Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Эд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.М, Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цолмон миний бие нь иргэн Ж.Эын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 хороолол 43 дугаар байр 22 тоотын 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг үйлдэж, төлбөрийг 100 хувь төлж, улмаар өөрийн нэр дээр ГД-000463629 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргуулан авсан. Гэтэл Ж.Э нь тухайн үед очих газар байхгүй, байр хөлслөх гэхээр санхүүгийн боломж муутай, эхнэр хавдартай болсон учраас түр суулгаач гэж янз янзын шалтгаан хэлж гуйсан учраас аргагүй эрхэнд зөвшөөрч тодорхой хугацаа өгч суулгасан. Бидний хооронд тохиролцсон хугацаа дуусангуут очиж байраа суллахыг удаа дараа шаардахад мөн л дээрх шалтгаануудыг хэлж одоогоор байрыг чинь суллаж өгөх ямар ч боломж алга гэж явсаар 2 жил, 8 сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд ямар нэгэн түрээсийн үнэ хөлс төлөлгүй сууж байна. Иймд хариуцагч Ж.Эыг миний өмчлөлийн байрнаас албадан гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний том хүү Э.Ихбаяр нь 2014-2016 оны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг баар, ресторан сарын 4 000 000 төгрөгөөр түрээсэлж, ажиллуулж байгаад их хэмжээний өрөнд орж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг үүсгэн шалгаж, 50 орчим сая төгрөгийн асуудал гарч ирсэн. Мөн найзынхаа эгч н.Ариунцэцэгээс 2-3 удаагийн нийт 40 гаруй сая төгрөг зээлсэн байсан ба Д.Ц  найз нь юм. Ингээд мөнгө зээлдэгч н.Ариунцэцэг нь Д.Ц  хамт ирэн манай эхнэр 2 хүү бид хамт уулзаад байрны ордерийг Д.Ц  нэр дээр шилжүүлээд надад байр хэрэггүй, мөнгөтэй болвол үүнийгээ буцааж аваарай гэж хэлээд явсан. Үүнээс хойш 1 жил гаруй болсон ч асуудлыг шийдэж чадаагүй.

...Мөнгө зээлдэгч н.Ариунцэцэг нь хэд хэдэн удаа утсаар ярьж, шахаж шаардаж байсан. Бидэнд их удаан боломж өгсөн нь үнэн юм. 2017 оны 9 сараас манай гэр бүлийн хүний хууч өвчин хөдлөн хүндэрч бие нь эрс муудсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Хавдар судлал, Сонгодо, 2 дугаар эмнэлэг, ардын эмнэлэг зэрэг олон газраар эмчлүүлж одоо гэртээ эм, тарианы дэглэмд эмчлүүлж байна. Өнгөрсөн 10 сарын эхээр гэр бүлийн хүн маань сэтгэл санаа хүнд, хэвтэж байхад гэрт орж ирээд "одоо юм аа аваад гар" гэж шаардсан учраас "өвлийн улирал эхэлж байна, өвчтэй хүн байтал гарч чадахгүй, гаргаж ч чадахгүй" гэж хэлээд гаргасан нь үнэн. Эцэст нь гэр бүлийн хүний бие муу, удаан амьдрахгүй нь тодорхой байгаа. Шинээр олгогдох байрыг Д.Цолмонд шилжүүлж өгч асуудлаас гарч, энэ байрандаа амьдрах хүсэлтэй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001402 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 22 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ж.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ж.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү Э.Ихбаяр нь иргэн Ариунцэцэгээс мөнгө зээлсэн. Тэр хүнтэй зээлийн асуудлаар хэлцэл хийж тохиролцсон. Хүүхдийнхээ зээлийг төлөхгүй бол бид хуулийн байгууллагад хандана гэж удаа дараа айлган сүрдүүлсэн учир аргагүйн эрхэнд хорт хавдартай хэвтэрт байгаа эхнэрээ бодоод сэтгэл санааг нь зовоохгүйн тулд хүлээн зөвшөөрч байраа шилжүүлсэн нь үнэн. Миний бие төөрөгдөлд орсны улмаас эрх зүйн харилцаанд ороогүй иргэн Д.Цолмон гэгчид байраа шилжүүлэн өгсөн нь буруу байсан.

Э.Ихбаяр болон Ж.Э бидний хооронд аливаа үүргийн харилцаа үүсээгүй байхад зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой маргааныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа хэмээн дүгнэж, хууль бусаар өмчлөлдөө авсан байгаа бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Цолмон нь хариуцагч Ж.Эд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 22 тоот орон сууцыг Ж.Эын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “гэр бүлийн хүний хууч өвчин хөдлөн хүндэрч бие нь эрс муудсан, өвлийн улирал эхэлж байна, өвчтэй хүн гарч чадахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д.Цолмон талаар маргаагүй байна.

 

            Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 22 тоот орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. /хх 15-16/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Цолмон 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна. /хх 4/

 

Хариуцагч нь орон сууцыг одоо чөлөөлж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Цолмон нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч байна.

 

            Иймд шүүх нэхэмжлэгч Д.Цолмонг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 22 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН