Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/02949

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай *** ургийн овогт ***-ийн *** /РД:***/,

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягт байрлах *** ХХК /РД:***/,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Д.***,

Хариуцагчийн төлөөлөгч В.Е***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие тус хуулийн этгээдтэй 2022 оны 5-р сарын 1-ний өдөр Орон сууц захиалан бариулах *** тоот гэрээг байгуулсан. Байрны урьдчилгаа төлбөр 18,000,000 төгрөгт дүйцүүлэн Приус 41 /Prius 41/ маркийн *** дугаартай машиныг өгч, нийт 110 сарын хугацаанд сар бүр 850,000 төгрөгийг төлж байхаар тохиролцож байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2022.05.25-нд 850,000 төгрөг, 2022.06.10-нд 400,000 төгрөг, 2022.06.29-нд 450,000 төгрөг, 2022.07.21-нд 600,000 төгрөг, 2022.07.26-нд 250,000 төгрөг төлж нийт 3 сарын хугацаанд 2,550,000 төгрөгийг гэрээнд заасан данс болох *** *** тоот Хаан банкны дансанд шилжүүлж байсан. 2022 оны 8-р сарын 27-нд тус компанийн захирал ***ийн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах болсон. Иймээс урьдчилгаанд өгсөн Приус 41 машиныг буцаан авч, 3 сарын турш төлсөн мөнгөө буцаан авах, мөн уг машиныг тус компани ашиглах явцдаа гаргасан эвдрэл гэмтэл болон тээврийн хэрэгслийн торгууль болох 150,000 төгрөг нийт 3,700,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч өдийг хүртэл өгөхгүй, уулзахгүй зугтаах утсаа блоклох зэрэг үйлдэл гаргасан учраас шүүхэд хандаж байна. Приус 41 машиныг буцаан хүлээн авахад арын суудал, ачааны хэсгийг тос масло маш их асгасан, машины далд эд анги дуу орсон, Доод элгэвчийг урж утсаар уяж тогтоосон, Гуперууд /урд, хойд/ мөргөлтийн улмаас салж утсыг скочдож тогтоосон, зүүн урд гэрлийн тогтоогчийг мулталснаас сул унжсан, баруун хойд гэрлийг хагалсан, зүүн хойд гуперийн булан алга болсон гэх мэт маш олон эвдрэл гэмтэлтэй болсон байсан. Иймд миний бие сар бүр төлсөн төлбөр болох 2,550,000 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 150,000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийг үнэлсэн 1,050,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг болон уг төлбөрийг гаргуулахтай холбогдон гарсан мөнгөн зардлуудыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч нь хариу тайлбартаа: Д.***тай байгуулагдсан *** тоот гэрээний урьдчилгаанд бартераар хүлээлгэн өгсөн Тоёота Приус 41 маркийн *** улсын дугаартай машиныг тус иргэн 2022 онд Авто ломбардаас чөлөөлөөд ирье гэж хэлээд манай компаниас өөрийн биеэр хүлээн авч яваад 7 хоногийн дараа гэрээ цуцлах хүсэлт өгсөн болно. Уг гэрээ цуцлах хүсэлт гаргасан шалтгаан нь тус авто ломбард нь зээл чөлөөлөх боломжгүй гэсний үндсэн дээр манай компанид хандан танайд машиныг өгөх боломжгүй болчихлоо гэсэн. Ингээд тухайн иргэнд манай компанийн зүгээс буцаалтыг бололцоогоор олгож эхэлсэн. Гэвч тухайн иргэн уг бартерт өгсөн машины засвар үйлчилгээний мөнгийг нэмж нэхэмжилсэн болно. Уг машин нь анх бартерт өгөхдөө 100% асуудалгүй тэрэг бус тодорхой тооны хийх юмтай байсан. Мөн уг машиныг авч явснаас хойш юу болсныг бид мэдэхгүй. Иймээс компанийн зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Орон сууц захиалан бариулах гэрээ, хавсралт /хх 6-9/, Д.***ы Хаан банк дахь *** дугаартай депозит дансны хуулга /хх 10, 42-43/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 11/, иргэн ***ийн шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 39/, Хас банк дахь Д.***ы *** дугаартай дансны хуулга /хх 40-41/

4.Хариуцагчаас тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: хариу тайлбар /хх 23 /, *** ХХК-д нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл /хх 38/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.***ы нэхэмжлэлээс 3,030,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 720,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 8-р сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах *** тоот гэрээг хариуцагчийн хүсэлтээр цуцалсан учир гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 2,550,000 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрт тооцон авч ашиглаж байсан тээврийн хэрэгслийн торгууль болох 150,000 төгрөг, уг тээврийн хэрэгслийн эвдрэлийг засварласан зардал 1,050,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *** тоот гэрээний урьдчилгаа төлбөрт бартераар хүлээлгэн өгсөн Тоёота Приус 41 маркийн *** улсын дугаартай машиныг Авто ломбарднаас чөлөөлж чадаагүй учраас нэхэмжлэгч нь гэрээг цуцлах санал гаргаж автомашинаа буцаан авсан. Автомашиныг ашиглаж байсан хугацааны торгуулийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бартерт авах үед автомашин нь тодорхой тооны засвар хийх байсан. Мөн уг машиныг нэхэмжлэгч авч явснаас хойш юу болсныг мэдэхгүй учраас машины засвар үйлчилгээний мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, Хаан банк дахь Д.***ы *** дугаартай депозит дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Хас банк дахь Д.***ы *** дугаартай дансны хуулга, *** ХХК-д нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээгээр хариуцагч нь Т*** давхар байрны 12 дугаар давхарын 90 тоот 36,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 94,640,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг орон сууцыг хүлээн авахаар урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Приус 41 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр үнэлэн өгч, үлдэгдэл төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг талуудад үүссэн байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Приус 41 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн өгсөн, гэрээний хуваарийн дагуу 2,550,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, мөн гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн автомашинаа буцаан авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчид гэрээг хэн цуцлах санал гаргасан талаар зөрүүтэй тайлбарлаж байгаа хэдий ч гэрээ цуцлагдсан талаар маргаагүй учир дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт тооцон шилжүүлсэн мөнгө, автомашиныг хариуцагч *** ХХК-иас шаардах эрхтэй буюу хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Зохигчид орон сууцны урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгөөр тооцон Приус 41 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй. Мөн Орон сууц захиалан бариулах гэрээний хуваарийн дагуу хариуцагчийн Хаан банкны *** тоот данс руу нийт 2,550,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаар маргахгүй байна.

Харин хариуцагч нь автомашины засварт 1,050,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс автомашиныг авахад засвар үйлчилгээ хийхээр байсан, мөн автомашиныг буцаан аваад ямар гэмтэл бий болоод засварласныг мэдэхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь дээрх хохирлыг нотлохоор иргэн ***ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, мөн нэхэмжлэгчийн Хас банк дахь *** дугаартай дансны хуулга, Хаан банк дахь *** дугаартай депозит дансны хуулгуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн дээрх дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр *** гэсэн гүйлгээний утгатайгаар 30,000 төгрөг, 2022оны 9 дүгээр сарын 04-ний өдөр машин гэсэн гүйлгээний утгатайгаар 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс автомашинд засвар үйлчилгээ хийсэн болохыг нотлох үүднээс иргэн ***ийн шүүхэд гаргасан тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан автомашиныг хүлээн авахад гэмтэлтэй байсан, мөн автомашиныг буцаан авсаны дараа ямар гэмтэл бий болоод засварласныг мэдэхгүй гэж тайлбарласан боловч хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

Дээрх үйл баримтыг нэхэмжлэгчийн дансны хуулга болон *** ХХК-д гаргасан өргөдөлтэй харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн ...2022 оны 8-р сарын 27-нд тус компанийн захирал ***ийн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах болсон гэх тайлбар үндэслэлтэй байхаас гадна талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь нэхэмжлэгчээс хариуцагч *** ХХК-д өргөдөл гаргахаас өмнө цуцлагдаж улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн автомашинаа буцаан аваад засвар үйлчилгээ хийсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн автомашины эвдрэлийг засварласан зардалд 1,050,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас баримтаар нотлогдсон 330,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч *** ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн автомашиныг ашиглаж байсан хугацааны торгуулийн төлбөр болох 150,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн сангийн *** дугаартай дансанд 150,000 төгрөг төлсөн болох нь тогтооогдож байхаас гадна шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс 150,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч *** ХХК-иас 3,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 63,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.***д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 3,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.***д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН