Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0385

 

2023 04 21 128/ШШ2023/0385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Ц*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д*******, Н.Н*******

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*******

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2.Анх Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 741 дүгээр гэрчилгээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Э нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 20 га газрыг 5 жилийн хугацаатай олгож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 жил хугацаагаар сунгаж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/ дугаар тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийн хугацааг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 жилээр сунгасан байна.

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны А/258 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын амны хязгаарлалтын бүсэд Б******* ХХК-д олгосон 20 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1143 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б******* ХХК-д мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22А/36 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргаж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09/5883 албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй байна гэсэн хариуг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч тус яамны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09/5883 тоот албан бичгээр татгалзсан хариу авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав.

Б******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өрийн А/258 дугаар тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Эанд 20.0 га газрыг ашиглах эрхтэй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019/260 дугаартай гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байдаг.

Гэвч газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А/ дүгээр тушаалыг гаргаж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг маань хүчингүй болгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаал нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах, мэдэгдэх журмыг зөрчсөн тул хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тодруулбал:

1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ зөрчсөн. Энэ хүрээнд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагааг хийх ёстой байсан. (Жич: Яамны өмнөх удирдлагын үед энэхүү сонсгол хийх ажиллагааг шийдвэр гаргах тухай бүрд хийдэг байсан.) Манай компани нь өөрийн эзэмшил газар дээрээ талуудын хамтран баталсан ерөнхий төлөвлөгөө, зургийн дагуу төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг явуулж, хөрөнгө оруулалтууддаа хийж байгаа боловч манай компаниас үл хамаарах шалтгаанаар Яармагийн дэнжийн газарт төрөөс хийгдэж буй болон хийгдэхээр төлөвлөгдсөн дэд бүтэц, инженерийн үндсэн шугам сүлжээ болон дахин дамжуулах, түгээх дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд өнөөг хүртэл бүрэн хийгдээгүй байгаагаас шалтгаалан манай төслийн барилга байгууламжийн ус, дулаан, цахилгаан, бохирын техникийн нөхцөлүүд олгогдохгүй хүлээгдэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй байгаа юм. Тус компани нь энэхүү газрыг эзэмшиж ашиглахаар анх авсан 2008 оноос хойш нийт 1,727,653,095 төгрөгийн газрын төлбөрийг улсад төлсөн бөгөөд газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж байсан. Иймд газрын төлбөрийг төлөөгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Манай компани нь хот төлөвлөлтийн газраас авсан зураг төслийн А даалгаврын дагуу тус газарт хэрэгжүүлэх төслийн зураг төслөө шинээр дахин боловсруулан, ерөнхий төлөвлөгөөгөө зохих журмын дагуу Байгаль орчны яам, Хот төлөвлөлтийн газраар 2020 онд шинэчлэн батлуулж, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн, барилга эхлүүлэх зөвшөөрөл болон хангах нийлүүлэгч байгууллагуудаас өгөх техникийн нөхцөлөөс бусад төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байсан. Энэхүү төслийн ажлын хүрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хөрөнгө оруулалтын ажлаа хийж 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг манай компани гаргасан.

2/Байгаль орчин аялал жуулчлалын яам шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Бид дээр дурдсанчлан биднээс үл хамаарах нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх байсан.

3/Байгаль орчин аялал жуулчлалын яам шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Уг зүйлд зааснаар яам шийдвэр гаргахаасаа өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасны дагуу этгээд тус бүрд шууд (Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт шууд гэдгийг гарт нь буюу бичгээр хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан) хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл Яам энэхүү сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг бичгээр, амаар, цахим хэлбэрээр болон утсаар аль хэлбэрээр манай компанид мэдэгдэж хүргүүлээгүй.

4/Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулна гэж заасныг зөрчсөн байна. Яамны зүгээс манай газрыг цуцалсан шийдвэрээ шуудангаар хүргүүлсэн гэсэн боловч тэр нь зохих ёсоор ирээгүй ба манай компани нь өөрсдөө хөөцөлдөж байж хувийг олж авсан болно.

5/Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсныг мэдсэний дараа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Б нарт хандаж гомдол, хүсэлт гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09/5883 тоот албан бичгээр танай компанийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу авсан.

6/Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3 дахь хэсэгт захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах-аар заасан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь бидний гомдлыг хянан шийдвэрлэхдээ бидэнд огт мэдэгдээгүй нь дээрх заалтыг зөрчсөнөөс гадна бидэнд өгсөн хариунаас харахад гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг огт явуулаагүй болох нь харагдаж байна. Хэрэв Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол гомдолд дурдсан асуудлуудыг хэрхэн шалгаж тодруулсан, уг асуудлууд нь үндэслэлтэй эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл мөн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх, хувийн хэрэгт энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж, бүртгэлийг хийх, манайд мэдээлэлтэй танилцах боломжийг олгох ёстой байсан гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх хууль зөрчсөн үйлдлийн улмаас тус компани нь 2008 оноос хойш газрын төлбөр төлж, хууль ёсоор эзэмшиж байсан газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн процессыг зөрчиж шийдвэр гаргасан байна гэдэг талаас нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж хэллээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл болон түүнд тусгагдсан эрх үүргүүд, түүнчлэн шийдвэр гаргах үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал, энэ нь хэр үндэслэлтэй талаар, мөн сайдын тушаалд дурдагдсан хүчингүй болгосон үндсэн 2 асуудал дээр тайлбар хэлье. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 835 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэж гарсан байгаа. Бид гуравласан гэрээ байгуулсан. Гэрээ бол Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нэхэмжлэгч компани гэсэн 3 субъектийн хооронд байгуулагдсан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгаа. Гэтэл энэхүү гэрээг шийдвэр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зөрчсөн байна. Гэрээний 3.6-д дүүргийн Засаг дарга нь газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах саналыг байгал орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Энэхүү гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээ цуцлах талаар санал хүргүүлэх эрх, үүрэг тусгагдаагүй. Иймд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь гэрээгээр өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар ч уг захиргааны байгууллагад ийм эрх, үүрэг байхгүй.

Гэрээний 1.6-д гэрээ дуусгавар болох тохиолдлыг заасан байх бөгөөд үүнд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дархан цаазат газрын нийтлэг горимыг 2 буюу түүнээс дээш удаа ноцтойгоор зөрчсөн тохиолдолд байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоно гэж зааснаас үзэхэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 835 тоот албан бичигт дурдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4 дэх заалтууд нь гэрээг дуусгавар болох нөхцөл байдалд хамаарахгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь талуудын хооронд хийгдсэн гэрээг дуусгавар болох хуулийн шаардлагыг үндэслээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан заалт бол Газрын тухай хуулийн төлөв байдлын үнэлгээ болон газрыг бохирдуулсан, байгаль орчны үнэлгээ тайланд тавигдсан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нөхцөлд хэрэглэх заалт байгаа юм. Гэтэл бодит байдал дээр бид газрыг буруугаар ашигласан, байгаль орчинд хохирол учруулах химийн хортой буруу үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 гэдэг үндэслэл байхгүй гэж үзэж байна. Бид хуульд заасны дагуу байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгүүлсэн. Үүнийг хавтаст хэрэгт эх хувиар нь өгсөн байгаа.

Байгаль орчинд үзүүлж болох сөрөг нөлөөллийн бүх төрлийн үнэлгээг нарийвчилж гаргасан. Энийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн зөвшөөрөөд баталсан. Манайх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж явж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дурдсан үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 гэж дурдсан байгаа. Энэ бол газар олгогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлэх, худалдах, ашиглуулах гэсэн заалт байгаа. Энэ газрын хувьд бид өөрийн эзэмшиж байгаа газраа бусдад худалдаагүй, шилжүүлээгүй, өөрсдөө ашиглаж байгаа учраас энэ үндэслэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Маргаан бүхий сайдын тушаалд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн байсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал үүссэнийг бид мэдэж байгаа. 2020, 2021 онд нийслэлд нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорионд орох тухай шийдвэрүүдийг Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авсан. Үүнд 2020, 2021 онд гэнэтийн, давагдашгүй хүчин зүйл үүсэж байгаа учраас нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. 2018 онд шинэчилсэн гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлийг тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Газар ашиглах гэрээг эн тэнцүү тэгш эрхтэй 3 этгээд байгуулсан. Гэтэл гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн Засаг дарга буюу Хан-Уул дүүргийн захиргаанаас гэрээг цуцалж дуусгавар болгоогүй байгаа. Гэрээг цуцлах, дуусгавар болгох ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Газар цуцлах тухай шийдвэр гарснаас хойш хугацаанд ирсэн нэхэмжлэхийг баримтаар шүүхэд ирүүлсэн байгаа. Тэгэхээр гурван талт гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээг цуцлах үндсэн эрх нь дүүргийн Засаг даргад Газрын тухай хууль болон талуудын байгуулсан гэрээгээр олгогдсон байгаа. Газрын төлбөрийн тухайд өнгөрсөн оны 06 дугаар сар хүртэлх төлбөрийг бид бүрэн төлсөн байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр газрын төлбөрийг төлөөгүй тохиолдолд эхлээд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги бодно. Энэ арга хэмжээ хэрэгжсэний дараа газрын төлбөр төлөгдөхгүй бол цуцлах тухай саналыг дүүргийн Засаг дарга гаргах зохицуулалтууд байгаа. Талууд газрын төлбөрийн асуудлыг он дууссаны дараа жилд нэг удаа тооцоо нийлсэн акт үйлдээд, илүү болон дутуу төлөлтийн асуудлыг яриад явдаг.

Гэтэл өнгөрсөн он дуусаагүй буюу 09 дүгээр сард төлбөр төлөөгүй гэсэн үндэслэл гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Манайх газрын төлбөрийн тухайд 110,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байсан юм. 2009 онд манай 20 га газраас 2 га газрыг улсын тусгай онцгой хэрэгцээнд усан хангамжийг дээшлүүлэх зорилгоор усан сан барьсан. Түүний дамжуулан явуулах үндсэн шугамыг манай газар дээгүүр татсан. Хуулиараа бол бидэнд нөхөн олговор олгох юм уу, эсвэл дүйцүүлж газар өгөх үүрэгтэй. Энэ асуудлыг шийдэхгүй 2020 он хүртэл явсан. 2020 он хүртэл бид газрын төлбөрийг 20 га талбайгаар нь төлж ирсэн. Бид нийт 18 га газартай. Илүү төлөлтийн 110,000,000 төгрөг байгаа. Энэ илүү төлөлтийн асуудлыг зохих журмын дагуу шийдэж, дараагийн төлбөрт суутган тооцох эсвэл буцаан олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэж яам болон дүүргийн татварын хэлтэст хандаж байсан. Тэгэхээр бид газрын төлбөрийг дутуу төлөх биш харин ч бүр илүү төлөлттэй явж байгаа. Энэ илүү төлөлтийн асуудлыг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. 2022 оны 09 дүгээр сард сайдын тушаалыг 06-09 сарын төлбөрийг төлөөгүй байна гэдэг үндэслэлээр гаргаж байгаа бол бидний илүү төлөлт нь энэ 03 дугаар сарын нэхэмжлэхээс чинь хамаагүй илүү дүнтэй байгаа гэдгийг дурдах гэсэн юм. Иймд сайдын гаргасан тушаалын газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл үндэслэлгүй байна.

Бид М ХК-аас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байсан эсэх талаарх лавлагааг авсан байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 835 тоот албан бичигт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй гэж бичсэн байсан. Нэхэмжлэгч компани сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваагүй. Үүнийг М ХК-ийн 2 албан бичгээр нотолж байгаа. Яамнаас манайд хаягласан албан тоот огт яваагүй байна гэсэн, харин нөгөө албан бичигт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манайх руу 835 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч хаяг дээрээс нүүсэн гээд тухайн албан бичгийг буцаан хүргүүлсэн гэсэн байсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхэд манай компанийн утас, факс өөрчлөгдөөгүй байсан. Гэтэл хуульд зааснаар утас, факс хэрэгслээр мэдэгдэж баталгаажуулна гэж заасан байдаг. Энэ арга хэмжээний алийг нь ч хэрэглэсэн тухай баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Бидэнд утсаар мэдэгдсэн бол энэ тухай баримтыг гаргаж өгнө үү гэхэд энэ ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/258 тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Эанд 20 га газрыг ашиглах эрхтэй болсон. Энэ эрхийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээ байгуулсан. Газар ашиглах гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байсан. Гэвч газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А/ дүгээр тушаалыг гаргаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Дээрх тушаал үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах, энэ актыг гаргахдаа нотлох баримт цуглуулж, тухайн этгээдэд мэдэгдээд акт гаргах ёстой.

Гэтэл хуульд заасан журмыг зөрчиж тушаал гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ зөрчсөн. Шүүхээс 2 удаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас баримт шаардаж, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийсэн. Шүүхэд ирсэн баримтууд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг сонсох ажиллагаа хийсэн талаар ямар ч баримтыг ирүүлээгүй. Бид шүүхэд олон нотлох баримтыг гаргаж өгсөн. Эдгээр баримтууд маргаан бүхий актын үндэслэлд хамааралтай баримтууд байгаа. Яам шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгоогүй. Хэрэв энэ боломжийг олгосон бол өнөөдөр шүүхэд өгсөн баримтаа сайдад гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Сайд шийдвэр гаргахаасаа өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоод, этгээд тус бүрд шууд буюу бичгээр мэдэгдэх хуудас явуулах байсан. Бид сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээж аваагүй. Яам 2022 онд нэхэмжлэгч компанид ямар ч бичиг хүргүүлээгүй талаарх шуудангийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Газрын үзлэг хийсэн байгаа. Уг үзлэгээс харахад газар дээрээ объекттой, манаачтай байсан. Хэрэв үнэхээр мэдэгдье гэж бодсон бол тухайн газар дээр очиж өгөх боломж байсан ба тэнд холбоо барих дугаар болон цахим хаяг байсан. Холбоо барих хүсэл эрмэлзэлгүйгээр энэ ажлыг хийсэн болох нь харагдаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, бид актыг өөрсдөө хөөцөлдөж байж олж авсан. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явц болон түүнд оролцох эрхийг тус байгууллага хангаагүй. Мөн мэдэгдээгүй зөрчлийг агуулсан гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хамааралтай гээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн албан бичигт нэхэмжлэгч компани сонсох ажиллагааг хүргүүлсэн гэдэг агуулга бүхий бичиг байгаа. Гэтэл ирээгүй болохыг нотлох баримт харуулж байна. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн эсэхийг баримтжуулж нотлох үүрэгтэй. Гэтэл энэ тухай баримт хэрэгт байхгүй. Захиргааны актыг гаргахдаа хувийн хэргийг нотлох баримтаар авсан. Гэхдээ энэ хувийн хэрэг дотор Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоосон зүйл байхгүй. Ямар нэгэн үндэслэлгүйгээр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан. Энэ тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч компанийн 2008 оноос хойш ашиглаж байгаа газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан.

Нэхэмжлэгч компанийг төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бол Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ авах эрх бүхий манай яамны харьяа байгууллага байдаг. Энэ байгууллага бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа газар ашиглах эрх олгох санал хүргүүлэх, газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлэх, гэрээ байгуулах зэрэг үүрэгтэй.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч компанийг төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ саналыг яамны дотоод нэгж болох Тусгай хамгаалалттай газрын бүс нутгийн мэргэжилтнүүд хянаад тушаалын үндэслэл боловсруулаад сайд тушаал гаргасан. Тушаалыг мэдэгдэх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад буюу тухайн үед ажиллаж байсан н.Дорж гэдэг хүнд хүргүүлж ажилласан. Иймд сайдын тушаал Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцэж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж бичгээр өгснийг хэрэгт хавсаргав.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэлээр олгосон эрхийнхээ хүрээнд[1] шүүх хуралдааны үед[2] хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг тодорхойлсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэлтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул шүүх талуудын зөвшөөрснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус хэргийн хариуцагчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар сольж[3] шүүх хуралдааны хэлэлцүүлгийг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.2.1.Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй, Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тухай хуулиар яамыг сайд тэргүүлдэг, сайдаас итгэмжлэл олгогдсон, сайдын гаргасан тушаалтай маргаж байгаа[4], маргааны зүйл өөрчлөгдөөгүй бөгөөд талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй байр суурь, шинжлэн судлуулах нотлох баримт хэвээр болохоо тус тус илэрхийлсэн тул шүүх хэргийн оролцогчдод хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу хэргийн шийдэлд нөлөөлөх зөрчил биш гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл анх Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 741 дүгээр гэрчилгээ/хэргийн 11 дэх тал/-ээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Э нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 20 га газрыг 5 жилийн хугацаатай олгож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 жил хугацаагаар, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай А/ дугаар тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийн хугацааг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 жилээр тус тус сунгажээ.

4.Нэхэмжлэгч Б******* ХХК ... Газрын төлбөрийг хууль, гэрээнд заасны дагуу тухай бүр төлж байсан бөгөөд газар ашиглах эрхийг цуцалсан сайдын тушаал гарах үед 110 сая төгрөгийн илүү төлөлттэй байсан, үүнийгээ газрын төлбөртөө суутган тооцуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. ... Манай компани нь хот төлөвлөлтийн газраас авсан зураг төслийн А даалгаврын дагуу тус газарт хэрэгжүүлэх төслийн зураг төслөө шинээр дахин боловсруулан, ерөнхий төлөвлөгөөгөө зохих журмын дагуу Байгаль орчны яам, Хот төлөвлөлтийн газраар 2020 онд шинэчлэн батлуулж, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн, барилга эхлүүлэх зөвшөөрөл болон хангах нийлүүлэгч байгууллагуудаас өгөх техникийн нөхцөлөөс бусад төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байсан. Энэхүү төслийн ажлын хүрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хөрөнгө оруулалтын ажлаа хийж 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг гаргасан ... гэж;

4.1.Харин хариуцагчаас ...Энэ тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч компанийн 2008 оноос хойш ашиглаж байгаа газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан. Нэхэмжлэгч компанийг төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа. гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 835 дугаар албан бичигт ... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн ... тул Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлжээ. /хэргийн 100 дахь тал/

5.1.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны А/258 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын амны хязгаарлалтын бүсэд Б******* ХХК-д олгосон 20 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон нь дараах байдлаар хуульд нийцээгүй, хариуцагчийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзлээ.

6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; гэж заасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчиж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

6.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй; гэж заасан.

6.2.Хэрэгт авагдсан татварын албаны нэхэмжлэх, газрын төлбөр төлсөн банкны шилжүүлгийн баримтууд болон Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820190010 дугаартай актаар Б******* ХХК нь 2013 оноос хойш 2018 он дуустал газрын төлбөрт нийт 475,200,000 төгрөг төлөхөөс 836,800,000 төгрөг төлсөн буюу 361,600,000 төгрөгийн илүү төлөлттэй, мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16/1199 дугаартай албан бичгээр ... Өмнөх оны илүү төлөлтийг шинэ тогтоолын дүнгээр суутган тооцоход 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 79,600,000 төрөгийн илүү төлөлттэй гарахаар байна. гэх хариуг Б******* ХХК-д өгсөн, түүнчлэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820190010 дугаартай актаар 2020 оны байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд 9,275,725 төгрөгийн илүү төлөлттэй байжээ.

6.3.Түүнчлэн нэхэмжлэгч Б******* ХХК нь газрын төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 8,027,320 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 10,625,120 төгрөг, мөн өдөр 12,000,000 төгрөг, 05 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, мөн өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 6,000,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг газрын төлбөрт тус тус төлсөн байна.

6.4.Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 01-ээс 20-ны өдрийн дотор төлөх газрын төлбөр болох 46,000,000 төгрөгийн төлбөрт 56,625,120 төгрөг төлсөн/илүү төлөлт 10,625,120 төгрөг/, мөн хугацааны 28,000,000 төгрөгийн нэхэмжлэхийн дагуу 58,027,320 төгрөг төлсөн /илүү төлөлт 30,027,320 гэх боловч хугацааны хувьд 38 сая төгрөгийн төлөлт нь 5, 6, 8 сард тус тус хийгдсэн, гэхдээ төлөлт нь 28 сая төгрөгт хүрч байна/ болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

6.5.Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №2019/260 дугаартай гэрээний 5.5.Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх гэж заасан ба ийнхүү Б******* ХХК нь ашиглаж буй газрын төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, газрын хувийн хэрэгт төлбөртэй холбоотой газрын албаны албан бичгээс өөр баримт байхгүйг дурдах нь зүйтэй.

6.6.Түүнчлэн маргаан бүхий сайдын А/ дүгээр тушаалд ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... үндэслэлээр ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд дээр дурдсан үндэслэл огт дурдагдаагүй байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр газрыг хүчингүй болгосон шийдвэр хуульд нийцээгүй байна.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчиж газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

7.1. Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх-ыг шаардана. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоох нь хариуцагчийн үүрэг юм.

7.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б******* ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газартаа Аялал жуулчлалын цогцолбор бариулахаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ГБМЗХ2020/16-012 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /хэргийн 31 дэх тал/, ерөнхий төлөвлөгөө болон Б******* ХХК аялал жуулчлалын цогцолборын зураг төслийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар тус тус батлуулж, улмаар дулааны болон холбогдох техникийн нөхцөлүүдийг авахаар эрх бүхий байгууллагуудад 2020, 2021, 2022 онуудад хандаж байжээ.

7.3.Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

7.4.Түүнчлэн шүүхээс хийсэн газрын үзлэгээр Б******* ХХК нь өөрийн ашиглах эрхтэй газраа тойруулан хашаа барьж, түүн дотор улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 4-р хороо, 18-5 гудамж, 12 тоот хаягт байршилтай, 54 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000******* дугаартай гэрчилгээ бүхий нэг давхар сууцтай /2 чингэлэг, ЦТП мөн байсан/, дээр дурдсанчлан газраа ашиглаж байсан байхад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

7.5.Мөн нэхэмжлэгчид Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/129 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/FORCE MAJEURE/ ийн гэрчилгээ-г олгосон байх ба гэрчилгээнд ... 2020, 2021 онд нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж Б******* ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна. гэснээс үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

8.Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг тус тус хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан түүнд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА