Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03405

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03405

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

гомдол гаргагч: Орхон аймаг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Д нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод байрлах хаягтай, рд:***, ***-д холбогдох

 

цалин хөлс, урамшуулал, алданги нийт 8 190 101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.А нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Б.Д хариуцагч *** ХХК-д холбогдуулан цалин хөлс, урамшуулал, тогтоосон хугацаанд цалин хөлсөө олгоогүйн хариуцлага буюу алданги нийт 8 190 101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Гомдол гаргагч гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч н.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр *** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан төслийн ажлууд 2022 оны 9 дүгээр сард дуусаж, дараагийн төслийн ажилд хамтран ажиллах боломжгүй гэдгийг ажил олгогчдоо мэдэгдсэн. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ цалин хөлсний хэмжээг гэрээнд тусгалгүйгээр ажилтантай аман хэлцэл хийж, үндсэн цалингийн хэмжээг 2,000,000 төгрөгөөр тохирч үүнээс үр дүнгийн урамшуулал болох 300,000 төгрөгийг цалингаас нь суутган, төслийн ажил дууссаны дараа журмын дагуу нийтэд нь урамшуулал цалин хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон байдаг. Гэвч ажил олгогч 8,9 дүгээр сарын үндсэн цалин болон урамшуулал цалинг хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр олгохгүй байсан тул нэхэмжлэгч н.Д 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гурван талт хорооны хурлаар гомдлын шаардлагыг хэлэлцүүлж, хариуцагч талтай 8,9 дүгээр сарын цалингаа аваад энэ маргааныг таслан шийдвэрлэе гэдэг тохиролцоонд хүрсэн боловч ажил олгогч талаас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч сайн дураараа 8,9 дүгээр сарын цалинг олгоогүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж уг шийдвэрийн нэг хувийг ажилтан хүлээлгэж өгнө. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үйлсэд нь тохирсон хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгоно. Мөн хуулийн 121 дүгээр зүйлд ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгоогүй цалин хөлсний 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож, ажилтанд нөхөн олгоно. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлд ажилласан цаг хугацаанд нь тохирсон ээлжийн амралтын цалин хөлсийг олгоно гэсэн хуулийн зохицуулалттай байгаа тул ажилтан н.Д гийн 8 дугаар сарын цалин болох 1,934,530 төгрөг, 9 дүгээр сарын цалин болох 1,259,261 төгрөг, ээлжийн амралын цалин 742,000 төгрөг нийт 9 сар ажилласан үр дүнгийн урамшуулалт цалин болох 2,700,000 төгрөг, тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн 146 хоногийн алданги болох 1,554,310 төгрөг нийт 8,190,101 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна ... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Б.Д нь 01 дүгээр сарын 03-ны өдөр *** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүн дээр нийгмийн даатгалын шимтгэл багаар төлөх юм уу огт төлмөөргүй байна. Хөдөө ажилладаг учраас хэрэггүй байдаг гэдгээс үүдэн ядаж төлбөрийн доод хэмжээгээр төлье гээд цалин хөлс нь бичигдээгүй байсан. Мөн 2,000,000 төгрөгөөр төлөөд 300,000 төгрөг суутгаж байсан гэдэг үндэслэлгүй бөгөөд манайх цалингийн хүснэгтээ шүүхэд өгсөн байгаа.Суутгал нэг ч авч байгаагүй гэдэг баримт нотолгоо өгсөн байгаа. Иймээс хэрэгтэйгээ танилцаад үнэн зүйл яриасай гэж хүсэж байна. Би өөрөө гэрээ хийсэн хүн нь болохоор энэ хүнээс 300,000 төгрөгийг суутгаагүй гэдгийг мэдэж байна. Мөн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаа хаяж явсан болон ажлаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд манайхаас урамшуулал цалин олгохгүй гэсэн байгаа. Б.Д нь манайд 2023 оны 01 дүгээр сард ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Түүнээс өмнө ор сураггүй ажлаа хаяж явсан. Мөн 8, 9 дүгээр сард хийж дууссан ажил нь Монголиан Танслаин гэдэг компаниас шалгагдаад, олон компани байгаа учраас бичиг цаас нь шалгагдаад 3 сард шаардлага хангахгүй байна гээд буцаж ирсэн. Манайх дахин хүмүүс хөлсөлж аваад засаж залруулсан. Энэ хүртэл хугацаанд манайх хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг нэг төгрөг ч авч чадаагүй. Энэ бол бичиг хэргийн ажилтны 100 хувь буруу. Ийм ажил хийгээд явсан ч 8,9 дүгээр сарын цалинг өгье гэж байгаа. Алдангийн хувьд 10 дугаар сараас хойш өмгөөлөгчөө болон албан тоот манай компани руу явуулсан. Үүний дагуу манайх бас өмгөөлөгч авсан. Яагаад гэхээр хууль мэдэхгүй, эрх зүйн мэдлэггүй учраас өмгөөлөгч авсан. Мөнгөн авдар ХХК-иас манай компани руу өр барагдуулах ёстой гээд нэхэмжлэл илгээсэн. Үүнтэй холбоотойгоор 8,9 дүгээр сарын цалин байсан. Үүний дараа дахиад 11 дүгээр сард С гэх хүнээс албан тоот ирсэн. Үүн дээр 8, 9 сарын цалин, үр дүн, цалингийн урамшуулал гээд нэхэмжлэлийг нь дахиад өөрчилчихсөн байдаг. Тэгээд бид хэдэн төгрөг өгөхөө мэдэхгүй байсан учраас үүний дагуу мөнгө өгөх ёстой юу үгүй юу гэдэг талаар албан тоотоор энэ хүмүүстэй харилцаж байсан гэж гурван талт хорооны хуралд дуудсан шийдвэр ирсэн. Үүний дагуу өмгөөлөгч н.Ахолбогдон хуралд оруулсан байгаа. Гурван талт хорооны шийдвэр нь өөрөө нэг сард 2 удаа солигдож буруу байна гэж ирсэн. Мөн хамгийн сүүлийн шийдвэр нь 2 дугаар сарын 6-ны өдөр дахиж буруу байна гэж шийдвэрлэгдээд ирсэн. 2 дугаар сарын 6-ны өдөр ирсэн шийдвэрийг бид нар хараад өмгөөлөгчтэйгөө ярилцаад байж байхад 2 дугаар сарын 14-ний өдөр бид нарыг Баянголын шүүхэд дуудсан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд бол бид нар яг хэдэн төгрөг өгөхөө мэдэхгүй байсан. Нэхэмжлэгч талаас байнга нэхэмжлэлээ өөрчилж ирээд байсан. Тохиролцоод гарч явчхаад дахин дахин өөрчлөөд, тохиролцсон нэхэмжлэлээ дахин дахин нэмээд байсан. Ийм үндэслэлээр манайх бол мөнгийг нь төлөх боломжгүй болоод яг хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэхгүй байсан учраас төлөхгүй байснаас биш одоо хүртэл зайлсхийгээд зугтаагаад байгаа юм байхгүй. Мөн 8 сарын цалин ерөөсөө өгөх ёстой юу үгүй юу, энэ хүнийг ажил үүргээ биелүүлээгүй гээд албан тоотууд ирчихсэн болохоор тэр цалинг өгөх ёстой юу үгүй юу гэдэгт манайх бас эргэлзэж байгаа. Гэхдээ ажил хөдөлмөр эрхэлсэн болохоор 8, 9 сарын мөнгийг тэгээд тэр цалингийн албан дээр бол магадгүй зөвшөөрөхгүй байгаа. Ажлаа хүлээлгэж өг гэж гурван талт хорооны шийдвэрт байгаа. Ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд манайх мөнгөө төлнө... гэв.

 

4. Гомдол гаргачаас шүүхэд ирүүлсэн

Гомдол /хэргийн 1,2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дугаар тал/

2023.09.21-ний өдрийн 522/105 дугаар *** ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаал /хэргийн 5 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 6-12 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээний хавсралт /хэргийн 13 дугаар тал/

Б.Д гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 14 дүгээр тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 15 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 22 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 129 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагч *** ХХК-с шүүхэд ирүүлсэн

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 17 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 18 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 24 дүгээр тал/

Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 25 дугаар тал/

Тайлбар /хэргийн 26-28 дугаар тал/

2022.01.03-ны өдрийн 5 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 29-35 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээний хавсралт /хэргийн 36 дугаар тал/

Ажлын байрны тодорхойлолт /хэргийн 37-38 дугаар тал/

Үр дүнгийн урамшуулал олгох журам батлах тухай захирлын тушаал /хэргийн 39 дүгээр тал/

Төслийн ажлын үр дүнгээр урамшуулал олгох журам /хэргийн 40 дүгээр тал/

Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал /хэргийн 41 дүгээр тал/

*** ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 42-53 дугаар тал/

Тойрох хуудас /хэргийн 54 дүгээр тал/

Чөлөөний хуудас /хэргийн 55 дугаар тал/

Б.Дгийн ажилд орохыг хүссэн өргөдөл /хэргийн 56 дугаар тал/

НДШ төлөх тухай Б.Дгийн өргөдөл /хэргийн 57 дугаар тал/

2022.01.03-ны өдрийн Б22/08 дугаар Б.Д г ажилд томилох тухай захирлын тушаал /хэргийн 58 дугаар тал/

2022.09.21-ний өдрийн Б22/105 дугаар Б.Д гийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаал /хэргийн 59 дүгээр тал/

*** ХХК-ийн 2022.10.31-ний өдрийн 1/106 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 60 дугаар тал/

*** ХХК-ийн 2022.11.04-ний өдрийн А22/51 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 61 дүгээр тал/

МӨХ-ны гишүүн хуульч А.С 2022.11.16-ны өдрийн 01/26 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 62-63 дугаар тал/

*** ХХК-ийн 2022.11.22-ны өдрийн А22/52 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 64 дүгээр тал/

Б.Д гийн ажил үүрэг хариуцлагын талаарх өргөдөл /хэргийн 65-70 дүгээр тал/

*** ХХК-ийн нягтлан бодогч Б.С шүүхийн хуралд мэдээлэл өгөх тухай тайлбар /хэргийн 71 дүгээр тал/

Б.Д гийн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл /хэргийн 72-73 дугаар тал/

Тойрох хуудас /хэргийн 74 дүгээр тал/

Бүртгэл-хяналтын картын маягт /хэргийн 75 дугаар тал/

2023.01.11-ний өдрийн 1 дугаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хэргийн 76-78 дугаар тал/

Бүртгэл-хяналтын картын маягт /хэргийн 79 дүгээр тал/

2023.01.11-ний өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хэргийн 80-84 дүгээр тал/

*** ХХК-ийн 2 даатгуулагчийн өргөдлийн дагуу шалгасан тооцоолол /хэргийн 85-97 дугаар тал/

*** ХХК-д хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /хэргийн 98 дугаар тал/

Аж ахуй нэгж байгууллагуудын тойрох хуудас /хэргийн 99-100 дугаар тал/

*** ХХК-д хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /хэргийн 101 дүгээр тал/

*** ХХК-ийн 2023.03.06-ны өдрийн 90 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 102 дугаар тал/

Хавсралт /хэргийн 103 дугаар тал/

Тойрох хуудас /хэргийн 104 дүгээр тал/

н.Б *** ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 105 дугаар тал/

Тойрох хуудас /хэргийн 106 дугаар тал/

А.Мөнхбат ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл /хэргийн 107 дугаар тал/

Тойрох хуудас /хэргийн 108 дугаар тал/

А.Б ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл /хэргийн 109 дүгээр тал/

Н.Д ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл /хэргийн 110 дугаар тал/

Шийтгэлийн хуудас /хэргийн 111 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 119 дүгээр тал/

Ажиллагсдын өдөр тутмын ажлын мэдээ /хэргийн 121-123 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 133 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 138-139 дүгээр тал/

СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас /хэргийн 140 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 147 дугаар тал/

*** ХХК-ийн 2023.03.06-ны өдрийн 90 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 153-154 дүгээр тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Б.Д ... цалин хөлс, урамшуулал, тогтоосон хугацаанд цалин хөлсөө олгоогүйн хариуцлага буюу алданги нийт 8 190 101 төгрөг гаргуулах... тухай гомдол гаргаж, үндэслэлээ ... Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй байгаа... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... ажлаа хүлээлгэж өг гэж гурван талт хорооны шийдвэрт байгаа. Ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд манайх 8, 9 дүгээр сарын цалинг зөвшөөрнө... гэж тайлбарлав.

 

3. Гомдол гаргагч буюу ажилтан Б.Д ажил олгогч буюу хариуцагч *** ХХК-тай 2022 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан бичиг хэргийн ажилтнаар Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажлын/ПК1 160+00-ПК1210+00/ төслийн хугацаанд ажиллах хугацаатай гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд орох тухай хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх хүсэлт, ажилд авах тухай тушаал, талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-13, 29-38, 56- 58 дугаар тал/

 

4. Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээ дуусгавар болсон эсэх талаар зохигчид маргаагүй болно.

 

5. 2022 оны 09 сарын 21-ны өдрийн дугаар Б22/105 *** ХХК-ийн захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Б.Дг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хэргийн 5, 59 дугаар тал/

 

6. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2, 154.2.2-т зааснаар Б.Д ажиллаж байх хугацаандаа олгогдоогүй дутуу олгосон цалин хөлс, үр дүнгийн урамшуулал 1 934 530 төгрөг, 2700 000 төгрөг гаргуулах тухай гомдлоо Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд /цаашид хороо гэх/ гаргасан байна.

 

7. Б.Д ажлаас үндэслэлгүй халагдсан талаар ямар нэг гомдол, шаардлага гаргаагүй.

 

8. Б.Дгийн гомдлыг хороо хэлэлцээд 2023.01.11-ны өдөр №1 тоот тэмдэглэл гаргасан байна. Уг тэмдэглэлд

- хариуцагчийн зүгээс Б.Дг тойрох хуудас зурж, ажлаас хүлээлгэж өгсөн тохиолдолд 8 сарын цалин 1 934 530 төгрөг, 9 сарын цалин хөлсөнд 1 259 261 төгрөгийг тус тус гаргаж өгөх,

- гомдол гаргагч тойрох хуудас зурж, ажлаа хүлээлгэж өгөх, хариуцагч түүнийг нь хүлээн авах, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзахгүй байх,

- гомдол гаргагч ажлын гүйцэтгэлээ гаргаж урамшуулал бодуулах талаар ажил олгогчдоо хүсэлт гаргахаар талууд харилцан тохиролцсоныг тэмдэглэсэн байна. /хэргийн 75-84 дүгээр тал/

 

9. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг хороо урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно гэх хуулийн заалтад нийцсэн гэж үзнэ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-т сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 154.11-д урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өвөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно гэжээ.

 

11. Шүүх хуралдааны үед гомдол гаргагч Б.Д гомдлын үндэслэлээ ... гурван талт хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаагүй. Гурван талт хорооны шийдвэрийг нөгөө тал биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодруулсан.

 

12. Хорооны тэмдэглэлд үүрэг гүйцэтгэх дарааллыг ...хариуцагчийн зүгээс Б.Дг тойрох хуудас зурж, ажлаас хүлээлгэж өгсөн тохиолдолд 8 сарын цалин 1 934 530 төгрөг, 9 сарын цалин хөлсөнд 1 259 261 төгрөгийг тус тус гаргаж өгөх... буюу Б.Д эрх бүхий албан тушаалтанд тойрох хуудас зурж, ажлаа хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

13. Дээрх талуудын тохиролцоогоор урьдчилан шийдвэрлүүлсэн хорооны тэмдэглэлд заасан ...Б.Д тойрох хуудас зурж, ажлаас хүлээлгэж өгөх... үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

14. 2023.01.12-ны өдрийн Б.Дгийн өргөдөл баримтаас үзэхэд ...2022.10.14-нд ажлаа хүлээлгэж өгөхөөр хүрч ирсэн боловч Бямбадолгортой үл ойлголцол үүссэн учраас ажлаа хүлээлгэж өгч чадаагүй явсан... гэжээ. /хэргийн 72-73 дугаар тал/

 

15. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн хорооны шийдвэр тэмдэглэл гарснаас хойш Б.Д тэмдэглэлд заасан үүргээ биелүүлсэн, эсхүл биелүүлэхэд түүний тойрох хуудас болон ажлыг хариуцагч хүлээж аваагүй саад учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар маргалдагч талуудын хооронд үүссэн цалин хөлс олговор, үр дүнгийн урамшуулалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг талуудын харилцан тохиролцоогоор урьдчилан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл хүчин төгөлдөр бөгөөд энэхүү шийдвэр тэмдэглэлтэй холбоотой зөвшөөрөөгүй ямар нэг гомдол шаардлагыг Б.Д гаргаагүй, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасан 154.4-т заасан шийдвэрийг биелүүлээгүй талаарх гомдол шаардлага үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзнэ.

 

17. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.9, 158 дугаар зүйлийн 158.1.4-т зааснаар хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан гомдол гаргагч Б.Дгийн цалин хөлс урамшуулал, алданги нийт 8 190 101 төгрөг гаргуулах тухай гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Б.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 991 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 75 791 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Дд олгохоор тогтоов.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.9, 158 дугаар зүйлийн 158.1.4-т зааснаар хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан гомдол гаргагч Б.Д гийн цалин хөлс урамшуулал, алданги нийт 8 190 101 төгрөг гаргуулах тухай гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Б.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 991 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 75 791 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ