Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03306

 

 

  

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03306

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** байрлах хаягтай, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Баянгол дүүрэг, 6 хороо, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  А холбогдох,

1 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***-иас хариуцагч Х.А холбогдуулан 1 860 000 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Хариуцагч Х.А нь 2022 оны 05 сарын 08-ны өдөр *** ХХК-д түгээгч ажилтнаар ажилд орсон. Х.А ажил үүргийн хуваарь нь харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хаягийн дагуу харилцагчид хүргэж өгөх, харилцагчаас бэлнээр тушаасан төлбөрийг байгууллагын санхүүд авчирч тушаах гэдэг үндсэн үүрэгтэй ажилладаг. Х.А нь 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Баян Интерпрайз ХХК-ийн Фрэш хүнсний дэлгүүрийн захиалга болох 1 860 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөхөөр хүлээн авсныг бараа бэлтгэх баримтад гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Ийнхүү хүлээн авсан барааг 2022 оны 05 сарын 24-ний өдөр харилцагчид хүргэж өгөх ёстой байсан боловч хүргэж өгөөгүй бөгөөд түгээлтийн тайланд хүргэж өгсөн гэх баримт үлдээгүй, хүргэж өгсөн харилцагчдын дунд тухайн барааг хүргэж өгсөн, эсвэл хүргэж өгөөгүй, буцаасан гэх мэдээллийг Х.А тайлагнаагүй байна. Мөн тухайн барааг харилцагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд зарлагын баримт дээр харилцагчийн хүлээн авсан гарын үсэг зуруулан санхүүд буцаан авчирч хүлээлгэн өгдөг ба манай байгууллагын санхүүд энэ баримт байхгүй байгаа нь Х.А тухайн баримтыг санхүүд авчирч өгөөгүй буюу уг барааг хувьдаа завшсан гэж үзэх үндэстэй байна. Иймд Х.А байгууллагад учруулсан хохирол 1 860 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 44 740 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.А миний бие 2022.05.08-нд *** ХХК-д түгээгч ажилтнаар ажилд орсон билээ. Миний бие 2022.05.27-ны өдрийг дуустал тус байгууллагад ажиллаж байгаад биеийн байдлыг улмаас цаашид ажиллах боломжгүй болсон. 2022.05.23-нд захиалга хийгдсэн 2022.05.24-нд хүргэж өгөх барааг *** хүнсний дэлгүүрт 1 860 000 төгрөгнийн үнэ бүхий барааг хүргэж өгөөгүй гэх асуудалд тайлбар гаргахад уг Фрэш дэлгүүрт 2 барааны падаан хүргэлт хийх байсан боловч эхний барааны падаан 900 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгөөд, 1 860 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн агуулахаас ачсан зэргийг аль 1 жил 5 сар болж байхад миний бие санахгүй байна. Үүнээс дүгнэлт хийхэд:

- Фрэш дэлгүүрт бараа хүргэж өгөхдөө тухайн үед 2 падаан барааны 1 падаан бараа өгөөд нөгөө барааг хүлээлгэн өгөхгүй байх шаардлага шалтгаан байхгүй.

- Хэрэв миний бие бараа өгөөгүй бол буцаалтын хуудсанд бичиж няравт хүлээлгэн өгч тайлбар шалтгаанаа бичнэ. Энэ талаар тайландаа бичээгүй байсан.

- Хэрэв миний бие 1 860 000 төгрөгийн үнэ бүхий барааг өгөөгүй бол маргаан нь надад асуудал ярих байсан ямар ч асуудал тавиагүй миний бие тухайн өдрөөс хойш 2022.05.24-нөөс 2022.05.27-ныг дуустал ажилласан.

- Хэрэв миний бие тухайн барааг хувьдаа авсан бол тухайн барааны агуулахаас тэр тооны бараа дутах ёстой, гэтэл тухайн нярав нягтлан нь бараа дутаагүй гэх тайлбар хийж байсан тайлбар хийж байхад тухайн байгууллагын хуульч, нярав /2 ажилтан/, нягтлан гээд 4 хүн байж сонсож байсан.

- 2022.05.24-нд бараа хүргэлтэнд гараад бараагаа бүгдийг нь өгөөд эргээд барааны паданаа бүгдийг нь хүлээлгэн өгөөд байхад зөвхөн 1 860 000 төгрөгний барааны падаан байхгүй гэх нь эргэлзээтэй байна.

- Тухайн байгууллага сар бүр бараа болон агуулахын бараагаа тоолж тооллого хийж таарна. Хэрэв миний авсан гээд байгаа 1 860 000 төгрөгний бараа 5 сарын тооллого хийхэд дутна. Ийм байхад энэ талаар надад огт мэдэгдээгүй 5, 6 сар өнгөрөөд байхад надад мэдэгдсэн.

- Тухайн өдөр 2022.05.24-нд уг 1 860 000 төгрөгний барааг авч гарсан гэх нотолгоо байхгүй зөвхөн миний бараа хүлээлгэн авсан гарын үсэгтэй хуудас байсан. Дээрх хуудсан дээрх 1 860 000 төгрөгний барааны хуудсыг нэмж бичсэн байх үндэслэлтэй байна.

- Дээрх байгууллагаас 2022.05.23-2023.05.24-ний өдрийн барааны захиалга, тайлан зэргийг нягтлан үзэх 2022 оны 5 сарын агуулахын барааны тооллогын тайлан зэргийг үзэх хүсэлтэй байна.

- Уг байгууллага өөрийн нэхэмжлэх үндэслэлдээ ийм ийм учраас бараа хүргэж өгөөгүй, ийм учраас манай байгууллагы агуулахын бараанаас 1 860 000 төгрөгний бараа ингэж дутсан гэх тайлан, бичиг баримт нотлох зүйл байхгүй зэрэг миний хувьд шалгуулах хүсэлтэй байна.

- Нэг газар 1 дэлгүүрт буух барааг 1-ийг нь өгөөл нөгөөг нь өгөөгүй байх үндэс байхгүй. Миний бие ганцаараа бараа түгээдэггүй ачигч, туслахтай хамт бараа хүргэж өгдөг тухайн өдөр хэн гэдэг ачигчтай хамт явсан зэргээ санахгүй байна. 1 дэлгүүрт хүргэж өгөх барааг хэзээ ч 2 өөр баримт үйлдэж гаргахгүй бүх барааг 1 баримт падаан дээр цуг бичиж барааг өгдөг. Тухайн өдөр 1 газар очих барааг 2 өөр баримт үйлдэж бичсэн нь шалгуулах үндэслэлтэй байна миний хувьд уг *** ХХК нь нягтлан гэх. Э гэх эмэгтэй /нэрийг нь буруу бичсэн байж болох/ 5-р сарын агуулахын тооллого тайланд бараа тийм ихээр дутаагүй 4 шилтэй бараа дутсан гэж хэлсэн байсныг хуульч Гэрэлсайхан тухайн үеийн Фрэш дэлгүүрийн 2 нярав мөн *** ХХК-ийн нягтлан гэх эмэгтэй тухайн байгууллагын 4 давхарт уулзалт сургалтын өрөөнд хэлж байсан. Иймд миний бие тухайн байгууллагын нэхэмжилсэн 1 860 000 төгрөгний барааг аваагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид миний бие тус байгууллагын болон өөрийгөө шалгуулах хүсэлтэй байна. Уг байгууллага нь аль 1 жил гарангийн дараа уг асуудлыг сөхөж ямар ч нотлох баримт байхгүй хангалтгүй байхад намайг гүтгэж мөнгө болон бараа санхүүгийн баримт нэхэж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар миний буруугүй гэж тогтоогдтол уг байгууллагад эргэн гомдол гаргах болно. Нэр төрөө сэргээлгэж болно... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

Бараа материалын зарлагын баримт /хэргийн 5-7 дугаар тал/

Бараа материалын тооллогын баримт /хэргийн 8 дугаар тал/

Баян Интерпрайз ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 9 дүгээр тал/

Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 10-12 дугаар тал/

Танилцах хуудас /хэргийн 13 дугаар тал/

Х.А иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 14 дүгээр тал/

Бараа бэлтгэх баримт /хэргийн 38 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 21-23 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ... байгууллагад учруулсан хохиролд 1 860 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч эс зөвшөөрч ...1 860 000 төгрөгийн барааг аваагүйг албан ёсоор мэдэгдэж байна, ...ямар ч нотлох баримт байхгүй хангалтгүй байхад намайг гүтгэж мөнгө болон бараа санхүүгийн баримт нэхэж байна, хэрэв ямар нэгэн байдлаар миний буруугүй гэж тогтоогдтол уг байгууллагад эргэн гомдол гаргах болно, ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.А 2022.05.18-ны өдөр нэхэмжлэгч *** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ тус тус байгуулан түгээч ажил албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ баримтаар тогтоогдож байна./хэргийн 10-14 дүгээр тал/

Дээрх гэрээнүүд байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагад харилцагч байгууллагаас захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, хаягын дагуу хүргэж өгч хүлээлгэн өгсөн баримт үйлдэх, харилцагч бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр төлсөн үед байгууллагын санхүүд авчирч тушаах, бараа бүтээгдэхүүн буцаагдсан үед энэ тухай санхүүд тайлагнан буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1, 21-23 дугаар тал/

2023.05.23-ны өдөр хариуцагч 1860 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг захиалагч Баян Интерпрайз ХХК-д хүргэж өгөхөөр хүлээн авсан боловч захиалагчид хүлээлгэн өгөөгүй, мөн нэхэмжлэгч талд барааг буцаалт хийсэн талаар тайлагнаж санхүүгийн анхан шатны баримт үйлдээгүй болох нь бараа бэлтгэх баримт, бараа материалын зарлагын баримт, түгээлтийн баримт, бараа материалын тооллогын баримт Баян Интерпрайз ХХК-ийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-9 дүгээр тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримт, хүсэлт шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан буюу хариуцагч Х.А 1860 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч харилцагчид хүлээлгэн өгөөгүй, түгээлтийн тайлан баримтаар барааг буцаалт хийж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй нь 1680 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 75 дугаар зүйлийн 75.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1, 133.2-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 1860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Хариуцагчид шүүх хуралдаанд оролцох эрхээ эдлэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулан товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Х.А аас 1 860 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ

 

 

 

 

 

 

 

 Ш.ОЮУНТУУЛ