Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/03133

 

 

 

 

 

 

 

 

 

  2023     11         07                                           182/ШШ2023/03133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Е ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 109,014,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол,

Хариуцагч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 61,000,000 төгрөг, алданги 48,014,800 төгрөг нийт 109,014,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай компани хариуцагчтай 2022.07.06-ны өдөр 208,760,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь С дүүргийн 0, 0, 0 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцнуудын гадна тоглоомын талбай, тохижилтын хийц бүтээцүүдийг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 61,000,000 төгрөг авсан боловч шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Тус компанийн захирал Сайханцэцэг нь 2023.03.03-ны өдөр манай оффисд ирж захиалсан тоглоом, суурьлуулсан төхөөрөмжийн тоноглол гааль дээр ирсэн гаалийн мөнгө төлмөөр байна танайх 15,000,000  төгрөг өгч туслаарай 2023.04.20 гэхэд бүх ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө гээд нэхэмжлэлээ өгч манайх ч ажлыг нь дэмжиж дахин итгэл хүлээлгэж 15,000,000 төгрөг шилжүүлсэн боловч амалсандаа хүрэхгүй утасаа авахгүй, хариуцсан инженерийн дугаарыг блоколж алга болсон.

Ингээд манай компани 2023.05.26-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх талаар албан бичиг хүргүүлж, хэрвээ хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдэж, хариуцагч компанийн захиралд гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу хэлээгүй...

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул манай компани У ХХК-тай 2023.05.23-ны өдөр нийт 173,267,500 төгрөгийн гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 87,633,750 төгрөг төлөөд тус компани угсралт суурьлуулалт хийж байна...

Хариуцагч компани гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул талуудын байгуулсан гэрээ 2023.05.27-ны өдөр цуцлагдсан учраас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 61,000,000 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги нь 48,014,800 төгрөг /гэрээний 4.2-т зааснаар 208,760,000 төгрөг х 0.1 хувь х 230 хоног = нийт 48,014,800/ төгрөг болж байна.

Иймд Е ХХК-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу нийт 109,014,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

 

2.Хариуцагч Е ХХК-ийн захирал Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн хувьд 61,000,000 төгрөг авсан нь үнэн, учраас төлнө. Энэ талаар маргахгүй...

Хамгийн гол нь талуудын байгуулсан гэрээнд 208,760,000 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулагдсаны дараа манайд шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч зөвхөн 61,000,000 төгрөгийг цувуулж өгсөн...

Алданги 48,014,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2023.07.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид 703,024 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2022.07.06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ, түүний хавсралт /хх-ийн 4-10 х/,

-2022.12.23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 12 х/,

-2023.03.09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 14 х/, 

-2023.05.24-ний өдрийн Хаан банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 20 х/,

-2023.06.02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 22 х/,

-2023.05.31-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 23 х/,

-2023.06.26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” /хх-ийн 25 х/,

-2023.06.30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны “Дотоод шилжүүлгийн маягт”, нэхэмжлэх /хх-ийн 27 х/,

-2023.01.10-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо)-ын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ /хх-ийн 28 х/,

-2023.05.23-ны өдрийн Гадна талбайн хүүхдийн тоглоом талбай тохижуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 29-31 х/,

-2023.06.19-ний өдрийн Гадна талбайн хүүхдийн тоглоом талбай тохижуулах ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /хх-ийн 33-34 х/,

-2023.06.29-ний өдрийн Гадна талбайн сүүдрэвч нийлүүлэх, суурилуулах нэмэлт гэрээ /хх-ийн 35 х/,

-Е ХХК-ийн байршилд байршуулсан чанарын шаардлага хангаагүй эд хөрөнгө буцаах тухай /хх-ийн 36-51 х/,

-2023.05.26-ны өдрийн №55/23 тоот албан бичиг /хх-ийн 52 х/,

-Тооцоо нийлсэн акт /хх-ийн 54 х/,

-Улсын бүртгэлийн 00000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 56 х/,

-2023.06.26-ны өдрийн №63/23 тоот албан бичиг /хх-ийн 57 х/,

-2023.10.23-ны өдрийн №155/23 тоот албан бичиг /хх-ийн 86 х/,

-2023.10.23-ны өдрийн №151/23 тоот Г.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 87 х/,

-Нэхэмжлэх /хх-ийн 89-90 х/,

-Гэрээний дүгнэлт /хх-ийн 91-93 х/,

-Ажил хүлээлцсэн акт /хх-ийн 94-95 х/,

-2023.10.23-ны өдрийн 315 тоот У ХХК-ийн албан бичиг /хх-ийн 96 х/,

-Тооцоо нийлсэн акт /хх-ийн 97 х/,

-2020.06.16-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо) гэрээ /хх-ийн 98-130 х/,

-2023.08.16-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо)-ын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ /хх-ийн 131-132 х/,

-2023.12.27-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо)-ын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ /хх-ийн 133-134 х/,

-2023.11.10-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо)-ын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ /хх-ийн 135-136 х/,

-2023.01.10-ны өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орон сууцын гадна тохижилт (Улаанбаатар, С дүүрэг, 0, 0 , 0,  0, дугаар хороо)-ын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ /хх-ийн 137-138 х/,

 

3.1.Хариуцагч нь тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Е ХХК-иас 61,000,000 төгрөг гаргуулан М.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48,014,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч М.М ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 61,000,000 төгрөг, алданги 48,014,800 төгрөг, нийт 109,014,800 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь “...Манай компанийн хувьд 61,000,000 төгрөг авсан нь үнэн учраас төлнө. Энэ талаар маргахгүй. Хамгийн гол нь талуудын байгуулсан гэрээнд 208,760,000 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулагдсаны дараа манайд шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч зөвхөн 61,000,000 төгрөгийг цувуулж өгсний улмаас гэрээ хэрэгжихэд хүндрэл гарсан. Иймээс алданги 48,014,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талуудын хооронд 2022.07.06-ны өдөр “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-1.4, 1.8- тус тус заасны дагуу хариуцагч Е  /гүйцэтгэгч/ ХХК нь

а/ Гэрээний хавсралтад дурдагдсан 18 нэр төрлийн тохижилтын хийц бүтээцүүдийг захиалагчийн С дүүрэг, 0, 0 , 0 дугаар хорооны гадна талбайд угсарч, суурьлуулах,

б/ гэрээ баталгаажсаны дараа тохижилтын хийц дараа тохижилтын хийц бүрийн дэлгэрэнгүй ажлын зургийг гарган захиалагчаар батлуулах, зургаар баталгаажсан хийцийг үе шаттайгаар захиалагчийн талбайд угсарах, ажил гүйцэтгэх хугацаа нь урьдчилгаа төлбөр төлснөөс хойш нийт 60 хоног байх,

в/ гадна талбайн тоглоомын материалыг ажлын зурагт тусгагдсаны дагуу хийц, материал, орцоор стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх,

г/ гадна тоглоомын чанарын баталгааг 10 жилийн хугацаанд батлан даах бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс шалтгаалсан аливаа гэмтэл, доголдлыг арилгаж, арчилгаа үйлчилгээг жил бүр хийх,

-нэхэмжлэгч М.М /захиалагч/ ХХК нь урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг шилжүүлэх

- хот тохижилтын хийц бүрээс 1, 1 загвар батлагдсаны дараа гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож дундын санхүүжилт олгох, үлдэгдэл төлбөрийг хот тохижилтын хийцүүдийг бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөний дараа олгох,

-гэрээний нийт төлбөр нь 208,760,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-5, 6-10 х/

 

4.2.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

а/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.

 

б/ Талууд хэн аль нь 2022.07.06-ны өдөр С дүүрэг, 0, 0 , 0 дугаар хорооны гадна талбайд угсарч, суурьлуулах, тохижилтын хийц бүтээцийн ажлыг хийх гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан талаар болон 2022.07.01-ний өдрөөс 2023.06.23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 61,000,000 төгрөгийг өгч, авсан талаар маргаагүй. /хх-ийн 54 х/

 

в/ Хариуцагч нь үндсэн төлбөр 61,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин нэхэмжлэгч нь алданги 48,014,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан бол хариуцагч нь гэрээнд заасны дагуу 50 хувийн санхүүжилтийг олгоогүйгээс бараа, материал худалдан авах санхүүжилт саатсан тул алданги 48,014,800 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

            4.3.Иргэний хуулийн 227 дугаар 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан учраас өөр байгууллагаар ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул алданги 48,014,800 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

а/ Тодруулбал, нэхэмжлэгч гэрээ цуцласантай холбоотой хохирол шаардах эрхтэй боловч алданги нь хохиролд хамаарахгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

 

4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.  

 

а/ Дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу 50 хувийн санхүүжилтыг олгоогүй гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д “ажил гүйцэтгэх нийт төлбөр нь 208,760,000 төгрөг...”, 1.6-д “Захиалагч нь урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг шилжүүлнэ. Төлбөр шилжүүлэх данс нь Голомт банкны 0000000000 тоот Е ХХК данс байна” гэсэн байх тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

4.5.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан.

 

а/ Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэгээрээ онцлогтой.

 

б/ Мөн гэрээний 5.2-т талууд алдангийн талаар тохиролцсон, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан тодорхойлолтод нийцсэн боловч 2023.06.23-ны өдрийн тооцоо нийлсэн актад алдангийн талаар тусгаагүй тул талуудын тохиролцсон алдангийн үүрэг тооцоо нийлснээр дуусгавар болсон, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас хариуцагчийн алданги 48,014,800 төгрөгийг төлөхгүй гэх тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзлээ.

 

5.Иймээс шүүх дээрх үндэслэлээр Е ХХК-иас 61,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48,014,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Е ХХК-иас 462,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,024 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

7.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 11, 13, 15-17, 19, 21, 24, 26 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Е ХХК-иас гэрээний үүрэгт 61,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48,014,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Е ХХК-иас 462,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,024 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА