Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/02875

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах *** ББСБ ХХК /рд:***/,

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт***-ын *** /рд***/,

Нэхэмжлэлийн шаардлага: *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.***гийн эзэмшлээс бодитоор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.*** нь *** ББСБ ХХК-тай *** дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 17,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Хайес маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 17,000,000 төгрөг, хүү 4,009,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,000 төгрөг, нийт 21,741,580 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.*** үүрэг гүйцэтгэх хугацааг 210 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 2.14.7-д зааснаар ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд талууд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг автомашиныг бодитойгоор гаргуулах авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Тоёота хайес маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглахаар тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Э.*** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг болон гэрээг цуцалж байгаа талаар удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд тус тээврийн хэрэгслийг нууж одоогоор хаана байгаан тодорхойгүй, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд заасан Тоёота хайес маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.***гийн эзэмшлээс бодитойгоор гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2022.10.06-нд Тоёота Хайес*** улсын дугаартай машиныг *** ББСБ-д 17,000,000 төгрөгөөр барьцаалбар болгон зээл авсан. Зээл эргэн төлөх хугацаанд биеийн байдлын улмаас БНСУ руу эмчилгээнд явж эргэн төлөлгүй байснаар иймд хүрсэн. Одооноос биеийн байдал хэвийн ажил орлого хэвийн байгаа тул зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүтэй, үндсэн зээлээ төлж барагдуулж машинаа нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлтэй байна. Уг тээврийн хэрэгсэл өнөөгийн зах зээлийн ханшаар 45,000,000 төгрөг бүхий эд хөрөнгө үүнийг 50 хувь хүрэхгүй үнээр өгөх боломжгүй. Үндсэн авсан зээлээ хугацаа хэтэрсэн хоногийн хүүтэй төлж барагдуулан уг байгууллагыг хохиролгүй болгох болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Зээлийн гэрээний хуулбар болон хавсралт /хх 5-8/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар болон хавсралт /хх 9-11/, Зээлдэгч Э.*** танаа мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 12/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх 13/,

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 29/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийг зээлийн гэрээ байгуулсан буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Фидуцийн зүйл болох автомашины өнөөгийн зах зээлийн ханш 45,000,000 төгрөг учир зээлийн гэрээний үүрэг болох 21,741,580 төгрөгт өгөх боломжгүй, үндсэн зээлийг хугацаа хэтэрсэн хоногийн хүүтэй төлж барагдуулан уг байгууллагыг хохиролгүй болгох болно гэж эс зөвшөөрсөн.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон хариуцагч Э.*** нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр №*** тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 17,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №*** тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуциийн гэрээг байгуулан*** улсын дугаартай, Toyota hiace /Тоёота хайес/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зээлийн гэрээг цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үндсэн зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 4,009,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,000 төгрөг, нийт 21,741,580 төгрөгийн үүрэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагч Э.***гаас бодитоор гаргуулахаар шаардсан гэж үзэхээр байна.

 

4.2. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

4.3. Хариуцагч зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Харин 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт фидуцийн зүйл болох автомашиныг бодитоор гаргуулан авахыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 4,009,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,000 төгрөг, нийт 21,741,580 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу баталгааг шилжүүлэх зорилго утгынхаа дагуу хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ тухайн үүргээ биелүүлэх хугацаанд биелүүлэхгүй байхаас бусад тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэсэн үүргийг хүлээж авах үүрэгтэй, ингэснээр баталгааны зүйлээр эрхээ хангах шаардлагагүй болно. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоос гадна хариуцагчаас ...үндсэн зээлийг хугацаа хэтэрсэн хоногийн хүүтэй төлж барагдуулан уг байгууллагыг хохиролгүй болгох болно гэх тайлбарыг өгсөн.

Иймд нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох *** улсын дугаартай, Тоёота хайес /Toyota Hiace/ автомашиныг хариуцагч Э.***гийн эзэмшлээс бодитоор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.***гаас зээлийн гэрээний үүрэгт фидуцийн зүйл болох *** улсын дугаартай, Тоёота хайес /Toyota Hiace/ автомашиныг бодитоор гаргуулах тухай *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН