| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/01471/И |
| Дугаар | 102/ШШ2023/02317 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/02317
| 2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/02317 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Б холбогдох
орон сууцнаас албадан гаргуулах, суллаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.Н
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
хариуцагч Б.Б нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б.Батзаяад холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулж, суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэгч Б.Н 1982 оны 12 дугаар сарын 10-нд Б.С, А.Б нарын хүү болон мэндэлсэн. Энэ хүмүүс 1982 оны 12 дугаар сарын 07-ний өдөр гэр бүлээ бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. Энэ хоёр хүн 1991 онд хүү 7 настай байхад тусдаа амьдрах болсон боловч хоёулаа гэр бүлтэй болоогүй, гэрлэлтээ цуцлуулаагүй. Хоёр талд амьдарсан боловч хүү нь хоёр талдаа ирж очин амьдарч байсан. Үүнийг 2010 оны талийгаачийн Чингэлтэй дүүргийн өрхийн бүртгэлээс хүүтэйгээ амьдарч байсан гэдгийг харж болно. Үүнээс хойш Б.Н нь оюутан болж аав дээрээ ирж амьдарч төгсөөд ээж, аав хоёр дээрээ ирж очин амьдарч байсан. 2014 оны 07 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэгчийн төрсөн эцэг А.Б талийгаач болж өөд болсон. 2015 оны 06 дугаар сар хүртэл төрсөн эцгийнхээ байранд нэхэмжлэгч Б.Н амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд байрныхаа түлхүүрийн голыг солиогүй байхад аавынх нь төрсөн дүү А.А гэрээр нь чөлөөтэй орж гардаг байсан. Гэрээс нь юм хум алга болж, тэр үед нэхэмжлэгч Б.Н түлхүүрийг голыг сольсон чинь А.А ирээд хүүг нь төрсөн гэрээс нь хөөж явуулсан. Өв залгамжлах эрх жилийн дараа нээгдээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн гэрчилгээг харгалзан үзээд иргэн Б.С, Б.Н хоёрын нэр дээр өв залгамжлах эрх үүсээд төрсөн ээж нь өв залгамжлалаасаа татгалзаад хүү Б.Н гийн нэр дээр байрны гэрчилгээ өв залгамжлалаар гарч ирсэн. Тэгээд 2015 онд хөөгдсөнөөс хойш байрнаасаа гараад гэрчилгээ гарснаас хойш очиж хэлсэн.Гэр бүлтэй болж хамт амьдарч Өвөрхангай аймгийн Хар хоринд байраараа бартер хийх гэж байгаа юмаа. Та бүхэн суллаад өгнө үү гэдэг хүсэлт тавиад гуйхад Б.Батзаяа хүлээн зөвшөөрөөгүй. Дараа нь би өөрийн биеэр очиж уулзахад бас суллаж өгөөгүй. Энэ хүмүүсийн хэлдэг зүйл нь ямар ч үндэслэлгүйгээр 15,000,000-20,000,000 төгрөг нэхдэг. Яагаад нэхэж байгаа юм гэхээр ямар ч сан байгуулагдаагүй, Буян гэдэг сан байгуулна гэж ярьж байсан. Тэгэхдээ үүсгэн байгуулагдаагүй, хуулийн этгээд бүртгэгдээгүй. Буян гэдэг сан дээр үйл ажиллагаа явуулна 15,000,000-20,000,000 төгрөг өг гэж шаарддаг нэхдэг. Энэ хүнийг нялх байхад нь 2011 онд иргэн А.Б, Б.Н нарын нэр дээр Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байсан хашаа байшинг А.А гэдэг хүн 2 хүүхэдтэйгээ орох оронгүй болчихлоо гээд А.Б гэдэг хүн хүү рүүгээ залгаад Улсын бүртгэл дээр гарын үсэг зураад өгөөч, үүнийг А.Ат өгье гээд нэр дээр нь байсан хашаа байшинг авч байсан. Тусалж байсан, өөрөө ч мэдэж байгаа. Урд нь тэр хашаа байшинд амьдарч байгаад удаагүй зарсан. Улсын бүртгэл өв залгамжлалын гэрчилгээг харж өмчлөлийн гэрчилгээг олгочхоод байхад төрсөн хүүтэй нь байрыг булаацалдаад явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагч Б.Батзаяа төрсөн хүү гэгдэх гэж бичсэн байна лээ. Нэхэмжлэгч Б.Н нь А.Б гийн ганц төрсөн хүү мөн. Өрхийн бүртгэлийг шалгавал А.Б гэдэг хүн А.А гэдэг хүнтэй хамт амьдарч байсан түүх байхгүй. А.А гэдэг тусдаа амьдардаг. Аавыгаа өвчтэй зовлонтой байх үед нь дэргэд нь байсан уу? байсан. Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, *** өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: А***-ийн гэрчилгээтэй байгууллага. *** аймгийн Зүүн улаан сумын эмнэлэг болон сургууль, сурагчдын дотуур байрыг засаж тохижуулсан, мод тарьсан, эд хогшил авч өгөх буяны ажлуудыг манай ТББ хийдэг. Хамаатан садангуудаасаа мөнгө босгож байгаад хийдэг. би болон манай ээж, хамаатан садангууд ёс зүйгүй үйлдэл гаргаж төрсөн ганц хүүтэй нь байр савыг булаацалдахгүй. Эрхэм шүүгч та үүнийг зөвөөр ойлгоорой. Хамгийн гол нь 2014 онд А.Б ахыг бурхан болоход ээжид өгсөн байсан. Энэ 15 хуудас бичиг баримт гээд байгаа өв залгамжлалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа зүйлийг шалгаж үзэхэд гэмгүй гэж бодож байна. Хэрэг шийдвэрлэхэд тус нэмэртэй байх. 2014 онд талийгаачийг бурхан болоход манай ээж Б.Н д хэлсэн юм. Чамтай байр эд хөрөнгийг нь булаацалдах хүн байхгүй. Чи энэ машин тэрэг үнэт эдлэл, байр савыг нь аваа. Гэхдээ *** байгаа. *** аймагт бид жил болгон аяллаар, албан ажлаар очих болгондоо тэнд сурагчдын дотуур байрыг тохижуулж, мод тарьдаг. Бүх буяны үйл ажиллагааг гэрчлэх гэрч, зураг, баримт бичгүүд бүгд байгаа. Аав нь амьд байхдаа бие нь муудаад хэцүү байхад нь ээж хүүг чинь дуудъя. Чи ганц хүүтэйгээ уулз гэхэд тэр хүн үгүй гэж хэлсэн. Нэгэнт би засаж аваад дээд боловсролтой болгоод өгье гэхэд тэр хүүхэд ёс зүйн маш их доголдолтой хүн байна. Тэр хүн өөрөөрөө амьдраад яваг, талийгаачийн өөрийнхөө утас нь дээр бичиж үлдээсэн гэрээслэл ч гэх юм уу? тэмдэглэл ч гэх юм уу. Тийм зүйл хүртэл бий. Гэхдээ тийм уваагүй үйлдэл гаргаж байрыг нь бид булаацалдаагүй. Энэ хүнд бид байрыг чинь булаацалдахгүй чи 40 нас гараад явчихлаа. Жишээлбэл: Манай аав бурхан болоход би, манай эгч бид юу ч авч үлдэж чадаагүй. Аавын нэр дээр нэлээн их эд хөрөнгө байсан ч ах дүү нар нь зараад авчихсан. Бидэнд юу ч өгөөгүй. Тэгэхэд манай ээж, эх хүний сайхан сэтгэл гаргаад миний нөхөр нас барахад манай хүүхдүүдэд юу ч үлдээгүй. Тийм болохоор үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гээд хүүг нь дуудсан. Талийгаач ч хүүтэйгээ уулзсан. Эргэж тойрсон, байнга ирж очиж байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хүн шүүхийн өмнө нэхэмжлэгч ч бай хариуцагч ч бай аль аль нь үнийг ярих ёстой. Би үнийг ярьж байна. Хамгийн гол шалтгаан нь ээж Б.Нд хэлэхдээ одоо чи өдий сайхан том эр болжээ. Одоо энэ байрны түлхүүрийг гэрчилгээтэй нь хамт хүүгийнхээ нүдэн дээр өгсөн. Миний эгчтэй маргаан битгий хийгээрээ гээд хүмүүсийн нүд нь дээр өгөөд, төрсөн ах дүү нар ч гэсэн А.А бараг хамтран амьдрагч, асран хамгаалагч нь байсан. Хэдэн онд хавдрын шинж тэмдэг илрээд хэдэн онд нүүрнийхээ эрүүний ясаа авхуулаад, хэдэн жил гэртээ уйлаад ээжтэй хамт байсан гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй. Шүүхийн өмнө ойр дотно байсан гэдгээ батлах гээд байх шиг байна. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн байрыг булаацалдсан юм байхгүй. Иргэн Б.Н д ийм л санал тавьсан. Чи өнөөдөр 40 гарсан залуу чамд үнэтэй машин, эд хөрөнгө, мөнгөн аяга, дээл, сав,бүх зүйл очлоо. Байр ч гэсэн удахгүй очно. Миний дүү ***-д өвөөгийн чинь аавын чинь өсөж өндийсөн нутагт буяны ажил хийдэг юм. Чи энэ санд 20,000,000 төгрөг өгчихөө миний дүү гэхэд, иргэн Б.Н зөвшөөрсөн. Яг өөрөө зөвшөөрсөн, би тэгье гэж хэлсэн. Надтай хүртэл 20,000,000 төгрөгийн мөнгөний асуудлыг зөвшөөрсөн талаарх утсаар ярьсан зурвас ч байгаа. Ярьсан ярианы бичлэг ч байгаа. Тэгээд энэ гэрчилгээг яаж гартаа оруулсан талаар мэдэхгүй байна. Өв залгамжлуулсан гээд байгаа 15 хуудас баримт болон гэрээслэл байгаа болов уу гэж би бодоод байгаа юм. Тэр гэрээслэл байвал түүнийг нь шалгуулах, шинжээч томилуулаад А.Б гэдэг хүний бичиг үсэг, гарын үсэг мөн үү гэдгийг үзмээр л байна. Гэхдээ бас шалгуулаад байх шаардлага байгаа ч юм уу? үгүй ч юм уу би сайн мэдэхгүй л байна. Буруу ярьж байвал уучлаарай. 20,000,000 төгрөг өгнө гэдгээ зөвшөөрсөн. Тэгэхээр нь байр саваа бүгдийг аваа гэж хэлсэн. Ер нь амьдралын хар ухаанаар бодоход хүртэл бараг 30 жил ор сураггүй байхад ах дүү нар нь залгаад аавын чинь бие муу байна. Өмч хөрөнгөндөө эзэн бол гэж дуудаад тэр хүн ирлээ. Тэгээд нэлээн үнэтэй машин тэрэг, эд хөрөнгийг нь авлаа. Одоо байрыг авах л байх. Авах нь зүй ёсны хэрэг гэхдээ өөрөө зөвшөөрсөн байж аавынхаа буяны санд яагаад 20,000,000 төгрөг хандивлаж болдоггүй юм. Бүхэл юм нь энэ хүнд очлоо. Үүн дээр яагаад ёс зүйгүй төрөл төрөгсөдтэйгөө, ургийн овог нэгтэй ах дүү нартайгаа шүүх цагдаа болоод байгаа юм. Би энэ бүхнийг өөрийнхөө ээжтэй хамт Өвөрхангай аймагт очоод уулзъя гэж ярьсан юм. Тэгэхэд би хэлсэн л дээ. Одоо дэмий биз дээ. Сангийн мөнгө өгвөл байр савыг нь өгөхгүй юу дөө. Аав нь ч гэсэн тэнгэрээс харж байгаа. Тэгээд байж байтал шүүхээс дуудаад би ирээд танилцаад үнэхээр шоконд орсон. Байр савандаа үнэгүй суулгасан гэх шиг. Хуульдаа өмчийг хамгаалсан заалт бий. Түүн дээр маш их мөнгө гаргасан. Би байранд нь ороод засвар хийсэн. Бүх сантехникийг нь сольсон. Тавилга оролцуулаагүй, байр тог, ашиглалтын зардлыг оролцуулалгүйгээр хананы обой, тааз, шал, байны суултуур, нойлын өрөөний суултуур, угаалтуур бүх зүйлийг сольсон. Энэ бүгдийг би тоочоод өөрөө нэхэмжлэл гаргаад гаргуулж авъя гэвэл боломж байсан. Одоо ч тэр боломж байгаа байх. Гэхдээ Б.Н гэдэг хүн яагаад ийм уваагүй үйлдэл хийж байгаа юм. Би яг энд сууж байсан бол өөрийнх нь нүд рүү хараад асууя гэж бодож байсан. Та тэр 20,000,000 төгрөгийг зөвшөөрсөн биз дээ. Ах дүү нартаа Буян сан ТББ-д өгөөд аавынхаа байранд эзэн болоод яв. Бидэнд тусалсан гээд байгаа Дэнжийн мянгын хашаа байшинг бид худалдаж авсан. Тухайн үеийн мөнгөний эх үүсвэрийг хэрхэн гаргасан юм гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч асуух байх. Тухайн үед эмээ өвөө хоёр маань эмээг өөд болсны дараа төмөр замын 71 дүгээр байрны 109 тоот байрыг зараад ээж, эгч бид гуравт 18,000,000 төгрөг өгсөн юм. 18,000,000 төгрөгийнхөө 12,000,000 төгрөгөөр нь талийгаач ахдаа хашаа байшинг нь аваад өгсөн юм. Ийм зүйл болсон. Эрхэм шүүгч та бичиг цаасыг нь хараад төрсөн хүүтэй нь байр савыг булаацалддаг ямар увайгүй хүмүүс вэ гэж харж байгаа байх. Гэхдээ миний ярьж байгаа 100 хувь үнэн шүү. Энэ хүний ярианд худлаа зүйл их харагдлаа. Хамгийн гол нь яагаад өөрөө өөрийнхөө санаачилгаараа би 30 жил хол амьдарсан. Оюутан байхдаа аавдаа хөөгдөөд явсан. Одоо буцаагаад ах дүү нар нь хүртэл дуудаад аавынх нь Тоёота клубер маркийн машин, эд хөрөнгөнүүдийг бүгдийг нь өгсөн. Одоо байрыг хүртэл нь өгнө. Гэтэл энэ хүн яагаад өөрийнхөө сэтгэлээр аавыгаа бие муу байхад тарианы мөнгө гэж 100,000 төгрөг өгч байсан биш дээ гээд аавынх нь ажлыг үргэлжлүүлээд явуулаад байж байхад яагаад энэ мөнгийг өгчхөж болдоггүй юм. Үүн дээр маш эгдүүцэл төрөөд ээж заргалдаж эхэлсэн юм. Би ээжийн гаргасан нэхэмжлэлийн хариуг л хүлээх саналтай байна... гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн:
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Б.Нн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/
2023.03.20-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
Итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 28 дугаар тал/ нотлох баримтууд
Хариуцагчаас ирүүлсэн:
Хариу тайлбар /хэргийн 9,10 дугаар тал/
Хүсэлт /хэргийн 11, 12 дугаар тал/
Төрөл садангийн лавлагаа /хэргийн 13 дугаар тал/
Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 14 дүгээр тал/
А.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 15 дугаар тал/
Б.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 16 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...өв залгамжлалын журмаар өмчлөлдөө шилжүүлж авсан орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... би болон манай ээж, хамаатан садангууд ёс зүйгүй үйлдэл гаргаж төрсөн ганц хүүтэй нь байр савыг булаацалдахгүй, өмч хөрөнгөндөө эзэн бол гэж дуудаад нэлээн үнэтэй машин тэрэг, эд хөрөнгөнүүдийг бүгдийг нь өгсөн. Одоо байрыг хүртэл өгнө. Аавынхаа буяны санд яагаад 20,000,000 төгрөг хандивлаж болдоггүй юм, яагаад ёс зүйгүй хандаж төрөл төрөгсөдтэйгөө, ургийн овог нэгтэй ах дүү нартайгаа шүүх цагдаа болоод байгаа юм, өв залгамжлалын зүйлийг шалгаж үзэхэд гэмгүй гэж бодож байна. Би ээжийн гаргасан өв залгамжлалтай холбоотой нэхэмжлэлийн хариуг л хүлээх саналтай байна... гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Цадмид овогт Бгийн Н 1982 оны 11 сарын 10-ны өдөр эцэг Цадмид овогт Адъяагийн Б, С нарын дундаас төрсөн буюу талийгаач А.Бгийн төрсөн хүүхэд болох нь зохигч талуудын тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3, 28 дугаар тал/
Нэхэмжлэгчийн төрүүлсэн эцэг А.Б 2014 оны 07 сарын 18-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдсон. /хэргийн 14 дүгээр тал/
Баянгол дүүрэг, 17 хороо, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 49.2м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө талийгаач Б гийн өмчлөлөөс өв залгамжлалын журмаар нэхэмжлэгч Б гийн Н д шилжсэн нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар дээрх орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжсэн тэмдэглэл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн үйл баримт байхгүй тул шүүх бүртгэл үнэн зөв буюу орон сууц үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Н гэж үзнэ.
Өмчлөгч хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах хуулиар олгогдсон эрхтэй.
Маргаан бүхий дээрх орон сууц үл хөдлөх хөрөнгө хариуцагч Б.Б эзэмшил ашиглалтад байгаа нь түүний шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-10 дугаар тал/
Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлтэй тул Баянгол дүүрэг, 17 хороо, 4 хороолол, /16064/ хд-76 байр, 46 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 49.2м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагчийг албадан гаргуулж, суллаж өгөхийг хариуцагч Б.Б даалгаж, нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хариуцагч ...орон сууц үл хөдлөх хөрөнгийг булаацалдахгүй, эд хөрөнгөнүүдийг бүгдийг нь өгсөн, одоо байрыг нь хүртэл өгнө... гэж тайлбарлаж байгаа боловч ...аавынхаа буяны санд яагаад 20,000,000 төгрөг хандивлаж болдоггүй юм... гэжээ.
Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болох хэдий ч хэлцэл нь хуулийн хүрээнд талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, агуулгаа өөрсдөө тодорхойлж сайн дурын үндсэн дээр хийгдэх ба хүч хэрэглэх, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хүсэл зоригоосоо гадуур хэлцэл хийхийг шаардаж болохгүй.
Мөн хариуцагч ...орон сууц хөрөнгийн өв залгамжлалтай холбоотой нэхэмжлэл гаргасан.. гэх боловч шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэж хийгдэж байгаа талаар ямар нэг нотлох баримт ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбар татгалзал нотлогдоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 17 хороо, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 49.2м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагчийг албадан гаргуулж, суллаж өгөхийг хариуцагч Б.Б даалгаж, нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ