| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/01923/И |
| Дугаар | 102/ШШ2023/02321 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/02321
| 2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/02321 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, *** давхар хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо,*** тоотод хаягтай, рд:***, Д Б холбогдох,
1 130 694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гар утас төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 1 130 694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б овогтой Бтэй гар утас худалдах худалдан авах гэрээгээр харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр iphone 11 pro max маркийн гар утсыг Б.Бгийн өөрийн эзэмшлийн *** дугаарыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл нийт 24 сарын хугацаатай лизингээр олгосон байдаг. Лизингээр гар утас олгосноос хойш хариуцагч Б.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөх хугацаанд төлбөр төлөөгүйн улмаас гэрээний хугацаа дуусаж төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Б.Б тэй холбоотой гэрээний асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан *** дугаарын утасны хэрэглээ болон гар утасны лизинг зэрэг үүргийг тооцож Б.Б гээс нийт 1,130,6904 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчтай гар утас төхөөрөмж худалдах худалдан авах урт хугацааны гэрээ бичгээр байгуулан, 4 024 000 төгрөгийн үнэ бүхий iphone 11 Pro Max маркийн гар утас төхөөрөмжийг хариуцагчид худалдах, хариуцагч урьдчилгаа төлбөрт 1 096 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2 928 000 төгрөгийг сард 122 000 төгрөгөөр 24 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 6-7 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ тохиролцоогоор худалдагч буюу нэхэмжлэгч худалдан авагч буюу хариуцагч гар утас төхөөрөмжийн үнийг төлөхөөс өмнө түүний өмчлөлд шилжүүлж, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлж, үлдэгдэл үнийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан ба гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй гэж үзнэ.
Хариуцагч гар утас төхөөрөмжийг хүлээн авсан эсэх, хөрөнгө доголдолтой эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбараар гар утас хөрөнгийг хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн учир хариуцагч хариу үүрэг буюу гар утас төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаанд зохих ёсоор бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 11 сард дууссан боловч хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 976 000 төгрөг төлөгдөөгүйг гэрээгээр тохирсон алданги 371 875 төгрөгийн хамт нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 сарын 10-ны өдрийн Гар утас төхөөрөмж худалдан авах урт хугацааны гэрээ болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1- д заасан үндэслэлтэй.
Хэдийгээр хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй ч гэсэн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүрэгтэй, нэхэмжлэгч энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй. Гэрээний үүргээ 2021 оны 03 дугаар сараас лизингийн хугацаа дуусах хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сар хүртэл зөрчигдөж эхэлсэн
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ...хариуцагч гэрээний үүргээ 2021 оны 03 дугаар сараас лизингийн хугацаа дуусах хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сар хүртэл зөрчигдөж эхэлсэн... гэх өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, гар утас төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрийн талаархи тооцоолол санхүүгийн баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагч гар утас төхөөрөмжийн үнийг хэзээ хэрхэн төлсөн үлдэгдэл төлбөр хэд болох зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй болно.
Мөн нэхэмжлэгч хариуцагчаас юнителийн *** дугаарын 2021 оны 3, 4 сарын ярианы төлбөр 198 910,43 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Тодруулбал юнителийн *** дугаарыг эзэмших ашиглахтай холбоотой талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх нь тоорхойгүй, ярианы төлбөрийн тооцоолол баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *** -ийн ярианы төлбөр, гэрээний үүрэг нийт 1 130 694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 687 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
2023.04.10-ны өдрийн *** итгэмжлэлээр нэхэмжлэгчээс Д.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4-5 дугаар тал/
Хариуцагч 2023 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. /хэргийн 15, 22-23 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Б д холбогдуулан гаргасан ярианы төлбөр, гэрээний үүрэг нийт 1 130 694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 687 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ