Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/03281

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/03281

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, *** хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, 20 хороо, т*** тоот хаягтай, рд:***, Ч,

хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, *** тоотод оршин суух хаягтай, рд: ***, Н нарт холбогдох,

   зээлийн гэрээний үүрэгт нийт 55 982 585.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

хариуцагч Б.Ч нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК хариуцагч Б.Ч, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 55 982 585.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.Ч, Б.Н нар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *** ХК-тай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн хорин дөрвөн хувийн хүүтэй, дөчин сарын хугацаатай авсан. *** нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгч Б овогтой Ч ын *** дахь харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлж, зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Б.Ч, Б.Н нар нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу, эргэн төлөлтийг сар бүрийн 20-ны өдөр төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрөө хийхийг мэдэгдэж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээнд заасан үүргээ үл биелүүлж *** ХК-д их хэмжээний хохирол учруулаад байна. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Б.Ч, Б.Н нар нь зээлийн гэрээний үндсэн үүргийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 39,541,505 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16,255,421.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,651 төгрөг нийт 55,982,585.41 төгрөг болон хуримтлагдсан байна. Б.Ч, Б.Н нарын *** ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 55,982,585.41 төгрөг зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн *** метр квадрат орон сууц, мөн *** ХК-ийн зээлийн барьцаанд байгаа 2001 онд үйлдвэрлэгдсэн *** УНУ улсын дугаартай тоёота приус маркийн авто машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,862.93 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Б.Ч хариу тайлбартаа: ...миний хувьд *** ХК-д өөрийн боломжоос хамаарч сард 1,200,000, 1,500,000 төгрөг хийсэн. Тэр мөнгө минь хүүнд явсан. Нэг удаа зээлийг минь хойшлуулаад өгвөл сард 2,000,000 төгрөгөөр төлөх боломжтой гэдэг санал тавьсан. Хүүгээ хийж байж хойшлуулна гэхээр хүүгийн мөнгөө хийж чадахгүй байна. Миний саналын хувьд 6 сарын хугацаа өгөөч тэр хоорондоо 3,000,000 төгрөгөөр төлж байгаад сүүлийн хоёр сарын төлөлтийг 21,500,000г төлөөд нийт 43,000,000 болоод нийт 55,000,000 төгрөгийг төлөн *** ХК-ийг хохиролгүй болгоё гэсэн саналтай байна... гэв.

 

4. Хариуцагч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний бие ***наас гаргасан зээлд хамааралгүй бөгөөд уг зээлийг би хариуцахгүй Б.Ч хариуцна. Миний бие *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ч, Б.Н нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3, 4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

Сонгинохайрхан дүүрэг салбарын захиралд итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 6 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 7 дугаар тал/

2019.04.15-ны өдрийн 103500497931 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 8, 9 дүгээр тал/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 10 дугаар тал/

2019.04.15-ны өдрийн 103500497931 дугаар Барьцааны гэрээ /хэргийн 11,12 дугаар тал/

Голомт банкны баримт /хэргийн 13 дугаар тал/

2022.04.13-ны өдрийн Б.Ч ын *** ХК-д гаргасан өргөдөл /хэргийн 14 дүгээр тал/

2022.03.29-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 15 дугаар тал/

Зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 16-26 дугаар тал/

Б.Ч, Б.Н нарын 50 сая төгрөгийн хүү тооцооллын хүснэгт /хэргийн 45 дугаар тал/ нотлох баримтууд,

 

6. Хариуцагчийн ирүүлсэн

Хариуцагч Б.Ч ын хариу тайлбар /хэргийн 36 дугаар тал/

Хариуцагч Б.Н тайлбар /хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК-аас хариуцагч Б.Ч, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 55 982 585.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б.Ч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин тэрээр зээлийн төлбөрийг төлөх хугацааг сунгаж хугацаа авах, зээлийн нийт төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.

 

Хариуцагч Б.Н ...уг зээлийг би хариуцахгүй, хамааралгүй... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримт, хүсэлт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Ч, Б.Н нар 2019 оны 04 сарын 15-ны өдөр Дугаар *** тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч *** ХК-тай байгуулан, 50 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, жилийн 24 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, барилгын материал татан авах зориулалтаар зээлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 04 сарын 15-ны өдөр Дугаар 103500497931 Барьцааны гэрээгээр хариуцагч Б.Ч ын өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 18м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг, мөн *** УНУ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл, гэрийн цахилгаан бараа хөрөнгүүдийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 3-ны өдөр зээлийг ашигласан хоногоор үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 8-12 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаа дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 04 сарын 17-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ***ны *** дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 16 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08 сарын 03-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 39 541 505.84 төгрөг, хүү 16 255 421.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185 658.49 төгрөг нийт 55 982 585.41 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилжээ. /хэргийн 16-26, 45 дугаар тал/

 

Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгч мэдэгдэж байсан, нийт зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлбөрийн тооцооллын талаар хариуцагч нар маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 55 982 585.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хариуцагч Б.Чын өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 18м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг, мөн *** УНУ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437 862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 437 862 төгрөг, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2023 оны 04 сарын 11-ний өдрийн 21/177 тоот нэхэмжлэгчээс Б.Л олгосон итгэмжлэлээр /эвлэрэхээс бусад/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанаар хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зохигчид түүнийг оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул хариуцагч Б.Н эзгүйд хэргийн бусад оролцогчид, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Б.Ч, Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 55 982 585.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Б.Чын өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 18м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг, мөн *** УНУ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437 862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 437 862 төгрөгийг, 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ