| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/03821/И |
| Дугаар | 102/ШШ2023/02952 |
| Огноо | 2023-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/02952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин байх, *** СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/,
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***-ийн *** /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,411,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Д.***аас 1,411,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*** СӨХ нь 2014 онд байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 213 тоот гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны төлбөрөө төлөлгүй удаж, СӨХ-ны ажилд хүндрэл учруулж, доголдуулж, хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. *** тоотод оршин суугч Д.***аас 2019 оны 5-12 дугаар сарын төлбөр 240,320 төгрөг, 2020 оны 1-12 дугаар сарын төлбөр 360,480 төгрөг, 2021 оны 1-12 дугаар сарын төлбөр 360,480 төгрөг, 2022 оны 1-12 дугаар сарын төлбөр 360,480 төгрөг, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын төлбөр 180,240 төгрөг, нийт 1,411,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ***д СӨХ-ийн нэхэмжилсэн 1,411,880 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь СӨХ нь миний мэдэхгүй банк руу төлбөрөө шууд шилжүүлсэн байсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 5/, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дүгээр Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал /хх 6/, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр /хх 7/ Төрийн банкны нэхэмжлэх /хх 8/.
4. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар /хх 15/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Д.***д холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 1,411,880 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...СӨХ нь миний мэдэхгүй банк руу төлбөрөө шууд шилжүүлсэн байсан гэсэн агуулгаар тайлбарлав.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Хариуцагч Д.*** нь *** тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь *** СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №213 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь *** СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр болох 330,440 төгрөгийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй, хариуцагч төлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгоно.
3. Харин дээр дурдсанчлан орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээх тул хариуцагчаас 2020 оны 6 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хугацааны төлбөрт 1,081,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.***аас 1,081,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 330,440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***аас 30,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.***аас 1,081,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 330,440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***аас 30,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН