Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02280

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02280

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 хороо, *** тоот хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 15 хороо, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, М холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 16 085 042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч О.М нь 2022 оны 11 сарын 18-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 21 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй Тоёото пирус маркийн УНА-*** авто машинаа барьцаалан 13,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээл төлөх боломжгүй гэж харж байна. Үндсэн 14,000,000 төгрөг огт төлөөгүй, үндсэн хүү гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд өгөх хүртэл 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэл 151 хоног буюу 2,085,041 төгрөг төлөх ёстойгоос төлөөгүй байна. Гэрээний хугацаа дуусаагүй учраас алданги тооцоогүй. Нийт үндсэн зээл 14,000,000 төгрөг, үндсэн хүү 2,085,041 төгрөг, нийт 16,085,042 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авахаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, Хариуцагч нь нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 20-нд гардаж авсан. Иймд хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-аас хариуцагч О.***ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16 085 042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласан,

 

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар, хүсэлт гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022.11.18-ны өдөр *** дугаар Зээлийн гэрээг хариуцагч О.*** нэхэмжлэгч *** ХХК-тай байгуулан, 14 000 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8 дугаар тал/

 

Зээлдэгч гэрээний үүргийг 24 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 29-31-ний өдрүүдэд хүүг зээлийн үндсэн төлбөрийн хамтаар хувааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022.11.18-ны өдөр дугаар *** барьцааны гэрээ байгуулан, О.*** өөрийн эзэмшлийн *** УНА улсын дугаартай тоёото приус-20 маркийн хар өнгийн тээврийг хэрэгслийг барьцаалсан ба нэхэмжлэгч барьцааны гэрээний үүрэг шаардаагүй. /хэргийн 9 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн ба гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 14 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн, мөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байна./хэргийн 7 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 сарын 18-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу зохих ёсоор бүрэн төлөөгүй, 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд зээл хүүгийн хамт нийт 2 085 041 төгрөг төлөхөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн тооцоолол баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14 000 000 төгрөг, хүү 2 085 41 төгрөг нийт 16 085 042 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 380 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хариуцагч 2023 оны 05 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт ирүүлээгүй. /хэргийн 14 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2023 оны 06 сарын 02-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг түүний ээж хүлээн авсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд 77 дугаар зүйлийн 77.6-д заасныг зөрчөөгүй тул хуралдааны тов мэдэгдсэн гэж үзнэ./хэргийн 20, 23 дугаар тал/

 

Хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд ямар нэг хүсэлт тайлбар ирүүлээгүй тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

2023.04.18-ны өдрийн №16 итгэмжлэлээр нэхэмжлэгчээс П.Ганбилэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.***аас зээлийн гэрээний үүрэгт нийт 16 085 042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир ХХКолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 380 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ