2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2823

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан эрүүгийн ***************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****************** төрсөн, ** настай, эрэгтэй, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*******овогт С.М /регистрийн дугаар: **************/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **************-ын ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хохирогч Э.Г-г унтаж байхад нь гэрт нь орж мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэг рүү нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, дух, зүүн хацар, цээж, нуруу, зүүн өвдөгт зулгаралт, дух, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Г, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай хүний биед хийсэн дүгнэлт, шүүгдэгч С.М-н сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******************** ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хохирогч Э.Г-г унтаж байхад нь гэрт нь орж мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэг рүү нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, дух, зүүн хацар, цээж, нуруу, зүүн өвдөгт зулгаралт, дух, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.М нь хохирогч Э.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед эхнэр нарын хамтаар гачуурт голын эрэг дээр сууж пиво уусан. Тэгсэн бид нарын хажууханд сууж байсан Г гэх залуу хүрч ирээд надад Г надад таныг хараад байж байгаарай гэсэн гэж яриад байж байхад удаагүй Г над руу залгаж “Би ээжийнд байна чи чаддаг юм бол хүрч ирээд уулзаадах” гэж хэлэхээр би эхнэрийн найз болох хоёрын дагуулаад очсон. Хадам ээжийнд орсон Г зүүн зүүн талд сууж байсан. Би ороод за юу байна яасан гэнэ ээ гэж асуусан чинь над руу томорсон. Тэгээд би Г-н зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Ээжийн гэрт байсан явган сандлаар цохисон толгой хэсэгт цохисон. Эхнэр У, Г бид хоёрыг зодолдож байхад салгасан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд удаагүй байхад цагдаа нар цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би эрүүлжүүлэх байранд хоносон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байгааг дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа ба зүйлчлэл дээр маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн** дугаар хороо Туулийн ***** тоотод унтаж амарч байхад манай хүргэн М архи уусан согтуу орж ирээд надтай сайн байна уу гээд мэндэлсэн. Би бас сайн байна уу гэж мэндлэхэд миний мэндэлснийг сонсоогүй юм шиг байсан. Хүн мэндэлж байхад мэндэлсэнгүй гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод бид хоёр харилцан зодолдсон. Би гэрээс гарахад хүргэн М миний араас гэрийн гадаа гарч ирээд газраас чулуу аваад миний толгой руу нэг удаа чулуугаар цохиод юм авч шидээд хагархай шилээр миний баруун хөлийн ул руу хатгасан. Хамт байсан эгчийн гар утсаар дүү Ц цагдаа дуудсан.... Миний толгой хагарсан. Баруун хөлийн ул руу шил зоогдож, хүзүү маажуулсан... М гэрт орж ирэхээр нь би сайн байна уу гээд мэнд усаа мэдэлцэхэд үгийн зөрүүгүй намайг цохиж авсан. Тэгээд гэрт бид хоёр ноцолдож байгаа гэрийн гадна гараад ноцолдож байхад угаалгын машин унасан. Тэгээд болиоч гэж хэлээд гэрийн гадна тойроод гүйж байхад гартаа барьсан чулуугаар миний толгой руу цохиж авсан. Тэгээд зодоон болсны дараа гэрт ороход зурагт унасан гэрийн унь сугарч унасан шилэн аяга хагарсан байсан юм. Би урьд өгсөн мэдүүлгээр сайн хараагүй цагдаа дээр ирсэн. Тэгээд хагалсан, эвдэрсэн гэж андуурч мэдүүлсэн, шилэн аяга хагарсан бусад эд зүйл эвдрээгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай хүний биед хийсэн “...1.Э.Г-н биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, баруун тавхайд зүсэгдсэн шарх, дух, зүүн хацар, цээж, нуруу, зүүн өвдөгт зулгаралт, дух, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун тавхайн зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Гачуурт, Туулын ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хохирогч Э.Г-г унтаж байхад нь гэрт нь орж мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэг рүү нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, дух, зүүн хацар, цээж, нуруу, зүүн өвдөгт зулгаралт, дух, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.М-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.М-д 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч С.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэх шүүх дүгнэв.

 

Харин хохирогч Э.Г нь энэ гэмт хэргийг улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овогт С.М Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Э.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР