Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Н.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б

Шүүгдэгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/67 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Н.Г-д холбогдох 2116000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д ............. ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ... - ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЖ............. регистрийн дугаартай, С овгийн Н. Г.

 

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ... - ... тоотод өөрийн Ganaa Ganaa гэх “Facebook” цахим хаягаас ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн LG брэндийн Q7 маркийн гар утсаар интернэт орчинд хөзрөөр урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 110000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Г-д холбогдох эрүүгийн 2116000000015 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/67 дугаартай захирамжийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ... - ... тоотод өөрийн Ganaa Ganaa гэх фейсбүүк цахим хаягаас ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн LG брэндийн Q7 маркийн гар утсаар интернэт орчинд хөзрөөр урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 110.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогдсон.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч хошууч Т.Д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Г-ын хаан банкны 51550659... дугаартай дансанд үзлэг хийхдээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших дансны хуулганд үзлэг хийсэн гэх боловч зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орлого, зарлагыг гүйлгээний утгаар нь дэлгэрэнгүй байдлаар түүвэрлэн тэмдэглэжээ. Уг тэмдэглэлд 180000 төгрөгийн орлогыг түүвэрлэн бичсэн атлаа 210000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн гэж зөрүүтэй бичсэн буюу sainbayr 2, 2 deer nasaa nasaa, gantsooj 1 deer suunaa гэсэн утга бүхий 3 орлогын гүйлгээ бичигдээгүй байна. Дээрх үзлэгийг хийсэн мөрдөгч, хошууч Т.Д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ахлах мөрдөгчийн магадалгаа гаргахдаа дээрх зөрүүтэй байдлыг арилгаагүй, мөрдөгч магадалгаа гаргахдаа өөрийн эзэмшсэн мэргэжлийг бичээгүй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй гэсэн байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг санхүү, эдийн засгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай гэж дүгнэв... гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: хавтаст хэрэгт яллагдагч Н.Г-ны эзэмшлийн хаан банкны 51550659... дугаартай дансанд үзлэг хийхдээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хоорондох дансны хуулганд үзлэг хийсэн, үзлэг хийхдээ яллагдагч Н.Г-ны зохион байгуулсан мөрийтэй тоглоомд цахимаар орж, Н.Г-ны 51550659... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн гэх хүмүүсийн орлогыг түүж мөрдөгч тэмдэглэл үйлдсэн. Дээрх мөрдөгчийн тэмдэглэлийг прокурорын хяналтын шатанд танилцаж үзэхэд цахим мөрийтэй тоглоомд орж тоглосон хүмүүсийн “...sainbayr 2, 2 deer nasaa nasaa, gantsooj 1 deer suunaa гэсэн утга бүхий 10.000 төгрөгний 3 орлогын гүйлгээ мөрдөгч тэмдэглэлд тусгаагүй боловч нийт орлогын тооцоон дээр нэмж нийт 210.000 төгрөгний орлого орсон байна гэж эцсийн дүгнэлтийг гаргаж ирсэн байгаа. Энэ 210.000 төгрөгний мөрийтэй тоглоомын орлого болох гүйлгээний тоог Н.Г-ны эзэмшлийн хаан банкны 51550659.... дугаартай дансны хуулгатай тулгаж үзэхэд нийт мөрийтэй тоглоомын орлого нь 210.000 төгрөгөөр тохирч байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл ирүүлэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Г нь цахим орчинд хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэсэн гомдол мэдээлэл ирүүлсэн. Тиймээс Н.Г-ны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд мөрийтэй тоглоом тоглохоор хийгдсэн гүйлгээ байхгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Яллагдагч Н.Г нь яллагдагчаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр л ганц удаа мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан гэж мэдүүлж байгаа нь дансны хуулга болон мэдүүлэг нь тохирч байгаа болно.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг нь дансны орлого, зарлагын гүйлгээгээр тогтоогддог бөгөөд энэ хэрэгт заавал санхүү, эдийн засгийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тухайн дансны мөрийтэй тоглоом тоглуулж орсон орлого, гарсан зарлагын хүрээнд тооцоолж цэвэр ашгийг гаргах бүрэн боломжтой юм.

2. Мөн хавтаст хэргийн 120-211 дүгээр хуудсанд гэрч Н.Б "... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орчим уулзахад цахим мөрийтэй тоглоом тоглуулж байгаа талаар ярьж байсан. Яг ямар цахим тоглоом тоглуулсныг нь би сайн мэдэхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Н.Г Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ "... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн өмнө нь нэг удаа цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт ...” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан шүүгдэгчийн дансны хуулганд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сэжигтэй орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн хавтаст хэргийн 153-157 дугаар хуудсанд шүүгдэгч Н.Г-ын 51550659.... дугаартай депозит дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдийн дэлгэрэнгүй хуулга авагдаж, мөрдөгчийн дансны үзлэгийн тэмдэглэлд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших дансны хуулганд үзлэг хийсэн гэх боловч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх сэжигтэй орлого, зарлагын гүйлгээнүүдийн талаар тэмдэглэлд огт тусгаагүй, тэдгээр гүйлгээг нарийвчлан шалгаагүй, ганцхан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гүйлгээнд үзлэг хийж ирүүлсэн байдал нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна...гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Яллагдагч Н.Г-ыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байх үед “Ganaa Ganaa” гэх фейсбүүк цахим хаягаас мөрийтэй тоглоом зохион байгуулж цаанаасаа хаагдсан гэх бөгөөд тухайн Н.Г-ны “Ganaa Ganaa” гэх цахим хаяганд үзлэг хийхэд нэвтэрч орохгүй байсан бөгөөд энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтас хэрэгт авагдсан. /хх-ийн 11-15 дугаар талд/ Н.Г-ны эзэмшлийн хаан банкны 51550659... дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тухайн “Ganaa Ganaa” гэх цахим хаяг нь хаагдсан байсан. Энэ нь мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон. Харин тухайн Н.Г-ны эзэмшлийн хаан банкны 51550659.... дугаартай дансанд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших хугацаанд “аз ёндоо гэх орлогууд болон суудал захиалсан зарлагууд гарсан байгаа. Дээрх орлого, зарлагууд нь Н.Г-ны мөрийтэй тоглоом зохион байгуулж орсон орлого, зарлага биш харин яллагдагч Н.Г нь мөрдөн өөрийн “Ganaa Ganaa” гэх цахим хаяг хаагдсаны дараа өөр бусад хүний цахим орчинд явуулж байсан мөрийтэй тоглоомонд тоглогчийн байр сууринаас оролцож цахимаар тоглож олсон орлого, зарлага болох нь яллагдагчийн мэдүүлэг болон дансны хуулганы орлого, зарлагын гүйлгээгээр тогтоогдсон. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар цагдаагийн газарт Н.Г нь дахин цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдэж орж ирээгүй байна. Тиймээс Н.Г-ыг дахин цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Яллагдагч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших хаан банкны 5155065....... дугаартай дансаар орж ирсэн орлого, зарлага нь бусад этгээдийн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөд шалгагдах тул тухайн орлого, зарлагын гүйлгээг Н.Г-ны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан мөрийтэй тоглоомонд холбогдуулж гэмт хэрэг үйлдэж олсон орлого, зарлагад тооцож болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан нь дээрх нөхцөл байдалтай уялдаатай мөн ялгамжтай зөв хэрэглэж, оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

3. Шүүгдэгч Н.Г 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байхад түүний “Ganaa Ganaa” гэсэн фейсбүүк хаяг хаагдсан гэж мэдүүлж байгаа боловч дээрх хаяг хэзээ хаагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, “Ganaa Ganaa” гэсэн фейсбүүк хаяг хаагдсаны дараа өөр цахим хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсэх, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ... гэх заалт нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Яллагдагч Н.Г-ыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байх үед “Ganaa Ganaa” гэх фейсбүүк цахим хаягаас мөрийтэй тоглоом зохион байгуулж цаанаасаа хаагдсан гэх бөгөөд тухайн Н.Г-ны “Ganaa Ganaa” гэх цахим хаяганд үзлэг хийхэд нэвтэрч орохгүй байсан бөгөөд энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтас хэрэгт авагдсан. /хх-ийн 11-15 дугаар талд/

Улсын яллагчийн зүгээс шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтанд дээрх тэмдэглэл болон гэрэл зургийг шинжлэн судалсан. Харин Н.Г нь дахин мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Цагдаагийн газарт Н.Г нь өөр цахим фейсбүүк хаяг ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдаагүй болно. Тиймээс Н.Г нь дахин өөр фейсбүүк хаяг ашиглаж цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж шүүх үзэх байгаа нь ойлгомжгүй байна.

4. Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд 2021 оны 01 дүгээр сарын шүүх хуралдаан даргалагчийн зүгээс асуусан асуултад хариулахдаа 10.000 төгрөгөөр 6 хүн суулгаад гарсан хүнд нь 50.000 төгрөг өгдөг. Өөрөө ашиг гэж 10.000 төгрөг авдаг “Эхний тоглолт 6 хүнтэй байсан”, “дараагийн тоглолт 3 хүнтэй байсан”, “3 дахь тоглолт 4 хүнтэй байсан” гэх мэт хариулсан боловч түүний ХААН банкны 51550659..... дугаартай дансыг шинжлэн судлахад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын гүйлгээнд сэжигтэй зарлагын гүйлгээ 7 байгаагаас 30000 төгрөгөөр 1 удаа, 10000 төгрөгөөр 5 удаа, 20000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсан нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Г-ын "... 10.000 төгрөгөөр 6 хүн суулгаад гарсан хүнд нь 50.000 төгрөг өгдөг. Өөрөө ашиг гэж 10.000 төгрөг авдаг “...5 удаа зохион байгуулсан...” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон дээрх зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлуудаас дүгнэхэд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотолж эргэлзээгүй тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн “Ganaa Ganaa” гэх фейсбүүк хаяг ашиглаж ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн LG брэндийн Q7 маркийн гар утсаар интернэт орчинд хөзрөөр урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 110.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Гэмт хэргийг Н.Г нь хэзээ, хаан, ямар аргаар, хэн ямар сэдэл, зорилгоор, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн зэргийг бүрэн шалгаж тогтоосон. Мөн Н.Г-ны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлийг дансны хуулгатай тулгаж үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1111 гэсэн утгатай 30.000 төгрөгний зарлага, аааа гэсэн утгатай 10.000 төгрөгний зарлага, qqqq гэсэн утгатай 10.000 төгрөгний зарлага, 1 гэсэн утгатай 10.000 төгрөгний зарлага, q гэсэн утгатай 10.000 төгрөгний зарлага, han гэсэн утгатай 20.000 төгрөгний зарлага, q гэсэн утгатай 10.000 төгрөгний зарлага гарч нийт 100.000 төгрөгний зарлага гарсан нь тогтоогдсон. Тиймээс дан ганц яллагдагчийн мэдүүлгээр биш хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр яллагдагчийн дансанд мөрийтэй тоглоом зохион байгуулж орсон орлого, зарлагыг үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Шүүгдэгч Н.Г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг ямар хэлбэрээр, хэдэн удаа зохион байгуулж, хэдэн төгрөгийн ашиг олсныг нарийвчлан тогтоох нь гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй бүрэн нотлохоос гадна шүүгдэгчид хуульд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм...гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яллагдагч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ... - ... тоотод өөрийн Ganaa Ganaa гэх фейсбүүк цахим хаягаас ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн LG брэндийн Q7 маркийн гар утсаар интернэт орчинд хөзрөөр урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 110.000 төгрөгийн ашиг олсон нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн яллагдагч Н.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид ...... ажилтай бөгөөд энэ талаар Н.Г-ны цалингийн тодорхойлолт болон цалин орсон талаарх баримтууд хэрэгт авагдсан болно. Яллагдагч Н.Г-ны дансанд тухайн үед үзлэг хийхэд мөнгө байхгүй байсан ба яллагдагч нь тогтсон ажилтай тул хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг тухайн цалингийн орлогоос хураан авах бүрэн боломж байна гэж үзэж байна.

6. Шүүгдэгч Н.Г-ын яллагдагчаар өгсөн "... 2021 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр би өөрийн Ganaa Ganaa гэх “Fасеbоок” хаягнаас live хийж “texas poker” тоглуулж 6 хүнийг 10000 төгрөгөөр оруулж мөнгийг би өөрийнхөө 51550659.... тоот хаан банкны дансанд хийлгээд 4 удаа тоглуулж байтал миний Ganaa Ganaa гэх “Fасеbоок” хаяг хаагдсан... Би хөзөр тоглуулаад 36000 орчим төгрөг олсон. Яг нарийн мэдэхгүй байна...” гэж /ХХ132/, шүүх хуралдаанд “Би 2021 оны 01 дүгээр сарын 05-нд “Ganaa Ganaa” гэсэн фейсбүүк хаягаар мөрийтэй тоглоом тоглуулсан. 5 удаа тоглуулаад цаанаасаа хаяг хаагдсан... 110.000 төгрөгийн ашиг олсон.” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа байдал нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах захирамж гаргасныг...хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Н.Г нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө өөрийн тухайн үед цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлого, зарлага болон цэвэр олсон ашгаа өөрөө сайн мэддэггүй бөгөөд яллагдагчаар мэдүүлэхдээ “...би цахим орчинд мөрийтэй хөзөр тоглуулаад 36.000 орчим төгрөг олсон байх нарийн мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс шууд 36.000 төгрөг олсон гэж шүүх дүгнэх үндэслэлгүй юм. Яллагдагч Н.Г нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтэнд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасны прокурорын зүгээр хянаад хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн ба энэ талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан болно. Яллагдагч нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд яллагдагч Н.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх дүгнэлтдээ шүүгдэгч Н.Г-ны банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгч Т.Д магадлагаа гаргахдаа зөрүүтэй байдлыг арилгаагүй, магадлагаа гаргахдаа өөрийн эзэмшсэн мэргэжлийг бичээгүй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй гэсэн байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг санхүү, эдийн засгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна.

Прокурор эсэргүүцэлдээ мөрдөгчийн тэмдэглэлд С, Н, Г нараас тус бүр 10.000 төгрөгийг шүүгдэгч Н.Г-ны дансанд шилжүүлснийг тусгаагүй боловч мөрийтэй тоглоомын орлогын нийт дүнд уг 30.000 төгрөгийг оролцуулан 210.000 төгрөгөөр тооцсон нь Н.Г-ны дансны хуулгатай тохирч байгаа гэсэн байна. 

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн энэхүү нөхцөл байдлын талаар учир зүйн гаргалгаагаар дүгнэлт хийж бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Н.Г нь цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн өмнө нь нэг удаа цахим тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа талаараа тусгасан нь болон шүүгдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны үед гэрч Н.Б-т цахим тоглоом тоглуулж байгаа талаар ярьсан, өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан эсэх нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болохгүй, прокуророос Н.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Н.Г-ны банкны дансаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн сэжигтэй гүйлгээнүүдийг мөрдөгчийн үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Н.Г-ны банкны дансны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гүйлгээний хуулгад шүүгдэгч Н.Г-ны өөрөө бусад хүмүүсийн цахим орчинд зохион байгуулсан тоглоомонд оролцож олсон орлого, гаргасан зарлага тусгагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн шүүгдэгч нь цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулж олсон орлогоо өөрөө тодорхой мэдэхгүйн улмаас мөнгөний тоог багцаалж хэлснийг үндэслэж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлаж гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн олсон орлогыг бодитой тогтоох боломжтой байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж тогтоосон байх бөгөөд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Н.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/67 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Б-ийн эсэргүүцлийг хүлээн авч, Н.Г-д холбогдох 2116000000015 дугаар эрүүгийн хэргийг тухайн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.Б

 

                          ШҮҮГЧИД                              Т.Ж

 

                                                          Ч.Э