Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/02935

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байх, *** СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***-ын *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,652,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***,

Хариуцагч Б.***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Б.***аас 2,652,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*** СӨХ нь 2014 онд байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 213 тоот гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны төлбөрөө төлөлгүй удаж, СӨХ-ны ажилд хүндрэл учруулж, доголдуулж, хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. *** тоотод оршин суугч Б.***аас 2015 оны 9,10,11,12-р сарын төлбөр 112,876 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2020 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2021 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2022 оны 1-12 дугаар сарын төлбөр 338,628 төгрөг, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын төлбөр 169,314 төгрөг, нийт 2,652,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд 2015 оны 09 дүгээр сар хүртэл төлбөрөө тогтмол төлж байсан. 2015 оны 09 дүгээр сард нийт оршин суугчдаас өөрсдөөсөө СӨХ-оо байгуулах санал гарсан ба үүнийг нь би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ асуудлаар маргаан гарч эхэлсэн. Оршин суугчид компаниас СӨХ байгуулах нь буруу өөрсдөөсөө СӨХ-оо байгуулж төлбөрийг 20.000 төгрөг болгохоор ярилцаж оршин суугчдаас гарын үсэг авч байсан. Энэ хугацаанд аль СӨХ үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй маргаантай болж төлбөр хуримтлагдсан. *** СӨХ нь хаалга дээр төлбөр төлөх талаар мэдэгдэх хуудас наадаг байсан ч оршин суугчидтайгаа уулздаггүй, жилд нэг удаа оршин суугчдын хурал хийх ёстой ч хийж байгаагүй. Хуралаа хийж тэр үедээ төлбөрийн талаар мэдэгдлээ хийж байсан бол өнөөдөр төлбөр ингэж хуримтлагдахгүй байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 4/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 5/, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дүгээр Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал /хх 6/, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр /хх 7/ Төрийн банкны нэхэмжлэх /хх 8-10/.

 

4. Хариуцагчаас дараах баримтыг гаргаж өгсөн. Үүнд: Нэг ширхэг флаш диск гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 22-24/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Б.***т холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 2,652,586 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...2015 оны 09 дүгээр сард нийт оршин суугчдаас өөрсдөөсөө СӨХ-оо байгуулах санал гарсан ... Энэ хугацаанд аль СӨХ үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй маргаантай болж төлбөр хуримтлагдсан гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

2. Хариуцагч Б.*** нь *** тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь *** СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №213 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь *** СӨХ-ны гишүүн байна.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 2,652,586 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 2,652,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгоно.

 

4. Хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байгаа бол тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас 57,391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.***аас 2,652,586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас 57,391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН