Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/02872

 

 

                                                          

 

 

2023 оны 08 сарын 14 өдөр                 Дугаар 102/ШШ2023/02872                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах “***” ХХК

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын ***

 

Нэхэмжлэлийн шаардлага:   10,763,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г.***т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Г.*** нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *** ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилласан ба хариуцагч Г.***ыг ажилд орсон цагаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар бүртгэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг хүссэн боловч хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалд даатгуулахгүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийж 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрсэн. Ингээд Г.*** нь тус хугацаандаа өдөр тутмын орлого буюу түгээлтээр хүргэж өгч байсан бараа материалыг зарж борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж явсаар нийт 10,763,470 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан байна. Үүнд: 2017 оны 10 дугаар сард тушаавал зохих 11,589,820 төгрөгөөс 11,526,700 төгрөг тушаасан ба дутуу 63,120 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард тушаавал зохих 15,892,970 төгрөгөөс тушаасан 14,362,600 төгрөг тушаасан ба дутуу 1,530,370 төгрөг, 2017 оны 12 дугаар сард тушаавал зохих 15,749,770 төгрөгөөс 15,822,000 төгрөг илүү 72,230 төгрөг тушааж, нийт 1,521,260 төгрөгийг дутуу тушаасан; 2018 оны 1 дүгээр сард тушаавал зохих 7,499,300 төгрөгөөс 4,950,000 төгрөг тушаасан ба дутуу 2,499,300 төгрөг, 2018 оны 2 дугаар сард тушаавал зохих 9,131,300 төгрөгөөс 8,390,000 төгрөг тушаасан ба дутуу 741,300 төгрөг, 2018 оны 3 дугаар сард тушаавал зохих 24,327,750 төгрөгөөс 20,420,000 дутуу тушаасан ба 3,907,750 төгрөг, нийт 7,148,350 төгрөгийг дутуу тушаасан. 2018.04.23-наас 2018.04.30-ны өдрийг хүртэл тушаавал зохих 3,739,900 төгрөгөөс 2,646,500 төгрөг тушаасан ба дутуу 1,093,400 төгрөг, 2018 оны 5 дугаар сард тушаавал зохих 28,546,530 төгрөгөөс 27,174,900 төгрөг тушаасан ба дутуу 1,371,630 төгрөг, 2018 оны 6 дугаар сард тушаавал зохих 14,554,150 төгрөгөөс 15,064,000 төгрөг тушаасан ба илүү 509,850 төгрөг, 2018.07.01-нээс 2018.07.10-ны өдрийг хүртэл тушаавал зохих 9,184,010 төгрөгөөс 8,479,800 төгрөг тушаасан ба дутуу 704,210 төгрөг нийт 2,656,390 төгрөг дутуу тушаасан. Иймд нийт 11,326,000 төгрөгийн тооцооноос 652,500 төгрөг хасагдаж нийт 10,643,500 төгрөгийг Г.***аас гаргуулж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Би 2017 оны 8-р сараас борлуулалт хийж эхэлсэн бөгөөд мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар баталгаажиж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн гэж нэхэмжлэлд бичсэн нь өөрсдөө холбогдох торгууль хуулийн арга хэмжээнээс зайлсхийх арга юм. Нийгмийн даатгал төлөх нь компанид алдагдалтай, ажилтанд хэрэгтэй байдаг. Би өдөр бүр бараа бүтээгдэхүүн очиж авдаг, очиж тооцоо хийж үлдэгдэл бараагаа хүлээлгэн өгдөг учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдахгүй байх нь надад ашиггүй. Миний бие *** ХХК-тай хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг ямар нэгэн хууль ёсны гэрээ байгуулж ажиллаагүй бөгөөд энэ харилцаа зөвхөн итгэлцэл дээр суурилсан найзын харилцаа юм. Солонгосоос ирсний дараа 2017 оны 5-р сард *** надтай холбогдоод манай гахайн махыг борлуулаад өгөөч гэж санал тавьсан. Би саналыг зөвшөөрч өөрийн *** улсын дугаартай Probox машинаар борлуулалтыг хийж эхэлсэн. ***тэй амаар тохирсон борлуулалтын урамшууллын мөнгийг авахгүйгээр илүү төлөлт хийж байсан нь дансны хуулгаар баталгаажсан болно. *** компанийн тооцооны нягтлан *** тухайн үед өдөр тутам өгч явуулж буй бүтээгдэхүүн хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй байсан. Мөн бэлэн мөнгө тушаасан акт үйлддэггүй байсан. Тэгэхээр надад нэхэмжилж буй үнийн дүнгээр бараа өгч явуулж байсан нь баримтаар нотлогдох боломжгүй. Ажил олгогч талын өөрсдийн бичсэн санхүүгийн баримтыг үндэслэн надаас их хэмжээний бэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч талын бичсэн мөнгөн дүн, нэхэмжлэхэд хавсаргасан баримт дээрх дүн, өөрийн данснаас ***ийн данс руу шилжүүлсэн Хаан банкны дансны хуулганы нотлох баримт дээр үндэслэн нэгтгэн тооцоолоход нийт 2,522,550 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Дээрх тоон баримтуудыг үндэслэн *** компанийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн хоёр талын гарын үсгээр баталгаажсан нотлох баримт байхгүй, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн нотлогдох баримт байхгүй гэж нэхэмжлэлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5, 38/, *** ХХК-д өргөдөл гаргах нь /хх 6/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №01, Борлуулагч Г.*** 2018.07.25 /хх 9/, Зээлээр олгосон борлуулалтын мэдээлэл /хх 10-12/, Борлуулагчийн тооцооны хуудас /хх 13-18/, Авто төлбөртэй зогсоолын баримт /хх 19/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 20-26/, *** 2018 оны тооцоо /хх 27/, Борлуулагч Г.*** 2018.07.25 /хх 28/,      

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51-100, 119-144/, Г.*** 2017 оны 10-р сар-2018 оны 7-р сарыг дуустал дансны хуулга /хх 101-109/, хариу тайлбар /хх 114-116/, *** ХХК иргэн Г.***т гаргасан нэхэмжлэх, хавсаргасан баримтын дүн, Г.***ын дансны хуулганы дүнгээс харьцуулан гаргасан тооцоо /хх 117/, итгэмжлэл /хх 118/, *** ХХК иргэн Г.***т гаргасан нэхэмжлэх, хавсаргасан баримтын дүн, Г.***ын дансны хуулганы дүнгээс харьцуулан гаргасан тооцооны хураангуй /хх 145/, Г.***ын Хаан банкны *** тоот дансны хуулгаас *** ХХК-ийн захирал Г.***ийн хувийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн түүвэр /хх 146-165/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.*** нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *** ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилласан ба тус хугацаандаа өдөр тутмын орлого буюу түгээлтээр хүргэж өгч байсан бараа материалыг борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж нийт 10,763,470 төгрөгийн хохирол учруулсан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал ***ийн данс руу борлуулалтын орлогын мөнгийг шилжүүлэн өгсөн, борлуулалтын урамшууллын мөнгийг авахгүйгээр нийт 2,522,550 төгрөгийн илүү төлөлт хийсэн гэж эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, мөн зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан бөгөөд хариуцагч Г.*** нь нэхэмжлэгч *** ХХК-д бараа бүтээгдэхүүний борлуулалтын ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх талаар маргаагүй. 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан. /1999 оны/

Харин ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхэд юуны өмнө ажил олгогч этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан байх, уг хохирол нь тухайн ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан, учирсан хохиролд ажилтан гэм буруутай байх урьдчилсан нөхцөлүүд тогтоогдох учиртай.  

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.***аас шалтгаалж 10,763,470 төгрөгийн хохирол *** ХХК-д учирсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

Хариуцагчаас татгалзлаа нотлох үүднээс өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гарган өгсөн. Дээрх дансны хуулгаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны орлого, зарлагын гүйлгээ байх бөгөөд хариуцагчаас нийт 16,547,690 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байхаас гадна хариуцагч Г.*** нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага болох 10,763,470 төгрөгийг төлөх үүрэггүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан үндэслэлгүй тул Г.***аас 10,763,470 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН