Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03439

 

 

  

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03439

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, ***, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 2 хороо, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-д холбогдох

 

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 541 926 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***, ХХК-иас хариуцагч *** ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 541 926 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... *** ХХК нь уул уурхайн тэсрэх дэлбэрэх бодис үйлдвэрлэж зардаг үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. 2022 оны 08 дугаар сарын 25-ний өдөр *** ХХК нь манай компаниас 850 ширхэг жинтэй амяны хүчил буюу тэсрэх дэлбэрэх бодисыг хэрэглэгдэхүүний хамт зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Тухайн гэрээн дээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр төлөхөөр тохирсон боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учраас бид шүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол буюу гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлээгүй алдангийн 50%-иар тооцоод нийт үндсэн зээлийн төлбөр маань 361,284,000 төгрөг, алданги 180,642,000 төгрөг, ингээд нийт гэрээний үүрэгт 541,926,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь талуудын хооронд хийгдсэн хавтаст хэргийн 7 дугаар талд 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 3-2022/03 гэдэг дугаартай харилцагч компаниудын хоорондын зээлээр худалдах худалдан авах гэрээ байгаа. Уг гэрээний 2 дугаар зүйл дээр бараа бүтээгдэхүүний үнэ, төрөл, төлөх нөхцөл зэргийг тусгасан. 2.3-т худалдан авагч тэсрэх материалын үнийг нэхэмжлэлд заасан хугацаанд бүрэн төлж дуусгана. Хэрвээ төлөөлгүй бол хэтэрсэн хугацааны хоног тутамд 0,3%-ийн алданги тооцохоор талууд гэрээ байгуулж батлуулсан. 2022 оны 05 дугаар сарын 08-ний өдөр тухайн уул уурхайн тэсрэх дэлбэрэх бодисоо хүлээж аваад хүлээлцээд гэрээний хавсралтаар буюу баримтаа үйлдсэн байдаг. Үүнээс хойш компанийн ажилтан удаа дараа төлбөрөө барагдуулахыг шаардсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн дотор бэлэн мөнгөөр бүгдийг төлж барагдуулна гэж хариуцагч тал илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл манай компанид нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

***, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

***, ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/

Үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд материал, тэсрэх бодис, тэсрэх хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 7-10 дугаар тал/

Нэмэлт гэрээ /хэргийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэх /хэргийн 12 дугаар тал/

*** ХХК-ийн хуулийн утгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 13 дугаар тал/

*** ХХК-ийн хүсэлт /хэргийн 14 дүгээр тал/

Хүсэлт /хэргийн 27 дугаар тал/ нотлох баримтууд

 

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 22 дугаар тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 28 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 29 дүгээр тал/

Тайлбар /хэргийн 30 дугаар тал/

*** ХХК-ийн аудитлагдсан санхүүгийн тайлан /хэргийн 31-47 дугаар тал/

*** ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 3 сарын тайлан /хэргийн 48 дугаар тал/

*** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хэргийн 49, 50 дугаар тал/

*** ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 5 сарын тайлан /хэргийн 51 дүгээр тал/

*** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хэргийн 52, 53 дугаар тал/

*** ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 сарын тайлан /хэргийн 54 дүгээр тал/

*** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хэргийн 55, 56 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ... гэрээний үүрэгт 541 926 000 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөн.. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй.

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч буюу худалдан авагч *** ХХК, нэхэмжлэгч буюу худалдагч ***, ХХК-тай 2022 оны 08 сарын 05-ны өдөр *** тоот Үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд материал, тэсрэх бодис, тэсрэх хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулж, 1кг-ийг нь 2800 төгрөгөөр тооцож 117 300 кг аммиакийн шүү /пористия 850кг/ нийт 361 284 000 төгрөгөөр зээлээр худалдан авч, үнийг 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор худалдагчийн хас банкны 5000313915 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ, нэхэмжлэх №4, 2022.10.21-ний өдрийн 1/305 тоот хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-14 дүгээр тал/

          

6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдагч худалдан авагчийг үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа төлөх үүрэгтэй.

 

10. Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хэмжээ үнэ бүхий хөрөнгө буюу нийт 361 284 000 төгрөгийн үнэ бүхий 117 300 кг аммиакийн шүүг /пористия 850кг/ хариуцагч мөнгийг төлөхөөс өмнө түүний өмчлөлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар ямар нэг тайлбар татгалзал ирүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авсан, маргаагүй гэж үзэв.

 

11. Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн учир хариуцагч хариу үүрэг буюу худалдан авсан хөрөнгө 117 300кг аммиакийн шүүний үнэ 361 284 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй.

 

12. Хариуцагч гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь түүний нэхэмжлэгч талд ирүүлсэн 2022.10.21-ны өдрийн 1/305 тоот Хүсэлт гаргах тухай албан бичигт ... *** ХХК нь уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Юуны өмнө төлбөрийг хугацаа хэтрүүлж байгаадаа хүлцэл өчиж байна. Манай компанийн ажил гүйцэтгэлийн төлбөр хүлээгдэж, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Бид танай компаниас зээлээр болон бартерын нөхцөлөөр гэрээ байгуулан худалдан авсан аммиакийн шүүний төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр төлж барагдуулах болно... гэх утга бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхэд ямар нэг тайлбар татгалзал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

13. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 541 926 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

14. Хариуцагч зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.7, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т заасны дагуу гэрээний хариуцлага буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги нэхэмжлэгч шаардах үүссэн байна.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 867 580 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 867 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

16. Хариуцагч түүний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар болон мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч *** ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 541 926 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ***, ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 867 580 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 867 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ