| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2386/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2883 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2883
2025 12 17 2025/ШЦТ/2883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч М.Нямжав,
хохирогч Т.Б,
шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************** төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********” ХХК-д ******** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **************** оршин суух албан ёсны бүртгэл хаягтай боловч *********** тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
******* овогт Ц.Н /РД: ************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ************ автобусны буудлын орчимд Ч.Б маргалдаж биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ч.Б, гэрч Э.Ш, Э.Э нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Н-н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ************ автобусны буудлын орчимд Ч.Б-тай маргалдаж биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н-н хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Цагаан куртиктэй залууг би зүүн хөлөөрөө баруун хөлийн нь хавирч унагаахад би халтираад цуг унасан...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/,
хохирогч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Баянзүрх дүүргийн ********** буудлаас У гэдэг дүү, Ш найзтайгаа такси барих гээд явж байсан. *********** улсын дугаартай цагаан өнгийн приус 40 маркийн машины жолооч цонхоо буулгаснаа “писда минь хаашаа явах гэж байгаа юм” гэж хэлсэн. Манай найз “хороолол явах гэж байна, ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлсэн. Гэтэл замын урд талын уулзвар дээр ирээд, зам хаагаад зогссон. Н жолоо барьж байсан. Н-н дүү машинаасаа бууж ирээд намайг зодсон. Цуг явж байсан 3 хүн нь намайг цуг зодсон...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүрийн 05 цагийн орчим би Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ************* буудал орчим найз Ш, дүү У нарын хамт явж байгаад зам дээр такси барихаар гараа өргөөд зогсож байтал ********* гэсэн цагаан өнгийн приус 30 авто машинтай 4 залуу хажууд ирж зогсоод цонхоо доошлуулаад бид гурвыг хараад инээгээд байж байснаа 3 писда минь хаашаа явах гэж байгаа юм гэсэн манай Ш гэх найд бид гурав хороолол явах гэж байгаа юм гэтэл хөдөлж явснаа бид нарын урд ирж зогсоод би та нар яах гээд байгаа юм гэтэл уг приус маркийн тээврийн хэрэгслийг барьж явсан залуу болон зорчигч нар нь бууж ирээд намайг зодсон ба миний биед гэмтэл учруулж зодсон нь жолооч нь юм. Тэгээд би зодуулаад намайг дарж унгаагаад дээрээс өшиглөж зодож байгаад машиндаа суугаад яваад өгсөн юм би тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20/,
гэрч Э.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Б-д хонохоор очсон ба үүрийн 05 цагийн орчим Би Б, У хоёрын хамт хүнтэй уулзахаар гараад Баянзүрх дүүрэг **-р хорооны нутаг дэвсгэрт такси барих гээд зогсож байтал цагаан өнгийн приус 30 машин цонхоо онгойлгоод гурван писда минь хаачих гэж байгаа юм гээд би хороолол орно гэж хэлчхээд байж байтал приус 30 маркийн тээврийн хэрэгслээс 4 залуу бууж ирээд Б-г зодсон ба зодож байснаа машиндаа суугаад явсан олон залуучууд тойроод зогссон байсан ба хэн нь зодсоныг нь мэдэхгүй байна дэвсээд байх шиг байсан юм. Уг машинд 5-6 орчим хүн байсан ба жолооч нь цонхоо онгойлгоод хэрүүл гуйгаад байсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүрэг ** дугаар хороонд байх найз Ц.Н-н гэрт найзуудаараа уулзаж сууж байгаад ** дэлгүүр орохоор А, Т, Н, Э бид 4 гараад дарь эхэд байх ** дэлгүүр орох үед ** дэлгүүрийн гадаа танихгүй 3 залуу зогсож байсан бид 4 юмаа авчаад буцаж гараад машиндаа суугаад хөдлөх гэж байхад уг 3 залуу замын цаана 100 метр орчмын зайнд гараа өргөөд зогсож байхын хараад хажууд нь очиж зогсоод миний машиныг унаж явсан найз Н яасан юм гэж асуусан чинь ийшээ ойрхон хүргээд өгчих таксинд явчих гэж хэлэхээр нь манай найз Н машинд багтвал суулдаа гэж хэлээд байж байтал цаана нь зогсож байсан бүдүүн залуу ирээд манай найз Ц.Н-г заамдаж аваад юу гээд байгаа бацаан бэ буугаад ир гэж хэлээд буулгаад Н тэр 2 ноцолдоод дээр доороо гараад байж байх үед манай 2 найз болон би буугаад маргаж байгаад салгаад машиндаа суугаад Н машин жолоодоод явсан... Манай сумын багын найз Ц.Н машин жолоодоод явж байсан мөн багын найз Т машины урд жолоочийн эсрэг талд суугаад, багын найз А бид 2 ард нь суугаад явж бид 4 явж байхад танихгүй 3 залуу явж байсан юм... Бүдүүн залуу нь манай найз Н-тэй зодолдоод дээр доороо ороод газарт ноцолдоод байсан яг цохилцсон зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.С-н 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаартай “...1.2. Ч.Б-н биед зүүн сарвууны 5-р /чигчий хурууны нугалагч шөрмөсний бүрэн тасрал, уутны урагдал, шингэн хуралт, сарвууны хөндлөн холбоосын урагдал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ************ автобусны буудлын орчимд Ч.Б маргалдаж биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Н-д 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ц.Н нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ц.Н-н үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч хохирогч нь шүүхийн шатанд эмчилгээний зардалд 1.915.430 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 6.000.000 төгрөг, ирээдүйд мэс засалд орох 7.915.430 төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн болно.
Шүүх дээрх нэхэмжлэлээс эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 1.915.430 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ц.Н-с 1.915.430 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-т олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Ч.Б-н ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гэх 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл болон дахин мэс засалд орох зардал гэх 7.915.430 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаар дүгнэлт гаргаж ирүүлээгүй тул эдгээр нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэл болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч Ч.Б-н Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 1.082.842 төгрөгийг шүүгдэгч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ц.Н-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н-с 1.915.430 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгосугай.
6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР