2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2822

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан эрүүгийн **************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **************** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************* ажил эрхэлдэг, ам бүл 1, ********************* оршин суух хаягтай боловч *********************** түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*********** овогт Ө.Б /регистрийн дугаар: ***************/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ө.Б нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний орой Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх **** нэртэй хотхоны байрны гадна иргэн И.Д-н бусдын тээврийн хэрэгслийг хаах буюу гарах боломжгүйгээр байрлуулсан ********** улсын дугаартай, Тоёота Лексус загварын тээврийн хэрэгслийн гадаргууг нь ир үзүүртэй зүйлээр зурах, сийчих үйлдлийн улмаас санаатайгаар гэмтээж 1.632.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ө.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч И.Д-н мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Ө.Б-н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ө.Б нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний орой Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх **** нэртэй хотхоны байрны гадна иргэн И.Д-н бусдын тээврийн хэрэгслийг хаах буюу гарах боломжгүйгээр байрлуулсан ******** улсын дугаартай, Тоёота Лексус загварын тээврийн хэрэгслийн гадаргууг нь ир үзүүртэй зүйлээр зурах, сийчих үйлдлийн улмаас санаатайгаар гэмтээж 1.632.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Б-н бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2025 оны 7 дугаар сарын 01-ний орой би шүдний эмнэлэг ороод оочероо хүлээгээд байж байхад манай  ойтой дүү шатнаас унасан гээд би яараад гарч ирэхэд машин хаагаад тавьсан байсан. Тэгээд дугаар луу нь хүмүүс бас би залгаад утсаа ерөөсөө авахгүй байсан. Хажуу талын машины хүмүүс рүү залгаж гуйж байж машинаа гаргасан. Тэгээд би машин дээр нь машиныхаа түлхүүрээр зурсан. Би үнэлгээ дээр байгаа хохирол мөнгийг хэсэг хугацааны дараа барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

хохирогч И.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орой Бөхийн өргөөний ард дүүгийнхээ байранд засвар хийж байгаад оройн 21 цаг 50 минутын үед машинаа тавьсан ба 21 цаг 54 минутын үед ************ гэх дугаараас миний дугаар луу залгасан байсан ба өөр хүнтэй ярьж байсан учраас дуудлагаа анзаараагүй байсан ба 22 цаг 04 минутын үед *********  дугаараас машин гаръя гэж мессеж ба дахин хөөе гөлгөө машин гаръя гэж миний дугаар луу мессеж бичсэн байсан. Би мессежээ хараад эргүүлж залгаад тун удахгүй гараад машин дээрээ очсон. Машины урд талын хамар дээр хадаас шиг төмөр үзүүртэй зүйлээр утсаа ав гэж сийлсэн байсан. Арын багаажны хаалга мөн адил зураас татсан байсан, урд талын дээд хэсэгт урт лав зураас зурсан байсан. Намайг гараад очиход машин нь гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

Хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ний 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ********* дугаартай “...шууд зардал 1.380.000... нийт зардал...1.632.500 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 15-20/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ө.Б нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний орой Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх **** нэртэй хотхоны байрны гадна иргэн И.Д-н бусдын тээврийн хэрэгслийг хаах буюу гарах боломжгүйгээр байрлуулсан ********** улсын дугаартай, Тоёота Лексус загварын тээврийн хэрэгслийн гадаргууг нь ир үзүүртэй зүйлээр зурах, сийчих үйлдлийн улмаас санаатайгаар гэмтээж 1.632.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ө.Б-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүх шүүгдэгч Ө.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ө.Б-н дээрх үйлдлийн улмаас хохирогч И.Д-д 1,632,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *********** овогт Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Ө.Б-г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР