2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2821

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч О.П нарыг оролцуулан эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******************** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ************ ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт ************************ оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

************* ургийн овогт О.П /регистрийн дугаар: *************** /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.П нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М-н биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун нүдний зовхины дотор булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос О.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч С.М, гэрч Ц.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.П-н сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч О.П нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М-н биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун нүдний зовхины дотор булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.П-н нь хохирогч С.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би 14 цагийн орчим цайндаа ороод залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэр, М хоёрын ажил руу очсон чинь ажил дээр байхгүй байсан. Тэгээд залгасан чинь утсаа аваад ярихгүй цаана нь хүмүүс орилж чарлалдаад дугараад байсан. Тэгээд би эхнэрийг хайгаад Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд яг хаана гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна О ахынд байж магадгүй гээд очиход манай эхнэр Н, М, О ах эхнэртэйгээ өөр танихгүй 1 залуу байсан. Тэгээд би гэрт нь ороод М-д чи утсаа аваад үнэнээ хэлж болдоггүй юм уу гээд хэлсэн. Тэгээд та нар уумаар байгаа юм уу тэгвэл би хамт ууя гээд О ахтай хамт дэлгүүр гараад Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад буцаж ороод бөөндөө хамт уусан. Тэгээд ууж байсан юм дуусаад эхнэрээ аваад явах гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгээд би эхнэрээ босгоод араас нь тэврээд гарах гэсэн чинь М , О ах хоёр явуулахгүй гээд хойноос зулгаагаад байсан. Би М-д бол хүрснээ мэдэхгүй байна О ах М хоёртой эхнэрээ авах гэж зууралдаж байгаа би эхнэрээ аваад явсан. Би эхнэрээ авч авах гэхэд миний хойноос татаж чангаагаад байсан тэгээд нуруу хэсэг маргааш нь улайсан байсан. Эхнэрийн биед бол халдсан зүйл байхгүй. Тухайн үед миний нуруу жаахан улайсан байсан одоо бол зүгээр болсон би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би бол бусдын биед халдаагүй. Эхнэрээ авч гарах гэж байхдаа О ах болон М-тэй зууралдаж ноцолдсон зүйл байгаа. Тэгэхдээ М миний гарт өртөөд цохигдсон байж магадгүй. Тухайн үед М миний хойноос явуулахгүй гээд зуураад байхаар нь би болиоч ээ гээд хойшоо гараа хэд хэдэн удаа савсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт манай гэрийн урд талын гудамжинд байдаг ажлын газрын Ц эгчийн гэрт 2025 оны 08 сарын 06-ны өдөр 13 цаг орчимд очоод хоёр 2л савлагаатай Сэнгүр пиво Ц эгч Н эгч нарын хамт ууж байсан. Н эгчийн найз залуу гэх П над руу залгаад Н эгчийг асуухаар нь би байхгүй гээд хэлсэн чинь 20-30 минутын дараа ороод ирсэн, орж ирээд намайг шууд янхан, гичий, писда гээд хэл амаар доромжлоод зодож эхэлсэн тэгэхээр нь би аллаа гээд цагдаа дуудсан чинь цагдаа ирээгүй. Тэгээд намайг зодсон хүн зугтаад явчихсан. Би гэрт нь очсон чинь байхгүй байхаар нь гэртээ харьсан. Би П-г сайн танина. Манай үеэлийн найз залуу, танилцаад 2 жил болж байна. Намайг үснээс зулгаасан нүүр рүү баруун гараараа 2 удаа цохиод одоо 2 нүд хавдчихсан, толгой руу бас цохиод хавдчихсан байна. Тэгээд аяга над руу шидээд би хагарсан аяга дээр нь гишгээд хөлийг өсгий рүү шил орчихсон байна гэв. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,

 

гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 8 дугаар сарыг 06-ны өдөр түр хамт ажиллаж байсан М, Н нар манай гэрт ирээд бид нар хамт архи түр уусан. Тэгтэл Н-н найз залуу нь ирээд 1 шил архи том савтай пиво барьж ирсэн. Тэгээд бид нар хувааж уусан. Би нэлээн согтоод байсан учраас гэрт унтаж байсан чинь манай хүүхэд ээж энэ ирсэн хүмүүс чинь хоорондоо зодолдоод байна гэж хэлэхээр нь сэрээд хартал Н-н найз залуу нь М-г зодоод нүдийг нь том булдруу болгоод хамрыг нь далий болгосон байсан. Үснээс нь 2-3 удаа татаж дараад бид салгах гээд дийлэхгүй сүүлдээ цагдаа дуудсан. М-г зодсон залуу цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаартай “... 1.2. С.М-н биед зулайн хуйх, баруун нүдний зовхины дотор булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Зүүн нүдний дээд зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булангийн цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, зулайн хуйх, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 6. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт / хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.П нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М-н биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун нүдний зовхины дотор булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.П-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч О.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.П-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.П нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр энэ хэрэгт ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, харин Эрүүл мэндийн даатгалын сангаас 173,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасны дагуу шүүгдэгч нь шүүхийн шатанд дээрх 173.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн *************** дансанд төлж барагдуулсан байна.

Хохирогч С.М нь энэ гэмт хэргийг улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* ургийн овогт О.П-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.О.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.П нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч С.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР