Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч Ц.Нямдалай,

шүүгдэгч П.Даваацэрэн, түүний өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буурлууд овогт Пүрэвдоржийн Даваацэрэнд холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201725011497 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Буурлууд овогт Пүрэвдожийн Даваацэрэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21-221 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД.ПЮ93012537/,

 

Шүүгдэгч П.Даваацэрэн нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 179с байрны 7 тоотод маргааны улмаас иргэн Ц.Нямдалайгийн нүүрэн тус газар шилэн дарсны аягаар цохиж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүгдэгч П.Даваацэрэн нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 179с байрны 7 тоотод маргааны улмаас иргэн Ц.Нямдалайгийн нүүрэн тус газар шилэн дарсны аягаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч П.Даваацэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 04 дүгээр сарын 14-нд Шүрээ гээд охины төрсөн өдөр болоод их олон хүн очсон байсан. Тэр орой Лхамаа, Шүрээ, Төвшин, Одбаяр, бид тавуулаа  шөнийн 12 цагийн үед Шүрээгийн гэрт очсон. Одбаяр унтсан, Лхамаа согтуу байсан. Бид 4 байж байгаад би унтах гэж байтал Лхамаа согтуу намайг сэрээсэн. Ц.Нямдалайг өдрөөс хойш дуудаад байсан, найзуудтайгаа ууж явна гээд байсан. Тэгээд шөнийн 1 цаг өнгөрч байхад Шүрээгийнд орж ирсэн. Орж ирээд хүмүүстэй аятайхан мэндэлчихгүй хялалзаал орж ирсэн. Дараа нь үүнийгээ тайлбарлахдаа би найзындаа орохдоо тэнд байгаа хүмүүстэй харьцах шаардлага байхгүй гэж тайлбарлаж байсан. Тухайн үед Лхамаа нилээн согтуу байсан учир Төвшин нөгөө өрөө рүү оруулж унтуулсан. Тэгээд Нямдалай, Шүрээ бид 3 том өрөөнд нь суугаад үлдсэн. Эхний яриа өрнөхөд нэг тийм рекетэлсэн, бөөрөлхсөн маягтай яриад байсан. Би нээх тоогоогүй. Сүүлдээ чи найз охин Төвшингийнхээ урдахыг мэдэхүү надтай унтдаг байсан. Чи бараг надтай үлдээчээд явах юмуу гэх байдлаар ярьсан. Тэгтэл Төвшин ч гарж ирсэн, би уурлаад Нямдалай ингэж яриад байна гээд ууралтал, тийм зүйл огт байхгүй наадах чинь угаасаа ийм худлаа зүйл ярьдаг, чи яагаад энэний үгэнд итгээд байгаан гээд над руу ууралсан. Тэгэхээр нь би эргэж очоод чи юу яриад хуцаад байгаан бэ, үгүй л гэж байна ш дээ гэсэн чинь Нямдалай би усан спортын тамирчин хүн, чам шиг бандийг бол ална гээл над руу гараа далайхаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод гарт барьсан зүйлээрээ цохьсон. Ийм л зүйл болсон. Маргаашнаас нь шууд эмнэлгээр дагуулж яваад үзүүлэх шаардлагатай газраар үзүүлээд, уучлалт гуйгаад эмнэлгийн бүх зардалуудыг гаргаж явсан. Эмнэлэгийн төлбөрт 800.000 орчим төгрөг өгсөн. Сонгодо-д 5 хоног хэвтсэн, гар дээр нь 2.8 сая төгрөг өгсөн. Тэгээд дахиад 2 сая төгрөг олоод өгье эвлэрье гэтэл 18-20 сая төгрөг нэхсэн. Нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх боломжгүй учраас өдийг хүртэл эвлэрч чадахгүй явж байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Нямдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр намайг Шүрэнцэцэг дуудсан. Өдөржингөө над руу залгасан. Би найзуудтайгаа ууж байна гэж яриагүй. Тухайн өдөр би хүмүүстэй ажил яриад архи дарс уугаагүй явж байсан. Би П.Даваацэрэнд усан спортын мастер энээ тэрээ гэж яриагүй. Би явж ороод хүмүүстэй аль болох эвтэйхэн харьцахыг бодсон. Явж ороод Лхамааг ийш тийш нь өргөж оруулсан юм байхгүй, ороход угаасаа том өрөөнд унтаж байсан. Одбаяр нөгөө талын өрөөнд унтаж байсан. Миний зүүн гар талд Төвшин, баруун гар талд Шүрэнцэцэг суусан байсан. Даваацэрэн надаас юу хийдэг вэ гэж асуусан, би хувиараа бизнес хийдэг гэсэн. Чи юу хийдэг вэ гэж намайг асуухад цементны үйлдвэрт борлуулагч хийдэг гэж байсан. Эхний удаа П.Даваацэрэн угаалгын өрөөнд орсон. Бид 3 юм яриад сууж байсан. Би П.Даваацэрэнтэй өөр нэг их юм яриагүй. П.Даваацэрэн найз охиноо гэр рүүгээ явъя гэсэн. Төвшин жаахан сууж байгаад явъя гэсэн, Шүрээ ч гэсэн маргааш ажилгүй юм чинь жаахан сууж байгаад яваач гэсэн. Тэгсэн П.Даваацэрэн явъя гэж байна ш дээ наанаасаа бос явъя гээд байхаар нь, би чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд намайг цохьсон. Энэ зүйл намайг тэднийд ороод ойролцоогоор 5-7 минутанд л болсон асуудал. Цохьсоныхоо дараа мөн толгой руу 2 удаа цохьсон. Маргааш нь Төвшин дагуулж явсан, Даваацэрэнгийн архи гарахгүй машин дотор сууж байна гэж байсан. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлтэл хэвтэхгүй бол болохгүй, цус маш багадалттай байна гэсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн. Сонгодо-д хэвтэж байх хугацаандаа 2.5 сая төгрөг авсан. 345.000 төгрөгийг Оточ Маарамба гээд эмнэлэгт хэвтэж байхад дансаар шилжүүлж өгсөн. Сонгодо эмнэлэгийн эмч их хумьж оёсон байна. Их сорви тогтоно гэсэн. Сонгодо-д томаграфикийн зураг авахуулахад жижиг жижиг шилний тунгалаг байна үүнийгээ хагалгаа хийлгэж авахуулах хэрэгтэй гэсэн. Энэ зардлаа нэхэмжилж байна. Хагалгаанд ороход 2.5 сая төгрөг, хагалгаанаас гараад ахин томаграфикийн зураг авахуулна, мөн би сорвигүй болмоор байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Нямдалай хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Даваацэрэн Төвшинг явъя гээд байна шдээ пизпа чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд яаж харьцсанч яадаг юм гэж хэлээд миний нүүр рүү стаканаар цохиж гэмтээсэн юм. Тэгээд би доошоо тонгойсон чинь миний дээрээс юугаар цохьсоныг мэдэхгүй, гар, хөл хоёрынхоо аль нэгээр 3 удаа хүчтэй толгойны дагз хэсэг рүү цохьсон юм...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Төвшин хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Шүрэнцэцэг, Лхамсүрэн, Даваацэрэн бид 4 үлдээд юм яриад вино уугаад сууцгааж байсан юм. Би тэгээд Даваацэрэнг соггууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж бодоод вино хийж байсан стаканд жүүс хийж өгсөн хүн харахад вино ууж байгаа юм шиг харагдуулах гэж, тэгээд уугаад сууцгааж байсан чинь Шүрэнцэцэг манай оюутны найз Нямдалайг дуудаад байсан тэгсэн чинь би өөр хүмүүстэй уугаад байж байна нэлээн удаж байж очно гэсэн юм. Тэгээд бид нар унтах гээд байж байтал гаднаас Нямдалай орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн соггуу орж ирсэн юм. Найз залуу Даваацэрэнг хэл амаар хэдэрлээд янз бүрээр чи амжих уу энэ тэр гээд байсан бид нарын сайхан байсан уур амьсгалыг шууд эвдсэн. Тэгсэн Лхамсүрэн согтчихоод унтахгүй энд тэнд очоод унаж тусаад байхаар нь би нөгөө өрөө рүү нь оронд оруулах гээд аваад орсон юм. Тэгээд буцаад зочны өрөө рүү нь ороход Даваацэрэн чи энэ Нямдалайтай унтаж байсан юм уу яасан гээд аймар ууртай надаас асуусан. Тэгэхээр нь би үгүй гээд чи яагаад надаас ингэж асуугаад байгаа юм бэ гэж асуусан чинь Нямдалай Даваацэрэнд чи Төвшингийн өмнөх амьдралыг мэдэх үү надтай өмнө нь унтдаг байсан ш дээ гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгэж надад Даваацэрэн асуухаар нь үгүй гээд нойлын өрөө рүү бие засах гээд орсон юм. Буцаад гараад ирсэн чинь Нямдалайгийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарчихсан Даваацэрэн болохоор нэлээн холдоод зогсчихсон байсан. Тэгээд би шууд хараад яаж байгаа юм бэ гээд болиочээ гэж орилоод Даваацэрэнг шууд аваад гараад явсан юм. “...Нямдалайгийн буруутай үйлдлээс болж Даваацэрэн ийм байдалд хүрсэнд харамсалтай
байна...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Одбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Далайгийн дух хэсгээс цус гарч байсан. Доошоо тонгойсон байдалтай шал нэлээн цус болсон гарч байгаа цус нь тогтохгүй байсан. Би Нямдалайг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод тургэн тусламжийн тасагт нь оёдол тавиулсан. Эмнэлэг явж байх замдаа Нямдалай надад "Төвшөөгийн найз залуу Давка намайг виноны хундагаар цохьсон гэж байсан. Яагаад цохьсон юм бэ гэхэд мэдэхгүй гэнэт л цохьчихсон гэж хэлсэн. Би Даваацэрэнг огт танихгүй тухайн өдөр уулзаж байсан. Нямдалайтай оюутан ангийн найзууд "хүнтэй муудалцаад байдаггүй эвлэгхэн харьцааны хувьд гайгүй залуу. Гэмтэл дээр оёдолоо тавиулчихаад гарч явтал Нямдалай ухаан алдаад дахиад дотогш нь оруулж дусал хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5201 дугаартай дүгнэлт.

  1. Ц.Нямдалайгийн биед тархи доргилт, баруун зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн гарын алганд шарх, духанд зулгаралт, зүүн нүдний алим, зүүн нүний гадна буланд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, ял шалгах хуудас /хх-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Даваацэрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн хэргийн ангилалд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч П.Даваацэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Даваацэрэн нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Нямдалай нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос Ц.Нямдалайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Буурлууд овогт Пүрэвдоржийн Даваацэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Даваацэрэнг 500 нэгж /500*1.000=500.000 төгрөг/-ээр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Даваацэрэнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны дотор төлөхийг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Даваацэрэн нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  6. Хохирогч Ц.Нямдалай нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Даваацэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.800.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Даваацэрэнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР