Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0380

 

2023 04 20 128/ШШ2023/0380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Е*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.А******* /ШТҮД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж******* /Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/

Маргааны төрөл: Газрын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е*******, Д.Ц*******, П.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2.Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/ дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн хугацааг хамгаалалтын захиргааны саналаар 5 жилийн хугацаагаар сунгаж, тус компанийн ашиглалтын талбай дээр 0.274 га талбайг нэмж, нийт 3.27 га газарт ашиглах эрх олгогджээ.

3.Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ...Б******* ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул тус хуулийн этгээдийн ... солбицлын цэг бүхий 0.5 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгон хэсэгчлэн хүчингүй болгох тухай 165 дугаар саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна.

Тус саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд ашиглах эрх олгогдсон 3.27 га газраас 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б******* ХХК-д газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан талаар мэдэгдэж, маргаан бүхий тушаалын хуулбарыг хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Бид маргаан бүхий захиргааны актыг манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тухай: Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.11.16-ны өдрийн А/ дугаартай тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Я, Богдхан уулын тусгай хамгаалалттай нутагт 3.27 га талбайг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олж авсан. Мөн хуульд заасан ёсоор дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай 2019/12 дугаартай Газар ашиглах тухай гэрээг 2019.01.23-ны өдөр байгуулсан. Ийнхүү бид тухайн газрыг хууль ёсоор ашиглах эрхтэй юм. Гэтэл Байгал орчин, Аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаартай тушаалаар манай компанийн дээрх газраас 0.5 га газрын хувьд буюу хэсэгчилсэн байдлаар газар ашиглах эрхийг үндэслэлгүй цуцалсан байна. Ингэснээр манай компанийн тус газрыг ашиглах эрх зөрчигдөж байна.

Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох тухай: Бид маргаан бүхий
захиргааны актыг дараах байдлаар тус тус хууль бус болсон гэж үзэж байна.
Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл\ байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай билээ.

Гэвч манай компани газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, хашаалаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ байдлыг тодруулахгүйгээр шууд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт
газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар
ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл
зааж, манай компанийн 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсанд
гомдолтой байна. Манай компани газар ашиглах талбайн хэмжээг хэтрүүлэн
ашиглаагүй, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг бүрэн
биелүүлж байгаа атал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ямар баримтад
үндэслэж, газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан,
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхой бус, маргаан
бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд
Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагааны
журмыг зөрчсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тyшaaлын бодит болон хууль
зүйн үндэслэл тодорхой бус: Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т Бичгээр
гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гэж, 40.2.3-д
захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах
гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу маргаан бүхий
захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх
шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны актад манай компанийн
газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах бодит болон хууль зүйн үндэслэлийг
тодорхой заагаагүй байна. Тодруулбал, (1) газар ашиглах эрхийг хэсэгчлэн
цуцлах бодит үндэслэлийг газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг
ноцтой зөрчсөн гэж заасан байх боловч гэрээний аль заалтаар хүлээсэн үүрэг,
ямар байдлаар зөрчигдсөн тухай дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

(2) Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах үндэслэлийг "газар
ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлсэн ашигласан" гэж заасан байх
боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1-д "Тусгай
хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай
газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах; гэж, Газрын тухай хуулийн 27.4-т хүчин төгөлдөр
эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж,
"Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ 35.3.1 газар эзэмших гэрээнд заасан
нөхцөл, болзлыг биелүүлэх гэж тус тус заасныг актын хууль зүйн үндэслэл
болгосон байна. Үүнээс үзэхэд манай компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн
цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Мөн түүнчлэн
маргаан бүхий актад дурдсан "Талбайн хэмжээг хэтрүүлсэн ашигласан,
гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтоосон
ямар нэгэн баримт, тайлан байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд маргаан
бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д "Захиргааны
актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасанд нийцэхгүй байна.

Бид зөрчил гаргаагүй тухай: Маргаан бүхий захиргааны акт гарах үеийн
байдлаар бид өөрсдийн ашиглах эрх бүхий газрыг хэтрүүлэн хашаалсан гэх
зөрчил байгаагүй. Иймд маргаан бүхий захиргааны актад заасан бодит үндэслэл
нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ нь шийдвэр гаргахын өмнө манай
компаниас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүйтэй, бодит нөхцөл
байдлыг тогтоогоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Хэрэв манай компанид
мэдэгдэл ирүүлж, сонсох ажиллагаа хийсэн бол бид газрын хувьд ямар нэгэн
зөрчилгүй талаар тайлбар, баримт гаргах байсан юм. Манай компани хашаагаа
хэтрүүлсэн эсэхийг шүүхээс үзлэг хийж тогтоох боломжтой.

Манай компанийн ашиглаж буй газартай ойролцоо хотхоны хүмүүс газрын
талаар гомдол гаргадаг ч бид тэдгээр хүмүүс, компаниудын газар эзэмших,
ашиглах эрхэд саад учруулаагүй. Иргэд манай компанийн хашаагаар дамжиж
уул руу гарах гарцтай бөгөөд үүгээр чөлөөтэй нэвтэрч байдаг. Иймд тэдгээр
иргэдийн гомдлууд үндэслэлгүй билээ. Мөн маргаан бүхий захиргааны актад бид
бусдын газар ашиглах эрхэд саад болсон талаар дурдаагүй байх тул энэ
үндэслэлээр тушаал гараагүй гэж ойлголоо. Иймд маргаан бүхий захиргааны акт нь илт үндэслэлгүй, хууль бус тушаал болсон гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх
хугацааны тухай: Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон Газрын тухай
хуульд газар ашиглах эрхийг цуцлах тухай Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын шийдвэрт гомдол гаргах журам болон гомдол шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг тогтоогүй байна. 2022.08.08-ны өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас бидэнд газар чөлөөлөх агуулга бүхий мэдэгдэл ирүүлсэн. Энэ талаар тодруулахад танай хэсэг газрыг цуцалсан байна гэх тайлбарыг амаар өгсөн. Үүний дагуу бид Богдхан Уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул Дүүргийн Газрын албанаас манай газар ашиглах эрхийг цуцалсан эсэх талаар мэдээлэл хүсэж, цуцалсан бол Тушаалын хуулбарыг ирүүлэхийг хүссэн.

Үүний дагуу тус байгууллагын 2022.08.15-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 900 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар Сайдын маргаан бүхий захиргааны актыг бидэнд ирүүлсэн. Тус Мэдэгдэл нь бидэнд шуудангаар 2022.08.18-ны өдөр ирсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн тодорхой зүйл заалтыг баримталж тушаал шийдвэр гаргах үүрэгтэй. Тэр тусмаа бидний маргаж буй газрын асуудалтай харилцаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Газрын тухай хууль тогтоомжоос бүрдэж байгаа учраас Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, цуцлах тухай харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтаар зохицуулж байгаа гэж бид ойлгож байгаа. Энэ харилцааг зохицуулсан зохицуулалт бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдах байсан гэж үзэж байгаа. Харамсалтай нь сайд тушаал шийдвэр гаргахдаа Газрын тухай хууль, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулсан үндэслэлийг баримтлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сайдын тушаалд дурдаагүй зүйлээр бичгээр тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газрыг цуцалсан гэж тайлбарладаг.

Гэхдээ энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Манай газрыг хэсэгчлэн цуцалсанд 2 үндэслэлийг дурдаад байгаа. Нэгдүгээрт талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан гэдэг асуудлыг ярьдаг. Талбайн хэмжээг хэтрүүлж ашигласан гэдэг үндэслэл нь газар ашиглагчийн газар ашиглах эрхийг хэсэгчилж цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд энэ талаар зохицуулсан зохицуулалтуудын эрх хэмжээ сайдад олгогдоогүй. Талбайн хэмжээг хэтрүүлж ашигласан бол газар эзэмшигч, ашиглагч газрыг цуцлах тухай хууль зүйн ойлголт байхгүй. Газар эзэмшигч, ашиглагчийн гаргасан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд таслан зогсоож, гаргасан зөрчлийг арилгах улмаар хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ оногдуулахаар зохицуулсан. Энэ асуудлаар харьяа мэргэжлийн байгууллагуудаас тайлбар, лавлагаа аваад шүүхэд өгсөн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани тухайн газрыг ашиглах явцад маргаан бүхий захиргааны актад дурдаж буй талбайн хэмжээг хэтрүүлж ашигласан тухай зөрчил гаргаж байгаагүй гэдгийг баримтаар нотолсон. Хоёрдугаарт захиргааны байгууллага захиргааны актынхаа бодит үндэслэлийг тогтоохдоо шалгах үүргээ хангалттай биелүүлээгүй. Энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Сая асуулт, хариултын явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбар тавиагүй. Тийм учраас талбайн хэмжээг хэтрүүлж ашигласан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

Дараагийнх нь газар ашиглах гуравласан гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн гэсэн. Үүнийг Газрын тухай хуулийн 40.1.1-д хамааруулж тайлбарлаж шүүхэд тайлбар өгдөг. Гэтэл яг юуг ноцтой зөрчил гэж үзэх нь ойлгомжгүй байна. 3,27 га талбайг манай компани хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 0,99 м.кв газрыг хэтрүүлж хашаа барьсан гэж дүгнэсэн. Гэхдээ уг дүгнэлтэд дурдаад байгаа зөрчилтэй хэсэг буюу маргаан бүхий газарт хамааралгүй байсан гэж үзэж байгаа. Энэ зөрчил нь зөрчлийн шинжээрээ энэ газрын хэмжээтэй харьцуулж үзэхэд ялимгүй зүйл. Төрийн захиргааны байгууллагатай хийсэн гуравласан гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ гэж бид ойлгож байгаа.

Захиргааны гэрээнд Иргэний хуулийн холбогдох зүйл заалт зохицуулалтуудыг хэрэглэхээр тодорхой хуульчилсан. Иргэний хуульд юу гэж заасан бэ гэхээр хэрэв гэрээний үүрэг зөрчлийн асуудалтай байвал нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Гэрээний зөрчлийн талаар мэдэгдсэн, гэрээний биелэлтийг дүгнэсэн баримт байна уу гээд шүүхийн журмаар баримт шаардсан. Хавтаст хэрэгт Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хариу ирүүлсэн. Уг хариуд нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээг огт дүгнэж байгаагүй гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл талууд гэрээнийхээ үүргийг дүгнээгүй атлаа гэрээ байгуулсан нэг тал нь нөгөө талыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж буруутгаж тушаал шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуульд гэрээний үүргийг ноцтой зөрчсөн бол гэрээ цуцлах асуудал яригддаг. Харин эсрэгээрээ ялимгүй зүйл гаргасан бол гэрээг цуцалж болохгүй гэж тодорхой зохицуулсан. Гэтэл манай компанийг гуравласан гэрээгээр зохицуулсан үүргээ ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзэж дүгнэвэл энэ зөрчил нь өөрөө Газрын тухай хууль болон гуравласан гэрээнд зааснаар ноцтой зөрчилд хамаарахгүй юм. Учир нь 3700 гаруй м.кв газрыг ашиглаж байгаа.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр үүнээс 0,99 м.кв жижиг хэмжээний хашаа хэтрүүлж барьсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Энэ хоёр хэмжээг харьцуулж үзвэл Иргэний хуульд заасан үүргээ ялимгүй зөрчсөн гэсэн үндэслэлээр бидэнд урьдчилж мэдэгдээгүй, тайлбар мэдүүлэг аваагүй, нөхцөл байдлыг бодитой шалгалгүйгээр тушаал шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Сайд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үндэслэл журамд зааснаар сонсох ажиллагаа огт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 09 сард хийгдсэн сонсох ажиллагаа бол өнөөдөр бидний маргаж буй хууль бус захиргааны актад дурдсан үндэслэлтэй огт хамааралгүй.

Маргаан бүхий газрын хойд талд байрлах 1410 дугаартай байрны сууринд өөрчлөлт оруулах асуудлаар сонсох ажиллагаа хийж байсан. Энэ нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан А/ тоот тушаал шийдвэр гаргахаас өмнө хийгдсэн сонсох ажиллагаа гэж үзэх хууль зүйн боломж байхгүй. Иймд нэхэмжлэгч компани хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн газрыг ашиглаж байгаа. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж байгаа. Урьд өмнө нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэл нөхцөл огт гаргаагүй. Газрын тухай хуульд заасны дагуу төлбөр мөнгөө төлж байгаа. Төсөл хэрэгжүүлэх явцад компанийн зүгээс тодорхой хэмжээний банк санхүүгийн байгууллагаас зээл авах замаар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1-д зааснаар байгаль орчны сайд болон захиргааны газарт олгосон хэт ерөнхий зохицуулалт байдаг. Энэ нь захиргааны актын үндэслэл болж чадахгүй. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.3-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглаж байгаа этгээдийн газрыг хүчингүй олгох үндэслэлүүдийг зааж өгсөн. Үүний аль үндэслэл вэ гэдгийг заагаагүй байдаг.

Кадастрын тухай хуулийн 19.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж ишилж байгаа. Энэ нь зөрчлөөр тогтоогдоод шийдэгдэх ёстой асуудал юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт энэ хуулийг зөрчвөл тогтоогоод эрх бүхий байгууллагад зөрчил оногдуулна гэсэн зохицуулалттай. Бид Кадастрын тухай хууль зөрчсөн байвал эрх бүхий байгууллагаас буюу Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийг шалгаж тогтоосон байх ёстой. Энэ асуудлыг бид мэргэжлийн байгууллагаас асуухад бидний зөрчил гаргаагүй гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн буюу энэ баримт хавтаст хэрэгт авагдсан.

Үүнээс харахад захиргааны байгууллага маргаан бүхий актын үндэслэлээ нарийвчилсан зохицуулалт болох зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулагдсан үндэслэлүүдийг аль нь вэ гэдгийг дурдаагүй, тогтоогоогүй. Гол үндэслэлээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 03 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр санал гэж тайлбарладаг. Би сая асуулт хариултын хэсэг дээр тодруулсан. Энэ саналаар 0,5 га газрыг хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм уу эсвэл 0,5 газрыг шууд цуцалж байгаа юм уу гэдэгт хэт ерөнхий тайлбар өгсөн. Энэ саналыг харвал миний ойлгож байгаагаар нэр бүхий хуулиудыг дурдаад солбицлын цэгийг зааж өгөөд 0,5 газрыг хэтрүүлсэн гэж саналд дурдагдсан юм байна.

Солбицлын цэг дээр зааж байгаа газрыг нэхэмжлэгч компани хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм шиг байна. Гэвч үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх хэсгийн эхний догол мөрөнд харьцуулж үзвэл 4924м.кв талбай байна гэсэн. Өөрөөр хэлбэл 0,5 га газар ч биш 4924м.кв газрыг хэтрүүлсэн гэж дурдсан. Мөн дүгнэлт хэсгийн 3 дахь догол мөр дээр солбицлын утгыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзвэл 99м.кв түр хашаа хэтэрсэн байна гэсэн.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр газар хэтрүүлсэн гэж үзээгүй, хашаа 99м.кв хэтэрсэн байна гэсэн. Түр хашаагаа хэтрүүлсэн гэснийг дараах үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2417 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барин ашиглах журмыг баталсан байдаг. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй этгээдүүд энэ журмыг ашиглана, 1.4.3-д түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж болно гэж тайлбарласан. Түр хашааг ямар тохиолдолд ашиглах зориулалтыг зааж өгсөн. Энэ журмын 2.3.1.1-д барилгын ажлын зөвшөөрөлтэй этгээд барилга болон инженер дэд бүтцийн байгууламж барих үед хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах үүднээс барилгын ажлын хугацаагаар түр хашаа нь тухайн газартаа байж болно гэж зохицуулсан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны хүрээнд түр хашаа байгуулаад ашигласан. Хашаа нь Газрын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар газар ашиглах ойлголтод орохгүй. Газар ашиглах гэдгийг хуулиар юу гэж тайлбарласан бэ гэхээр газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж аваад түүнийг хэрэглэхийг ойлгоно гэж заасан. Тэгэхээр журамд дурдсаны дагуу энэ газрыг ашиглаагүй. Энэ газарт барьж байгаа барилгынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс түр хашаа байгуулах замаар тодорхой хугацаанд хэрэглэж байгааг ойлгоно. Тэгэхээр газар ашиглаад хэтрүүлсэн гэдэгт орохгүй.

Түр хашааг ажил гүйцэтгэх гэрээний дагуу н.О******* гэж хүн гүйцэтгэсэн. Энэ хүн түр хашааг ажил гүйцэтгэх гэрээний дагуу даалгавар өгөгдсөн байдаг. Гэтэл хашааг барихдаа солбицлын утгаас 99 м.кв хэтрүүлээд барьсан юм шиг байгаа юм. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд н.О******* гээд ажил гүйцэтгэсэн этгээдийн ялимгүй зөрчлийн үйл ажиллагаанаас болж хэтэрсэн нөхцөл байдал харагдана. Солбицлын дагуу хашааг нааш нь татаад барихад энэ зөрчил арилах боломжтой. Түр хашааг хэтрүүлсэн зөрчил гэж үзэж байвал зөрчлийг арилгах боломж байна уу гэдгийг хараад хэрэв арилгах боломжтой байвал энэ ноцтой зөрчилд орно гэж үзэхгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт юу гэж заасан бэ гэхээр Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүс гэж ангилна. Хамгаалалтын бүс нь газар ашиглах нөхцөл байдлыг хязгаарласан байдаг. Хязгаарлалтын бүс бол тодорхой зорилгоор хэрэглэж болдог. Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт хамгаалалтын бүсэд газраа оруулаагүй гэдгийг харуулсан. Тэгэхээр анх олгогдсон зориулалтын дагуу ашиглаж байгаа. Гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн гэдэгт тайлбар хэлэхэд нэгдүгээрт гэрээний аль нэг нөхцөл болзол байх ёстой. Энэ болзол нөхцөлийг нэг бол удаа дараа, нэг бол ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. 0,5 га газрыг хэтрүүлсэн гэдэг нь гэрээний нөхцөлийг хэлээд байх шиг байна. Гуравласан гэрээг харвал газар хэтрүүлсэн, ашигласантай холбоотой үүргийг газар ашиглагчид өгсөн эсвэл тохирсон зохицуулалт байхгүй гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар 0.27 га талбайг нэмж олгож, газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/ дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 тоот саналыг үндэслэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Б******* ХХК-ийн газар ашиглах эрх бүхий 3.27 га талбайг цуцалж хүчингүй болгосон 0.5 га газрын хашааг хэтрүүлж барьсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд тус хашаа нь Хамгаалалтын бүсэд орсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгодоггүй бөгөөд тус бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй талбайн хэмжээг хэтрүүлж, хууль тогтоомж, гурвалсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 тоот саналыг үндэслэж цуцалсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1375 тоот албан бичгээр "Б*******" ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж, нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10/06 тоот хариу тайлбарыг ирүүлсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бүрэн эрхийн хүрээнд тухайн актыг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

3.Нэхэмжлэгч тал ... манай компани газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, хашаалаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ байдлыг тодруулахгүйгээр шууд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл зааж, манай компанийн 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсанд гомдолтой байна. Манай компани газар ашиглах талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглаагүй, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг бүрэн биелүүлж байгаа атал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ямар баримтад үндэслэж, газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхой бус, маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн ... гэж,

3.1.Харин хариуцагч тал ...Б******* ХХК-ийн газар ашиглах эрх бүхий 3.27 га талбайг цуцалж хүчингүй болгосон 0.5 га газрын хашааг хэтрүүлж барьсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд тус хашаа нь Хамгаалалтын бүсэд орсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгодоггүй бөгөөд тус бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй талбайн хэмжээг хэтрүүлж, хууль тогтоомж, гурвалсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 165 тоот саналыг үндэслэж цуцалсан ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/ дугаар тушаалын /хэргийн 69 дэх тал/ 2 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг хамгаалалтын захиргааны саналаар 5 жилээр сунгаж тус компанийн ашиглалтын талбай дээр 0.274 га талбайг нэмж, нийт 3.27 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаад гэрчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн олгох, кадастрын мэдээллийн санд бүртгэх, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулан газар ашиглалтын байдалд нь хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж, холбогдох стандартыг мөрдүүлэн ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болгожээ.

4.1.Дээрх тушаалын хэрэгжилтийг хангаж Б******* ХХК/РД:*******/-д Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0171121 дугаартай гэрчилгээг /хэргийн 7-8 дахь тал/ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгож, улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга болон Б******* ХХК-ууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2019/12 дугаартай гэрээг /хэргийн 9-13 дахь тал/ байгуулсан байна.

5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаартай тушаал буюу маргаан бүхий актад Монгол Улсын Засгийн газрын тухай хууллийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх ба Тушаах хэсгийн 1 дэх заалтаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрх авсан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн ... үндэслэлээр Б******* ХХК-ийн 0.5 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь дараах байдлаар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

5.1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;, 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж,

5.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно., 40 дүгээр зүйлийн 4.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; гэж заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг заажээ.

5.3.Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах (эсхүл түүнтэй дүйцэхүйц байдлаар) орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

5.4.Өөрөөр хэлбэл, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулж болох зохицуулалт нь зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийхээр хязгаарлагдана гэж ойлгохоор байна.

5.5.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн ам буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

5.6.Нэхэмжлэгч нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан боловч тухайн газартаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр МЗХ2022/06-002 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /хэргийн 37 дахь тал/ батлуулж, улмаар цутгамал төмөр бетон үндсэн хийцтэй аялал жуулчлалын цогцолбор барилга барихаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 0011030 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 34 дэх тал/ гаргуулан авчээ.

5.6.1.Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон маргаан бүхий тушаалд дурдагдсан газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч Б******* ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газартаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд цутгамал төмөр бетон хийцтэй байнгын барилга байгууламж барих зорилгоор газар ашиглаж байгаа нь тогтоогдож байна.

6.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тодорхой зориулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр хязгаарлагдах ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт нь аялагч эсвэл зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх буюу байнгын бус түр үйл ажиллагаа явуулахаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн буюу дархан цаазат газарт өөр барилга байгууламж барихыг хуулиар хориглодог байхад энэ зорилгоор газар ашиглаж байгаа нь дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцээгүй гэж үзнэ.

6.1.Өөрөөр хэлбэл, дархан цаазат газарт зохих журмын дагуу баригдсан түр ажиглалт хийх зэрэг зориулалт бүхий орон байрнаас өөр барилга байгууламж барихыг хориглосон байхад хуулийн тодорхой заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг газар ашиглах гурвалсан гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн үндэслэлээр цуцалсан хариуцагчийн шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл.Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:5/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; гэж заасны дагуу үндэслэл бүхий байна.

7.Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/ дугаар тушаалаар нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон[1] бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заажээ.

7.1.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон ... захиргааны актыг ойлгоно. гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох буюу энэ тохиолдолд дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагын гаргасан зөвхөн формаль эрх зүйн алдаа нь түүний шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчид зүй ёсоор үүссэн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхыг шаарддаг болохыг дурдах нь зүйтэй.

8.1.Иймд нэгэнт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид байхгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй газрын хэмжээг хэтрүүлэн ашигласантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №2019/12 дугаартай гэрээний зургаадугаар зүйлийн 1.Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй болон зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Дархан цаазат газрын нийтлэг журмыг 2 буюу түүнээс дээш зөрчсөн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. гэж заасан гэрээний заалтыг зохих ёсоор хэрэгжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

9.Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал болох 1,329,562 /нэг сая гурван зуун хорин есөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, улсын төсөвт төлүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА