааг эрхлэх үйл ажиллагааны чиглэлд тус тус нэмж бүртгүүлжээ.

4.2. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход ЗЧУ ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 993.8 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. ЗЧУ ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 2016 оноос хойш тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 0,3%-ийг л барагдуулах боломжтой байх ба 2019 оноос мөнгөн хөрөнгө байхгүй болсон нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт хүрэлцэхгүй, төлбөр барагдуулах боломжгүй байгааг илэрхийлж байна.

4.3. ЗЧУ ХХК-ийн 2016-2019 онуудын санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсанаар болон тус компанийн шүүхэд мэдүүлснээр ДФ ББСБ ХХК-д 527,867,470 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар шийдвэрээр төлөх өр төлбөртэй гэсэн. Тус компанийн санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Санхүүгийн 2016-2019 онуудын тайлангийн үзүүлэлтүүдээр компанийн өр төлбөр 381,676,921.71 төгрөг болж, өөрийн хөрөнгийн -226,41 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, 2017 оноос хойш өөрийн хөрөнгийн -210.30%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

4.4. Хариуцагч компанийн шүүхэд ирүүлсэн 2016-2019 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2016 онд 379,016,774 төгрөг, 2018 онд 392,462,795 төгрөг, 2019 онд 405,343,921 төгрөг болон нэмэгдэж, нийт -180,029,600 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 1400 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2016 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал, Ковид-19 коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэв.

4.5. ЗЧУ ХХК-ийн удирдлага нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, компанийн санхүүгийн байдалд бодитой шинжилгээ хийж чадаагүй, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг шалтгааны улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

4.6. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: ЗЧУ ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн рҮ-********* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол гудамж ***********тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Уг үл хөдлөх хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ГХ2020/0***** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүртгэгдсэн байна. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд ЗЧУ ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дээрх эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

4.7. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул уг үл хөдлөх хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.

4.8. Хариуцагч ЗЧУ ХХК нь нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ЗЧУ ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үй лажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус компани нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасна зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

4.9. Талууд шүүх хуралдаанд барьцааны гэрээтэй, барьцааны зүйлтэй холбоотой хуваарилагдах хөрөнгийн талаар маргалдаад байна. Улсын бүртгэлийн тухай хуульд заасан зохицуулалтаар аливаа өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсээд, улсын бүртгэлээс хасуулснаар дуусгавар болдог. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар ЗЧУ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа. Тус компанийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгө нь хуваарилагдах хөрөнгө мөн. Дампуурлын тухай хуульд зааснаар хуваарилагдах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангадаг. Дампуурлын тухай хуулиар хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгөд шилжүүлдэг. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийг эхлээд заавал үнэлгээний шинжээчээр үнэлүүлдэг. Дараа нь анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдагдаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө санал болгох ажиллагаа явагддаг. Хэрэв уг хөрөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өндөр үнээр борлуулсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаад, үлдсэн төлбөрийг хүлээлгэж өгөх ажиллагаа явагдах ёстой. Ийм учраас барьцаа хөрөнгийг ч мөнгөн хөрөнгө болгохоор Дампуурлын тухай хуульд заасан. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа барьцааны эрхээр хангаад, нэхэмжлэгчийн хуваарьт эд хөрөнгөөс хасуулах шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тийм учраас шүүх хуваарилагдах эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргах болов уу гэж үзэж байна. ЗЧУ ХХК-ийн эргэлтийн хөрөнгө 2016 онд 1,841,200 төгрөг, 2017 онд 3,279,000 төгрөг, 2018 онд 1,398,357 төгрөг, 2019 онд 815,000 төгрөг байсан. Эдгээр эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй буюу богино хугацаанд /1 жилийн дотор/ түргэн хөрвөх чадвартай мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг тухайн компани бий болгож чадаагүй...гэв.

5. Хариуцагч (хүсэлт гаргагч) ЗЧУ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ нотлохоор: ЗЧУ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-5/, компанийн дүрмийн хуулбар /1-р хх-6-7/, мөн компанийн 2016-2019 оны Санхүүгийн байдлын тайлан /1-р хх-8-70/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Грийн вилла хотхон 208-101 тоотод оршин суух Г.А-т 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл, тогтоол хүргүүлсэн 4-122/24164 тоот албан бичгийн болон Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын эх хувь /1-р хх-122-123/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 71-82, 95-119 дүгээр талуудад буюу нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00****дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-217-219/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлалын хуулбар /1-р хх-220-222/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00**** дугаар тогтоолын хуулбар /1-р хх-223-225/, Зээлдүүлэгч ДФ ББСБ ХХК, өр шилжүүлэн авагч Г.А-, барьцаалуулагч ЗЧУ ХХК нарын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ӨШГ 16/08/01 тоот Өр шилжүүлэх гэрээний хуулбар /1-р хх-226-227/, ДФ ББСБ ХХК-ийн Зээлийн төлбөрийн тооцооны хуудасын хуулбар /1-р хх-228/, З.Баяржаргал, Г.А-, ЗЧУ ХХК нарын ДФ ББСБ ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-229/, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ЗЧУ ХХК-ийн захирал Г.С-аас Г.А-т олгосон итгэмжлэлийн хуулбар /1-р хх-230/, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ДФ ББСБ ХХК, ЗЧУ ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗБГ 16/08/01 тоот Зээлийн барьцааны гэрээний хуулбар /1-р хх-231-233/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж 118 байр, 123 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг ЗЧУ ХХК өмчлөх эрх 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-234/, ЗЧУ ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар /1-р хх-235/, ДФ ББСБ ХХК, З.Б нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ЗГ 14/12/146 дугаар Зээлийн гэрээний хуулбар /1-р хх-236-237/, мөн өдрийн ЗБГ 14/12/146 дугаар Зээлийн барьцааны гэрээний хуулбар /1-р хх-238-240/, ЗЧУ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-241/, ДФ ББСБ ХХК, З.Б нарын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗНГ 14/12/146 дугаар Зээлийн нэмэлт гэрээний хуулбар /1-р хх-242/, Төлбөрийн хуваарийн хуулбар /1-р хх-243/, Үл хөдлөх эд хөрөнгөд барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын хуулбар /1-р хх-244/, ЗЧУ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-246/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

7. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/0**** дугаар захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-63-64/, захирамжийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0**** дугаар шийдвэр /2-р хх 69-80/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлал /2-р хх-81-87/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар тогтоол /2-р хх-88-92/-ын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

8. Шүүхээс дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/0**** дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-129-130/, арилжааны банкууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянгол дүүргийн татварын хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын албад зэргээс ЗЧУ ХХК-тай холбоотой лавлагаа, баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1-р хх-161-198/

9. Дахин шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/07168 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, мөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс зэргээс ЗЧУ ХХК-ийн татвар төлөлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагааг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ЗЧУ ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-24-25/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар ***** тоот хариу албан бичиг бүхий лавлагаа /2-р хх-30/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 146 тоот хариу албан бичиг /2-р хх-31/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 4/225 тоот хариу албан бичгийг Х тайлангийн хавсралтын хамт /2-р хх-32-36/ тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч ЗЧУ ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт болон нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, уг хөрөнгийг хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөөс хасуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. ЗЧУ ХХК нь хүсэлтийн үндэслэлээ компани санхүүгийн хямралд автсан ба ам.долларын ханш өсөж Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хил хааснаас шалтгаалан барилгын материал хилээр оруулах боломжгүй болж дотооддоо материалын бүрэн хомсдолд орсон, үйл ажиллагаагаа 2018 оноос хойш явуулж чадахгүй болсон. Мөн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх этгээд нь эрүүл мэндийн хувьд асуудалтай, согтууруулах төрлийн зүйлийн хамааралтай, эрх зүйн чадамж нь сул болсон учраас компанийг цаашид авч явах боломжгүй гэж үзэж байгаа. Иргэн Г.А-ийн ДФ ББСБ ХХК-д төлөх зээлийн төлбөрийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Уг төлбөрийг төлөх чадваргүй болсон учир татан буулгаж, дампуурсанд тооцуулахыг хүсэж байна гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00268 дугаар шийдвэрээр Г.А-ээс 525,084,099 төгрөг гаргуулж ДФ ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг биелэгдээгүй учир хариуцагч ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа талаар тайлбарласан.

4. Хариуцагч ЗЧУ ХХК нь нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Харин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн С.С-гийн өмчлөлийн хөрөнгө болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон учир ДФ ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг уг хөрөнгөөр хангуулах боломжгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд нийцсэн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

5.1. ЗЧУ ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Галсаннамжил овогтой Сүхбаатар гэх нэг гишүүнтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Усны 15 гудамж, 2 дугаар байрны 6 тоотод байрлах хаягт, барилгын засвар хийх, гадаад худалдаа хийх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдаж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа хийх үйл ажиллагааны чиглэл нэмж, мөн өдрөө хаягийн мэдээллийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 3 дугаар байрны 89 тоот болгож өөрчилсөн байна.

5.2. ЗЧУ ХХК нь Баянзүх дүүргийн татварын хэлтсийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бөгөөд байгуулагдсан үеэсээ буюу 2016 оноос 2022 онуудад үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан цахимаар гаргаж байсан, мөн Баянзүрх дүүргийн болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгдөггүй тухай шүүхэд лавлагаа ирүүлсэн. /1-р хх-163, 2-р хх-31-36/

5.3. Хариуцагч нь Нийслэлийн дүүргүүдэд өмчлөлийн болон эзэмшлийн газаргүй, тус компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, мөн компанийн эзэмшилд ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй, өмнө бүртгэлтэй байсан тухай мэдээлэл байхгүй болохыг холбогдох байгууллагууд шүүхэд лавлагаа ирүүлсэн байна. Түүнчлэн, хариуцагч ЗЧУ ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэггүй байна.

5.4. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар ЗЧУ ХХК-ийн өмчлөлд Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв 4 өрөө орон сууц бүртгэлтэй ба уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ДФ ББСБ ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаар тогтоолоор өмчлөх эрхийг С.С-гийн өмчлөлд бүртгэхийг даалгаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 2/19459, 2022 оны ***** дугаартай албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны ****, 2022 оны *** тогтоолоор захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн болохыг тодорхойлжээ. /2-р хх-30/

5.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00268 дугаар шийдвэрээр Г.А-ээс 525,084,099 төгрөг гаргуулж ДФ ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, уг шийдвэрт хариуцагч Г.А-ийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, дахин хариуцагч талын гаргасан гомдлын дагуу Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянаж 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00202 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /1-р хх-217-219/

5.6. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө болох ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэснийг төлбөр төлөгч Г.А-т мэдэгдсэн байх бөгөөд уг мэдэгдлийг хариуцагч ЗЧУ ХХК-иас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлэн, тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан.

5.7. Хариуцагч ЗЧУ ХХК-ийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/21593 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ЗЧУ ХХК-ийн хүсэлттэй төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцох, татан буулгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болох хүртэл түдгэлзүүлсэн байна. /1-р хх-124/

5.8. Гэвч дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүгчийн захирамж гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ЗЧУ ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа эсэх талаар лавлахад тус компанид холбогдох, бүртгэлийн ********** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/17 тоот тогтоолоор дуусгавар болгосон ба өөр гүйцэтгэх баримт бичиг бүртгэлгүй байгаа тухай лавлагааг ирүүлсэн. Тухайн лавлагаанд 01/17 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбарыг хавсаргасан байх боловч уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /1-р хх-164-165/

5.9. Иргэн С.С-гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 128/ШШ2020/0297 дугаар шийдвэрээр С.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2-р хх-69-80/ Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, С.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ***********тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С-гийн нэр дээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, зохих хууль, журмын дагуу С.С-гийн тухайн орон сууцыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн бол /2-р хх-81-87/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаар тогтоолоор 524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2-р хх-88-92/

5.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон түр хэрэг гүйцэтгэгч А.Э нь ЗЧУ ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоон дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/0**** дугаар захирамжаар ЗЧУ ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож /1-р хх-206/, уг захирамжид даалгаснаар тус шүүх дэх Тамгын газраас энэ тухай Өнөөдөр өдөр тутмын хэвлэлийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №027 (7586) дахь хэвлэлд нийтлүүлж /1-р хх-208/, тийнхүү нийтэд мэдээлсний дагуу нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч ЗЧУ ХХК-д холбогдуулан Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, ***********тоот дахь 180 м.кв 4 өрөө орон сууцыг хуваарилагдах эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан байна. /1-р хх-212/

5.11. Улмаар нэхэмжлэгчдийн хурлаас гарсан 100 хувийн шийдвэрээр дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Э-г томилж, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ЗЧУ ХХК-ийг 2017 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ЗЧУ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн, өөрийн хөрөнгийн -210.30 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж тус тус дүгнэн, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулсан. Мөн хэрэг гүйцэтгэгч нь ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Дампуурлын тухай хуулийн 17 угаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, ***********тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөөо орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, дээрх хуваарилагдах эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх талаар дүгнэжээ.

6. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс ЗЧУ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

7. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс ЗЧУ ХХК-ийн өөрийн нийт хөрөнгө болон өр төлбөрийн нийт дүн, зохигчдын дахин хөрөнгөжүүлэх хүсэл сонирхолгүй байгаа зэргийг харьцуулан дүгнээд, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Г.А- нь 525,084,099 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,783,371 төгрөгийг тус тус төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, ***********тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар нотлогдож байх ба уг шийдвэрийн дагуу Г.А- нь төлбөр төлөөгүй тухай зохигчид тайлбарласан учир ДФ ББСБ ХХК-ийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдан борлуулсан орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

9. Харин нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг шаардлагыг дэмжээгүй болохоо тайлбарласан. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагч ЗЧУ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул уг хуваарилагдах эд хөрөнгийг ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжсэн учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Хариуцагч ЗЧУ ХХК-ийн зүгээс тус компанийн өмчлөлд бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С-гээс Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу шилжүүлсэн ба С.С-гийн ЗЧУ ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож шийдвэрлэн, мөн С.С-гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн 3 шатны шүүх хянаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.С-г бүртгэхийг даалгасан учир нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

11. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох тухай С.С-гийн нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэхээс өмнө Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн маргааныг шүүхэд шийдвэрлэх үед барьцаалагч ДФ ББСБ ХХК-д мэдэгдэж гуравдагч этгээдээр оролцуулаагүй, Г.А- болон ЗЧУ ХХК-ийн захирал Г.С- нар төрөл садангийн холбоотой, С.С- нь Г.С-ын хүүхэд учир зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй гэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.

12. Хэдийгээр ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн уг 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг иргэн С.С-гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа боловч өнөөдрийн байдлаар тус хөрөнгийн өмчлөгчөөр ЗЧУ ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, барьцааны гэрээг байгуулах үед барьцаалуулагч ЗЧУ ХХК мөн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд талууд гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь уг гэрээний үүргийг хариуцагч ЗЧУ ХХК-д холбогдуулж гаргах эрхтэй.

13. Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ДФ ББСБ ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗЧУ ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч ЗЧУ ХХК-ийн шүүхэд гаргасан дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт хангагдсан учир ЗЧУ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн *-***** регистртэй ЗЧУ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгүүдэд зааснаар ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж, ***********тоот дахь 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хасуулах тухай ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ЗЧУ ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж, ***********тоот дахь 180 м.кв талбайтай 4 өрөө оронсууцыг худалдан борлуулсан орлогоос ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд өгөхийг дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ЗЧУ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсгүүдэд зааснаар ЗЧУ ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж дуусгавар болгон, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ЗЧУ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗЧУ ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-д олгосугай.

6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд, шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА